Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2023/0002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ө,

Хариуцагч: Төв аймгийн Х сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “411... нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0278467 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг Д.Ө миний бие эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0278467 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг, “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг өмчлүүлэх захирамж гаргахгүй байгаа Х сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн, нэхэмжлэгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Ө “411... нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0278467 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг Д.Ө миний бие эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0278467 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг, “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг өмчлүүлэх захирамж гаргахгүй байгаа Х сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

 

  1. Нэхэмжлэгч Д.Ө 2022 оны 05 сарын 09-ний өдөр Төв аймгийн Х сумын Засаг даргад хандахад Х сумын Засаг даргын 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 05/173 дугаар албан бичгээр “сумын архивт ... 169 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамж байхгүй болно” гэж, мөн Төв аймгийн Засаг даргад хандахад Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 04/1302 дугаар албан бичгээр “...Х сумын Засаг даргын 2010 оны 169 дүгээр газар эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй холбогдуулан үүссэн асуудлаа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэж тус тус хариуг хүргүүлсэн байна. 

 

  1. Нэхэмжлэгч Д.Өы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гээс 2022 оны 10 сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, захиргааны  хэрэг үүсгэсэн.

 

  1. Нэхэмжлэгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргачихаад газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа сайн ойлгоогүй байна. Би П.Сд газраа шилжүүлэх хүсэлт гаргасан. Хоёулаа аймаг явж байхаар нэг нь гэрээ хараад, малаа хараад үлдэх шаардлагатай тул П.Сд шилжүүлсэн гэв.

 

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс 411... нэгж талбарын дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг 0278467 тоот гэрчилгээтэй Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг Улаанхудаг газар 1-1 тоотод байрлалтай 11000м.кв газрыг Д.Ө миний бие нь эзэмших эрхтэй болох уг гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрхийн 0278467 дугаар гэрчилгээтэй Төв аймгийн Х сумын Улаанхудаг гэх газарт байрлалтай 11000м/кв газрыг өмчлүүлэх захирамж гаргахгүй байгаа Х сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Д.Ө нь Төв аймгийн Х сумын Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай захирамжаар Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг Улаанхудаг 1-1 тоотод байршилтай 11000 м/кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсан. Төв аймгийн Засаг даргын 169 тоот захирамжийг үндэслэн газрын даамал Т.Эрдэнэболор 0278467 тоот гэрчилгээ олгож 411... нэгж талбарыг тус тус бүртгэн баталгаажуулсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт зааснаар зориулалтын дагуу газраа эзэмшиж байгаа бөгөөд эзэмшлийн газраа өмчилж авахаар хүсэлт гаргахад Төв аймгийн Х сумын Засаг дарга газар өмчлүүлэх тухай захирамжийг олгоогүй бөгөөд Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж газраа өмчлөх боломжгүй байдалд хүрээд байна. Одоо эзэмшиж байгаа газраа өмчилж авахаар Газрын даамал болон Х сумын Засаг даргад удаа дараа хүсэлт гаргахад 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 169 дугаартай тоотоор газар эзэмших тухай боломж байхгүй байна гэсэн хариу хүргүүлсэн тул Төв аймгийн Засаг даргад хандаж гомдлоо гаргасан. Төв аймгийн Засаг даргаас Төв аймгийн Х сумын Засаг даргын 169 тоот газар эзэмшүүлсэн захирамж бүхий газар эзэмших эрхтэй холбогдох асуудлаар шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн бичгийг ирүүлсэн тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн газарт 2003 оноос амьдарч байгаа бөгөөд эзэмшлийн газар дээрээ хувийн орон сууцыг Өлзийсайхан нь барьж эхнэр Сүндэръяаг хамтран өмчлөгчөөр тогтоолгосон үл хөдлөхийн 1403000415 дугаартай, газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000784704 гэрчилгээ олгогдсон байдаг. Мөн 128м/кв талбайтай үнээний ферм барьж ашиглалтад оруулсан бөгөөд үл хөдлөхийн 1403000414 дугаарт бүргэгдэж, 000784706 дугаартай гэрчилгээ олгогдсон. Эдгээр үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хувийн орон сууц, үнээний ферм зэрэг үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Д.Ө бөгөөд эдгээр нь үл хөдлөх хөрөнгө Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх гэсэн заалт байдаг. Нэхэмжлэгч Өлзийсайханы газар эзэмших эрхийг олж авсан үйл баримт нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч гэх заалтад нийцэж байна. Өлзийсайхан нь 11000м/кв газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсан болох нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд энэ газраас өмчлөх талаар удаа дараа захирамж гаргуулахаар хүсэлт гаргасан байдаг. Төв аймгийн Х сумын Засаг даргын захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас миний үйлчлүүлэгч Д.Ө нь өөрийн эзэмшлийн газраа өмчлөх, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах эзэмших болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д Захиргааны актыг гаргахаас шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйн хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж хуульчилсан байдаг. Иймд миний 411... дугаартай нэгж талбартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай эзэмших эрхийн дугаар тоот гэрчилгээтэй Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг Улаанхудаг гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м/кв газрыг Д.Ө миний бие эзэмших эрхтэй болох нь уг газар эзэмших дугаар тоот гэрчилгээтэй Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг Улаанхудаг 1-1 тоотод байрлах газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахгүй байгаа Төв аймгийн Х сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож уг газрыг Д.Өд өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн дагуу хариу тайлбарыг гаргасан. Д.Өы гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн гэх 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 169 дугаартай захирамжийг Х сумын Архиваас үзэхэд буцалтгүй тусламж олгох тухай шийдвэр гарсан байх бөгөөд уг иргэнд газар олгосон захирамж, шийдвэр сумын архивд байхгүй байгаа болно. Мөн энэхүү газартаа холбоотой гэрчилгээг хуурамч болох талаар иргэн Б.Б нь удаа дараа гомдол гаргаж байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй. Х сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/73 дугаар захирамжийг гарахаас өмнө П.С над дээр ирж уулзаж байсан. Иргэний хэргийн шүүх дээр манайх эзэмшигч болох нь тогтоогдсон тийм учраас захирамж гаргуулмаар байна гээд явж байсан. Тэгээд би тухайн үед боломжгүй гэж хэлж байсан. Тэгсэн чинь захирамжийн бланк дээр өмнөх Газрын даамлын төлөвлөөд өгчихсөн байсан захирамжийг өөрөө бариад явж байсан. Яг шилжүүлэх гэрчилгээ бичигдээгүй байсан” гэв.

 

  1. Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тус газарт байшингаа 2005 оноос хойш бариад 2013 онд дууссан. Мэдээж шүүх бүрэлдэхүүнд хөдөлшгүй үнэн материал байх ёстой. Тэгж байж үйл ажиллагаа явагддаг. Хэрэгт байгаа ихэнх материалууд нь худлаа байна. Яагаад гэхээр байшин, үхрийн байрыг би барьсан. Хашааг би барьсан. Тодорхой хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа болон материалууд орсон. Эхлээд би бариад, Д.Ө 2 машин банзыг авч ирсэн, би барих хадаас болон өөр материалуудыг авсан. Миний цуглуулсан материал дээр 1 машин банз авсан гэх баримт байгаа. 169 дүгээр захирамж 2010 онд гарсан. Би өөрөө Т.Эрдэнэболор дээр очиж газрын гэрчилгээ авах талаар хүсэлтээ яаж өгөх вэ гээд уулзаж байсан. Тэгэхэд Т.Эрдэнэболор дараа болъё, амарчихсан байна, дараа хүрээд ир гэх шалтгаануудыг ярьдаг байсан. Тэгээд 2010 онд очсон чинь Д.Өы нэр дээр П.С нь газрын гэрчилгээ хийлгээд авчихсан байсан. Тэгээд би Т.Эрдэнэболортой уулзаад өөр хүний нэр дээр гаргачихсан байна гэж хэлэхэд за найзаа хүлээж байгаарай би янзалж өгнө гэж хэлж байсан. Тэгээд тодорхой хугацааны дараагаар буюу 1 жилийн дараа Д.Ө, П.С нар банкны барьцаанд тавьчихъя, хүнд худалдаад зарах тэр үед нь гарын үсэг зураад өгчихнө гээд П.С хэлдэг байсан. 2013 онд би Хятад улс руу сургуульд суралцаж байгаад амралтаараа ирээд өөрийнхөө байшинг барьж дуусгасан. 2013 онд байшингаа барьж дуусгахад Д.Ө нь 2014 онд банкнаас зээл аваад өгчихье энэ байшингаа зарчих, нялх хүүхэд гарчихсан байна гэж хэлж байсан. Би мэдээж тэр үед ээжийнхээ дүүд итгэсэн, тэр хооронд бие биеэ хуурах явдал гаргадаггүй байсан учраас итгээд явж байсан. 2014 оноос хойш П.С байшингийн мөнгийг дараа жил өгнө, боломжгүй байна гэж хэлж явсаар байсан. 2019 онд н.Ганданбаатар гэх хүнд зарахаар болоод 8.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тэрийг төлчих өө, гээд байшин авах хүнийг дагуулаад ирсэн. 8.300.000 төгрөгийг данс руу нь хийгээд яг гарын үсэг зурах болсон чинь Д.Ө нь ирчихээд гарын үсэг зурах гээд байдаг, П.С нь гарын үсэг зурахгүй байна гээд барьцсан. Яагаад гарын үсэг зурахгүй байгаа юм гэхэд энэ чинь миний газар, миний банзаар барьсан гэснээс болж маргаан үүссэн. Би 1 жил гаруй хугацаанд хөдөө ажлаар явж ирээд тохиролцох гэж хэд хэдэн удаа очиж уулзсан боловч үр дүнд хүрээгүй. 2021 оны ковидын үеэр М.Өтай утсаар ярихад П.С газрын гэрчилгээ авах гээд явж байна гэж хэлж байсан. Түүний дараагаар 2021 оны 03 сарын 24-ний өдөр Төрийн банкнаас 169 дугаартай хуурамч захирамжаар дахин 50.000.000 төгрөгийн зээл авчихсан. Хашаа, байшин барихад миний хувь нэмэр орж байсан гэдгийг яагаад хэлээд байна гэхээр Би 2007 онд Хаан банканд эдийн засагчаар ажиллаж байгаад үүрийн вагоноор Зүүнхараагаас ирсэн чинь тэр шөнө нь манай хонь руу чоно орсон, тэгэхэд Нарантуяа, Лхагвасүрэн хоёр тэнд байж байсан. Би өглөө нь очоод банз аваад богино хугацаанд хашаагаа барьж байсан. Би өөрөө хашаагаа барьсан хүн учраас хашааны уртыг сайн мэдэж байна. Урт нь 100-110м байгаа, өргөн нь 75-80 м байгаа. Газрын хэмжээг буруу хэлж байна. Урт хэсгээрээ сунгах боломжгүй учраас өргөн хэсгээрээ сунгаж барьсан юм шиг байна лээ. Засаг дарга Д.Ганболд А/173 дугаар газрын эрхийг шилжүүлэх тухай захирамж гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 8.1-д хуулийн дагуу юм уу эсвэл ямар нэгэн мэргэжлийн байгууллагын зөвшөөрлөөр газрын эрхийг шилжүүлэх боломжтой. Гэтэл шууд шилжигдсэн. Үүнийг үнэн гэж  хэлэхэд учир дутагдалтай байна. Хэрэгт байгаа ихэнх материалууд хуурамч байна, бодит үнэн, бодит тоо байх ёстой. Тэр бүх зүйл нь алдагдаад байна” гэв.

 

  1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Нэгэнт шилжүүлсэн байхад буцаагаад тогтоолгоё. Тэгээд Засаг даргад захирамж гаргахыг даалгая гээд утгагүй нэхэмжлэл болчихлоо. Газар эзэмшүүлсэн захирамж ч гэсэн хууль бус болоод явчихлаа. Урьд өмнө гарчихсан байсан А/169 дугаартай захирамжийг хүчингүй болгоё гэхээр, байхгүй захирамжийг үндэслэж даалгана гэдэг нь хууль бус болчихоод байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Д.Өы нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Тухайн газарт 2003 оноос амьдарч байгаа бөгөөд эзэмшлийн газар дээрээ хувийн орон сууцыг Д.Ө нь барьж эхнэр П.Сг хамтран өмчлөгчөөр тогтоолгосон үл хөдлөхийн 1403000415 дугаартай, газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000784704 гэрчилгээ олгогдсон байдаг. Мөн 128м/кв талбайтай үнээний ферм барьж ашиглалтад оруулсан бөгөөд үл хөдлөхийн 1403000414 дугаарт бүргэгдэж, 000784706 дугаартай гэрчилгээ олгогдсон. Эдгээр үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хувийн орон сууц, үнээний ферм зэрэг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Д.Ө бөгөөд эдгээр нь үл хөдлөх хөрөнгө Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч Д.Өы газар эзэмших эрхийг олж авсан үйл баримт нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч гэх заалтад нийцэж байна. Төв аймгийн Х сумын Засаг даргын захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас миний үйлчлүүлэгч Д.Ө нь өөрийн эзэмшлийн газраа өмчлөх, Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах эзэмших болох эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Иймд миний 411... дугаартай нэгж талбартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай эзэмших эрхийн гэрчилгээтэй Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг Улаанхудаг гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м/кв газрыг Д.Ө миний бие газар эзэмших гэрчилгээтэй байхад Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг Улаанхудаг 1-1 тоотод байрлах газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож уг газрыг Д.Өд өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэж,

 

  1. Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн дагуу хариу тайлбарыг гаргасан. Д.Өы гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 169 дугаартай захирамжийг Х сумын Архиваас авч үзэхэд буцалтгүй тусламж олгох тухай шийдвэр гарсан байх бөгөөд уг иргэнд газар олгосон захирамж, шийдвэр сумын архивд байхгүй байгаа болно. Мөн энэхүү газартаа холбоотой гэрчилгээг хуурамч болох талаар иргэн Б.Б нь удаа дараа гомдол гаргаж байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй” гэж,

 

  1. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би тус газарт байшингаа 2005 оноос хойш бариад 2013 онд дууссан. Хэрэгт байгаа ихэнх материалууд нь худлаа байна. Яагаад гэхээр байшин, үхрийн байрыг би барьсан. Хашааг би барьсан. ... 2013 онд байшингаа барьж дуусгахад Д.Ө нь 2014 онд банкнаас зээл аваад өгчихье энэ байшингаа зарчих, нялх хүүхэд гарчихсан байна гэж хэлж байсан. 2014 оноос хойш П.С байшингийн мөнгийг дараа жил өгнө, боломжгүй байна гэж хэлж явсаар байсан. ... Засаг дарга Д.Ганболд А/173 дугаар газрын эрхийн шилжүүлэх тухай захирамж гаргасан байна” гэж тус тус маргаж байна.

 

  1. Нэхэмжлэгч Д.Өд Засаг даргын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 169 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 411... дугаартай 11000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Х сумын 1-р баг, улаан худаг 1-1 тоотод гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0278467 дугаартай гэрчилгээг олгосон[1] байх ба газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход үндэслэл болгосон Х сумын Засаг даргын 2010 оны 08 сарын 18-ны өдрийн 169 дугаар “Буцалтгүй тусламж олгох тухай”  захирамж нь “Гэрээт эмч Э.Удмөнх, Ц.Бүжидмаа, Х.Ариунцэнгэл нарт мөнгөн хэлбэрийн буцалтгүй тусламж олгосугай” гэх агуулгатай[2].

 

  1. Тус нэгж талбарын газарт нэхэмжлэгч Д.Ө, эхнэр П.Сгийн нарын өмчлөлийн Ү-1403000414 дугаар 128 м.кв үнээний ферм, Ү-1403000415 дугаар 56 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус 2020 онд олгосон[3].

 

Нэхэмжлэгч Д.Өы газар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

  1. Нэхэмжлэгч Д.Өд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо  Х сумын Засаг даргын 2010 оны 06 сарын 17-ны өдрийн 169 дүгээр захирамжийг үндэслэсэн байх бөгөөд тус захирамж 2010 оны 08 сарын 18-ны өдрийн буюу огноо зөрүүтэй, мөн агуулгын хувьд буцалтгүй тусламж олгосон буюу газар эзэмших эрх олгоогүй захирамжийн давхцал байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Тус сумын архивт байхгүй захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэн газар өмчлөх эрх олгох боломжгүй ...” гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хамтын хэрэгцээний” зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус хуульчилсан байх ба Х сумын Засаг даргын 2010 оны 08 сарын 18-ны өдрийн 169 дугаар захирамж нь газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж гэж үзэх үндэслэлгүй байгаагаас нэхэмжлэгчийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрхийг олж авсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.  Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “гэрчилгээ баримтаар... би газар эзэмших эрхтэй ...” гэж тайлбарлаж байх хэдий ч шүүхэд “...Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг Д.Ө миний бие эзэмших эрхтэй болохыг тогтоолгох ...”  нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

  1. Төв аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/73 дугаар “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай”[4] захирамжийн 1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ ирүүлсэн Далхжав овогтой Өлзийсайхан /МФ69021917/-аас Мандал, 1-р баг, Улаан худаг 1-1 тоотод 11031 м.кв газрыг Пүрэв овогтой Сүндэръяа /УЮ78020302/-д шилжүүлэн эзэмшүүлсүгэй”, 3 дах хэсэгт “Гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож кадастрын зурагт оруулахыг газрын даамал /Б.Мөнхбаяр/-т зөвшөөрсүгэй” гэжээ. Нэхэмжлэгч Д.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Би П.Сд газраа шилжүүлэх хүсэлт гаргасан. Хоёулаа аймаг явж байхаар нэг нь гэрээ хараад, малаа хараад үлдэх шаардлагатай тул П.Сд шилжүүлсэн” гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, газар эзэмших эрхээ бусдад шилжүүлснээр газар эзэмшигчийн газар эзэмших эрх нь дуусгавар болж, шилжүүлсэн этгээдэд газар эзэмших эрх үүснэ. Нэхэмжлэгч Д.Өаас эхнэр П.Сд газар эзэмших эрхийг шилжүүлсэн бол тус газартай холбоотой эзэмших эрх дуусгавар болох учиртай. Гэтэл уг газраа бусдад шилжүүлэх хүсэлтээ гаргасан этгээдээс нэхэмжлэлдээ Д.Ө газар эзэмших эрхтэй эсэхийг тогтоолгох, газар өмчлүүлэх захирамж гаргуулахыг Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь зөрчилтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Уг захирамжийг гарахаас өмнө П.С эгч над дээр ирж уулзаж байсан. Иргэний хэргийн шүүх дээр манайх эзэмшигч болох нь тогтоогдсон тийм учраас захирамж гаргуулмаар байна гээд явж байсан. Тэгээд би тухайн үед боломжгүй гэж хэлж байсан. Тэгсэн чинь захирамжийн бланк дээр өмнөх Газрын даамлын төлөвлөөд өгчихсөн байсан захирамжийг өөрөө бариад явж байсан. Яг шилжүүлэх гэрчилгээ бичигдээгүй байсан” гэх тайлбараас үзвэл тус захирамжид дурдсан газрын даамал Т.Мөнхбаяр нь 2021 онд Х сумын газрын даамлаар ажиллаж байгаагүй этгээд байна. Өөрөөр хэлбэл тухайн үед ажиллаж байсан газрын даамал газартай холбоотой захирамжийн төслийг боловсруулж, Засаг дарга шийдвэр гаргана. Гэтэл захирамж гаргах үед газрын даамлаар М.Ө ажиллаж байсан байх ба өмнө нь төлөвлөгдсөн захирамжийг хэрхэн нөхөн гаргуулж авсан нь тодорхойгүй байна. Мөн тус захирамжийн дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж гэрчилгээ гаргуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дах хэсэгт “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна. Эдгээр зөрчилтэй байдлаас Төв аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 24-ний өдрийн А/73 дугаар “Газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамжийг хууль ёсны гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

            Нэхэмжлэгч Д.Өд газар өмчлүүлэх захирамж гаргахыг Х сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

  1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дах хэсэгт “иргэнд энэ хуулийн 4.1.1-д (гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар) заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ” мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх заалтад “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж хуульчилсан байна.

 

  1. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг олж авсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийг даган олгогдох газар өмчлөх эрхийг олгох боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Өы хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаар:

 

  1. Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Тухайн газарт 2003 оноос амьдарч байгаа бөгөөд эзэмшлийн газар дээрээ хувийн орон сууцыг Д.Ө нь барьж эхнэр Сүндэръяаг хамтран өмчлөгчөөр тогтоолгосон үл хөдлөхийн 1403000415 дугаартай, газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000784704 гэрчилгээ олгогдсон байдаг. Мөн 128м/кв талбайтай үнээний ферм барьж ашиглалтад оруулсан бөгөөд үл хөдлөхийн 1403000414 дугаарт бүргэгдэж, 000784706 дугаартай гэрчилгээ олгогдсон. Эдгээр үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хувийн орон сууц, үнээний ферм зэрэг үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч Д.Ө ...” гэж, шүүх хуралдаанд “... хашаа, байшинг Б.Б барьсан. Эмээдээ барьж байгаа гээд манай газар дээр барьсан. Маргаж байгаа  бол хашаа, байшин, үнээний фермээ буулгаад аваад явна биз. Харин газраа би эзэмшинэ” гэх зөрүүтэй тайлбарыг,
  2. Гуравдагч этгээд Б.Б “... байшин, үхрийн байрыг би барьсан. Хашааг би барьсан. Тодорхой хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа болон материалууд орсон. Эхлээд би бариад Өлзийсайхан 2 машин банзыг авч ирсэн, би барих хадаас болон өөр материалуудыг авсан. Миний цуглуулсан материал дээр 1 машин банз авсан гэх баримт байгаа. Д.Ө, П.С нар 25.000.000 төгрөгөөр байшингаа зарчих, банкны барьцаанд тавьчихъя, хүнд худалдаад зарах тэр үед нь гарын үсэг зураад өгчихнө гээд П.С хэлдэг байсан ... хашааныхаа 50 хувийг Д.Ө, 50 хувийг Б.Б авахаар тохирсон” гэж тус тус тайлбарладаг.

 

  1. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дах хэсэгт зааснаар “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г шүүх хуралдаан завсарлахын өмнө “... тус маргаантай холбоотой өмчийн харилцааг шийдвэрлэсэн Иргэний шүүхийн шийдвэр байгаа. Гэхдээ энд байхгүй байна” гэж хэлсэн байх ба нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дах хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.”, 32.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй” гэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

  1. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь Х сумын 1 дүгээр баг Улаанхудаг газар 1-1 тоотод байрлалтай 11000м.кв газар, мөн тус газарт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаантай байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргааны талаар дүгнэлт хийх боломжгүй, тухайн маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан байх тул захиргааны хэргийн шүүхээс бусдын маргаантай байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн маргаантай байгаа тохиолдолд хариуцагч Засаг даргад хариуцуулан газар өмчлөх эрхийн харилцааг шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ зөрчилтэй, мөн маргаантай байх ба Х сумын Засаг даргаас газар өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхисон гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийг эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Өы нэхэмжлэлтэй, Х сумын Засаг даргад холбогдох “411... нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0278467 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг Д.Ө миний бие эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0278467 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг, “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг өмчлүүлэх захирамж гаргахгүй байгаа Х сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Өы нэхэмжлэлтэй, Х сумын Засаг даргад холбогдох “411... нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0278467 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг Д.Ө миний бие эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, уг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн 0278467 тоот гэрчилгээтэй, Төв аймгийн Х сумын 1 дүгээр баг, “У” гэх газар 1-1 тоотод байрлалтай 11000 м.кв газрыг өмчлүүлэх захирамж гаргахгүй байгаа Х сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргахыг Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 6 дах тал

[2] Хавтаст хэргийн 32 дах тал

[3] Хавтаст хэргийн 9-10 дах тал

[4] Хавтаст хэргийн 45 дах тал