| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/02498/И |
| Дугаар | 101/ШШ2022/03696 |
| Огноо | 2022-09-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/03696
2022 09 07 101/ШШ2022/03696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод байрлах, РД: ,Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод байрлах, РД: , Д ХХК-д холбогдох 41,704,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
НэхэмжлэгчХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д ХХК нь 2021-06-28-ны өдрийн тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулж нэхэмжлэгч Х ХХК-иас V4 маркийн сапуд нэг ширхэгийг хоног тутам 150 төгрөгөөр тооцож 970 ширхэг, V5 маркийн сапуд нэг ширхэгийг хоног тутам 150 төгрөгөөр тооцож 30 ширхэг, 20х20 хэмжээтэй булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 4 ширхэг, 20х12 пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 30 ширхэг, 30х12 пум нэг ширхэгийг хоног тутам 250 төгрөгөөр тооцож 70 ширхэг, 2.4-ийн гадар булан нэг ширхэгийг хоног тутам 165 төгрөгөөр тооцож 30 ширхэг зэрэг нийт 1134 ширхэг барилга угсралтын материалыг түрээслэсэн. Хариуцагч Д ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл барилга, угсралтын бараа материалын түрээсийн төлбөрт 35,215,400 төгрөгийг нэхэмжлэгч компанид гэрээний дагуу төлөх үүрэгтэй байснаас 7,494,800 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 27,720,600 төгрөгийг өнөөдрийн өдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Түүнчлэн хариуцагч нь гэрээний дагуу түрээслэсэн барилга угсралтын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой байсан боловч түрээслэсэн эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учруулсныг сэргээн засварлахад 685,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд хариуцагч Д ХХК нь нэг ширхэг нь 75,000 төгрөгийн үнэтэй V5 маркийн сапуд 11 ширхэг 825,000 төгрөгийн бараа материалыг үрэгдүүлсэн. Иймд хариуцагчаас Барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,720,600 төгрөг, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар гэрээний 5.3-т заасны дагуу 90 хоногийн алданги 12,474,270 төгрөг, түрээсийн эд зүйл засварлахад зарцуулсан 685,000 төгрөг, үрэгдүүлсэн эд зүйлийн төлбөр 825,000 төгрөг, нийт 41,704,870 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-ийн 41,704,870 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 27,720,600 төгрөг, түрээсийн эд зүйл засварлахад зарцуулсан 685,000 төгрөг, үрэгдүүлсэн эд зүйлийн төлбөр 825,000 төгрөг, нийт 29,230,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 90 хоногийн алданги 12,474,270 төгрөгөөс татгалзаж байна. Гэрээний 5.3-д Төлбөрийг гэрээний 3-т заасан хугацаанд төлөх ба хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тутамд түрээсийн төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, үндсэн түрээсийн төлбөр дээр нэмж төлнө гэж заасан хэдий ч гэрээний 3-д талууд ямар нэгэн төлбөр төлөх хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6-д заасан урьдач нөхцөл буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөлийг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл алдангийг хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь төлөх хууль зүйн үр дагавартай. Гэвч гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогvй учир Д ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж боломжгүй тул алданги шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгvй байна гэв.
Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ /хх-ийн 6-7 тал/, түрээсийн тооцоо /хх-ийн 8 тал/, 2021 оны 12 сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн акт /хх-ийн 51-52 тал/, хариуцагчаас Х ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-ийн 19 тал/, Х банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл баримт /хх-ийн 20 тал/, тооцооны хуудас /хх-ийн 22 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. НэхэмжлэгчХ ХХК нь Д ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 27,720,600 төгрөг, алданги 12,474,270 төгрөг, түрээсийн эд зүйл засварлахад зарцуулсан зардал 685,000 төгрөг, үрэгдүүлсэн эд зүйлийн төлбөр 825,000 төгрөг, нийт 41,704,870 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Д ХХК нь түрээсийн үлдэгдэл төлбөр 27,720,600 төгрөг, түрээсийн эд зүйл засварлахад зарцуулсан 685,000 төгрөг, үрэгдүүлсэн эд зүйлийн төлбөр 825,000 төгрөг, нийт 29,230,600 төгрөгийг төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 12,474,270 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2021-06-28-ны өдөр дугаартай Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулж, барилга угсралтын материалыг түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. /ХХ-ийн 6 тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсэж, тус гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь тогтоогдож, гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлын талаар маргаагүй.
4. 2021-06-28-ны өдрийн 2021/6/28 гэрээний 3.2-т гэрээг сунгах болон бараа нэмж авах тохиолдлыг тохиролцсон, хариуцагч энэ гэрээний 5.3-т зааснаар буюу 3 заалтанд тохиролцсон нөхцөлөөр төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна. Хариуцагч нэмж бараа материал авсан, түүнийг ашигласан дээр маргаагүй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 2021-06-28-ны өдрийн 2021/6/28 гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар алданги төлөх үүрэгтэй байна.
Иймд түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч Д ХХК-иас 41,704,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 366,475 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д ХХК-иас 366,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-иас 41,704,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,475 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д ХХК-иас 366,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА