| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/02546/И |
| Дугаар | 101/ШШ2022/03805 |
| Огноо | 2022-09-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/03805
2022 09 21 101/ШШ2022/03805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, РД:, Г банк ХХК-ийн Дорноговь салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, РД: , Х овогт Б-ны Б,
Хариуцагч: Дундговь аймаг, тоот, РД: , Т овогт С-ийн Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,854,154.07 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б, С.Б нар нь 2019-08-13-ны өдөр 54 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 9,900,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, нийт 30 сарын хугацаатай авсан. Эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 2022-03-17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 714 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд зээлдэгч нараас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. 158 дугаар зүйлийн 158.1. 451 дүгээр зуйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 7,906,526.4 төгрөг, хүү 2,756,030.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180,096.93 төгрөг, мөн нотариатын зардалд 11,500 төгрөг, нийт 10,854,154.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-ээс 3,359,912.29 төгрөгийг хэд хэд хувааж төлсөн. Одоо нийт үлдэгдэл 7,494,241.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь Сайншанд Г банкнаас нэхэмжилсэн 10,854,154.07 төгрөгийн зээлийг бүгдийг нь өөрөө төлж барагдуулна. Энэхүү зээлд хамтран зээлдэгчээр үүрэг хүлээсэн С.Б-г уг хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Уг зээлийн төлөлтөнд С.Б нь хариуцлага хүлээхгүй бөгөөд Б.Б миний бие өөрөө 100 хувь хариуцан төлөлт хийхээ амлаж байна. Энэхүү зээлийн төлөлтийг 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүрийн 30-нд 1,560,000 төгрөг төлнө. Нийт 7 сарын хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр бүрэн төлж барагдуулах хүсэлттэй байна. Уг зээлээ 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30 хүртэл сар бүр 1,560,000 төгрөг, 2022 оны 12 дугаар 30-ны өдөр 1,494,154.07 төгрөгийг тус бүр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс 2019-08-13-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /хх-ийн 11 тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 12 тал/, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 13-14 тал/, цалингийн зээл хамтран хүсэгч иргэдийн өргөдлийн маягт /хх-ийн 15-16 тал/, зээлийн дансны хуулга /хх-ийн 17 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, харин хариуцагч нараас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Б.Б, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,906,526.4 төгрөг, зээлийн хүү 2,756,030.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 180,096.93 төгрөг, нийт 10,854,154.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нийт 3,359,912.29 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 7,494,241.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хариуцагч С.Бт нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хуулийн хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 14 хоногийн дотор хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.
3. Шүүх хариуцагч Б.Б, С.Б нарт 2022-09-21-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2022-09-13-ны өдөр мэдэгдэх хуудсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Б, С.Б нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4. Нэхэмжлэгч Г банк ХХК болон хариуцагч Б.Б, С.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 9,900,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж, цалингийн зээлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 11 тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Б.Б, С.Б нар зээлийн гэрээ байгуулж, зээл авсан дээр маргаагүй.
5. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байх тул хариуцагч нараас 7,494,241.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Г банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 188,616 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Б, С.Б нараас 188,616 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б, С.Б нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,494,241.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 188,616 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Б, С.Б нараас 188,616 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА