Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2023/0004

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

   Нэхэмжлэгч: “С п” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Асумын Засаг дарга нарын хоорондын “Төв аймгийн Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 тоот захирамжийн “С п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, түүний өмгөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “С п” ХХК нь Асумын Засаг даргад холбогдуулан “Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 тоот захирамжийн “С п” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Асумын Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/52 дугаар захирамжаар тус сумын 2-р багийн нутаг Хээрний гүүрний урд жимс, жимсгэнэ, мод үржүүлгийн зориулалтаар 10 га газрыг дуудлага худалдаагаар “С п” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэзмшүүлж, газар эзэмших эрхийн 00030926 дугаартай гэрчилгээг олгосон.

-Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нийт 56 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг захирамжийн хавсралтын 56 дугаарт  “С п” ХХК үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй” гэж заасан.

3. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 9 сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 дугаар захирамжийг мэдэгдээгүй, хүргүүлээгүй, 8 сарын 25-ны өдөр Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас захирамж гарсныг мэдсэн” хэмээн тайлбарласан байна.

 

4. Нэхэмжлэгч “С п” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани газрын дуудлага худалдаанд оролцон Төв аймгийн Асумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны А/52 тоот захирамжийн дагуу тус сумын 2-р багийн нутаг "Хээрийн гүүр"-ний урд 10 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жил эзэмшихээр болсон. Бид газрын төлбөрөө төлөх гэхээр Газрын мэдээлийн санд оруулаагүй гэх манай компаниас үл хамаарах шалтгаанаар өгч чаддаггүй байсан. Манай компани “Чацарганын төсөл” хэрэгжүүлэхээр санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтаа шийдээд эхлэх гэтэл ковид гарч бид газраа ашиглаж чадаагүй. Гэтэл Асумын Засаг дарга Д.Батсуурь нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэлгүй бидэнд урьдчилан мэдэгдэж сонсох үйл ажиллагааг явуулалгүйгээр хууль зөрчин гаргасныг саяхан мэдлээ. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Төв аймгийн Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны Б/126 тоот захирамж гарсаныг 2022 оны 08 дугаар сарын 25-нд Засгийн газрын агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас олж мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. ...Хариуцагчийн өмгөөлөгч дээд шатны байгууллагад гомдол, хүсэлтээ гаргаагүй гэдэг зүйлийг ярьсан. Бид нар гаргах боломжгүй байсан. Энэ бол аливаа захиргааны актыг гаргаж авснаас хойш 30 хоногийн дотор дараагийн шатанд уг актыг хүчингүй болгох байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл бид нар үүнийг мэдээгүй учраас уг хуулийн дагуу эрхээ эдэлж чадаагүй. 2014 онд Асумын Засаг даргын захирамжаар 57 этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан, түүний нэг хуулийн этгээд нь манай компани. Захиргааны ерөнхий хуулиар 20-оос дээш этгээдэд сонсгохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэсэн. Хариуцагч сонсох ажиллагааг мэдэгдсэн гэж албан бичгээр тайлбартаа гаргасан байдаг. Гэтэл сонсох ажиллагааг явуулаагүй, сумын Засаг даргын захирамжийг мэдэгдээгүй, хаягаар хүргүүлээгүй, бид 2022 оны 8 сарын 25-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ажилладаг хүнээс мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед газрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тусгай хэрэгцээнд аваагүй байсан. Төв аймгийн хурлаас гаргаж өгсөн тогтоолоор нотлогдож байгаа. Тэглээ ч тэр тусгай хэрэгцээнд авсан газар нь салхитын гацаа гэх нэршилтэй газар байгаа. Манай газар хээрийн гүүрний урд гэсэн нэршилтэйгээр газар эзэмших гэрчилгээ дээр бичигдсэн, хүчингүй болгосон захирамжид хээрийн гүүрний урд гэж заасан. Манайх тариалах газраа сонгож бүртгэлжүүлж аваагүй координат, цэгүүдээ аваагүй учраас чацаргана тариагүй. Тиймээс өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас Захиргааны тухай хуулийн 27 дугаар зүйлийг зөрчсөн тул Төв аймгийн Асумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль, тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг зөрчсөн тул 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Тухайн газар эзэмшигч нь газар эзэмших эрх олгогдсон хугацаанаас хойш орон нутагт газрын талаар хандаагүй 3 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, гэрээг сунгаагүй, үйл ажиллагаа явуулаагүй зэрэг хууль журам зөрчсөн. Манай газрын алба төрийн үйлчилгээг өдөр тутамдаа тасралтгүй үргэлжлүүлж ажилладаг тухайн газар эзэмшигч заавал Газар зохион байгуулалт Геодези Зураг зүйн газраас мэдээлэл авах шаардлагагүй хуулийнхаа дагуу газрынхаа төлбөрийг төлөөд гэрээгээ хийгээд явах ёстой байсан. ...Т.Шадарчулуун Газрын даамлын дараа 2015 оноос 2021 он хүртэл ажиллаж байсан газрын даамал н.Өлзийзаяагаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу асуухад нэхэмжлэгч талаас нэг ч удаа ирж уулзаагүй, гэрээ байгуулаагүй, тухайн газар эзэмшигчдийн судалгааны бүртгэлд байхгүй учраас холбогдох утасны дугаар байхгүй байсан тул сонсох ажиллагааг мэдэгдээгүй байж магадгүй, судалгаанд холбогдох утасны дугаар нь бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох утсаар нь мэдэгдэж байсан, олон жилийн өмнөх ажиллагаа учраас сайн санахгүй байна гэдэг тайлбарыг хэлсэн, газар эзэмшигчдийн бүртгэл судалгаанд Сентрополис байгаагүй, хувийн хэргийг нь архиваас шүүж авсан. Хувийн хэрэгт нь хүчингүй болгох тухай мэдэгдсэн баримт байгаагүй. Газар эзэмшигч нь 2014 онд газар эзэмших эрх нь үүсэж байсан. Тухайн үедээ дуудлага худалдаанд оролцож байсан боловч дуудлага худалдааны үнэ хөлсийг төлсөн нь тодорхойгүй байсан. Тухайн үеийн төрийн данснаас шүүж үзэхэд дуудлага худалдааны үнийг төлсөн талаар мэдээлэл байгаагүй, тухайн газар эзэмшигч нь газрынхаа төлбөрийг төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй учир Засаг даргын захирамж гарсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “С п” ХХК нь Төв аймгийн Асумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/52 газар эзэмших тухай тушаалаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг авсан юм шиг байна. Энэ тушаал дунд гэрээ байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг Засаг даргын тамгын газраас тус компанид өөрт нь үүрэг болгосон. Харамсалтай нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан шаардлага буюу эзэмших эрхийг Улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Кадастрын зураг нь нэгдсэн санд байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар Төв аймгийн Газар зохион байгуулалтын газраас ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг цуцалсныг мэдсэн даруйд холбогдох газар, эсвэл Төв аймгийн Асумын Засаг даргын тамгын газар, аймгийн Газар зохион байгуулалтын газарт энэ талаарх гомдлыг гаргаад уг гомдол нь хангагдаагүй байгаа тохиолдолд Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэнэ. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй шууд нэхэмжлэл гаргаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу процессын ажиллагааг зөрчсөн үндэслэл харагдаад байна. Нэхэмжлэгч сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл бий. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас эвсэл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно. Энэ нь Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай тогтоолын хавсралтуудаар тогтоогдоно. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хэсгээс захиргааны хэргийн шүүхэд холбогдох нотлох баримтын хамт гаргаж өгчээ. Усны их булаг ан амьтныг хамгаалах зорилгоор Төв аймгийн Асумын энэ хэсгийн газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтын газар гэж тогтоож авсан байна. Тэгэхээр усны хамгаалалтын бүс нутагт нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс сонсох ажиллагаа хийхгүй байх эрх зүйн үндэслэл болжээ. Газар эзэмших эрх гэдэг зүйл эд, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших гэдэг зүйл нь зөвхөн гэрчилгээ гэдэг зүйлээр тогтоогдохгүй бөгөөд улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн газрын нэгдсэн санд тусгагдсан цэгүүдээр тус компанийн эрх нь тодорхойлогдох юм. Гэтэл тодорхойлогдсон үгүй нь мэдэгдэхгүй учир хүчингүй болгох захирамж гаргасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй мөн процессын ажиллагааг зөрчсөн дээр нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй түүний саяхан мэдсэн гэдэг байдал нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газрын гэрчилгээг хүчингүй болгох талаар зохицуулсан байгаа. Газар эзэмшигч нь гэрээний нөхцлийг удаа дараа зөрчсөн, 2 жил үйл ажиллагааг явуулаагүй чацаргана тариалаагүй, мөн газрын төлбөр төлөөгүй байна. Эзэмших эрхтэй гэдгээ ямар хуулийн заалтаар олж тайлбарлаад нэхэмжлэл гаргаад байгаа нь эргэлзээтэй байна. 2017 онд хүчингүй болгоод цуцалчихаад байхад яагаад 5 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ, өмнө нь яагаад нэхэмжлэл гаргаагүй юм бэ, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа холбогдох ажиллагаануудыг хийгээгүй яагаад шууд нэхэмжлэл гаргасан юм бэ, одоо аймгийн тусгай хэрэгцээнд авагдсан газрын дунд кадастрын зураглал яваад байна. Тэгэхээр захиргааны хэргийн  шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэр гарсан ч гэсэн эзэмших эрх хангагдахгүй. Тусгай хэрэгцээнд авагдсан байгаа Иргэдийн Хурлын тогтоолыг хэрхэн яаж үндэслэлгүй болгож тэр дундаас энэ газрыг сугалж авч үлдэх юм бэ. Тэгэхээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад Төв аймгийн Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 дугаар захирамжийг хариуцагчаас шинэ акт гартал 5 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

-Манай компани газрын дуудлага худалдаанд оролцон Асумын "Хээрийн гүүр"-ний урд 10 га газрыг жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 15 жил эзэмшсэн.

- дуудлага худалдааны үнийг төлсөн,

- газрын төлбөр төлөх гэтэл Газрын мэдээлийн санд бүртгүүлээгүй гээд  манай компаниас үл хамаарах шалтгаанаар төлж чадаагүй.

анай компани “Чацарганын төсөл” хэрэгжүүлэхээр санхүүжилтээ шийдээд эхлэх гэтэл ковид гарч бид газраа ашиглаж чадаагүй, ...эзэмшлийн газраа сонгож, бүртгэлжүүлж аваагүй координат, цэгүүдээ заалгаагүй учраас чацаргана тариагүй,

-Асумын Засаг дарга нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэлгүй бидэнд урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагааг явуулаагүй, шийдвэрээ мэдэгдээгүй хэмээн тайлбарлан маргасан байна.

 

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-“С п” ХХК-иас Асумын Засаг даргад 2014 оны 7 сарын 17-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтэд “хаяг:...Таванбогд плаза утас77225377, email:[email protected], ...50 га газарт чацаргана тариалах төслийн хураангүйг ...газар эзэмших хүсэлтийг хамт хүргүүлж байна. Хүсэлтийг хүлээн авч Асуманд газар эзэмших зөвшөөрөл олгоно уу” гэсэн,

 -2014 оны 6 сарын 27-ны өдрийн Кассын орлогын ордерт “С п” ХХК, хураамж 10000 төгрөг, дэнчингийн үнэ 5700 төгрөг” гэсэн,

-Асуманд 2014 оны 7 сарын 01-ний өдөр явуулсан Дуудлага худалдааны тэмдэглэлд “Асумын 2-р багийн нутагт “Хээрийн гүүр”-ний ард 10 га газар жимс жимсгэний зориулалтаар эзэмшүүлэх дуудлага худалдааны явцын тэмдэглэл, дуудлага худалдааг 14 цаг 50 минутад ЗДТГ-ын иргэний танхимд эхлэв. Сумын Засаг даргын А/13, А/39 тоот захирамжийг танилцуулав. 1 дугаартай оролцогч С.Цэрэннадмид, 2 дугаартай оролцогч Ч.Бат-Эрдэнэ “С п” ХХК, ...2 дугаартай оролцогч Бат-Эрдэнэ 157885 төгрөгөөр худалдан авлаа...” гэсэн,

-Асумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/52 дугаар захирамжид “Газрын тухай хуулийн 21.4.3, 33.1.2, Засгийн газрын 2003 оны 28-р тогтоолын 6-р хавсралтын 38-д заасныг үндэслэн ...2-р багийн нутаг Хээрний гүүрний урд жимс, жимсгэнэ, мод үржүүлгийн зориулалтаар 10 га газрыг “С п” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэсэн,

азар эзэмших эрхийн 000309726 дугаартай гэрчилгээнд “Асумын 2-р багийн нутаг Хээрний гүүрний урд жимс, жимсгэнэ, мод үржүүлгийн зориулалтаар 10 га газрыг “С п” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэзмшүүлэв[1] гэсэн,

-Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспортод “2015.04.01, сум: А2-р баг, Хээрийн гүүрний урд “С п”ХХК, ...газрын төлөв байдал, чанарын өөрчлөлт, газар ашиглалтын байдалд нөлөөлөх онцгой хүчин зүйлгүй” гэсэн,

-Чацаргана тариалах төсөлд ”хаяг: Асум ...төсөл хэрэгжих хугацаа 2013-2018 он...” гэсэн,

-Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/126 дугаартай захирамжид “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн 57 иргэн, аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсралтаар цуцалсугай” гэсэн, хавсралтын 56 дугаарт “С п” ХХК үйл ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөөгүй” гэсэн,

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 1 сарын 03-ны өдрийн 07/02 тоот албан бичигт “С п” ХХК-ийн 10 га газарт шүүлт хийхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 сарын 30-ны өдрийн 3-р тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцалтай байна” гэсэн,

-Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 сарын 26-ны өдрийн 46-р тогтоолд “аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлсүгэй. 2.3. зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтанд... авах тухай.” гэсэн,

-Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 сарын 30-ны өдрийн “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай” 3-р тогтоол, хавсралтад “Тусгай хамгаалалттай газар-Асум-усны эх булаг, ан амьтан хамгаалах зорилгоор Салхитын гацаа нэртэй 11106.5 га газрыг тусгай хамгаалалтад авах” гэсэн,

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сумын Засаг даргын захирамжийг бидэнд мэдэгдээгүй, бид 2022 оны 8 сарын 25-нд Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт ажилладаг хүнээс мэдсэн” гэсэн тайлбар,

-Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн “Т.Шадарчулуун газрын даамлын дараа 2015 оноос 2021 он хүртэл ажиллаж байсан газрын даамал н.Өлзийзаяагаас  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу асуухад нэхэмжлэгч талаас нэг ч удаа ирж уулзаагүй, гэрээ байгуулаагүй, тухайн газар эзэмшигчдийн судалгааны бүртгэлд байхгүй учраас холбогдох утасны дугаар байхгүй байсан тул сонсох ажиллагааг мэдэгдээгүй байж магадгүй, судалгаанд холбогдох утасны дугаар нь бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох утсаар нь мэдэгдэж байсан, олон жилийн өмнөх ажиллагаа учраас сайн санахгүй байна гэдэг тайлбарыг хэлсэн, газар эзэмшигчдийн бүртгэл судалгаанд Сентрополис байгаагүй, хувийн хэргийг нь архиваас шүүж авсан, хувийн хэрэгт нь хүчингүй болгох тухай мэдэгдсэн баримт байгаагүй, 10 га газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан... гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар

Асумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан газрын дуудлага худалдааны дүнг үндэслэн тус сумын Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/52 дугаар захирамжаар сумын 2-р багийн нутаг “Хээрний гүүр” гэх нэртэй газрын урд байршилтай 10 га газрыг жимс, жимсгэнэ тарих, мод үржүүлгийн зориулалтаар “С п” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000309726 дугаартай гэрчилгээг олгосон. Тус сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Шатарчулуун нь дуудлага худалдаа явуулахаас өмнө маргаан бүхий 10 га газрыг нэхэмжлэгчид зааж өгсөн, харин газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш 10 га газрын эргэлтийн цэгийг тэмдэглэн нэхэмжлэгчид зааж өгөөгүй бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй нь тогтоогдож байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн эзэмшилд олгосон гэх 10 га газрын байршлыг газрын даамлаар ажиллаж байсан Т.Шатарчулуун зааж, координат цэгийг тогтоосон, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 12 сарын 16-ны өдөр газрын эргэлтийн цэгийг тогтоож, газрын кадастрын зураглал үйлдсэн бөгөөд уг маргаан бүхий 10 га газар нь Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 сарын 26-ны өдрийн хуралдаан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар тус тус хэлэлцэж баталсан “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай” 3 дугаар тогтоолоор “усны эх булаг, ан амьтан хамгаалах зорилгоор аймгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцсан. Хариуцагч нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/126 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн “Хээрийн гүүрний урд байршилтай 10 га газрыг эзэмжших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, тухайн шийдвэрийг гаргахаас өмнө, мөн шийдвэр гарсны дараа нэхэмжлэгчид уг шийдвэрийн талаар мэдэгдээгүй, хүргүүлээгүй нь тогтоогдож байна.

 

Дөрөв. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: 16.1.1-д улсын тусгай хамгаалалттай газар”, 16.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.”,  23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал ...дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх, 23.4.5-д газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Тав. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгчээс газар эзэмшихээр гаргасан хүсэлтэд бичсэн [email protected] хаягаар хүргүүлээгүй нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “сумын Засаг даргын захирамжийг мэдэгдээгүй, хүргүүлээгүй, бид 2022 оны 8 сарын 25-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ажилладаг хүнээс захирамж гарсныг мэдсэн” гэсэн тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн “...С п” ХХК-ийн хувийн хэрэгт нь хүчингүй болгох тухай мэдэгдсэн баримт байгаагүй гэсэн тайлбараар нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг ...хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан. Маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах журам, хугацааг тодорхойлон заагаагүй тул нэхэмжлэгч тухайн захиргааны актыг 2022 оны 8 сарын 25-ны өдөр мэдсэнээс хойш 30 хоногийн дотор, 2022 оны 9 сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас маргаан бүхий актыг мэдэгдсэн, мөн мэдэх боломжтой байсныг нотлох баримт гаргаж ирүүлээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

-Нэхэмжлэгч нь эзэмшилдээ олгогдсон газартаа үйл ажиллагаа явуулаагүй, 2014-2022 онуудад газрыг төлбөр төлөөгүй нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчээс “эзэмшлийн газраа сонгож, бүртгэлжүүлж аваагүй координат, цэгүүдээ заалгаагүй учраас чацаргана тариагүй, газрын мэдээллийн санд ороогүйгээс төлбөрөө төлж чадаагүй” гэсэн тайлбар гаргасан. Асумын газрын даамал нь Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасан журмаар нэхэмжлэгчид эзэмшилд олгосон газрын эргэлтийн цэгүүдийн нь тогтоож Газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй нь тогтоогдож байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Асумын Засаг даргын 2014 оны 09 сарын 08-ны өдрийн А/52 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр байх хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн 10 га газар байрлаж буй “Салхитын гацаа” нэртэй газрыг “усны эх булаг, ан амьтан” хамгаалах зориулалтаар аймгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн, улмаар тухайн газрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 сарын 30-ны өдрийн хуралдааны 3 дугаар тогтоолоор Төв аймгийн тусгай хамгаалалтад авсан. Хариуцагч нь нэхэмжлэгчид түүний эзэмшлийн газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай урьдчилан мэдэгдээгүй, мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч нь түүний эзэмшил газрыг аймгийн тусгай хамгаалалтанд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцох, саналыг нь сонсох, улмаар энэ тухай саналыг Засгийн газарт гаргах хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах боломж нь Газрын тухай хуулиар сумын Засаг даргад байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

Газрын тухай хуулийн 23, 34, 42 дугаар зүйлүүдэд зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, эзэмшилд олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх, газрын төлбөрийг тодорхойлж ногдуулах эрх хэмжээг газрын даамал хэрэгжүүлэх бөгөөд түүний үйл ажиллагаанд хяналт тавих, мөн газар эзэмшигч эзэмшилд нь олгосон газарт хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан эсэхэд хяналт тавих, шийдвэр гаргах, газар эзэмшигчийн эзэмшлийн газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг хуульд заасан журмаар шийдвэр эрх хэмжээ нь хариуцагч буюу Асумын Засаг даргад хадгалагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар Төв аймгийн Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 5 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол уг шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт ”Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.11 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 5 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Төв аймгийн Асумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/126 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 6 дугаар тал