| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/04105/И |
| Дугаар | 101/ШШ2022/03695 |
| Огноо | 2022-09-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/03695
2022 09 07 101/ШШ2022/03695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг тоот хаягт байрлах, О хотхон сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг тоот, РД:, А овогт Ч-ын Б-т холбогдох Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардал 1,390,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Ц,
Хариуцагч Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О хотхон сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж, О хотхон сууц өмчлөгчдийн холбоонд нийт гэсэн нийт 8 нийтийн зориулалттай орон сууц хамаардаг бөгөөд холбооны гишүүн бүр сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу дундын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал засвар үйлчилгээний холбоотой гарах зардлыг бүрэн төлөх үүрэгтэй байдаг. О хотхон сууц өмчлөгчдийн холбоо нь 2018 онд байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийн хуралдаанаар доорх задаргааны дагуу үнэ тарифыг мөрдөхөөр шийдвэрлэсэн, одоог хүртэл мөрдөж байгаа. Хогны төлбөр 2,000 төгрөг, цахилгаан шат 5,000 төгрөг, цэвэрлэгээ 10,000 төгрөг, засвар үйлчилгээ 1 м.кв тутамд 300 төгрөг, гэрэлтүүлэг 2,000 төгрөг, харуул хамгаалалт 5,000 төгрөг, баримтны төлбөр 150 төгрөг, авто зогсоол дан 20,000 төгрөг, авто зогсоол давхар 30,000 төгрөг байдаг. Хариуцагч 55,6 мкв талбай бүхий орон сууц эзэмшдэг бөгөөд доорх задаргааны дагуу сар бүр 35,830 төгрөгийн зардлыг төлөх үүрэгтэй ба засвар үйлчилгээний төлбөрийг зарим цаг хугацаанд 250 төгрөгөөр тооцож багасгаж байсан мөн улсаас цахилгааны хөнгөлөлт үзүүлсэн асуудлаар дээрх 35,830 төгрөг хэлбэлзэж байсан болно. Хариуцагчийн сард төлөх төлбөр хог тээвэр 2,000 төгрөг, цахилгаан шат 5,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээ 10,000 төгрөг, засвар үйлчилгээ 55,6х300 төгрөг/16,680 төгрөг, гэрэлтүүлэг 2,000 төгрөг, харуул хамгаалалт 5,000 төгрөг, баримтын төлбөр 150 төгрөг, нийт 35,830 төгрөг. Хариуцагч нь 2019 оны эцсийн байдлаар 1-12 сар хүртэл 429,960 төгрөг, 2020 оны 1-12 сар хүртэл 412,655 төгрөг, 2021 оны 1-12 сар хүртэл 404,585 төгрөг, 2022 оны 1-4 сар хүртэл 143,320 төгрөг, нийт 1,390,520 төгрөгийн зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч Ч.-Баас нийт 1,390,520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Ч.Б бүртгэлтэй учир шаардаж байна, орон сууцаа зарж борлуулж байсан нь хамаарахгүй гэв.
Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019-06-15-ны өдрийн хавьцаа энэ байрыг худалдаж авсан тул нэхэмжлэл дэх 2019 оны 01 дүгээр сараас 12 сар хүртэлх хугацааны төлбөр бол надад ямар ч хамааралгүй. 2020 онд ковидын үеэр ээж, ах хоёр нас бараад мөнгө хэрэг болоод энэ байрыг буцааж зарсан. 2021 оны 9 сард буцааж аваад, 2022 оны 3, 4 сар хавьцаа өрөндөө шилжүүлсэн. СӨХ-ны ямар ч гэрээ хийгээгүй, мэдээлэл байхгүй, тэр байранд хэн ч амьдардаггүй, одоогийн байдлаар миний байр биш, надад ямар ч хамааралгүй. Энэ СӨХ миний мэдэж байгаагаар 3, 4 удаа солигдсон. СӨХ ямар ч шилэн тайлан байхгүй, оршин суугчдын хурал нэг ч удаа зохион байгуулж байгаагүй. 3 мянган оршин суугчдаас хамгийн бага 2 өрөө байр нь 35 мянган төгрөг төлдөг, бусад нь 100 мянгаас дээш төлдөг. Энэ их мөнгө хаашаа ордог нь мэдэгдэхгүй байж дандаа ус, тогийг чинь хаана гэж дарамталдаг. Би бол тэр байранд амьдарч үзээгүй, миний нэр дээр өөрийн гэсэн нэг ч үл хөдлөх хөрөнгө байдаггүй. Иймд би энэ байранд амьдраагүй, СӨХ-ны гэрээ хийгээгүй, оршин суугчдаас санал аваагүй гэсэн үндэслэлээр энэ төлбөрийг төлөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ /хх-ийн 5-7 тал/, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Цахилгаан шат ашиглалтын засвар үйлчилгээний гэрээ /хх-ийн 8-12 тал/, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хог хаягдал ачиж тээвэрлэх гэрээ /хх-ийн 13-15 тал/, ОСНАА-н байгууллага, СӨХ-той хамтран ажиллах аж ахуйн гэрээ /хх-ийн 16-17 тал/, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх-ийн 18-21 тал/,О хотхон СӨХ-ны дүрэм /хх-ийн 22-23 тал/, Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /хх-ийн 24-30 тал/, тооцоо /хх-ийн 31 тал/, О хотхон СӨХ-ны мөрдөх үнэ тариф /хх-ийн 32 тал/, О хотхоны бүх гишүүдийн хурлын тогтоол /хх-ийн 33-34 тал/, хариуцагчаас Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 47 тал/, Ү-220 дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 48 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О хотхон сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Бт холбогдуулан Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардал 1,390,520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Ч.Б нь энэ байранд амьдраагүй, СӨХ-ны гэрээ хийгээгүй, оршин суугчдаас санал аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
3. О хотхон сууц өмчлөгчдийн холбоог 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 00 тоот гэрчилгээг олгожээ. /хх-ийн 4 тал/
Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, О хотхон Дугаар байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Ч-ын Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, О хотхон, дугаар байр, Тоот орон сууцыг ашиглаж, эзэмшдэг дээр маргаагүй, 2019 оны 06 дугаар сараас 12 сарыг дуусталхи хугацааны 250,810 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 5-р сарыг дуусталхи хугацаанд 179,150 төгрөг, 6-р сараас 9-р сард /сард 33050 төгрөг/ тооцож 132,200 төгрөг, 2021 оны 8-р сараас /сарын 33,830 төгрөг/ нийт 5 сарын төлбөр 169.150 төгрөг, 2022 оны 1-р сарыаас 4-р сарыг дуусталхи хугацааны төлбөр 143,320 төгрөг, нийт 874,630 төгрөгний дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал /хог тээвэр 2,000 төгрөг, цахилгаан шат 5,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээ 10,000 төгрөг, засвар үйлчилгээ 55,6х300 төгрөг/ 16,680 төгрөг, гэрэлтүүлэг 2,000 төгрөг, харуул хамгаалалт 5,000 төгрөг, баримтын төлбөр 150 төгрөг, нийт 35,830 төгрөгийг сар бүр орон сууц өмчлөгчийн хувьд төлөх үндэслэлтэй.
Хариуцагч Ч.Б нь 2019-09-05-ны өдрөөс 2020-09-10-ны өдрийг хүртэл, 2021-08-16-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, О хотхон, тоот орон сууцыг өмчлөгч байсан болох нь Үл хөлдөл эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдож байх тул хариуцагчаас 874,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О хотхон сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх.
5. Нэхэмжлэгч О хотхон сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйл: Гүйцэтгэх захирал, түүний эрх үүрэг 12.4.7-т зааснаар сууц өмчлөгчдийн болон орон сууцны байшингийн бүртгэлийн хувийн хэргийг шаардлагын хэмжээнд байнга хөтөлж, баяжилт хийх үүрэгтэй байна.
Хариуцагч Ч.Б нь 2020 оны 9-р сараас 2021-08-16-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, О хотхон, тоот орон сууцны өмчлөгч нь биш байна. Нэхэмжлэгч энэ байдлыг няцаагаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 515,890 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч О хотхон сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Б-с 874,630 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,541 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ч.Б-аас 874,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О хотхон сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 515,890 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 37,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Б-с улсын тэмдэгтийн хураамж 25,541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О хотхон сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА