| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/02043/И |
| Дугаар | 181/ШШ2022/02339 |
| Огноо | 2022-10-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2022/02339
2022 10 19 181/ШШ2022/02339
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Хан-Ууд дүүрэг, 20-р хороо, Туул гол гудамж, Зайсан апартмент 2-1207 тоотод оршин суух, Харахас овогтой Серикийн Асланбек /РД:БЮ95031536/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Тауэр 15 давхарт оршин байрлах, Эрдэнэс монгол ХХК /РД:5124913/-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 21,997,040 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Асланбек нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэс монгол ХХК-д хуулийн мэргэжилтнээр ажилд орсон бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас халагдсан болно. Энэ асуудлаар шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/00997 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1112 дугаар магадлалаар нэхэмжлэгч намайг Эрдэнэс монгол ХХК-ийн Хууль эрх зүйн газрын лиценз, зөвлөгөө хариуцсан хуулийн мэргэжилтэн-ий ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 9,433,361 төгрөгийг олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг нөхөн төлөхийг Эрдэнэс монгол ХХК-д даалган шийдвэрлэж, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул миний бие 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг шүүхийн гүйцэтгэх хуудасны хамт бичүүлж авсан. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 9,433,361 төгрөгийг надад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг нөхөн төлсөн боловч ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу надад нөхөн олговор олгох ёстой байна. Миний бие ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 5,456,968 төгрөгийн цалин авсан бөгөөд үүнээс тооцвол нэг сарын дундаж цалин 1,818,989 /5,456,968:3=1,818,989/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин нь 84,604 төгрөг /1,818,989:21.5=84,604/ юм. Шүүхээс надад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх цалинг олгож шийдвэрлэж байсан тул миний бие 2021 оны 05 сарын 20-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжлэх эрхтэй юм. Үүнийг тооцож үзвэл ажлын 260 өдөр байх бөгөөд тус хугацаанд ногдох цалинтай тэнцэх нөхөн олговор нь 21,997,040 /260 өдөр*84,604=21,997,040/ төгрөг байна. Хариуцагч байгууллага нь өнөөдрийг хүртэл намайг ажилд эгүүлэн томилсон тушаалаа гаргаагүй буюу шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилд эгүүлэн томилох өдрийг хүртэлх цалинтай тэнцэх нөхөн олговрыг шаардах эрхтэй бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар намайг ажилд томилсон шийдвэр гаргаагүй гэдэг нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговрыг шаардах эрхгүй гэсэн үг биш юм. Иймд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 21,997,040 төгрөгийг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Асланбек нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдэ: Өмнө нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 21,997,040 төгрөг байсан бөгөөд үүнийг 32,248,247 төгрөг болгон ихэсгэж байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Харахас овогт Серикийн Асланбек, нөгөө талаас хариуцагч Эрдэнэс монгол ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.
Гэрээний нөхцөл 1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй С.Асланбекийн нэхэмжлэлтэй Эрдэнэс монгол ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21,997,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 25, 26 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн маргаантай асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхтэй холбоотой харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
1.2. С.Асланбекийн нэхэмжлэлтэй Эрдэнэс монгол ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд нэхэмжлэлийн шаардлага 21,997,040 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 9,983,272 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 267,935 төгрөг, нийт 32,248,247 төгрөгийг харилцан хүлээн зөвшөөрч төлөхөөр эвлэрсэн болно.
1.3. Хариуцагч Эрдэнэс монгол ХХК нь 32,248,247 төгрөгийг эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор төлж барагдуулна.
1.4. Хариуцагч Эрдэнэс монгол ХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлнө.
1.5. Энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр ямар нэгэн шахалт дарамтгүйгээр тэгш эрхийн хүрээнд харилцан тохиролцож үйлдсэн бөгөөд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба шүүгчийн захирамжаар баталгаажуулна.
1.6. Нэхэмжлэгч нь Эрдэнэс монгол ХХК-д холбогдуулан энэхүү гэрээнд тусгагдсан асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Асланбек нь хариуцагч Эрдэнэс монгол ХХК-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,248,247 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,248,247 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлөхийг шаардсан шаардлагыг хариуцагч Эрдэнэс монгол ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3 хоногийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг талуудын эвлэрсэн үнийн дүнгийн тал хувиар бууруулан тогтоож хуульд заасан журмын дагуу хуваарилана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Асланбек нь хариуцагч Эрдэнэс монгол ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 32,248,247 төгрөг гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эрдэнэс монгол ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,106 төгрөгийг тал хувиар бууруулж 258,553 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 258,553 төгрөгийг улсын төсвийн орлогоос, Эрдэнэс монгол ХХК-иас 258,553 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Асланбек-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Эрдэнэс монгол ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ