| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2022/00428/и |
| Дугаар | 145/ШШ2022/00484 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 145/ШШ2022/00484
| 2022 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 145/ШШ2022/00484 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Тарагт сумын 01 дүгээр багт оршин суух Цэвэл овогт Самданноровын Лүмбэн /РД:ЙМ66022029/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газар,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Тарагт сумын 01 дүгээр багт байрлах Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж нийт 15,049,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Лхавгадорж,
Хариуцагч: Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Н.Чимэддорж-Ойдов,
Хариуцагч: Өвөрхангай аймаг Тарагт сумын Туяа багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Ууганбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ундрахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Лүмбэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуульд 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үйлчлэгчээр ажилд ороод 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 12 жил 5 сар ажилласан.
Ингээд умайн хүзүүний хавдар хүндэрсэн учир ажил хийх боломжгүй болоод байгууллагын даргаас түр чөлөө аваад эмчилгээ хийлгэсэн боловч эмчийн байнгын хяналтад байх шаардлага гарсан тул ажилдаа орж чадахгүй байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор ажлаас чөлөөлөгдсөн.
Хуульд заасан шаардлага хангасан тул 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар төрөөс олгодог тэтгэмж авахаар хөөцөлдсөн боловч сургуулийн захиргаа болон Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас тодорхой шийдвэр гаргаж өгөөгүй өнөөдрийг хүртгэж байгаа нь хохиролтой байна. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 152 дугаар заалтын хүрээнд тэтгэмж олгох эрх үүсэхгүй гэж утсаар хэлсэн боловч тодорхой шалтгааныг тайлбарлаж, шалгаж өгөөгүй.
Хөндлөнгийн хяналтын мэргэжлийн байгууллагаас асуухаар хуулийн хүрээнд хамрагдах бүрэн боломжтой гэдэг хариу өгдөг тул дээрх байгууллагуудад үүрэг болгож миний төрийн алба хаасан хугацааны тэтгэмж болох 3 жилийн үндсэн цалингийн дандаж нийт 15,049,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхавгадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж С.Лүмбэн 2003-2017 он хүртэл Тарагт сумын Туяа багийн сургуульд тасралтгүй 14 ажилласан. Нийгмийн даатгал дээр шимтгэл төлөгдсөн хугацаа 12 жил 5 сар байсан.
Харин 2017 оноос савны хавдрын гуравдугаар зэрэгтэй болсон учир ажил хийх ямар ч боломжгүй болсон. Ингээд эхний бүтэн жил хотод эмнэлгээр явсан. Эмч нар савны хавдар 3, 4 дүгээр зэрэгт орсон бол эдгэх магадлал муу байдаг гэсэн ч золын заяагаар эдгэсэн. Бид нарт ээжтэйгээ хэдэн жил хамт амьдрах хувь тавилан байсан юм шиг байгаа юм.
Бид нар тэр үед судалж үзэхэд 2019 оны журам гараагүй байсан. Хуульд зааснаар төрийн албанд ажиллаж байсан хүн тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг гэдгийг мэдэж байсан. Тухайн үед ажиллах ямар ч боломжгүй байсан. Учир нь сар болгон эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж байсан.
2021 онд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэрт гарах үедээ өргөдлөө гаргаад 36 сарын тэтгэмж авах болсон. Төсөвт энэ зардал тусгагдаад ирсэн. Тэгээд “та дансны дугаараа өгөөрэй. Ажилласан жилийн урамшуулал өгнө” гэхээр нь дансны дугаар бүх бичиг баримтаа өгсөн боловч боловсролын газраас залгаад “таны тэтгэмж бүтэх боломжгүй болсон. Учир нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй 3 жил төлсөн байх шаардлагатай гэсэн учир таны тэтгэмж бүтэхгүй болсон” гэж хэлсэн.
Иймд төрийн албанд ажилласан хүн 36 сарын хугацаатай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг авдаг. Тухайнд үед ээж 450,000 төгрөгийн цалин авдаг байсан. Үүнийг 36 сараар үржүүлэхээр 16,000,000 орчим төгрөг болж байсан. Үүнд шимтгэл суутгалыг бодож үзээгүй. Энэ мөнгөн дүнг гаргуулна гэв.
Хариуцагч Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Н.Чимэддорж-Ойдов шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Лүмбэнгийн материал манайд ирэх үед шалгаж үзсэн. Эрүүл мэндийн шалтгаантай байсан болохоор хүндэтгэн үзэж байна.
2021 оны төсөвт тэтгэмж нь суугдаад ирсэн байсан учир бид Тарагт сумын Туяа багийн сургуулиас материалыг нь аваад судлах явцад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасарсан байсан учир Засгийн газрын 2019 оны тогтоолын дагуу энэ тэтгэмжийг олгох боломжгүй байна гэж хариуг С.Лүмбэнгийн хүү П.Лхавгадоржид өгсөн. Мөн тухайн үед 2-3 удаа биечлэн уулзаж тайлбарласан.
Ингээд тэтгэмжийг өгөх боломжтой эсэхийг тодруулахаар аймгийн санхүү хяналт, дотоод аудитын албатай миний бие уулзсан. Тэгэхэд засгийн газрын тогтоолд заасан шаардлагыг хангахгүй байгаа учир өгөх боломжгүй гэж хэлсэн.
Ингээд болохгүй бол шүүхэд хандаж болно. Шүүхээр олгоно гэсэн шийдвэр гарвал бидний зүгээс татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн. Энэ дагуу шүүхэд хандсан гэж ойлгож байна.
Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор сүүлийн 5 жил ажилласан. Үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрх үүснэ гэсэн шаардлагыг хангахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албанд ажилласан жилийг тогтооход 19 жилээр тооцсон гэв.
Хариуцагч Өвөрхангай аймаг Тарагт сумын Туяа багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Тарагт сумын Туяа багийн ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан. Намайг ороход С.Лүмбэн 2017 оны 01 дүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө аваад гарсан байсан. Ажлын байрыг 02 жил хадгалах ёстой гэдэг үүднээс 2019 оны 01 дүгээр сард ажилдаа орох боломж байна уу гэхэд орох боломжгүй, группээр явж байгаад тэтгэвэрт орно гэж байсан.
2021 оны төсөвт 36 сартай тэнцэх урамшууллыг суулгаж өгсөн. Ингэхдээ 2014, 2015, 2016 оны цалингийн түүврээр дундаж бодоход 4,641,250 төгрөг манай төсөвт суусан. Энэ тэтгэмж нь төрийн сангаар дамжин явдаг учир ямар журмаар олгодог гэдгийг би сайн мэдэхгүй байна. Сүүлийн 3 жил тасралтгүй ажиллаагүй учир олгогдохгүй байгаа юм байна гэж бодож байна. Манай сургуулийн хувьд төсөвтөө суулгаж өгсөн. Үүнийг манай нягтлан 2014, 2015, 2016 оны цалингийн түүврийн дунджаар бодож гаргасан гэв.
Нэхэмжлэгч С.Лүмбэнгээс Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалын хуулбар, Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газарт С.Лүмбэнгийн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдөл, бүртгэл хяналтын карт №89, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/01 тоот тушаалын хуулбар, С.Лүмбэнгийн 3 жилийн цалингийн тодорхойлолт, Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газарт С.Лүмбэнгийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдөл, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн бага боловсролын сургуулийн захирлын 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааны хуулбар, №606130, №А 000247056 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эмчийн тэмдэглэл гэх баримтын хуулбар, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, ХСҮТ нэгдсэн лаборатори шинжилгээний хариу, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 67 тоот тодорхойлолт, Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Н.Чимэддорж-Ойдовоос явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
С.Лүмбэн нь Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж нийт 15,049,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургууль нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн бага сургуулийн захирлын 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тушаалын хуулбар, НДД №606130 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 13, 18-р тал/ дээр С.Лүмбэнг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн баг сургуулийн үйлчлэгчээр 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсан гэж бичсэн байх боловч С.Лүмбэн “Бүрэгтэй Хайрхан” ХХК-д 2003 оны 10 дугаар сараас 2004 оны 5 дугаар сар дуустал нийт 08 сар ажиллаж байсан нь Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааны хуулбар /хх-ийн 15 дугаар тал/-аар тогтоогдсон учраас С.Лүмбэнг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн баг сургуулийн үйлчлэгчээр 2003 оны 10 дугаар сараас ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин С.Лүмбэн 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн баг сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад эмчилгээ хийлгэх эмчийн магадлагаа гарсан тул 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа түр чөлөө авч, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн болох нь Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/03 тоот тушаалын хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалын хуулбар /хх-ийн 15, 14, 07, дугаар тал/-аар, С.Лүмбэн умайн хүзүүний өмөн өвчний улмаас эмчилгээ хийлгэж, энэ өвчний улмаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон нь эмчийн тэмдэглэл гэх баримтын хуулбар, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 0137366 тоот шийдвэрийн хуулбар, ХСҮТ нэгдсэн лаборатори шинжилгээний хариу гэх баримтын хуулбар /хх-ийн 22-27 дугаар тал/-аар, С.Лүмбэн 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газарт нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах асуудлаар өргөдөл гарган, тус газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариуг П.Лхавгадорж гэх хүнд өгсөн болох нь С.Лүмбэнгийн өргөдөл, Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газрын явуулсан бичгийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 8, 9, 12, 72 дугаар тал/ зэргээр тус тус тогтоогдсон бөгөөд зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
Харин Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургууль нь “. . .4,641,250 төгрөгийн тэтгэмжийг суутгуулах саналыг бусад холбогдох баримтын хамт хүргүүлсэн” гэсэн бол Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газар нь Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралт болох Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй учир нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхгүй гэснээр зохигчийн хооронд маргаан үүсжээ.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасан.
Гэтэл С.Лүмбэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан тул Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “боловсролын туслах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг” гэж зааснаар түүнийг боловсролын туслах ажилтан гэж үзнэ.
Тиймээс боловсролын туслах ажилтан С.Лүмбэнд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана.” гэж заасан шалгуур, нөхцөл хангасан бол нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгохоор хуульчилсан байна.
С.Лүмбэн “Бүрэгтэй Хайрхан” ХХК-д 2003 оны 10 дугаар сараас 2004 оны 5 дугаар сар дуустал нийт 08 сар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр 2004 оны 10 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар дуустал 11 жил, 10 сар тус тус ажилласан нь тогтоогдсон.
Тийм учраас Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажилласан 11 жил, 10 сар дээр Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.2 дахь хэсэгт “. . . ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15 . . .-д заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно. . .” гэж заасны дагуу тус журмын 3.1.12-т зааснаар Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр нөхөн тооцуулсан нийт 11 жилээс 1990-1995 оны 6 жилийг оруулан тооцоход Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт хамаарах С.Лүмбэнгийн ажилласан хугацаа 17 жил, 10 сар буюу тухайн албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан байх хуульд заасан шалгуур, нөхцөлийг хангахгүй байна.
“Бүрэгтэй Хайрхан” ХХК-д 2003 оны 10 дугаар сараас 2004 оны 5 дугаар сар дуустал С.Лүмбэнгийн ажилласан нийт 08 сарын хугацаа нь түүний нийт ажилласан жилд орж тооцогдох боловч энэ нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3.1 дэх хэсэгт заасан ажилласан хугацаанд хамаарахгүй тул Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасан хугацаанд орохгүй болно.
Мөн С.Лүмбэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр чөлөө аваад 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон /хх-ийн 14, 07, дугаар тал/ боловч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмыг зохигч нотлох баримтаар гаргаж өгөөгүйгээс энэ 4 жил, 7 хоногийг хугацаа нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3.1.7-д хамаарах эсэх нь нотлогдохгүй байна.
Иймд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж олгох шалгуур, нөхцөлийг хангахгүй гэсэн үндэслэлээр С.Лүмбэнгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газар, Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж нийт 15,049,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэсэн заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.5 дахь хэсэгт заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагчид хамааралтай зохицуулалт болохыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гээд 41.1.1-д “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” гэж заасан.
Гэтэл С.Лүмбэн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж нийт 15,049,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 233,198 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 03 дугаар тал/-аар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “. . . урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно.” гэж заасныг баримтлан С.Лүмбэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,198 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулж С.Лүмбэнд буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.Лүмбэнгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймаг Боловсрол, шинжлэх ухааны газар, Тарагт сумын Туяа багийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж нийт 15,049,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Лүмбэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,198 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулж С.Лүмбэнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ