| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/02547/И |
| Дугаар | 101/ШШ2022/03924 |
| Огноо | 2022-09-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/03924
2022 09 29 101/ШШ2022/03924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Америкийн Нэгдсэн Улсын тоот хаягт оршин суух, РД:, У овогт Д-н М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:, Н овогтой Гд холбогдох
Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 5-р хороо, тоотод байрлах 34 метр квадрат байраа 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээний журмаар төрсөн эгч Д.М-ээс өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, Ү-220 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. М нь гэр бүлээрээ амьдарч байсан Сүхбаатар дүүргийн тоотод байрлах байраа худалдаж авахад авто зогсоолгүй байсан ба авто зогсоол шаардлагатайн улмаас хариуцагч Н.Ггийн эзэмшлийн гэх тус байранд нь байршилтай авто зогсоолыг ашиглах, хариуд нь Н.Гг өөрийн өмчлөлийн байрандаа амьдруулахаар харилцан тохиролцсон. Ийнхүү Н.Г нь тус байранд 2015 оны 6 сард нүүн орж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Н.Ггийн эзэмшлийн гэх авто зогсоолыг тухайн байрыг ашиглалтанд оруулсан компани нь бидний өмчлөлийн зогсоол гэж 2021 онд биднээс буцаан авсан ба ийнхүү авто зогсоолыг буцаан авсан тухай хэлж, арга хэмжээ авахыг Н.Гд хэлэхэд асуудлыг зохицуулж өгнө өө гэж мэдэгдсэн атлаа ерөөсөө арга хэмжээ авч өгөөгүй. Ийнхүү 6 сар хүлээсний эцэст байраа чөлөөлж өгөхийг шаардахад тухайн байрнаас 2021 оноос хойш гаралгүй байрыг хууль бусаар эзэмшиж, хууль ёсны өмчлөгч Д.М-ын эрх ашгийг хохироосоор байна. Иймд Д.М-ын өмчлөлийн байранд хууль бусаар амьдарсаар буй Н-ын Г-гийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн тоот байрыг албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.М нь Сүхбаатар дүүргийн байрны авто зогсоолыг надтай тохиролцож ашиглах, хариуд нь намайг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ТООТ орон сууцанд суулгахаар тохиролцсон боловч тухайн авто зогсоол байгаа орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан компанийн холбогдох хүмүүс нь бидний өмчлөлийн зогсоол гэж 2021 онд буцаан авсан тул орон сууцаа албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Гэвч уг тохиролцоог Д.М нь надтай огт хийгээгүй ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, энэ хүмүүсийг миний бие огт танихгүй ба харин манай хуучин нөхрийн дүү У-н Б нь дээрх Д.М гэгчийн төрсөн ах Д-ийн М-тай худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 40 сая төгрөгийг Д.М-ын дансанд 2015 оны 09 дүгээр сард шилжүүлсэн, мөн үнийн дүнд нь тооцож Д.М-д 2 удаа цемент нийлүүлсэн гэдэг. Хэрэв миний бие дээрх хүмүүстэй ямар нэгэн түрээсийн гэрээ хийсэн бол эдгээр хүмүүсийн тавьсан шаардлага болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй. Гэвч Н.Г миний бие дээрх Д.М, Д.М нарыг огт танихгүй ямар нэгэн байдлаар уулзаж ч байгаагүй. Иймд Д.М-ын нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Ү-220 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4 тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9 тал/ зэргийг баримтаар гарган өгсөн, хариуцагчаас шүүхэд бичгийн баримтыг ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М нь Н.Г-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Н.Г нь өөрийн өмчлөлийн авто зогсоолыг эзэмшүүлж орон сууцанд амьдрах гэрээ огт хийгээгүй, ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, энэ хүмүүсийг миний бие огт танихгүй ба харин манай хуучин нөхрийн дүү У-н Б нь дээрх Д.М гэгчийн төрсөн ах Д-ийн М-тай худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 40 сая төгрөгийг Д.М-ын дансанд 2015 оны 09 дүгээр сард шилжүүлсэн, мөн үнийн дүнд нь тооцож Д.М-д 2 удаа цемент нийлүүлж мөнгийг төлсөн гэдэг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, тоот хаягт байрлах, 34 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Д овогтой М болох нь 2009 оны 10-р сарын 19-ний өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4 тал/
4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар хариуцагч Н.Гг улсын бүртгэлийн Y-220 дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, тоот хаягт байрлах, 34 м.кв талбай бүхий Д.М-ын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.
5. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий орон сууцанд хариуцагч Н.Г амьдарч, эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон, уг үйл баримтад хариуцагч маргаагүй.
6. Хариуцагч Н.Г нь хуучин нөхөр маань орон сууцыг авч өгсөн, хуучин нөхрийн дүү У.Б , нэхэмжлэгч Д.Мын ах Д.М-аас худалдаж авч өгсөн гэсэн тайлбарыг гаргаж хэдий ч энэ тайлбараа нотлох бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй.
7. Иймд улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, тоот хаягт байрлах, 34 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Н.Г түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч Д.М-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Г-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, тоот хаягт байрлах, 34 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Н.Г /түүний гэр бүлийн гишүүдийн/-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Г-гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА