| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/01756/И |
| Дугаар | 101/ШШ2022/04707 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/04707
2022 11 08 101/ШШ2022/04707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт байрлах, РД: , Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн тоотод оршин суух, РД: , М овогт Э-ын А ,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, РД: , М овогт С-ын Б нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ,
Хариуцагч С.Б, Э.А ,
Гэрч Д.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч э ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.А нь тус компанийн худалдан борлуудаг Evapor уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2018-04-24-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бүтээгдэхүүнийг хүлээн авсан.
Хариуцагч Э.А нь 2022 оны 05 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр "тус төхөөрөмжийг тухайн үеийн байр түрээслүүлэгч С.Б худалдан авахаар захиалга өгч төлбөрийг төлсөн. Өөрөө байхгүй байсан тул би өмнөөс нь гэрээ байгуулж төхөөрөмжийг хүлээн авсан, надад төхөөрөмж байхгүй. төхөөрөмжийн төлбөрийг С.Б төлөх ёстой гэсэн тайлбарыг гаргасан.
Хариуцагч нар хамт байр хөлсөлж амьдарч байсан хүмүүс бүтээгдэхүүнийг худалдан авахаар урьдчилгаа төлбөрийг С.Б-ээр хийлгэсэн, Э.А-ийн бүтээгдэхүүнийг хүлээн авсан хэн авсныг мэдэхгүй гэсэн тайлбар нь нотлогдоогүй.
Иймд хариуцагч С.Б урьдчилгаа төлбөрийг төлсөн, хариуцагч Э.А бүтээгдэхүүнийг хүлээн авч, гэрээнд гарын үсэг зурсан тул барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг хариуцагч Э.А, С.Б нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Э.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би төлбөр төлөхөөс татгалзаж байна. Тухайн үед ирэхэд нь би байсан тул тухайн эд зүйлийг хүлээн авч өрөөндөө орхисон, тухайн үед надад яаж ажиллахыг нь зааж өгсөн боловч би ойлгоогүй. Тухайн эд зүйлийг дуудлагаар 2 хүн ирж хүлээж ав гэхэд нь би юу гэдгийг нь мэдэхгүй хүлээн авсан, учир нь дээр нь С.Б ахын нэр байсан гэв.
Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед манай гэрт амьдарч байсан хүүхдүүд жоохон хүүхдүүд байсан. Би гэрээ огт хийгээгүй, миний гарын үсгийг дуурайлган зурсан байх тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар өргөдөл гаргасан. Т , Ё , А , Т нар олуулаа манайд байсан ба тухайн үед бэлнээр надад мөнгө өгч мөнгө шилжүүлээд өг, бид жижиг үйлчилгээ эхлүүлэх гэж байгаа, интернэт банк байхгүй гэж надаас гуйсан тул би мөнгийг нь шилжүүлсэн. Evapor уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан аваагүй тул зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс 2018-04-24-ний өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 5-7 тал/, Төлөлтийн байдал /хх-ийн 8 тал/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-07-09-ний өдрийн 3649 дугаартай захирамж /хх-ийн 9 тал/, Хан-уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн албан тоот /хх-ийн 10 тал/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 11 тал/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-08-25-ны өдрийн дугаартай шийдвэр /хх-ийн 12-13 тал/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 14 тал/ зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, харин хариуцагч нараас шүүхэд бичгийн баримт ирүүлээгүй, шүүхээс Хаан банк ХХК-ийн 50 тоот данс эзэмшигчийн талаарх лавлагааг /хх-ийн 55 тал/ нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч э ХХК-ийн хариуцагч Э.А, С.Б нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Хариуцагч Э.А Evapor уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авах шаардлага надад байгаагүй. Худалдах, худалдан авах гэрээнд би гарын үсэг зурж төхөөрөмжийг хүлээн авсан хэдий ч төхөөрөмжийг би худалдан аваагүй 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч С.Б Evapor уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авах урьдчилгаа төлбөрийг тухайн үед хамт амьдарч байсан Т, Ё , А нарын хүсэлтээр мөнгийг шилжүүлсэн. Т , Ё нарыг олж төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.
3. Нэхэмжлэгч э ХХК нь хариуцагч С.Б-ийн эзэмшдэг ХААН банкны 50 дугаар данснаас 2018-04-24-ний өдрийн Evapor уураар цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авах зорилгоор ХААН банкны дансаар урьдчилгаа 500,000 төгрөгийг төлсөн учир хариуцагч Э.А-тэй 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч э ХХК нь худалдан авагч Э.А-д Evapor-3000 нарийн бүтэцтэй ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг 6,500,000 төгрөгөөр худалдахаар, урьдчилгаа төлбөр 500,000 төгрөгийг гэрээг байгуулмагц, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүрийн 30-нд 500,000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохирчээ.
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
2018-04-24-ний өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 7.3-т худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиододл төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдагчид төлбөл зохих үнийн дүнгийн 0.5 хувтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцжээ.
Хариуцагч С.Б нь 2018-04-24-ний өдрийн 15 цаг 12 минутанд өөрийн ХААН банкны 50 тоот данснаас Evapor-3000 цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авах зорилгоор урьдчилгаанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Э.А 2018-04-24-ний өдөр Evapor-3000 төхөөрөмжийг хүлээн авсан зэрэг үйл баримт зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагч Э.А, С.Б нараас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
5. Хариуцагч С.Б 2018 онд манай байрыг түрээслэж хамт амьдарч байсан Т , Ё , А нар төхөөрөмжийг худалдан авах зорилгоор урьдчилгаа 500,000 төгрөгийг миний данснаар гүйлгээг хийлгэсэн, хариуцагч Э.А, С.Б ах гэрээг хийгээд ирсэн барааг хүлээж аваарай гэсэн, надад төхөөрөмжийг худалдан авах шаардлага байгаагүй, хэн төхөөрөмжийг авсныг мэдэхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргаж байгаа хэдий ч энэ байдлаа нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.А, С.Б нараас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч э ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
6. Нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.А, С.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.А, С.Б нараас 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 126,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.А, С.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч э ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА