Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/48

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: О.Мөнхдэлгэрэх

     Улсын яллагч: Э.Нямбилэгт

Шүүгдэгч: Б.Пүрэвдорж

Хохирогч Т.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ирүүлсэн Сүлд овгийн Баттөмөрийн Пүрэвдоржид холбогдох 1717000060005 тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1975 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Дух гэх газар нутаглах, сумын аврага малчин, Сүлд овгийн Баттөмөрийн Пүрэвдорж /РД:ЗП75020539/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

    Шүүгдэгч Б.Пүрэвдорж  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн  14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашааны 26 тоотод байрлах гэртээ иргэн Т.Батжаргалыг өөрийн эхнэртэй хардсаны улмаас түүний шилбэ, зүүн гуян тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Ялын саналыг зөвшөөрч байгаа санал хүсэлт байхгүй. Цаашид гарах үр дагаварыг ойлгосон гэв.

 

2. Хохирогч Т.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Найзыгаа уучилж бид сайн дураараа эвлэрсэн. Эмчилгээний зардлыг Пүрэвдорж төлж барагдуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

3. Шүүгдэгч Б.Пүрэвдорж  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...2017оны 07 сарын 10-ны өдөр манай найз Батжаргал манай эхнэр Чимэддуламыг гэрээс  нь авах гэж явахаар нь миний хар төрөөд араас нь гэртээ буюу Рашааны 26 тоотод очсон чинь эхнэр Чимэддулам, Батжаргал нар гэрийн хаалгыг дотроос нь түгжээд орон дээр үнсэлцээд хэвтэж байсан. Би цонхоор харсан. Тэгээд би хаалгаа балбаж өшиглөсөн чинь эхнэр хаалга тайлж өгсөн. Би тэр хоёрт үнэхээр гомдож уурласан. Тэгээд хөлдөөгчин дээр байх бор хүрэн өнгийн бариултай хутга аваад Батжаргалын баруун шилбэ, зүүн гуяанд нь хутгалсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирол төлбөрийн маргаан байхгүй. Хохирогч Батжаргалтай сайн дураараа эвлэрсэн. Батжаргалын гэмтэл нь хөнгөн гэж гарсан дүгнэлттэй танилцсан. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би хутга бариад Батжаргалыг айлгая гэж бодсон юм. Би Чимэддуламтай 1996 онд гэр бүл болоод 1997 онд том охин П.Жавзан гарсан. Одоо манай том охин нөхөр хүүхдийн хамт хөдөө тусдаа байдаг. Дараагийн хүү П.Нармандах 14 настай ЕБС-ын сурагч, бага хүү П.Баяцэнгэл одоо 1-р ангид орно гэсэн мэдүүлэг /х.х-ийн 3-4 дүгээр хуудас/

4. Хохирогч Т.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 07 сарын 10-ны өдөр намайг морь барианы газар майхан дээр байхад найз Пүрэвдорж намайг хамт очоод эхнэр Чимэддуламыг аваад ирье гэж хэлсэн. Тэгээд Пүрэвдоржтой хамт явах гэж байхад даага ирж байна харчихаад ирье гэж Пүрэвдорж хэлэхээр нь би хөгшин чинь яваад Чимэддуламыг аваад ирэх үү гэж хэлсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд Пүрэвдорж миний автомашинаас буухаар нь би ганцаараа хөдлөөд Рашааны 26 тоот хашаанд Чимэддулам дээр ирсэн. Тэгээд би гэрт нь ороод хаалгыг нь дотроос нь түгжээд байж байхад Пүрэвдорж гадаа ирээд хаалга нүдсэн. Тэгсэн Чимэддулам хаалгаа нээж өгсөн. Пүрэвдорж орж ирээд эхнэрээ баахан харааж уурласан. Эхнэр нь гэрээсээ гараад гүйсэн Пүрэвдорж хөлдөөгч дээрээсээ хүрэн иштэй хутга аваад эргэхээр нь би зуухны тэнд дээшээ хараад унасан. Тэгээд хөлөөрөө Пүрэвдоржийн хутга барьсан гар руу нь тийрсэн. Тэгэхэд Пүрэвдорж миний зүүн гуя руу хутгаараа дүрсэн. Тэгээд дахиад баруун хөлөөрөө тийрэхэд баруун шилбэ рүү хутгалсан. Тэгээд Пүрэвдорж гэрээсээ гараад явсан. Дараа нь би машинаа бариад Чимэддуламын эгчийнх нь гадаа ирсэн. Тэндээс түргэний эмч дуудсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдэж ирсэн. ...Одоо миний биеийн байдал зүгээр болсон бөгөөд Пүрэддорж бид 2 сайн дураараа эвлэрсэн. Надад учирсан хохирол байхгүй. Миний буруу байсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Пүрэвдоржийг хэрэгт хийчихсэндээ санаа зовж байна. Энэ хэргийг түргэн шийдэж өгнө үү, мөн Пүрэвдоржид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсч байна гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-26 дугаар хуудас/

5. Гэрч Ц.Чимэддулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Би нөхрийн хамт Сүмбэр сумын 5-р багт хөдөө мал маллаж амьдардаг юм. Аймгийн баяр наадам гээд өнөөдөр буюу 2017 оны 07 сарын 10-ны өглөө манай нөхөр Пүрэвдорж болон манай саахалт айлын Батжаргал бид нар Чойрт ирсэн. Манай нөхөр Пүрэвдорж, Батжаргалтай цуг морь уяж байгаа юм. Бид нар гэр бүлийн найзууд байгаа юм. Тэгээд би Чойрт байдаг гэртээ ганцаараа хүүхдүүдийнхээ хувцасыг угааж дуусаад нөхөрлүүгээ утсаар яриад ирж ав гэсэн. Тэгсэн манай нөхөр Пүрэвдорж би наадмын талбай дээр байна. Жоохон архи уучихсан байна машин барьж болохгүй гэсэн. Тэгсэн Батжаргал өөрийнхөө машинтай манай гэрт ирсэн. Тэгээд Батжаргал хэлэхдээ Пүрэддорж талбай дээр буугаад үлдлээ чамайг аваад ир гэж байна гэсэн. Тэгснээ Батжаргал гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн. Тэгээд Батжаргал бид хоёр орон дээр хэвтэж байхад удалгүй манай нөхөр Пүрэвдорж гэрийн хаалга балбасан. Тэгэхээр нь би хаалга нээж өгсөн чинь манай нөхөр Пүрэвдорж орж ирсэнээ та хоёр намайг хуурлаа гэж хардаж уурласан. Тэгсэн Батжаргал за тайвшир суу гэж суулгаж байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би нөхөртэйгөө зөрж гараад эгчийн гэр рүү Ханангийн 2-3 тоот хашаа руу явсан. Тэгээд удалгүй намайг эгчийн гэр рүү замд явж байхад Батжаргал өөрийнхөө машинтай ирээд Пүрэвдорж намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Батжаргалын зүүн гуя орчмоос нь цус гарч байсан. Араас нь Пүрэвдорж явган гарч ирсэн. Тэгээд би тэндээсээ түргэн дуудсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 дугаар хуудас/

 

6. Гэрч Д.Цогмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 07 сарын 10-ны өдөр намайг морь барианы тэнд байх майхан дээрээ байхад Пүрэвдорж намайг төв ороод ирье  гэж хэлсэн. Би тухайн үедээ анзаараагүй юм. Тэгээд Пүрэвдорж манай нөхрийг гуйсан юм билээ. Тэгээд Пүрэвжаргал, Батжаргал хоёр портер машинтай төв явсан чинь намайг эмнэлэг дээр дуудсан. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход Батжаргал орон дээр хэвтчихсэн цус нөжөө цэвэрлүүлээд байж байсан. Тэгээд Батжаргал гуяндаа оёдол тавиулаад мэс заслын тасагт хэвтсэн. Одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Манай нөхөр Батжаргал түрүүлж Чимэддулам дээр очоод хаалгыг нь дотроос нь түгжсэн гэсэн. Тэгсэн араас нь Чимэддуламын нөхөр Пүрэвдорж ирээд манай нөхрийг эхнэртэйгээ хардаад гуянд нь хутгалсан юм билээ. Пүрэвдорж, түүний эхнэр Чимэддулам манай нөхөр Батжаргал бид нар хоорондоо гэр бүлийн найз нөхдүүд байгаа юм. Ойр дотно харилцаатай байдаг болохоор би тэгж бодохгүй байна. Пүрэвдорж харддаг байсан талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 дугаар хуудас/

 

        7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаартай дүгнэлтэнд:

 

  • Т.Батжаргалын биед баруун шилбэ, зүүн гуянд хатгагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
  • Уг гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хутгалагдах үед үүсэх боломжтой.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  

 

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 60 дугаар хуудас/

8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7145 тоот дүгнэлтэнд:

 

  • Шинжилгээнд ирүүлсэн “Батжаргал” гэж хаягалсан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна.

Химийн шинжээч, ахлах дэслэгч Б.Цогбаяр гэжээ. /х.х-ийн 65 дугаар хуудас/

9. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 7146 тоот дүгнэлтэнд:

 

  • Шинжилгээнд ирүүлсэн “Батжаргал” гэх цус нь А /II/ бүлгийн харъяалалтай байна.

Биологийн шинжээч, цагаадгийн дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /х.х-ийн 66 дугаар хуудас/

10. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн  3893 тоот дүгнэлтэнд:

 

  • Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс 1 ширхэг гарын мөр илэрсэн.
  • Илэрсэн 1 ширхэг гарын мөрийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд болох папилляр шугамын нийлэлт, салаалалт, эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.

Ахлах шинжээч, цагдаагийн хошууч О.Золзаяа гэжээ. /х.х-ийн 70 дугаар хуудас/

11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 7163 тоот дүгнэлтэнд:

 

  • Марльд шингээсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь хүний цус мөн байна. Уг цус нь А /II/ бүлгийн харъяалалтай байна.

Бактериологийн шинжээч, АУ-ны магистр Г.Таня гэжээ. /х.х-ийн 77 дугаар хуудас/

12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 7162 тоот дүгнэлтэнд:

 

  • Хутга дээр цус илэрсэн байна. Уг цус нь А /II/ бүлгийн харъяалалтай байна.

 Бактериологийн шинжээч, АУ-ны магистр Г.Таня гэжээ. /х.х-ийн 81 дүгээр хуудас

            13. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 12-15 дугаар хуудас/

 

           14. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 17-р хуудас/

 

           15. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 18 дугаар хуудас/

 

16. Өвчний түүх / х.х-ийн 40-59 дугаар хуудас/

 

17. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 87-р хуудаc /

 

Шүүхээс шүүгдэгч Б.Пүрэвдоржийн хохирогчтой сайн дураараа эвлэрч учруулсан хохирлоо төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаварыг ойлгосон зэрэг байдлыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иймд шүүгдэгч Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Т.Батжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялын талаар санал хүсэлтгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн бариултай, 27.3 см урттай, бариулын урт 12 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц комисс томилуулан устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сүлд овгийн Баттөмөрийн Пүрэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Сүлд овгийн Баттөмөрийн Пүрэвдорж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдорж нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн бариултай, 27.3 см урттай, бариулын урт 12 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц комисс томилуулан устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус зааснаар тогтоолыг гардуулснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.ЭНХМАНДАХ