Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00866

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00753 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х ХХК”, “Б ХХК” нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 34 638 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч И.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ нь тус хотхоны зам талбайн арчилгаа, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй. Н.Б 2017.11.6-ны өглөө 10 цагт компанийн өмчлөлийн LХ-570 маркийн 92-29 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гарахад хотхоны хашаан доторх тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн зам бүхэлдээ цасаар хучигдаж хальтиргаа, гулгаа үүссэний улмаас хотхоны хашааг мөргөж, авто осол гарсан. Тус ослын талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан,Хан-Уул дүүргийн ЗЦХ-ийн шуурхай бүрэлдэхүүн ирж хэргийн газарт үзлэг хийж, СӨХ буруутай болохыг тогтоон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн. Дээрх осолтой холбогдуулан осол гарсан шалтгаан нөхцлийг тодруулах зорилгоор Авто тээврийн үндэсний "төв ТӨҮГ-ын болон Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Шинжээчийн дүгнэлт гарч, дээрхи 2 шинжээчийн дүгнэлтээр хариуцагч 2 компани нь үүргээ биелүүлээгүйгээс осол гарах шалтгаан нөхцөл үүссэнийг тогтоосон тул учирсан хохирол 34 638 500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч "Х" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б 2017.11.06-ны их хэмжээний цастай өглөө 10 цагийн үед  Лексус 570 маркийн 29-92 УБС улсын дугаартай машинаар өөрийн ур чадваргүйн улмаас нийтийн эзэмшлийн гэрлийн шон мөргөж цагдаагийн эрх бүхий ажилтан ирэхээс өмнө дахин хөдөлгөөн үйлдэж нийтийн ззэмшлийн хашаа мөргөж осол гаргасан. Тухайн үед Н.Б нойтон цас их хэмжээгээр орсон, орж байгааг мэдсээр байж Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж осол гаргасан. Хууль дүрмийн дагуу барилга барьсан компани нь тухайн хотхоны харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг оршин суугч нар СӨХ байгуулах хүртэл хариуцаж ажилладаг. 2017.11.05-ны өдөр тухайн хотхоны захиалагч болох Б ХХК-иас албан ёсоор СӨХ байгуулах хурал зохион байгуулсан ч оршин суугчдын ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Тэр хуралд тус хотхоны оршин суугч Н.Б гол үүрэгтэй оролцсон нь тэмдэглэлд тусгагдаж үлдсэн байна. “Х” ХХК нь ОСНАА-н үйл ажиллагаа явуулдаг, захиргаа оффис нь Ривер гарден хотхонд байрладаг. Н.Б нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж, сүйтгэсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь хотхон дотор их хэмжээний цас орсон тухайн нөхцөл байдалд тохируулан яваагүйгээс эхлээд гэрэлтүүлгийн шонг мөргөөд, дахин хөдөлгөөнийг үргэлжүүлэхдээ хотхоны хашааг мөргөн нурааж, машинд хохирол учруулсан. Н.Б хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Н.Бг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан. Н.Б шон мөргөсөн эхний цэгээс тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх заалтыг зөрчөөгүй бол эд ангиуд эвдэрч гэмтэхгүй байх түүнээс улбаалж их хэмжээний хохирол үүсэхгүй байх боломжтой байсан нь камерын бичлэгээс харагддаг. Урд талаасаа блокон хашаа мөргөснөөс эд ангиуд эвдэрсэн гэснээс үзэхэд машин гэрэлтүүлгийн шон мөргөснөөс эвдэрч гэмтээгүй болох нь нотлогддог.  Н.Б эхний шонг мөргөөд “тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх” гэсэн дүрмийг биелүүлсэн бол хашаа мөргөхгүй, өөртөө болон бусдад хохирол учруулахгүй байх боломж байсан. 6-ны өдрийн өглөө хотхон доторхи цасыг СӨХ-ийн үүргийг хүлээн авсан “Х” ХХК цэвэрлэж, арилгаж байх үед дээрхи осол болсон. Тухайн цаг үед өөр хэд хэдэн машин хотхоны замаар явж хөдөлгөөнд оролцсоноос халтирч гулгаж осол аваар гаргасан асуудал гаргаагүйгээс үзэхэд жолоочийн жолоодох ур чадвар болон машины дугуйн үзүүлэлт зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үздэг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг баримтлан гэм хорын хохиролд хариуцагч /РД:5382076/ "Х" ХХК-иас 5 773 083 /таван сая долоон зуун далан гурван мянга наян гурав/ төгрөг, хариуцагч /РД:2565935/ "Б" ХХК-иас 5 773 083 /таван сая долоон зуун далан гурван мянга наян гурав/ төгрөгийг тус бүр гаргуулж, "Г" ХХК-д /РД:5108411/ олгож, шаардлагаас үлдэх 23 092 333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 331 150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид тус бүр 99 844 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ЗХД-ийн 2 заалт нь нэг цаг хугацаанд гарсан үргэлжилсэн үйлдэлд авсан нэг арга хэмжээ болохоос 2 өөр төрлийн зөрчил биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс жолооч Н.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй боловч хохирлыг 100% гэж үзвэл гэм хорын хохирлын 2/3 буюу 23 092 333 төгрөгийн 1/3 хувь буюу 11 546 166 төгрөгийг "Б" ХХК-иас, 1/3 хувь буюу 11 546 166 төгрөгийг "Х" ХХК-ийг хариуцаж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Бд оногдуулсан замын цагдаагийн шийтгэвэрийг хүлээн зөвшөөрч төлсөн баримт хэрэгт авагдсан. Манай компани Б ХХК-тай “Орон сууц ашиглалт үйлчилгээ үзүүлэх хамтран ажиллах гэрээ” хэрэгт авагдсан. СӨХ байгуулах эрхийг зөвхөн оршин суугчид, бүх гишүүдийн хурал эдэлнэ. Б ХХК орон сууцны ашиглалтын төлбөрийг нэхэмжилж авахаар манай компанид албан бичиг ирүүлсэн зэргээр Х ХХК-нд хамааралгүй болох нь нотлогдож байна гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан камерийн бичлэг, шийтгэлийг хянах тухай 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр Н.Б нь хотхоны хашааг мөргөсний улмаас машины эд ангиуд эдвэрсэн болох нь тогтоогдсон байхад дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Н.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоос “Б” ХХК-д хариуцуулсан нь буруу. Цас мөсийг арилгаагүй эс үйлдэхүй болон хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэхэд учир дутагдалтай. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан гээд гэм хорын хохирлоос хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Х” ХХК болон “Б” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 34 638 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч “хохирол учрахад автомашиныг эзэмшиж, жолоодож явсан жолоочийн үйлдэл нөлөөлсөн” гэж маргажээ. /хх-36-37, 42-43/

 

Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө “Түшээ гүн” хотхоны хашаанд 92-29 УБС улсын дугаартай LХ-570 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахад осол гарч нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашинд хохирол учирсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /хх-1-2, 12-15, 36-37, 42-43, 66/ Талууд осол гарсан үйл баримт болон автомашинд учирсан хохирлын хэмжээ зэрэгт маргахгүй байна. Харин тухайн осол гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн асуудлаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба ийнхүү хохирол учирсан тохиолдолд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч нь гэм буруутай этгээдээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.

 

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр хохирол учирсан гэх 92-29 УБС улсын дугаартай LХ-570 маркийн авто машины өмчлөгч нь “Г” ХХК болох нь тогтоогдож байх тул гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрхтэй. /хх-11/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Хариуцагч “Х” ХХК, “Б” ХХК нь өөрсдийн татгалзал, тайлбараа “...осол гарахад гэм буруугүй” гэж тайлбарлах боловч уг зам тээврийн ослын улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасан “оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, мөс, цасыг цэвэрлэх үүргээ гүйцэтгээгүй” гэм буруутай гэдэг үндэслэлээр арга хэмжээ авагдсан нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн магадлал, зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас зэргээр няцаагдаж байна. /хх-21-27, 121/ Мөн тухайн үед “Түшээ гүн” хотхоны сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байсан ч “Б” ХХК болон “Х” ХХК нь орон сууцны ашиглалт үйлчилгээ үзүүлэх хамтран ажиллах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулан  “хэрэглэгчдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх мэргэжлийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлэхээр” харилцан тохиролцсон байна. /хх-123/

 

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч нарыг осол гарахад нөлөөлсөн гэм буруутай гэж үзэн хохирлын зарим хэсгийг  гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. /хх-133-135/ Мөн нэхэмжлэгч байгууллагын ажилтан Н.Б нь тухайн автомашиныг эзэмшиж ашиглаж байхдаа осол гаргаж, Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай болохыг тогтоож түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас зэргээр тогтоогджээ. /хх-15/,

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх бөгөөд анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг талуудын гэм бурууг харгалзан үзэж, хувиарлан хариуцуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/00753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 348 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД