| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05758/И |
| Дугаар | 101/ШШ2022/04904 |
| Огноо | 2022-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/04904
| 2022 11 21 | 101/ШШ2022/04904 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М /рд:5/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж.Ц /рд/-д холбогдох,
5,680,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М 2019 оны 3.24 өдөр хувь гэрээ болон аман гэрээ Жавхлан Цтай 10% хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээ хийсэн боловч Ж.Ц 5,680,000 төгрөгийг заасан хугацаандаа өгч төлөөгүй өнөө хүрч байна. Иймд хариуцагч Ж.Цгаар гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь 2019.2.22-нд надаас хурим хийнэ, дэлгүүр ажиллуулна гээд 4.5 төгрөг авсан. 2019.3.24-нд гэрээ хийсэн. Гэрээг 5 680 000 төгрөгөөр хийсэн. Ингээд үндсэн мөнгө болон хүүгээ өгөөгүй. Хүүд 1 180 000 төгрөг бодогдсон. Хүүг 1 сар 2 хоногоор бодсон. Хүүг хариуцагч бид 2 цуг бодсон бөгөөд яаж бодсоноо мэдэхгүй байна гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2019 оны 3 сарын 24 өдөр гэсэн гараар бичсэн баримтын хуулбар /хх3/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 28ж2-3/3143 дугаар албан тоот /хх6/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүүгийн хамт нийт 5,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэх үзэхээр байх боловч шүүх хэргийн бодит байдлыг хуульд нийцүүлэн тогтоох үүрэгтэй.
Хэрэгт байгаа гараар бичсэн баримтыг гэрээ гэж үзэх боломжгүй бөгөөд харин төлбөр төлөхийг зөвшөөрсөн баримт байна. /хх3/
Энэхүү баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид 5,680,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэж ойлгогдож байна.
Нэхэмжлэгч нь 4,500,000 төгрөг зээлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,180,000 төгрөг нь зээлийн хүү гэж тайлбарлаж байна.
Зохигчид зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хүүг хэрхэн тооцсон талаар тайлбарлаж чадахгүй байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн тул үндсэн зээл болох 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ж.Цгаас 4,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД