Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт байрлах, Г ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт оршин суух, С овогт Ю.А /РД:00000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,151,934 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ю.А-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,434,623 төгрөг, алдангид 1,717,311 төгрөг, нийт 5,151,934 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Манай компани дизель түлш худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Тээврийн жолооч нарт 15 хоногийн хугацаатай нэмэлт төлбөргүй зээлээр борлуулж, 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд хүүтэй байгаа. Хариуцагч Ю.А-тэй 2021 оны 9 сарын 10-ны өдөр 21270 дугаар зээлээр худалдах худалдан авах гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу 2021 оны 09 сарын 14, 16-ны өдрүүдэд 3,434,600 төгрөгийн шатахуун зээлээр худалдаж авсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл төлөөгүй байсан. Гэрээний 2.3-т заасны дагуу алданги 50 хувь дүйцүүлэн тооцоод 1,717,311 төгрөг, нийт 5,151,934 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.А нь 2022 оны 10 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг Г ХХК-ийн дансанд шилжүүлсэн учир үнээс хасч, алдангиас 717,311 төгрөгийг хасч, нийт 3,434,623 төгрөгийг хариуцагч Ю.А-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Ю.А У компанийн тээвэрт яваад миний нэр дээр Г ХХК-иас тус компани нь түлш авч, 3,400,000 төгрөгийн өртэй болсон билээ. Тус У компани нь надад чиргүүл өгч уг мөнгийг хасч тооцсоноор 12 хоногийн өмнө өр миний нэр дээр шилжин би өөрөө төлж барагдуулахаар болоод Г ХХК-д 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс өмнө алданги зогсоож өгөхийг хүсч тохиролцсон болно. Цаашид 2,400,000 төгрөгийг даруй хугацаанд цувуулж төлж барагдуулна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 20121.09.14-ний 21-271 тоот зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ, 2021.09.14-ний өдрийн Ю.А-ийн гараар бичсэн хүсэлт, Ю.А-ийн 2019.09.14-ний өдөр, 2021.09.16-ны өдрийн шатахуун авсан зарлагын падааныг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ю.А-тэй 2021 оны 9 сарын 10-ны өдөр 21270 дугаар зээлээр худалдах худалдан авах гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу 2021 оны 09 сарын 14, 16-ны өдрүүдэд 3,434,600 төгрөгийн шатахуун зээлээр худалдаж авсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл төлөөгүй байсан. Гэрээний 2.3-т заасны дагуу алданги 50 хувь дүйцүүлэн тооцоод 1,717,311 төгрөг, нийт 5,151,934 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.А нь 2022 оны 10 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг Г ХХК-ийн дансанд шилжүүлсэн учир үнээс хасч, алдангиас 717,311 төгрөгийг хасч, нийт 3,434,623 төгрөгийг хариуцагч Ю.А-ээс гаргуулна гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: Ю.А миний бие У компанийн тээвэрт яваад миний нэр дээр Г ХХК-иас тус компани нь түлш авч, 3,400,000 төгрөгийн өртэй болсон. Тус У компани нь надад чиргүүл өгч уг мөнгийг хасч тооцсоноор өр миний нэр дээр шилжин би өөрөө төлж барагдуулахаар болоод Г ХХК-д 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс өмнө алданги зогсоож өгөхийг хүсч тохиролцсон болно. Цаашид 2,400,000 төгрөгийг даруй хугацаанд цувуулж төлж барагдуулна гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ, Ю.А-ийн гараар бичсэн хүсэлт, Ю.А-ийн 2019.09.14-ний өдөр, 2021.09.16-ны өдрийн шатахуун авсан зарлагын падаан зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Г ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Ю.А-тэй зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ 3 сарын хугацаатай байгуулж, гэрээнд заасны дагуу Ю.А нь 2021.09.14-нд 2,029,400 төгрөгийн, 2021.09.16-ны өдөр 1,405,223 төгрөг, нийт 3,434,623 төгрөгийн шатахуун зээлээр худалдан авсан байна.

6. Талууд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй бөгөөд алданги төлөхгүй байх талаар хүсэлт гаргаж тохиролцсон гэж маргаж байна.

7. Шүүхээс Г ХХК, Ю.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

8. Хариуцагч Ю.А нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ..... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж..... гэж зааснаар төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх учир нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

Г ХХК, Ю.А нарын байгуулсан 2021.09.14-ний өдрийн 21-271 тоот зээлээр шатанхуун худалдах, худалдан авах гэрээний 2.3-т Энэ гэрээний 2.2-т заасан хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх бөгөөд алданги төлөх талаар гэрээнд тусгасан байх тул анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

10. 2021.09.14-ний өдөр зээлээр худалдан авсан 2,029,400 төгрөгийн төлбөр төлөх хугацаа 2021.09.29-ний өдөр, 2021.09.16-ны өдөр зээлээр худалдаж авсан 1,405,223 төгрөгийн төлбөр төлбөр 2021.10.01-ний өдөр тус тус дуусчээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 302-300 хоногийн хугацаа хэтэрсэн байх бөгөөд 3,434,623 төгрөгийн нэг өдрийн алдангийн хэмжээ 0.5 хувиар тооцоход 17,173 төгрөг, 300 хоногоор тооцоход 5,151,900 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...  Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг 3,434,623 төгрөгийн 50 хувиар тооцон 1,717,311 төгрөг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

11. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь алдангийн хэмжээгээ 717,311 төгрөгөөр багасгаж байх бөгөөд үндсэн төлбөрөөс хариуцагчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасч шаардаж байна.

12. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,434,623 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алдангид 1,000,000 төгрөг, нийт 3,434,623 төгрөгийг хариуцагч Ю.А-ээс гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй байна.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 85,903 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Ю.А-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,434,623 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85,903 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ч.МӨНХЦЭЦЭГ