| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0169/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/201 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/201
2025 08 11 2025/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.***,
Насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч М.***,
Шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Л.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******т холбогдох 2526000000173 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3: хоёр охины хамт Өвөрхангай аймаг Тарагт сум 3 дугаар баг Өлзийтийн 11-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, **** /РД:****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.*** нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ өөрийн хүүхдүүд болох бага насны Д.***, Д.*** нарыг гэрээ цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар түлхэх үйлдлээр Д.***ын биед тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх гэмтлүүд, Д.***гийн биед тархи доргилт, хоншоор ясны хугарал, духанд сорви гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр группээ сунгуулах гээд Өвөрхангай аймагт ирчихсэн байсан. Тэгээд төр өдөр бурганаад шуурга тавьчихсан эвгүй байсан. Тэгээд гэртээ ирсэн чинь будаа гурилаа тоглочихсон байсан. Тэгээд яаж байгаа юм гэсэн чинь танд ямар хамаатай юм гээд байсан. Тэгэхээр наадхыг чинь олох гэж намайг яаж зовж зүдэрдгийг та 2 ойлгодоггүй юм уу? гээд түлхчихсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Намайг 03 дугаар сарын 24-ний өдөр хэсгийн төлөөлөгчөөс дуудлага өгсөн. *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охид болох ***, *** нарын зодсон байна гэсэн дуудлага ирээд сумын эрүүл мэндийн дээр очиход авга эгч ******, ****** нар авчирсан байсан. Тэгээд эмч нь толгойд нь оёдол тавьж байна гэж хэлсэн. Сургуулийн нийгмийн ажилтан Нямбат болон миний бие авга эгчтэй аймагт ирж үзүүлж тархины зураг авахуулсан. Тухайн үед хоёр охин аав халуун тогооны залгуураар савсан гэж хэлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Ийм зүйл болсон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.*** бид хоёр хичээлээ тараад гэртээ байж байсан чинь манай аав гаднаас согтуу орж ирээд та хоёр яагаад гэр орноо цэвэрлээгүй юм бэ? гээд загнаад байхаар нь манай ихэр бид хоёр аав дээр яваад очсон чинь Д.***г түлхэж унагахад ширээ мөргөөд ойчсон. Тэгээд бас намайг түлхсэн чинь би сандал мөргөөд ойчсон. Бид хоёр айгаад гэрээс гараад уйлаад зогсож байсан чинь манай эгч Г.****** анай гэрээсээ гарч ирээд бид хоёрыг сумын эмнэлэг руу авч явсан. Тэгээд эмнэлэг дээр оёдол тавиулаад аймгийн төв рүү бид хоёрыг эмч авч явсан… Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 9-10, 72 хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.*** бид хоёр гэртээ байж байсан чинь манай аав гаднаас согтуу орж ирээд та хоёр яагаад гэр орноо цэвэрлээгүй юм бэ гээд загнаад байхаар нь манай ихэр бид хоёр аав дээр яваад очсон чинь Д.***ыг түлхэж унагаад сандал мөргөөд ойчсон. Тэгээд бас намайг түлхсэн чинь би духаараа ширээ мөргөөд ойчсон. Бид хоёр айгаад гэрээс гараад уйлаад зогсож байсан чинь манай эгч Г.****** анай гэрээсээ гарч ирээд бид хоёрыг сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр оёдол тавиулаад аймгийн төв рүү бид хоёрыг эмч авч явсан... Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” мэдүүлэг /хх-ийн 12-13, 83 хуудас/,
Гэрч Г.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ахын хоёр хүүхэд нь гэртээ ороод байж байсан юм. Тэгээд гэр халуун болохоор нь цонхоо онгойлгосон чинь хүүхэд орилоод байхаар нь гараад харсан чинь нэг хүүхдийн духнаас нь цус гарсан, нэг хүүхэд нь толгойгоо бариад уйлаад гараад ирсэн. Яасан бэ? гэхэд аав түлхсэн гэсэн. Би ахын гэр лүү орсон чинь энэ хоёр хүүхдийг хараач хамаг идэж уух юмаараа тоглоод хаясан байна гээд уурлаад байж байхаар нь би хоёр хүүхдийг нь аваад эмнэлэг дээр очиж Д.***т 2 ширхэг оёдол, Д.***д 4 ширхэг оёдол тавьсан. Тэгээд сумын эмч Аззаяа хоёр хүүхдийг аваад аймаг явсан, ер нь бол ийм л юм болсон...” мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч Г.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ажил дээрээ байж байтал манай төрсөн дүү Г.****** гадаа эмнэлгийн хаалгаар Азаа эмчээ, аниа хурдлаарай гээд гүйгээд ороод ирсэн. Өмнөөс нь гарсан чинь манай төрсөн дүү Г.***ын 2 ихэр хүүхдийг хөтөлсөн толгой хэсгээс нь цус гоожсон байдалтай ороод ирсэн. Д.***ын духанд 3 оёдол, Д.***гийн толгойн зүүн хэсэгт 2 оёдол тавьсан...” мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.*** нь 424600 төгрөг, Д.*** нь 126060 буюу нийт 550660 төгрөгийн зардал гарсан байх тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлмээр байна...” мэдүүлэг /хх-ийн 83 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №231 дугаартай “...Д.***ын биед тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх гэмтлүүд тогтоогдлоо, Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №232 дугаартай “...Д.***гийн биед тархи доргилт, хоншоор ясны хугарал, духанд сорви гэмтлүүд тогтоогдлоо, Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/,
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 74, 86 xyyдас/,
Д.***, Д.*** нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 78, 88 хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт тусламж, үйлчилгээ авсан талаарх баримт /хх-ийн 82, 92 хуудас/
Шүүгдэгч Г.***ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 215 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын 29194 дугаартай зөвлөлийн шийдвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, мал тооллогын лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 60-70 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар”... Шүүгдэгч Г.***д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.***ын тухайд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байх гэртээ өөрийн хүүхдүүд болох бага насны Д.***, Д.*** нарын эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзсэн. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн гэм бурууг нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах нотлох баримтууд авагддаг. Үүнд бага насны хохирогч Д.***, Д.*** нарын мэдүүлэг. Д.***, Д.*** нарын мэдүүлэгт тухайн үйл баримт яагаад болсон юм, хэрхэн яаж халдсан, энэ үйлдлийн улмаас хохирол хор уршиг хэрхэн яаж учирсан мөн эрүүл мэндийн байгууллагад хэрхэн хандсан талаар тодорхой мэдүүлдэг. Эдгээр мэдүүлэгтэй холбогдуулж гэрч Г.******ын мэдүүлэг авагддаг. Г.******ын мэдүүлэгт тухайн болж өнгөрсөн үйл явдлыг хэдийгээр нүдээр үзэж хараагүй ч гэсэн болж өнгөрсний дараа бага насны хохирогч нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр авч явсан гэрч байгаа. Энэ гэрчээс болж өнгөрсөн үйл явдлыг болон бага насны хохирогч нараас сонссон юмаа тодорхой тайлбарладаг. Дараагийн дугаарт гэрч Г.******гийн мэдүүлэг авагддаг. Гэрч Г.******гийн мэдүүлэгт насанд хүрээгүй буюу бага насны хохирогч нарын биед хэрхэн хохирол учирсан талаар тодорхой тайлбарладаг. Мөн шинжээчийн 231, 232 дугаартай дүгнэлтүүдэд насанд хүрээгүй хохирогч нарын биед учирсан хохирол энэ хохирлын хувьд хөнгөн хохирол тогтоогдсон эсэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой эсэхийг дүгнэсэн авагдсан байна. Эдгээр нотлох баримтуудаас нэгтгэн дүгнэж үзэхэд өөр хоорондоо зөрөөгүй хэргийн зүйлчлэлийн тухайд ч гэсэн зөрөөгүй маргаан бүхий үйл баримтын талаар мөн зөрөөгүй гэдэг. Ийм учраас шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл байна гэж үзсэн. Зүйлчлэлийн тухайд хоёр түүнээс олон хүнийг мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж далимдуулж гэдэг зүйлчлэлийн хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл 2 буюу түүнээс дээш олон хүн гэдэгт насанд хүрээгүй 2 хохирогч орж байна. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэдэг хуулийн агуулга бол бага насны буюу биеэ хамгаалах чадваргүй байгаа нөхцөл байдлыг тайлбарладаг. Энэ нөхцөл байдалд шүүгдэгч нь насанд хүрээгүй 2 хохирогчийн аав нь насны тухайд бүрэн мэдэх боломжтой. Мэдсэн байвал зохих байгаа учраас биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж гэж зүйлчлэлд хамааруулсан. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд шүүгдэгчийн бага насны хохирогч нарын биед учруулж байгаа хохирол түүнд учруулж байгаа хохирлын үйлдэл үйлдлийн арга үргэлжилж байгаа цаг хугацаа зэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд буюу 1 удаа болж өнгөрсөн үйлдэл байна гэж үзсэн. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд бага насны хохирогч нарын онцлог сэтгэл зүйд онцлогт нь тааруулж мөрдөн шалгах ажиллагааны дүнд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг энэ асуудалтай холбогдуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ингэхэд гомдол санал байхгүй. Аавдаа ямар нэгэн байдлаар гомдсон зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгохгүй гэж мэдүүлдэг учраас дээрх байдлаар бага насны хохирогчийн ашиг сонирхлыг хүндэтгэж гомдол саналгүй дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бага насны хохирогч нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нийт дүн буюу 550660 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна”,
Хохирогч нарын өмгөөлөгч М.*** шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар”... *** овогтой ***, *** овогтой *** болон тэдний хууль ёсны төлөөлөгч О.*** нарын хүсэлтийн дагуу тэдний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд гэм буруугийн талаарх дараах дүгнэлтийг гаргаж байна. Уг хэргийн тухайд гэр бүлийн хүрээнд бага насны хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдсөн тэдний бие махбодь болон сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлсэн хүчирхийллийн үйлдэл болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг. Тодруулбал шүүгдэгч Г.*** нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ гэр цэвэрлэсэнгүй хоол унд идэж уух зүйлээ тараалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан насанд хүрээгүй хохирогч Д.***, Д.*** нарыг түлхэж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулах мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хүчирхийллийн тодорхой бүлэгт хамаардаг онцлог төрлийн гэмт хэрэг байгаа. Шүүгдэгч Г.*** нь насанд хүрээгүй хохирогч болох Д.***, Д.*** нарын төрсөн эцэг болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг хохирогч нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байдаг. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэг нь тогтоогддог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн бие махбодод халдсан үйлдлийг хүчирхийллийн тодорхой нэг төрөлд авч үздэг. Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг ойлголт маань өөрөө 2 өөр ойлголт байдаг. Объектив талын шинжээрээ ялгарч байдаг. Тухайн үйл явдал хэдийгээр нэг удаа үйлдэгдсэн гэдэг нь хэргийн материалд авагдсан нөхцөл байдлаар нотлогдож байгаа боловч тухайн удирдаж байгаа эрх ашиг сонирхол тухайн насанд хүрээгүй хүүхдүүдийн бие махбодод халдсан гэх эрэмбэлэх боломжгүй зүйл. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас харахад биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бага насны хохирогчийн эсрэг 2 ба түүнээс дээш хохирогчийн эсрэг мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамаарал бүхий этгээдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлд үлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэм буруутайд тооцох үндэслэл шүүгдэгчийн зүгээс авагдсан байна гэж үзэж байна. Нотлох баримт шинжлэн судлах үед гарсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байдаг. Нөгөө талаасаа хохирогчид охины хувьд эцэг нь ганц бие тэжээн тэтгэх асран хамгаалалтдаа байлгаж байгаа боловч согтуугаар хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн зэрэг зөвтгөх боломжгүй. Хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байгааг энд дурдахыг хүсэж байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг зөрчил гэдэг маань өөрөө олон улсын хэмжээнд болон Монгол улсын хууль тогтоомжийн бүх хэм хэмжээнд хамгаалагдсан 1 номерт хүүхэд бүхий л орчинд хамгаалагдах ёстой гэдэг зүйлийг зарчим болгож баримталж байдаг. Төр нийгмийн хамгаалалтад байдаг онцгой субъект юм. Хүчирхийлэл анх удаа үйлдэгдсэн хөнгөн хэлбэртэй байгаа юм гэдэг зүйлээр хүүхдийн хөгжлийн эрхэнд ноцтой халдсан гэж үзэх үндэслэлээр гэм буруутайд тооцож байгаа. Мөн хохирол төлбөрийн тухайд хэдийгээр насанд хүрээгүй хохирогчид хохиролгүй нэхэмжлэх санал хүсэлтгүй гэдэг боловч цаашлаад учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэдгийг дурдъя. Хохирол төлбөрийн тухайд Эрүүл мэндийн даатгалын санд төлөгдөх 550660 төгрөгийг төлөгдөөгүй болохыг дурдаж байна”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*** шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар”... Миний үйлчлүүлэгчийн Г.***ын тухайд өөрийн төрсөн охидууддаа хөнгөн зэргийг гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас прокуророос зүйлчилж оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг зүйлэлтэй ямар нэгэн маргаан байхгүй. Хэрэг болсон нөхцөл байдлын хувьд ярихад Г.***ын хувьд 2 охины хамт 3-уулаа амьдардаг өрх толгойлсон эцэг. Энэ хүний биеийн байдлын хувьд нотлох баримт шинжлэн судлахад ч гэсэн яригдсан. Нөхцөл байдлын хувьд өөрөө эрүүл мэндийн хувьд олон удаа хагалгаанд орсон. 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар группэд байдаг. Хоёр охиныхоо хамт өөрөө өрх толгойлж амьдарч байгаагийн хувьд 2 охиноо тэжээн тэтгэх үүргээ биелүүлж тэдгээрийн сурах өмсөж зүүхээс авахуулаад энэ бүх эрхийг нь эцэг хүний хувьд хангаж ирсэн гэж үзэж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар ч гэсэн нотлогдон тогтоогдож байдаг. Тухайн үеийн нөхцөл байдалд хүүхдүүд томоогүй сахилгагүй байгаа. Идэж уух зүйлээ гадуур нь асгасан гэр орноо цэвэрлээгүй ийм нөхцөл байдалтай байхаар нь бухимдаж охидуудын биед хөнгөн хохирол учруулсан. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хэдийгээр ийм ч гэсэн шүүгдэгчийг зөвтгөх зүйл байхгүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нарын зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоолгохгүй. Хохирол төлбөр байхгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 550660 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөхөө илэрхийлсэн. Энэ хувьд группийн мөнгө авч байгаа. Дэлгэрэх хүнсний үйлдвэрт ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Г.***т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.***, насанд хүрээгүй хохирогч Д.***, Д.*** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Д.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.*** бид хоёр хичээлээ тараад гэртээ байж байсан чинь манай аав гаднаас согтуу орж ирээд та хоёр яагаад гэр орноо цэвэрлээгүй юм бэ? гээд загнаад байхаар нь манай ихэр бид хоёр аав дээр яваад очсон чинь Д.***г түлхэж унагахад ширээ мөргөөд ойчсон. Тэгээд бас намайг түлхсэн чинь би сандал мөргөөд ойчсон. Бид хоёр айгаад гэрээс гараад уйлаад зогсож байсан чинь манай эгч Г.****** анай гэрээсээ гарч ирээд бид хоёрыг сумын эмнэлэг руу авч явсан. Тэгээд эмнэлэг дээр оёдол тавиулаад аймгийн төв рүү бид хоёрыг эмч авч явсан… Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 9-10, 72 хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.*** бид хоёр гэртээ байж байсан чинь манай аав гаднаас согтуу орж ирээд та хоёр яагаад гэр орноо цэвэрлээгүй юм бэ гээд загнаад байхаар нь манай ихэр бид хоёр аав дээр яваад очсон чинь Д.***ыг түлхэж унагаад сандал мөргөөд ойчсон. Тэгээд бас намайг түлхсэн чинь би духаараа ширээ мөргөөд ойчсон. Бид хоёр айгаад гэрээс гараад уйлаад зогсож байсан чинь манай эгч Г.****** анай гэрээсээ гарч ирээд бид хоёрыг сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр оёдол тавиулаад аймгийн төв рүү бид хоёрыг эмч авч явсан... Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” мэдүүлэг /хх-ийн 12-13, 83 хуудас/,
Гэрч Г.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ахын хоёр хүүхэд нь гэртээ ороод байж байсан юм. Тэгээд гэр халуун болохоор нь цонхоо онгойлгосон чинь хүүхэд орилоод байхаар нь гараад харсан чинь нэг хүүхдийн духнаас нь цус гарсан, нэг хүүхэд нь толгойгоо бариад уйлаад гараад ирсэн. Яасан бэ? гэхэд аав түлхсэн гэсэн. Би ахын гэр лүү орсон чинь энэ хоёр хүүхдийг хараач хамаг идэж уух юмаараа тоглоод хаясан байна гээд уурлаад байж байхаар нь би хоёр хүүхдийг нь аваад эмнэлэг дээр очиж Д.***т 2 ширхэг оёдол, Д.***д 4 ширхэг оёдол тавьсан. Тэгээд сумын эмч Аззаяа хоёр хүүхдийг аваад аймаг явсан, ер нь бол ийм л юм болсон...” мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,
Гэрч Г.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ажил дээрээ байж байтал манай төрсөн дүү Г.****** гадаа эмнэлгийн хаалгаар Азаа эмчээ, аниа хурдлаарай гээд гүйгээд ороод ирсэн. Өмнөөс нь гарсан чинь манай төрсөн дүү Г.***ын 2 ихэр хүүхдийг хөтөлсөн толгой хэсгээс нь цус гоожсон байдалтай ороод ирсэн. Д.***ын духанд 3 оёдол, Д.***гийн толгойн зүүн хэсэгт 2 оёдол тавьсан...” мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.*** нь 424600 төгрөг, Д.*** нь 126060 буюу нийт 550660 төгрөгийн зардал гарсан байх тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлмээр байна...” мэдүүлэг /хх-ийн 83 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №231 дугаартай “...Д.***ын биед тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх гэмтлүүд тогтоогдлоо, Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 20-21 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №232 дугаартай “...Д.***гийн биед тархи доргилт, хоншоор ясны хугарал, духанд сорви гэмтлүүд тогтоогдлоо, Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо...” дүгнэлт /хх-ийн 27-28 хуудас/,
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 74, 86 xyyдас/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт тусламж, үйлчилгээ авсан талаарх баримт /хх-ийн 82, 92 хуудас/ зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.***ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.***т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний нэхэмжлэгч Н.*** нь насанд хүрээгүй хохиргч Д.***, Д.*** нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 550660 төгрөгийг нэхэмжилжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон тул эрүү мэндийн даатгалын санд 550660 төгрөгийг шүүгдэгч Г.*** төлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.*** нь эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 550660 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Д.***, Д.*** нар нь мөрдөн шалгах ажиллагаанд “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлт гаргасан мөн шүүгдэгч Г.*** нь эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 550660 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингээд шүүгдэгч шүүх хуралдаанд хохирол төлж барагдуулах талаар завсарлага авч хохирлоо төлж барагдуулсан байна. Ингээд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах нөхцөл байдлыг харгалзаж үзлээ. Нэгдүгээрт шүүгдэгчийн хувийн байдал ажил хөдөлмөр эрхэлдэг байдал ам бүлийн байдал мөн энэ төрлийн зөрчилд холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Энэ төрлийн зөрчилд холбогдож байгаагүй нөхцөл байдал мөн шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон бага насны хохирогч нараас түүний хувийн талаар мэдүүлсэн нөхцөл байдал зэргийг мөн шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал зэргийг хувийн байдалд хамааруулж үзлээ. Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж түүнээс гарч байгаа хэр хэмжээ хохирол төлбөртэй эсэх асуудлыг мөн харгалзаж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хохирол төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүйг тус тус дурдаж байна. Мөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.”,
Насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч М.*** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.***ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт нэгэнт гарсан. Шүүгдэгч *** нь согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн асрамж халамжид байдаг насанд хүрээгүй хохирогч Д.***, Д.*** нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж гэм буруутай болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч Г.***ын хувийн байдлын тухайд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор өмнө нь бусдын бие махбодод халдаж танхайрах гэмт хэрэгт холбогдож байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ өөрийгөө хянах чадвар сул байдаг гэдгийг гэрч болон хүүхэд хамгааллын хамтарсан багийн гаргаж өгсөн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байдаг. Энэ 1 удаагийн үйлдэл буюу өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаагүй боловч гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл маань өөрөө далд үйлдэгдэж байдаг даамжирч байдаг давтагдаж байдаг ийм онцлогтой гэмт хэргийн зүйл заалт. Тусгайлан хуульчилсан зүйл заалт байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд засрал хүмүүжил болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад цаашид нь үүрэг хариуцлага ноогдуулах сургалт хүмүүжлийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.***ын хувийн байдал гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлууд зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасан. Харин насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг тооцуулах нь зүйтэй гэсэн утгатай зүйл ярьж байна. Гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд тодорхой байгаа. Хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа хүний хувьд ч гэсэн өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.***ын хувьд өмнө нь ийм төрлийн зөрчил гаргаж байгаагүй. Үр хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавьдаг. Сурч боловсрох эрхүүдийг нь зохих ёсоор сайн хангадаг гэдгийг хууль ёсны төлөөлөгчийн зүгээс илэрхийлж хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3-н төрлийн ялаас сонгох зохицуулалттай. Г.***ын хувьд нэн ядуу ганц бие өрх толгойлсон эцэг. Одоо өөрөө “Дэлгэрэх хүнс” компанид ачигчийн ажил хийдэг. Энэ ачигчийн цалин хөлсөөр 2 хүүхдээ тэжээж тэтгэдэг ийм ганц бие ядарсан эцэг. Одоо хүүхдүүдийн сургууль цэцэрлэг орох гэж байгаа мөнгө төгрөг хэрэгтэй нөхцөл байдал байгаа. Торгуулийн ял энэ хүний эрх зүйн байдалд тохирохгүй байна гэж үзэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх дээр энэ хүн өөрөө компанид ачигч хийдэг. Нийтэд тустай ажил шүүхийн шийдвэрийн журмаар доод тал нь 240 цаг гэдэг чинь өдрийн 8-н цаг гэхэд 30 хоног болж байгаа. Тэгэхээр нөгөө ажил нь байхгүй болоод нийтэд ажил хийхээр нөгөө 2 хүүхдээ хаана нь ямар ажил хөдөлмөр эрхлэн тэжээн тэтгэх үү? Ийм асуудал гарч ирнэ. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа гэж бодоход өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.***аас хэлэхдээ хүүхдүүдээ харьяаллын дагуу Тарагт сумын дотуур байранд суулгаад хагас бүтэн сайн өдөр ирж очиж авна гэсэн. Зорчих эрхийг хязгаарлаж Өвөрхангай аймгийн төвөөс гаргахыг хязгаарлалаа гэж бодъё. Тэгэхээр хагас бүтэн сайн өдөр хичээл тарахад нь хүүхдүүдээ очиж авах очиж уулзах байдлууд чинь зорчих эрх хязгаарлах ял оногдуулахад хүндрэл бэрхшээл тулгарна. Эдгээр хүүхдийн эрхийг хамгаалж байгаа бол хүүхдийн зөрчигдөөд байгаа эрхүүдтэй холбоотой байдлуудыг яагаад өмгөөлөгчийн зүгээс яагаад насанд хүрээгүй хохирогч нарын эрх ашгийг хамгаалж хэлэхгүй байгаа юм. Ард нь хүндрэл бэрхшээлүүдтэй нөхцөл байдлууд үүсэж байна. Энийг улсын яллагч олж хараад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагч нь өөрөө энэ хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлье гэж байхад хохирогч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч нь өөрөө энэ хүнд заавал хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гээд сууж байна. Энэ чинь хүүхдийн эрх ашгийг хамгаалах биш. Харин асуудалд оруулж байгаа асуудал шүү. Тийм учраас миний хувьд улсын яллагчтай санал 1 байгаа. Дээрх дурдсан үндэслэлүүд байна. Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ч гэсэн арай өөрөөр тайлбарлаж байгаа. Өмгөөлөгчийн байр сууринаас өөр байгаа шүү. Насанд хүрээгүй хүүхдүүд хохирогчоо мэдүүлэг өгсөн мэдүүлэгт ч гэсэн өмгөөлөгчийн ярьж байгаагаас шал өөр. Өмнөх шүүх хуралдаан эхлэх хүртэл аавыг минь битгий ингээд гээд уйлаад гарч байсан. Яагаад энэ байдлуудад өмгөөлөгчийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгдөггүй юм. Энэ хүн заавал ял авах ёстой тэгж байж болох гээд байна гээд. Энэ чинь цаагуураа хүүхдүүдийн эрх ашигт асар их хөнөөлтэй хохирол учирч байгаа. Хэрвээ Г.***ын хувьд энэ төрлийн гэмт хэргийг байнга үйлддэг. Хэрвээ хүүхдүүд байнгын хүчирхийлэлд байдаг нөхцөл байдалд байвал эцэг байх эрхийг нь хасах дараа дараагийн хүүхдийн асрамжийн асуудлууд байх ёстой. Тийм асуудлууд юу ч байхгүй байхад ааваар нь дамжуулж өөрийнхөө өмгөөлж байгаа хүүхдүүдийг яллаж байна. Тийм учраас насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгчийн байр суурийг эсэргүүцэж байна. Миний хувьд улсын яллагчтай санал нэг байна.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч Г.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг, төлөх төлбөргүй байдал, мөн нөгөө талаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 удаа үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.*** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ***ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Г.*** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА