| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/250 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/250
2025 05 15 2025/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М, М.М
Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-д холбогдох эрүүгийн 2425003560778 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
О. овгийн Э-ны Э.О, Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын инженер мэргэжилтэй, Эрдэнэт дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанид бойлуурын машинист ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 722 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар 960 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:***/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.Онь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol / -ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 9,0802 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн *** тоотын тагт дээр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***тоотод тус тус 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э.Оыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ “2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Хангал суманд явж байгаад өвч гэх зүйлийг сонирхоод бага хэмжээгээр авсан Яаж хэрэглэдгийг нь мэдэхгүй учир хадгалж байгаад баригдсан. Би өмнө нь хэрэглэж байгаагүй. Дахин ийм хэрэгт холбогдохгүй Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл. /хх-ийн 11-14-р тал/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн “2 дахь тавцан дээр цагаан өнгийн ууттай өвс мэт ногоон өнгийн ургамал байсныг “4” гэсэн дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Шкафны доод талын хар өнгийн adidas гэсэн бичигтэй цүнхний ёроолоос шороо мэт зүйл тэмтрэгдэх үед бичгийн цаасан дээр гаргахад өвс шороо мэт зүйл байв. №5.уг шороо өвсийг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 16-29-р тал/
3. Гэрч Р.О-н“2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед би Э.О-н гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***тоотод очиход тус газар цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тухайн үзлэг дууссаны дараа би Э.Оаас юу болоод байгаа талаар асуухад маргааш хэлье ээж та машин тэрэг барьж байж өнөөдөр битгий стресст маргааш хэлье гэж хэлсэн. Маргааш нь би ахиж Э.О-н гэрт очоод юу болсон талаар асуухад би цагдаа дээр шалгагдаж байгаа намайг өвс, хар тамхи хэрэглэсэн гэж шалгаж байгаа гэж хэлсэн. Би уйлаад чи ийм юм хийх шаардлага байгаа юм уу, юу дутлаа гэж ингэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд уйлж байтал миний төрсөн охин Э орж ирсэн. Ээжийг яагаад уйлуулсан талаар асуухад нь би охиндоо миний толгой, шүд өвдөөд байна гэж худлаа хэлсэн. Энь Э.О-н гэрээс үлдээсэн байсан хувцасаа аваад гараад явсан. Тэгээд би битгий буруу зүйл хийгээрэй гэж хэлээд гэрээс нь гараад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 44-р тал/
4. Гэрч Д.Ө-ын “Манай гэр бүл 2024 оны 06 дугаар сарын сүүлээр гэр бүлийн хамт аялалаар явахаар болоод гэрийнхээ түлхүүрийг Э.Оад өгсөн. Э.Оыг Х т гэрийн түлхүүр өгөөрэй гэж өгсөн. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр аялалаар явж байгаад буцаад Орхон аймагт ирсэн. Түлхүүрээ Х-с авсан. Гэрт ороод гэрийн зарим зүйлс хөдөлчихсөн юм шиг санагдаад Х-с юу болсон талаар асуухад Х нь та Э.Отай уулзаарай гэсэн. Би Э.Оыг дуудаж уулзаад юу болсон талаар асуухад “дүү нь баларсан, би Х т түлхүүр өгөөгүй байж байгаад саяхан өгсөн, танай гэрт архи дарс ууж өвс татаад баригдсан” гэсэн. Би Э.Оыг загнаад гэр эзгүйчлээд гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49-р тал/
5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 08 таар сарын 16-ны өдрийн №4453 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Э.ОФА910...1011” гэж хаягласан шээснээс Метамфетамин /Methaamphetamine/ болон Тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ын II жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 52-54-р тал/
6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №4454 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “4” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 Тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэж дугаарласан мөнгөлөг цаас, “2” гэж дугаарласан мөнгөлөг цаас, “3” гэж дугаарласан хуванцар савалгаатай шингэн зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “3” гэж дугаарласан хуванцар савлагаатай шингэн зүйл нь 2 мл хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 6,9г, “4” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гаялгар ууттай жин 13,0 г, цэвэр жин 9,0г, шинжилгээнд дээж зарцуулагдсаны дараах цэвэр жин 8,8г, “5” гэж дугаарласан гялгар ууттай ногоон ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 7,4401 г, цэвэр жин 0,0802г, шинжилгээнд дээж зарцуулагдсаны дараахь цэвэр жин 0,0569г байна” гэх дүгнэлт. /хх-ийн 58-62-р тал/
7. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “магадлуулагч Э.Онь сэтгэцийн хувьд удамшлын болон ямар нэгэн өвчингүй болно. Э.Онь хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгч чадна. Мөн хэрэг хариуцах чадвартай. Эмнэлэгийн арга хэмжээ авах шаардлаггүй” гэх дүгнэлт. /хх-ийн 67-68-р тал/
8. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 06-р сарын 12-ны 722 дугаар шийтгэх тогтоолын хуулбар. /хх-ийн 106-111-р тал/
9. Яллагдагч Э.Э.О-н “2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би Булган аймгийн Хялганат орохоос наана Хангал сумандаа орох байх, яг тодорхой хаана гэдгийг мэдэхгүй байна би ганцаараа дугуй унаад тийшээ салхинд гарах зорилготой явсан юм. Тэр үед зам дагуу явж байх үед интернэт дээрээс харж байсан марихуан нэртэй өвс айлын малын хашааны хажууд ургаж байсан. Би тухайн өвснөөс сонирхож үзье гээд нэг атгыг аваад хар цүнхэндээ хийгээд Ингэт гэх газар орж хоол идээд буцаад гэр лүүгээ явсан. Эрдэнэтийн төв рүү ороод өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***тоотод очоод марихуан нэртэй өвсөө тагтан дээр тавиад унтсан. Тухайн марихуан нэртэй өвсөө тагтан дээрээ хадгалж байгаад ээж О мэдчихэж магадгүй гэж бодоод 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Зэст багийн *** тоотод аваачиж мөн байрны тагтан дээрх шкаф руу хийсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 93-95-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.О нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol / -ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 9,0802 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн улмаар уг ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн *** тоотын тагт дээр, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***тоотод тус тус 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ургамлыг устгах нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М дүгнэлтдээ: “Шүүгдэгч анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм бруугаа хүлээн зөвшөөрдөг тул гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ: “Шүүгдэгч буруу зүйл хийсэн гэдэгээ ухамсарлаж, ойлгодог. Гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бэлтгэж хадгалсан гэх ургамлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагы арга хэмжээ хэрэглэж өгн үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршигийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Р.О-н“Маргааш нь би ахиж Э.О-н гэрт очоод юу болсон талаар асуухад би цагдаа дээр шалгагдаж байгаа намайг өвс, хар тамхи хэрэглэсэн гэж шалгаж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрчД.Ө-ын “Э.Оыг дуудаж уулзаад юу болсон талаар асуухад дүү нь баларсан, би Х т түлхүүр өгөөгүй байж байгаад саяхан өгсөн, танай гэрт архи дарс ууж өвс татаад баригдсан” гэсэн. Би Э.Оыг загнаад гэр эзгүйчлээд гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 08 таар сарын 16-ны өдрийн №4453 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №4454 дугаартай дүгнэлт, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт, яллагдагч Э.Э.О-н “зам дагуу явж байх үед интернэт дээрээс харж байсан марихуан нэртэй өвс айлын малын хашааны хажууд ургаж байсан. Би тухайн өвснөөс сонирхож үзье гээд нэг атгыг аваад хар цүнхэндээ хийгээд Ингэт гэх газар орж хоол идээд буцаад гэр лүүгээ явсан. Эрдэнэтийн төв рүү ороод өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***тоотод очоод марихуан нэртэй өвсөө тагтан дээр тавиад унтсан. Тухайн марихуан нэртэй өвсөө тагтан дээрээ хадгалж байгаад ээж О мэдчихэж магадгүй гэж бодоод 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Зэст багийн *** тоотод аваачиж мөн байрны тагтан дээрх шкаф руу хийсэн юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Онь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинол /Теtrahydrocannabinol / -ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 9,0802 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн *** тоотын тагт дээр, болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***тоотод тус тус хадгалсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Онь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүй, хууль бусаар бэлтгэсэн хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй боловч хуулиар хориглосон бодисыг агуулсан ургамлыг олж авсан, хадгалсан нийгэмд аюултай үйлдэл хийсэн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э.Оыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар
Шүүгдэгч Э.О-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.О-н цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АУ3270259, АХ2746175, AW5259298, АН6582045 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, AR2907931 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1ш, АН3315457 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 80341803, 88383746 дугаарын симний үүр, АН9289292 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг зэргийг шүүгдэгчид буцаан олгож, 0,0569 грамм ургамал мэт зүйл, 8,8 грамм ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас, тунгалаг савтай шингэн зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчО овгийн Э-ны Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-доногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.О-н цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О-давсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АУ3270259, АХ2746175, AW5259298, АН6582045 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, AR2907931 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1ш, АН3315457 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 80341803, 88383746 дугаарын симний үүр, АН9289292 гэсэн серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгож, 0,0569 грамм ургамал мэт зүйл, 8,8 грамм ургамал мэт зүйл, мөнгөлөг цаас, тунгалаг савтай шингэн зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А