Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

2025           06              10                                            2025/ШЦТ/140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ***т холбогдох 2526000000116 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4: эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дүгээр баг, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №1/28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/174 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял,

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, *** *** /РД:ЙИ****/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.*** нь 2025 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохих үйлдлээр түүний биед “баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт, өвдөгт зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Б.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод байх гэртээ ганцаараа байсан. Манай нөхөр Б.*** айлд архи уучихаад шөнө 01 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Тэгээд надаас гар утасны сим нэхээд байсан. Тухайн сим картын мобайл банкин мөнгө байсан болохоор би Б.***т өгөөгүй. Тэгсэн чинь Б.*** миний сим картыг өг, би өөрийн юмыг авмаар байна гэж уурлаад миний баруун нүд рүү гараараа цохисон...Би тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” мэдүүлэг /хх 6-7, 71-72 хуудас/,

 

           Гэрч Л.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 22-ны шөнө гэртээ амарч байхад манай охин Б.*** над руу утсаар залгаад Б.*** намайг зодоод алах гээд байна ирээд аваадах гэсэн. Би цагдаад дуудлага өгчхөөд эхнэрийн хамт гэрт очиход Б.*** архи уучихсан согтуу байсан, Б.***гийн баруун нүд хавдсан Б.*** цохисон гэж байсан. Б.***, Б.*** нар нь гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хоёр хүүхэдтэй...” мэдүүлэг /хх 10 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ***ийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №220 дугаартай “...Б.***гийн биед баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт /хх 14-15 хуудас/,

 

            Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт /хх 77 хуудас/,

           

            Шүүгдэгч Б.***ын хувийн байдлыг тодорхойлсон 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн суурь боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36-44, 46 хуудас/ зэрэг болно.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч Ц.Эрдэнэбат  шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар”... Шүүгдэгч Б.*** нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө хамтран амьдрагч Б.***гийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдана. Нотлох баримтын тухайд хохирогчоос хоёр удаагийн мэдүүлэг авагдсан. Энэ мэдүүлэгт хохирогч тухайн цаг хугацаанд ямар маргаан болсон, өөрийнх нь биед хамтран амьдрагч Б.***аас яаж халдсан талаар тодорхой мэдүүлдэг. Тухайн цаг хугацаанд болсны дараа цаг хугацаанд гэрт нь очсон гэрч *** мэдүүлэг авагдсан. Гэрч *** мэдүүлэгт Б.*** утсаар яриад Б.*** намайг зодоод алах гээд байна, цагдаад дуудлага өгөөдөх, ирээд аваадах гэсэн. Энэ цаг хугацаанд гэрч Базараа цагдаад дуудлага өгч гэрт нь очсон. Гэрт нь очиход ямар нөхцөл байдлыг гэрч тодорхой тайлбарладаг. Дараагийн дугаарт шинжээчийн дүгнэлт авагдсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.***гийн биед хөнгөн хохирол тогтоогдсон. Дээрх хөнгөн хохирол нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар тусгай мэдлэг бүхий шинжээч дүгнэлтээ гаргасан. Хэргийн оролцогч нар мөрдөн шалгах ажиллагааны үед танилцсан байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Б.*** нь хамтран амьдрагч Б.***гийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл гэртээ согтуу ирж улмаар гэр бүлийн хүрээнд маргаан үүсгэж тухайн маргаан нь утасны сим картыг авахаар маргаан үүсгэдэг. Тухайн сим картад мөнгө байгаа учраас хохирогчоос өгөхгүй гэж маргадаг. Энэ маргаан нь үргэлжилж хохирогчийн биед халддаг. Биед нь халдахаас гадна хохирогчийн сэтгэл санаанд нь гүн хохирол хор уршиг учруулж байгаа. Энэ үр дагавар нь хүчирхийллийн шинжтэй байна гэж үзсэн. Иймд шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирогчоос хохирол төлбөр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж хуульчилжээ.

 

   Шүүгдэгч Б.***, хохирогч Б.*** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*** нь 2025 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохих үйлдлээр түүний биед баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

                  Хохирогч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** тоотод байх гэртээ ганцаараа байсан. Манай нөхөр Б.*** айлд архи уучихаад шөнө 01 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Тэгээд надаас гар утасны сим нэхээд байсан. Тухайн сим картын мобайл банкин мөнгө байсан болохоор би Б.***т өгөөгүй. Тэгсэн чинь Б.*** миний сим картыг өг, би өөрийн юмыг авмаар байна гэж уурлаад миний баруун нүд рүү гараараа цохисон...Би тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” мэдүүлэг /хх 6-7, 71-72 хуудас/,

 

           Гэрч Л.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 22-ны шөнө гэртээ амарч байхад манай охин Б.*** над руу утсаар залгаад Б.*** намайг зодоод алах гээд байна ирээд аваадах гэсэн. Би цагдаад дуудлага өгчхөөд эхнэрийн хамт гэрт очиход Б.*** архи уучихсан согтуу байсан, Б.***гийн баруун нүд хавдсан Б.*** цохисон гэж байсан. Б.***, Б.*** нар нь гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хоёр хүүхэдтэй...” мэдүүлэг /хх 10 хуудас/,

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ***ийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №220 дугаартай “...Б.***гийн биед баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт /хх 14-15 хуудас/ зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.***ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна гэж дүгнэв.

 

 

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Б.*** нь мөрдөн шалгах ажиллагаанд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.***ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүхээс шүүгдэгч Б.***ын үйлдсэн гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг, нийгэмд учирсан хор уршиг, хор хохирол, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж гэм буруугийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг түүний оршин суух нутаг дэвсгэр буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.  Шүүгдэгчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга    ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.

            Шүүгдэгч Б.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг, төлөх төлбөргүй байдал, мөн нөгөө талаас Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 удаа үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ыг 3 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.***т мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

            Шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** ***ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ыг 3 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.***т мэдэгдсүгэй.
           

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Б.***ын зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч Б.*** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА