Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/50

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: О.Мөнхдэлгэрэх

Улсын яллагч: Э.Нямбилэгт

Шүүгдэгч: Н.Раднаабазар түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /0582/

Хохирогч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Норовын Раднаабазарт холбогдох 201708000070 тоот хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Сайхан-овоо суманд 1960 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Бэхтийн гол гэх газар оршин суух, Жаалаа овгийн Норовын Раднаабазар /РД:ЗЛ60032815/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

    Яллагдагч Н.Раднаабазар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Бэхтийн гол гэх газар өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хангарьд маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 2.1б, 2.3в, 2.7а дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Оюунчимэгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нотлогдоно. Үүнд:

 

            1. Шүүгдэгч Н.Раднаабазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

...Сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би Баясаатай 2 шил архи ууж дуусаад гайгүй болохоор нь гэрлүүгээ явсан. Тэгээд замдаа мотоцикльноосоо ойчиж онхолдоод, босоод иртэл эхнэрийн шанаа, чих хэсэгт цус болсон байсан. Тэгээд би эмнэлэг дуудаад, бид 2 эмнэлэг явсан гэв.

 

           2.  Шүүгдэгч Н.Раднаабазар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...2017 оны 05-р сарын 04-ны өдөр Шивээговь сумын төврүү эхнэр Оюунчимэгийн хамт хүүхддээ эм авахаар орж ирсэн юм. Тэгээд Баясаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, мөн Баясаагийн эхнэр Пүрнээ /бүтэн нэрийг мэдэхгүй/ нартай эхнэр бид хоёр Ерөөл нэртэй 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгээд нилээн шөнө болсон. Би Шивээговь сумын Нямдорж гэдэг хүнд хонь өгөх ёстой юм. Баясаагийн гэрт Нямдоржтой тааралдсан. Нямдорж хонио манайхаас очиж авахаар болсон. Би өөрийнхөө эзэмшлийн Хангарьд гэртэй хятад мотоциклио унаад эхнэр Оюунчимэгийг ар талаараа сундалаад Шивээговь сумаас зүүн урагш байдаг Бэхтийн гол руу гэрлүүгээ харихаар явсан. Нямдорж өөрийнхөө жижиг суудлын машинаараа миний араас дагаад явсан. Нямдорж кабиндаа ганцаараа явсан. Тэгээдл бэхийн гол гэх газарт шороон замаар явж байгаад мотоцикль шарваад хэд хэдэн удаа ийш тийш бөгсөө гуядсан. Би тогтоож чадаагүй мотоцикльтойгоо онхолдсон. Тэгээд босоод ирсэн миний нүүрний зүүн талын хэсэг зулгарсан цус гарч байсан. Манай эхнэр Оюунчимэгийн мотоциклиосоо зүүн урагшдуу  унасан байсан. Манай эхнэрийн нүүрний зүүн хэсэг шалбарсан байсан. Оюунчимэг архи уусан болохоор нь тасарсан байна гэж бодоод Нямдоржийн машинд эхнэрээ суулгаад би өөрөө мотоциклио унаад гэртээ очсон. Гэртээ очсоны дараа манай эхнэрийн зүүн чихнээс цус гараад байхаар нь Шивээговь сумруу эмч дуудсан. Шивээгийн эмч ирээд манай энхэрийг шууд Говьсүмбэр аймгийн  эмнэлэг рүү аваад явсан.Тухайн онхолдсон газар хоёр талаасаа уруу газар байсан. Би уруудаж явсан болохоор хурдтай явж байсан байх. Багцаагаар 60-70 км/ц хурдтай явж байсан байх. Миний мотоциклийн миллийн гол ажилдаггүй юм. Нилээн хөөрхөн согтсон байсан. Би мотоцикль жолоодох А ангиллын үнэмлэхтэй. Шивээговь сумын замын цагдаагийн байцаагчид хураалгасан. Манай хүү Ганхүлэг надад өгсөн мотоцикль байгаа юм. Улсын дугаарыг нь авч амжаагүй байгаа. Зүүн гар талаараа буюу зөв талаар унасан байсан. Мотоциклийн араа сольдог речак муруйсан байсан. Өөр эвдэрсэн зүйл байгаагүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/

            3. Хохирогч Д.Оюунчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Би Раднаабазартай суугаад 34 жил байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Раднаабазар миний нөхөр учир мэдүүлэг өгөхгүй. Тухай үед архи уусан болохоор осол яаж болсныг мэдэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/

           4. Гэрч Б.Зориг-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Эмнэлэгийн байгууллагаас Раднаабазарыг зам тээврийн осолд орсон талаар мэдэгдсэн. Тэгээд аймгийн  цагдаагийн хэлтэсрүү зам тээврийн осол гарсан талаар мэдэгдээд бүрэлдэхүүн дуудсан. Раднаабазар гуай миний утасруу залгаад би мотоциклтойгоо явж байгаад онхолдчихлоо эхнэрийг эмнэлэг аваад явчихлаа би одоо яах вэ гэсэн. Тэгээд аймгаас  бүрэлдэхүүн ирэхээр нь Раднаабазар гуайг өөрийг нь дагуулж очоод осол болсон газрыг заалгуулсан. Мөн Раднаабазар гуайн согтолтын зэргийг драгер багжаар  шалгасан 1,50 гэсэн тоон үзүүлэлт зааж байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/

            5. Гэрч Ж.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.2т зааснаар Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэх 10 жилийн хугацаатай хүчинтэй байдаг. Тийм учраас 2005.05.11-ны өдөр олгогдсон үнэмлэхийн хүчинтэй хугацаа 2015.05.11-ны өдөр дуусаад хүчингүй болсон байна. Н.Раднаабазарыг мотоцикль жолоодох эрхгүй гэж үзнэ. Н.Раднаабазар үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусахаар ирж шинээр авах ёстой байсан. Анх мотоциклийн А үнэмлэхийг нугалдаг хавтастай орон нутгийн замын цагдаагийн тасгаас болон мэргэжилийн комисоос олгогдож байсан. Тухайн үед журнаал дээр бүртгэдэг байсан. 2008 оноос хойш цахим бүртгэлтэй болсон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/

            6. Гэрч Х.Баясгаланбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...2017 оны 05 сарын 14-ний өдөр үдийн үед Раднаабазар, Оюунчимэг нар манайхаар орж ирсэн. Багцаагаар 12-1 цагийн үед байсан байх. Раднаабазар, Оюунчимэг нар 0.75 литрийн Ерөөл архитай ирсэн. Тухайн үед би эхнэр Бүрэнцэцэгийн хамт Ерөөл нөртэй 0.75 литрийн архи задлаад уугаад сууж байсан юм. Тэгээд бид 4 Ерөөл нэртэй 2 шил 0.75 литрийн архиа хувааж ууж дуусгасан. Би урд нь архи уусан байсан болохоор 2 шил архи уугаад тасарсан байсан. Раднаабазар оюунчимэг нарыг хэзээ явсны мэдэхгүй байна. Манайд ирэхдээ Хятад мотоцикльтой ирсэн. Манайхаас гараад явж байгаад мотоцикльтой онхолдсон, эхнэр Оюунчимэгийн бие нь муу байгаа гэж дараа нь сонссон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/

            7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 190 дугаартай дүгнэлтэнд:

  • Д.Оюунчимэгийн биед суурь ясны зүүн дэлбэнгийн шугаман хугарал, зүүн чамархайн, хатуу хальсан дээрх цусан хураа, ховдлууд дахь цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, нүүр, зүүн сарвуунд, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.
  • Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/

8. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн

  1. ны 05 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтэнд:

 

  • Н.Раднаабазарын биед зүүн хөмсөг, доод зовхи, хацар, шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, эрүү, урууланд зулгаралт бүхий гэмтэл учирчээ.
  • Дээрхи гэмтэл нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  • Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Ханхүү гэжээ.  /хх-ийн 40 дүгээр хуудас/

            9. Монгол Улс Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2017оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 4994 дугаартай дүгнэлтэнд:

 

Шинжилгээнд ирүүлсэн “Д.Оюунчимэг” гэсэн хаягтай цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Химийн ахлах шинжээч Цагдаагийн хошууч Д.Золзаяа /хх-ийн 42 дугаар хуудас/

 

            10. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Батхуягийн 2017оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

Хангарьд маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Н.Раднаабазар нь МУ-н Замын хөдөлгөөний 2.1.а /”Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх.” 2.1.б/ “тээврийн хэрэгслийн гэрчилгээ” 2.3.в/ “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.” 2.7. а/.” Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй. Дүгнэлт гаргасан: Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Д.Батхуяг гэжээ. /хх-ийн 44-р хуудас /

 

            11. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 12, 13-14-р хуудас/

 

           12. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 15, 16-17-р хуудас/

 

           13. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 54-55-р хуудаc/

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Н.Раднаабазарт холбогдуулан /2002 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 5/566 дугаарт албан бичигт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинээр дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах ялын доод хэмжээ хүндэрч байгаа гэж үзэн шинээр яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдээгүй...” гэж дурьдсан байна.

Шүүх шүүгдэгч Н.Раднаабазарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга”-аар эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалт байсан ба /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт хорих ялын үндсэн хугацааг нэгээс таван жил байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг нэг жил гэж ойлгох зохицуулалт юм. Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хугацаа зургаан сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих зохицуулалт орсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар баривчлах ял гэж байхгүй болсон ба ялын доод хэмжээ 6 сар хорих хэмээн хөнгөрч байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Раднаабазарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Раднаабазарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Оюунчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Жаалаа овгийн Норовын Раднаабазарт /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Жаалаа овгийн Норовын Раднаабазарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, энэ хэргийг согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Жаалаа овгийн Норовын Раднаабазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Раднаабазар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Раднаабазарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Раднаабазарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Раднаабазарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ