Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/26

 

Д.Гт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Г.Чинзориг

Прокурор                                                   С.Алтай

Шүүгдэгч                                                    Д.Г нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлоор Д.Гт холбогдох эрүүгийн ______________ дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1974 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, Д овогт Д.Г.

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Оросын лагер гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг ургаа нарс мод хөрөөдөж унаган 23 ширхэг болгон тайрч бэлтгээд, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Hyundai Porter маркийн ______улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч Д.Гыг зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Д овогт Д.Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Гт мэдэгдэж,

- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Д.Гаас гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 8.444.763.03 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2.814.921.01 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай ангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.814.921,01  төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 23 ширхэг нарс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 SAW CHAIN загварын бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

- Шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.814.921.01 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 23 ширхэг бөөрөнхий нарс мод нь Дорнод аймгийн Баяндун сумын Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж байгаа болохыг дурдаж,

- Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hundai Porter” маркийн ______улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 2.70 метрийн урттай бөөрөнхий 23 ширхэг нарс модыг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д.Гын ____________ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгний үнэлгээ бүхий YD-81 SAW CHAIN загварын бензин моторт хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Д.Г анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Хэргийг шийдвэрлэхдээ миний хувийн байдлыг дутуу дүгнэсэн гэж үзэж байна. Мөн хэрэгт шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэрэг сум дундын ойн инженер А.Оюунтөгс, 2,814,921.01 мөнгө, 23 ширхэг мод гэсэн дүгнэлт гаргасан. Инженерийн тусгай зөвшөөрөл хэрэгт байхгүй тул дүгнэлт гаргаж байгаа нь буруу байна. Мөн эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөлгүй Д.Х, Э.Э хоёр гаргасан нь буруу байна. Дахиад машины үнэлгээний тусгай зөвшөөрөлгүй 3 хүний нэр байх ба 1 хүн нь гарын үсэг зураагүй тул нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Би өрх толгойлсон ганц бие эцэг тул надад арай өөр хөнгөн ял оноож торгуулийг 3 дахин нугалсан шүүхийн шийдвэрийг багасгаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Г гаргасан тайлбартаа: Би оюутан хүүхэдтэй өрх толгойлсон эцэг хүн юм. Тиймээс оногдуулсан ялыг багасгаж өгөхийг хүсч байна. Портер машинаар багахан хэмжээний мод авсны төлөө маш өндөр торгууль оногдуулсан. Би торгуулийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Учирсан хохирлыг буруу тооцсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гомдол гаргажээ. Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээтэй тохирсон байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, буруу тайлбарласан зүйл байхгүй. Тиймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Гын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг “Оросын лагер” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг ургаа нарс мод хөрөөдөж унаган 23 ширхэг болгон тайрч бэлтгээд, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Hyundai Porter маркийн ______улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Г, гэрч Ж.Ц, Э.Г, Т.Г, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээч А.О-ийн гаргасан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/02 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, шүүх хэргийг зөв зүйлчилсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-аас “300 цагийн хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх ял” оногдуулсан  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчимд нийцсэн, ял хүнддээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Гын гаргасан гомдлыг хянаж үзэхэд: Иргэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх”, мөн хэсгийн 3-т “байгаль орчинд хортой нөлөөлөхөөс сэргийлэх, өөрийн буруугаас учруулсан хортой нөлөөлөл, түүний хохирлыг арилгах буюу нөхөн төлөх.” үүрэгтэй. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж, мөн хуулийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлбөр төлүүлэхээр тогтоосныг үндэслэн шүүх шүүгдэгч Д.Гаас ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2,814,921.01 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,444,763.03 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу Экологийн асуудал хариуцсан байцаагч ахлах дэслэгч Э.Э тогтоол гаргаж, улмаар Дорнод аймгийн Баян-Уул суман дахь сум дундын ойн ангийн инженер А.О дүгнэлт гаргасан нь хуульд нийцжээ. 

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгчийн “...Өөр хөнгөн сонгох ял оноож, торгуулийг 3 дахин нугалсан шүүхийн шийдвэрийг багасгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                                             З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                                      Ж.ДОЛГОРМАА