| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0191/Э |
| Дугаар | 2025/ШЦТ210 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ210
2025 08 21 2025/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж,
Улсын яллагч У.Гантуяа,
Шүүгдэгч П.***, түүний өмгөөлөгч Л.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** ***эд холбогдох 2526001820193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***оны ***дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, "Мүүн” бааранд үйлчлэгч ажилтай, ам бүл 2: хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 8-4 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** *** /РД:ЙК70091026/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.*** нь 2025 оны 04 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байх “Мүүн” нэртэй баарны ширээ дээр байсан гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Г.***т 1400000 төгрөгийн хохирол учруулан завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.*** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Мүүнд ажиллаж байсан юм. Цэвэрлэгээ хийж байхад ширээн дээр утсыг нь байхаар нь хармаалсан юм аа. Тэгээд 300,000 төгрөгийг юунаас авсан шүү гэж Үүрээгээс надад хэлсэн. Өөр зүйл байхгүй.” гэв.
1.Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байх Мүүн бааранд найз *** түүний нөхөр ***ын хамт орсон. Ингээд бүжиглэсэн, бүжиглэж байхдаа утсаа оролдож байгаад арын халаасандаа хийсэн. Тэгээд 03:00 цагийн үед баарнаас гарсан. Тэгээд гэрлүүгээ явах гээд машиндаа суухдаа rap утас байхгүйг мэдсэн. Залгахад холбогдох боломжгүй байсан. Мүүн баарны камерыг шүүх гэхэд зөөгч нь түлхүүр байхгүй шүүж өгөх боломжгүй гэсэн. Тэгээд гэртээ хариад маргааш нь Мүүн баарны үйлчлэгчээс утсаа алдчихсан та харсан уу гэхэд камер шүүх хүн нь ирээгүй байна манай бааранд хүмүүс эд зүйлээ орхих юм бол тухайн өдрийн ээлжийн ажилтандаа өгдөг гэж хэлсэн...” мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Гэрч Л.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө “Мүүн” бааранд найз Г.***, нөхөр ***ын хамт пиво ууж бүжиглэсэн. Бааранд байхад Г.***ын гар утас өөрт нь байсан. Бид нар 03:00 цагийн үед баарнаас гараад явж байхад *** гар утас байхгүй байна гэсэн, залгахад холбогдох боломжгүй байсан. Буцаж очоод камер шүүе гэхэд хүн нь байхгүй байна гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Iphone 13 pro загварын гар утсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 41-42 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 45-47 хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 48-50 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин *** 2025 оны 05 дугаар сарны 16-ны өдрийн №5/27 дугаартай “... .Iphone 13 pro маркийн хуучин гар утас 1400000 төгрөг...” үнэлгээний тайлан /хх-ийн 24-26 хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №27 дугаартай “... П.*** нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо DS: F43.2 дасан зохицохын эмгэг, St: Танин мэдэхүйн хөнгөн эмгэг өвчтэй байна. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай байсан байна. Хэрэг хариуцах чадвартай...” дүгнэлт /хх-ийн 33-34 хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41 хуудас/,
Хэрэгт шүүгдэгч П.***ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-67, 69 хуудас/ зэрэг авагдсан байна.
2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч П.*** нь 2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Мүүн нэртэй баарны ширээн дээр байсан гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Г.***т 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хүндрүүлэх шинжгүй, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн байна. Хэрэгт цугларсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хайж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, камерын бичлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч П.***ийг 2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах өөрийн ажилладаг Мүүн нэртэй баарны ширээн дээр байсан гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул мал завшсан идэвхтэй үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх бөгөөд завшсан үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэлээ. Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг гэмт хэрэг юм. Иймд Шүүгдэгч П.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний үйлчлүүлэгч П.***ийн хувьд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн 2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө бол тухайн бааранд үйлчлүүлж байсан Г.*** гэх хүний гээгдүүлсэн Iphone 13 promax маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тал дээр П.***ийн хувьд сая мэдүүлэгтээ хэллээ. Хохирогч шүүх хуралдаанд өөрөө оролцоогүй. Энэ талаар хэлээгүй байна. Тэгэхээр бол эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Тиймээс хохирогчийг цаашид бас хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. П.***ийн хувьд авсан гар утсаа буцааж өгсөн. Энэ гар утас засуулах төлбөрт 300,000 төгрөг цалингаас нь Мүүн баарны захирал Үүрцайх гэсэн хүнээс суутгаж цаад хүнд нь өгсөн гэсэн мэдүүлэг шүүх хуралдааны явцад хэлсэн. Гэхдээ энэ байдлыг нотолсон баримт байхгүй учраас П.*** бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогчийн хувьд П.***ээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч П.***эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.*** нь 2025 оны 04 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байх “Мүүн” нэртэй баарны ширээ дээр байсан гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Г.***т 1400000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Г.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байх Мүүн бааранд найз *** түүний нөхөр ***ын хамт орсон. Ингээд бүжиглэсэн, бүжиглэж байхдаа утсаа оролдож байгаад арын халаасандаа хийсэн. Тэгээд 03:00 цагийн үед баарнаас гарсан. Тэгээд гэрлүүгээ явах гээд машиндаа суухдаа rap утас байхгүйг мэдсэн. Залгахад холбогдох боломжгүй байсан. Мүүн баарны камерыг шүүх гэхэд зөөгч нь түлхүүр байхгүй шүүж өгөх боломжгүй гэсэн. Тэгээд гэртээ хариад маргааш нь Мүүн баарны үйлчлэгчээс утсаа алдчихсан та харсан уу гэхэд камер шүүх хүн нь ирээгүй байна манай бааранд хүмүүс эд зүйлээ орхих юм бол тухайн өдрийн ээлжийн ажилтандаа өгдөг гэж хэлсэн...” мэдүүлэг /хх-ийн 9 хуудас/,
Гэрч Л.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө “Мүүн” бааранд найз Г.***, нөхөр ***ын хамт пиво ууж бүжиглэсэн. Бааранд байхад Г.***ын гар утас өөрт нь байсан. Бид нар 03:00 цагийн үед баарнаас гараад явж байхад *** гар утас байхгүй байна гэсэн, залгахад холбогдох боломжгүй байсан. Буцаж очоод камер шүүе гэхэд хүн нь байхгүй байна гэсэн...” мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,
Iphone 13 pro загварын гар утсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 41-42 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 45-47 хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 48-50 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин *** 2025 оны 05 дугаар сарны 16-ны өдрийн №5/27 дугаартай “... .Iphone 13 pro маркийн хуучин гар утас 1400000 төгрөг...” үнэлгээний тайлан /хх-ийн 24-26 хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №27 дугаартай “... П.*** нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо DS: F43.2 дасан зохицохын эмгэг, St: Танин мэдэхүйн хөнгөн эмгэг өвчтэй байна. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай байсан байна. Хэрэг хариуцах чадвартай...” дүгнэлт /хх-ийн 33-34 хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэлтээр илэрдэг.
Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх бөгөөд түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн.
Шүүгдэгч П.*** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч П.*** нь 2025 оны 04 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байх “Мүүн” нэртэй баарны ширээ дээр байсан гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч П.***ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч П.***эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцэхүйц байна.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
“Iphone 13 pro” загварын гар утсыг буцаан өгсөн болох нь мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн П.***ээс “Iphone 13 pro” загварын гар утсыг үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 41-42, 48-50 хуудас), хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хохирогч Г.*** нь “Iphone 13 pro” загварын гар утсыг буцаан авсан хэдий ч гар утсыг ашиглаж болохгүй болсон зохих төлбөрийг шүүгдэгч П.***ээс нэхэмжилсэн боловч энэ талаархи баримтаа хохирогч Г.*** гаргаж өгөөгүй байна.
Иймд шүүгдэгч П.***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Г.*** энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
4.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч П.***ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.***ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэрэг бусад нотлох баримтуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтогдож байна гэж үзлээ. Мөн эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд П.***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч П.*** нь цагдан хоригдсон хоноггүй. Түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан болон битүүмжлэгдэн хөрөнгөгүй. Камерын бичлэг бүхий 1ш CD хэрэгт хадгалуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Гар утастай холбоотой, эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй орхих саналыг гаргаж байна. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй гэх дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс П.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцлоо. П.*** нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй. Хүүхдийн хамт амьдардаг. Өөрөө тогтсон мэргэжил, боловсрол байхгүй. Амьдралын хувьд боломжтой айл биш. Тухайн хэрэг болох үед Мүүн бааранд цэвэрлэгчээр ажиллаж байсан. Одоо Арвай паласд мөн цэвэрлэгч үйлчлэгчээр ажилд орсон байгаа. Прокуророос торгох санал оруулж байна. П.***ийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, амьжиргааны хувьд хэдийгээр ажил хөдөлмөр эрхэлдэг хэдий ч ганц бие эх, амьжиргааны хувьд сайн амьдралтай айл биш зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүгдэгчид 1 сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч П.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч П.***эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.*** нь шүүхийн хэлэлцүүлэгт “Арвай палас” зочид буудал, ресторанд ажилд орсон, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 8-4 тоотод түр оршин суудаг тул түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.***эд мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч П.***эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч П.*** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Г.*** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.***эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.***эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** ***ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ийг 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.***эд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч П.***ийн зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч П.*** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Г.*** нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.***эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.***эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА