Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

 

2025           06             05                                                 2025/ШЦТ/133

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,

Улсын яллагч Л.Галбадрах,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***ад холбогдох 2526000000112  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9: эхнэр, 7 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ****р сумын 11 дүгээр баг 139-5 тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, *** /РД:ЙВ****/,

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч *** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 43-73 ӨВР улсын дугаартай “Тоёота Королламаркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоодох эрхийн лавлагаа  /хх-ийн 4-5, 13 хуудас/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 21-22 хуудас/

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/176 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 16-20 хуудас/,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 43-73 ӨВР улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашиныг зогсоон шалгахад жолооч *** овогтой ***аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь Quen Alcodetect Pro багажаар амьсгал дахь спиртийн агууламжийг шалгахаар үлээлгэх гэтэл зохих журмын дагуу шалгуулахаас татгалзсан. *** нь ганцаараа явж байсан. Нэг лааз пиво машиндаа уусан гэж хэлсэн...” мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/ зэрэг болно.

           Хэрэгт шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 20250328000392 болон 20250328000390 дугаартай эд хөрөнгө бүртгэлтэй эсэх мөн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 8-13  хуудас/ авагдсан байна.

 

            Шүүгдэгч *** нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 43-73 ӨВР улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон дээрхи нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

 

 

2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *** нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 43-73 ӨВР улсын дугаартай “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогдсон. Дээрх хэргийг шалгах явцад шүүгдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаад удаагүй байхдаа дахин 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийснийг ойлгоно гэж заасан байгаа. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа ч түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэм хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй болохыг дурдаж байна...”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ***шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргаан байхгүй. Гэм хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ***ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч ***ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж хуульчилсан.

 

  Тус зүйл хэсгийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, 

             

  “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг,

 

  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг тус тус ойлгоно гэж тайлбарласан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан.

 

   Шүүгдэгч *** нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/176 дугаартай шийтгэврээр тогтоогдож байна.

         

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт “Эрх хасах шийтгэлийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж, мөн хуулийн 180 дугаар зүйлийн 180.2-т Эрх хасах ял эдэлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж тус тус заажээ.

 

Дээрхи шийтгэвэрээр шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсон бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд шүүгдэг ***ын гэмт үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.  

 

           Шүүгдэгч ***ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.  

 

            3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Л.Галбадрах шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүлийн байдал, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...”,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч ***шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... *** нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Улсын яллагчийн санал болох шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.            

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар хуульчилсан.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч Л.Галбадрах, шүүгдэгчийн өмгөөлөгч ***нар торгох ял оногдуулах санал гаргасан ч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ***ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой эсэх талаарх баримт авагдаагүй тул шүүгдэгчд торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

           

            Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухан хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан тул шүүх шүүгдэгч ***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил 6 сарын хугацаагаар хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА