Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2022/02370

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 24 181/ШШ2022/02370

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг 804 тоотод оршин байрлах, Монголиа импакт финанс ББСБ ХХК /РД:6336515/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат хар чонотын, 11 байр, 26 тоотод оршин суух, Өндөр батнай овогт Лувсангийн Батболор /РД:ЧГ70032161/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 349,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголиа импакт ББСБ ХХК нь иргэн Л.Батболортой 2019 оны 06 сарын 13-ны өдөр №201900548 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, хавсралт гэрээг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, түүний Хаан банкинд байрших 5028708925 дугаартай дансанд нийт 240,000 төгрөг шилжүүлсэн. Иргэн Л.Батболор нь 2021 оны 08 сарын 21-ний өдөр үндсэн зээл нийт 240,000 төгрөг болон шимтгэлийн 17,800 төгрөг төлөх ёстой байсан боловч төлөлт хийлгүй явсаар хүү 159,600 төгрөг нэмэгдэж гарсан болно. 2022 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар төлөх дүн үндсэн зээл 240,000 төгрөг, шимтгэл 17,800 төгрөг, хүү 159,600 төгрөг нийт үлдэгдэл 349,600 төгрөг байна.

Иймд Монгол улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Цахим зээлийн эрх нээх гэрээ түүний хавсралт гэрээний холбогдох хэсгийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Батболор миний бие Монголиа импакт финанс ББСБ-аас нэхэмжилж буй 349,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлбөрийн дараах нөхцөлтэйгөөр төлж барагдуулна. 2022.11.25-нд 100,000 төгрөг, 2022.12.15-нд 100,000 төгрөг, 2023.01.30-нд 149,600 төгрөгийг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК нь хариуцагч Л.Батболорт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 349,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 349,600 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба 2022.11.25-ны өдөр 100,000 төгрөг, 2022.12.15-ны өдөр 100,000 төгрөг, 2023.01.30-ны өдөр 149,600 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасан журмын дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК нь хариуцагч Л.Батболорт холбогдуулан 349,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2022.11.25-ны өдөр 100,000 төгрөг, 2022.12.15-ны өдөр 100,000 төгрөг, 2023.01.30-ны өдөр 149,600 төгрөгийг төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,138 төгрөгийн 5,569 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 5,569 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Л.Батболороос 5,569 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Монголиа импакт финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Батболор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ