| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/03263/И |
| Дугаар | 101/ШШ2022/03684 |
| Огноо | 2022-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/03684
2022 09 06 101/ШШ2022/03684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, хаягт байрлах, РД: , С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах, РД: , К ХХК-д холбогдох 8,505,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК-ийн гүйцэтгэх захирал З-йн П нь С ХХК-ийн Дорноговь аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дорноговь аймаг дахь салбараас 2018 онд дизелийн түлш авч хийгдсэн төлбөрийн гүйлгээ нь алдаатай болсны үүднээс буцаж баталгаажаагүй буцсан бөгөөд түүнээс хойш төлбөрөө төлөөгүй. Дорноговь аймгийн Цагдаагийн газар гомдол гаргаж шалгуулахад 2021-04-01-ний өдөр 30 хоногийн хугацаатай, энэ хугацаанд гэрээний үүргийг биелүүлэхгүй тохиолдолд үндсэн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч одоог хүртэл гэрээнд заасан үүргийг зөрчиж биелүүлээгүй. З.П нь цагдаагийн байгууллагад шалгагдахдаа удахгүй төлнө эгж тайлбарлах боловч одоог хүртэл төлбөрөөсөө 1 төгрөгний тооцоо хийгээгүй бөгөөд өөрийнх нь гар утасны дугаарын утас руу залгахад удахгүй өгнө гэж хэлдэг байсан бөгөөд одоо утсаа авахгүй, хэдийд, яаж өгч, үүссэн төлбөрийн тооцоогоо барагдуулах талаараа тайлбарлахгүй байна. Иймд 2021-04-01-ний өдөр байгуулсан 1 сарын хугацаатай Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 5,670,000 төгрөг, алданги 2,835,000 төгрөг, нийт 8,505,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2021-04-01-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 6-7 тал/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 9-10 тал/, алданги тооцсон акт /хх-ийн 11 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,670,000 төгрөг, алданги 2,835,000 төгрөг, нийт 8,505,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч К ХХК-ийн захирал З.П-д шүүхээс 2022-06-30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлаж өгчээ. /хх-ийн 25-28 тал/
Хариуцагч К ХХК-ийн захирал З.П-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дууссан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хуулийн хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 14 хоногийн дотор хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.
Шүүх хариуцагч К ХХК-ийн захирал З.П-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар мэдэгдсэн ба хариуцагч шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй шалтгааныг илэрхийлсэн хүсэлтийг бичгээр шүүхэд илэрхийлээгүй учир шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч К ХХКомпани нь 2018 онд С ХХК-ийн Дорноговь аймгийн 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дорноговь аймаг дахь салбараас 2018 онд дизель түлш худалдан авч, төлбөрийг хийсэн хэдий ч төлбөрийн гүйлгээ нь алдаатай болсны үүднээс буцаж баталгаажаагүй тул дизель түлшний төлбөрт 5,670,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзнэ.
4. Хариуцагч К ХХКомпани, нэхэмжлэгч С шатахууны төлбөр 5,670,000 төгрөгний төлбөр хийгдээгүйгээс үүдэн дахин 2021-04-01-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээний 5.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон хуульд нийцсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч К ХХК нь нээхмжлэлийн үндэслэл, шаардлалыг татгалзсан талаархи тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
6. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч К ХХК-иас шатахууны төлбөр 5,670,000 төгрөг, алданги 2,835,000 төгрөг, нийт 8,505,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 151,030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 151,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч К ХХК-иас 8,505,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 151,030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 151,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА