Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/04899

 

 

 

 

 

 

 

 

                              2022        11          18

            101/ШШ2022/04899

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Д” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Л.У /рд:/-д холбогдох

 

6,804,952.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, Б.Н, хариуцагч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч М.Г, Б.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 00457 дугаарын, Эрчим хүчний зохицуулах хорооны дулааны зохицуулалттай хангах 10/2020 дугаарын, дулаан түгээх 09/2020 дугаарын Тусгай зөвшөөрөлтэйгөөр орон сууцны барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв, түүний тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан, оршин суугч, хэрэглэгчдэд 24 цагийн турш ус, дулаанаар тасралтгүй ханган, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хийж, харин иргэд оршин суугчдын хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг нь дараа сарын 25-ны дотор банкаар дамжуулан цаасан баримтаар хураан авч, төвлөрүүлэн харилцагч Ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг харилцагч байгууллагад шилжүүлдэг.

Манай компани нь Баянзүрх дүүргийн 5, 6 дугаар хороодын 29, 1, 2, 66, 42, 31/15, 80, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 66, 67, 68, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 41 дүгээр байруудын инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Ган манлай” ХХК-аас шилжүүлэн авч ажил үйлчилгээг үргэлжлүүлж байна. Тухайн үед “Ган манлай” ХХК нь Улаанбаатар дулааны шугам сүлжээнд 112,740,602 төгрөгийн, Ус сувгийн удирдах газарт 24,672,199 төгрөгийн өр төлбөртэй, оршин суугч, хэрэглэгчдээс 30,066,260 төгрөгийн авлагатай байсан ба уг өр төлбөр, авлагыг, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт балансаас балансад шилжүүлэн хүлээн авсан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 29 дүгээр байрын 36 тоот айл өрх нь “Ган манлай" ХХК-нд 2015 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ус, дулааны төлбөрт 5,046,259.26 төгрөгийн өглөгтэй байсан. Манай компанийн харьяалалд ирснээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 08 дугаар саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 1,758,693.21 төгрөгийн өглөг, нийт 6,804,952.47 төгрөгийн өр үүсгэж, байгууллагад тодорхой хэмжээний хохирол үүсгэж байна. Манай компанийн борлуулалтын байцаагч нар сар бүр төлбөрийг нэхэмжилдэг боловч өр төлбөрөө барагдуулахгүй өдий хүрсэн. Мөн энэ хэмжээгээр манай компани харилцагч байгууллагуудад өр үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.

Иймд дээрх айл өрхийн ус, дулааны төлбөр болох нийт 6,804,952.47 төгрөгийг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,829 25 төгрөгийн хамт гаргуулан байгууллагыг хохиролгүй болгон өгч бидний ажилд тусална уу.

Шинэ баримттай танилцлаа хурлыг үргэлжлүүлье.

Хариуцагч нь хэрэглэсэн ус дулааны мөнгийг 2015 оны 10 сараас хойш төлөөгүй. Бид 2020 оны 1 сараас бид энэ байрыг хариуцаж эхэлсэн. Ингэхдээ бид өмнөх байгууллагын өр авлагыг хүлээж авсан тул нэхэмжилж байгаа юм. Шаардлагын задаргааг хэрэгт өгсөн. Ган манлай болон Д нь ашиглалтыг авч явж байгаа бөгөөд төлбөр нь улсын мөнгө юм. Энд ямар байгууллага ажиллаж байгаа нь хамааралгүй юм. Амарсайханд мөнгө өгсөн гэсэнтэй танилцаад хянаж үзэхэд хасалтууд нь орсон байгаа болно гэв.

 

Хариуцагч Л.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лигдэн овогтой У надад “Д” ХХК-с гаргасан нэхэмжлэлд миний бие дараах тайлбар гаргаж байна:

1.            “Д” ХХК нь намайг “Ган манлай” ХХК-д 5.046.259 төгрөгийн өглөгтэй гэж дурдаж. Миний хувьд “Ган манлай” ХХК-тай ямар нэгэн төлбөрийн тооцоо байхгүй. “Ган манлай” ХХК нь 2007 онд манай байрыг хариуцаж авах нэрийдлээр олон жилийн турш буюу 2019 оныг дуустал буюу 12 жил тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингэхдээ СӨХ-ны үүргээ гүйцэтгээгүй, айлуудаас авч байсан СӨХ-ны төлбөрөө ус, дулаанд шилжүүлж байсан. 2015 оныг дуустал надаас зөвхөн СӨХ-ны төлбөрт сарын 23,032 төгрөг, 10 жилийн дотор 2.764.680 төгрөгийг авсан. Үүнийгээ байрны мөнгөн дээр авдаг байсан, авсан мөнгө нь ус, дулааны төлбөрт өгөгддөг байсан, тэгсэн байж ус дулааны төлбөр давхар авдаг байсан. Иймд миний зүгээс “Ган манлай “ ХХК-д 2015 оноос хойших ус, дулааны төлбөрийг СӨХ-ийн нэрийдлээр надаас илүү авсан мөнгөнөөс барагдуулаарай гэж шаардсан. Тийм учраас би “Ган манлай” ХХК-д өр төлбөр байхгүй.

2.            “Д” ХХК нь манай байрыг 2020 оны 1-р сараас эхлэн хариуцаж байна гэж ирсэн. Тухайн компани ирснээс хойш миний зүгээс хэрэглээний төлбөрөө тухайн компани хариуцаж эхэлсэн хугацаанаас эхлэн төлөх тухай “Д” ХХК-ийн захирал Дээдэнцэгтэй ярилцсан. Гэтэл төлбөр тооцоо хийхээр төлбөр барагдахгүй, өмнөх тооцоонд тооцогдсоор өнөөдөр ийнхүү хуримтлал үүсэхэд хүрсэн. Иймд миний хувьд “Д” ХХК-аас нэхэмжилсэн 6.804.952,47 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Байр 2006 онд ашиглалтад орсноос хойш амьдарсан. Ган манлай ашиглалтыг хариуцаж байсан боловч СӨХ-н мөнгө авдаг байсан. Гэтэл СӨХ-н үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан боловч хууль бусаар авч байсан. Мөн СӨХ-н үйл ажиллагаагаа явуулаагүй бөгөөд талаар зураг хэрэгт өгсөн. Би Ган манлайн удирдлагад хууль бусаар авсан СӨХ-н мөнгийг ус дулааны мөнгөнд суутга гэсэн. Тэгээд 2018 оноос ус дулаанаа төлж эхэлсэн боловч СӨХ-н төлбөрт авсан байсан. Гэтэл Ган манлай нь ус дулаан түгээх эрхгүй байсан тул солигдож нэхэмжлэгч хариуцах болсон. Би удирдлагатай нь уулзаж нөхцөл байдлыг тайлбарласан. Би нэхэмжлэгчийн байцаагч Амарсайханд мөнгөн төлбөр өгч байсан боловч зарим хасагдаагүй байсан. Би бол Ган манлайд төлөх төлбөргүй гэж үзэж байгаа юм. Гэтэл яагаад тэр хугацааны төлбөрийг нэхэж байгаа юм. Мөн эрх шилжүүлсэн авсан баримт алга. Харин 2020 оны 1 сараас хойших төлбөрийг төлөхийг зөвшөөрнө. Ус дулааны төлбөрийг авахдаа СӨХ-н төлбөрийг шилжүүлээд байсан талаар Ган манлай хэлдэг. СӨХ-н үйл ажиллагааны эрхгүй байж их мөнгө авчхаад явахдаа яагаад төлбөртэй орхиж явсныг ойлгохгүй байна. Ган манлай нэхээгүй юмыг Д нэхэж байгаа тул төлөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 10/2020, 09/2020 тусгай зөвшөөрөл, хавсралтын хуулбар /хх7-9/, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 00457 дугаар тусгай зөвшөөрөл, хавсралтын хуулбар /хх10-11/, төлбөрийн жагсаалт /хх12-14/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Төрийн банкны орлогын мэдүүлэг 3 ширхэг /хх27, 29/, мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг /хх28, 29/, кассын орлогын ордер /хх28/, 36 ширхэг гэрэл зураг /хх30-38/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/1037 дугаар албан тоотын хуулбар /хх39-40/, “Тохь тух” СӨХ-ны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар албан тоот /хх48-49/, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаар албан тоот /хх50/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,758,693.22 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2015 оны 10 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны орон сууцны ашиглалтын төлбөр, алдангид нийт 6,804,952.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Л.У нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойших хугацааны төлбөрийг төлөхийг зөвшөөрч, өмнөх хугацаанд холбогдох хэсгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, өмнө нь байсан “Ган манлай” ХХК-д төлбөрийг төлсөн гэж маргаж байна.

 

Хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 хороолол, Глоб 29 байр, 36 тоот хаягт байрлах орон сууцанд оршин суудаг талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь энэхүү 29 дүгээр байрны ашиглалтыг хариуцан ажилладаг болох нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 10/2020, 09/2020 тусгай зөвшөөрөл, хавсралтын хуулбар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 00457 дугаар тусгай зөвшөөрөл, хавсралтын хуулбараар тогтоогдож байна. /хх7-11/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс дээр дурдсан 29 дүгээр байрны ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа талаар нэхэмжлэл болон төлөөлөгч М.Г-н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан бөгөөд хариуцагч Л.У нь энэ талаар маргаагүй, зөвшөөрсөн.

 

Зохигчид 2020 онын 01 дүгээр сарын 01-ны өдрөөс өмнөх хугацаанд 29 дүгээр байрны ашиглалтын асуудлыг “Ган манлай” ХХК хариуцан ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нарантуяа нь өмнөх хуулийн этгээдээс үйл ажиллагаатай холбоотой бүх өр болон авлагыг шилжүүлэн авсан гэж тайлбарласан.

Гэвч дээрх хуульд заасан үүргийн дагуу өр, авлага буюу шаардах эрх шилжүүлэн авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэгч нь 29 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнөх цаг хугацааны төлбөртэй холбоотойгоор шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй.

Мөн 2015-2019  оны хоорондох хугацаанд хариуцагчийн төлөх ёстой гэх орон сууц ашиглалтын зардлын мөнгөн дүнг баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан өр төлбөрийн жагсаалт гэх баримт нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

Түүнчлэн хэрэв “Ган манлай” ХХК-с өр, авлагыг шилжүүлэн авсан бол өрх тус бүрээр дутуу төлөлтийн тооцоо болон холбогдох баримтыг шүүхэд гаргах боломжтой юм.

Иймд 2015-2019 оны хоорондох төлбөр, алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2020 оноос өмнөх төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэгдсэн тул шаардах эрхтэй этгээд нь энэ талаар жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Улмаар хариуцагч нь 2020 оноос хойших төлбөрийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас энэ хугацаанд холбогдох хэсгийг зөвшөөрсөн.

Иймд нэхэмжлэгчийн гаргаж, хариуцагчийн зөвшөөрсөн тооцоогоор 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд хариуцагчийн төлбөл зохих төлбөр нь 2020 онд 983,419.21 төгрөг, 2021 оноос 2022 оны 08 сарыг дуустал 775,274.01 төгрөг, нийт 1,758,693.22 төгрөг байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,758,693.22 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 5,046,259.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Л.Угаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэг, айр, тоот хаягт байрлах орон сууцны ашиглалтын зардал, алдангид 1,758,693.22 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,046,259.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,829 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43,089 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД