Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг

Прокурор                                                         С.Алтай

Хохирогчийн өмгөөлөгч                               М.Энхтуяа нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2121000000070 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1959 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, ******* ******* овогт *******ын *******. Урьд:

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар арын 15-ны өдрийн 22-23 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын ******* тоотод төрсөн ах *******ыг хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч *******ыг хүнийг санаатай алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урт, ажлын хэсгийн өргөн 2 см /бариул хэсэг нь шатсан/ саарал өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нар 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх *******д холбогдох хэргийн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх боломжийг харгалзан үзэж ялын доод хэмжээг оногдуулсныг хүлээн зөвшөөрч байгаа.

Ялтан гомдол гаргах болсон шалтгаан нь түүний биеийн байдал, эрүүл мэндтэй холбоотой юм. Учир нь тэрээр даралт өндөртэй, байнга татаж унадаг, бөөр, элэг муу зэргээс ял эдлэхэд тодорхой хэмжээний нөлөөлөл байгаа. Мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлүүд нөлөөлсөн, тогтоогдсон, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд, мөн шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэснийг анхаарч үзэх боломжтой.

Иймд тус шүүхээс хүсэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар гаргасан тайлбартаа: “*******ын гаргасан гомдолтой танилцаад гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин ч садан төрлийн холбоо, насны байдлыг харгалзан хэргийн талаар хүндрүүлж болох шалтгаан нөхцлийн талаар маргаагүй. Ер нь төрсөн ахаа, ийм насны хүн олон удаа хутгалж амь насыг нь хохироогоод, түүндээ цочирдсон шинжгүй, тэнд нь хаяад  орхисон явдал нь дэндүү танхай, хэнэггүй, өширхөж байдаг мэт харагдаж байгаа. Бид хохирол төлбөр юуг нь энэ хүнээс олж авах вэ гээд нэхээгүй болохоос өөрөө сэтгэлээрээ хохиролд нэг төгрөг ч өгөөгүй, барагдуулаагүй. Хохирогчийн хууль бус ажиллагаа нөлөөлсөн гэжээ. Үүнийг албан ёсоор тогтоосон зүйлгүй. Үхсэн хүн үг хэлэхгүй болохоор, өөр гэрчгүй болохоор хэрэгтний үгээр л ингэж бичиж байгаа. Шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Хүний амь нас хохирсон болохоор харин ч хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байгаа.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчин хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: Манай талаас харин ч хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Бид хохирол төлбөр нэхэмжлээгүй. Юуг нь авах билээ гэж бодсон. Тиймээс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан хэмжээний дотор үндэслэл журмын дагуу ялыг оногдуулсан гэж үзэж байна. *******ын хувьд төрсөн ахыгаа 7 удаа хутгалж хөнөөсөн. Харин ч анхан шатны шүүхээс ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар арын 15-ны өдрийн 22-23 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын ******* тоотод төрсөн ах *******ыг хутгалж ...өвчүү, үнхэлцэг хальс, гол судас гэмтэж хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний урд зүүн дээд хэсгийн зүүн уушгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны... улмаас нас барсан болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн” 27 тоот дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээ болох найман жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан төдийгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд бүрэн тохирчээ.

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29ий өдрийн 2021/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2021 оны 04 дүгээр сарын 29ий өдрөөс 2021 оны 06 дүгээр сарын 11ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шашатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.НАРАНБАЯР

    ШҮҮГЧИД                                                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                   Ж.ДОЛГОРМАА