| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2022/05673/И |
| Дугаар | 101/ШШ2022/04702 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/04702
| 2022 11 08 | 101/ШШ2022/04702 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х /Регистрийн дугаар/-д холбогдох,
Тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээний үүэгт 7,956,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэрэн,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг
.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч төв нь ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээ-г байгуулан хамтран ажиллаж байсан болно. Х ХХК нь гэрээний хугацаанд захиалгын дагуу барааг бэлтгэн нийлүүлэх, төв нь гэрээнд заасан хугацаанд санхүүжилтийг төлөх үүрэг хүлээсэн. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тоног төхөөрөмжийг комисс ажиллан хүлээн авч, акт үйлдсэн бөгөөд актад тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн нийлүүлж дууссан талаар дурдсан байдаг. Хавдар судлалын үндэсний төв барааг хүлээн авсан, нийлүүлсэн, бараа асуудалгүй гэдгийг зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй. Нийлүүлсэн нийт барааны үнэ болох 63,415,000 төгрөгөөс 52,810,505 төгрөгийг 2016 онд төлж, 10,604,495 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 5,300,000 төгрөгийг төлснөөр гэрээний төлбөрөөс 5,304,495 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний Гэрээний тусгай нөхцөл-ийн 9 дүгээр зүйлд алданги оногдуулах хувь нэг хоногт 0,05 хувь байна гэж заасныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 10,604,495 төгрөгөөс хоногийн 0,05 хувиар алданги тооцоход 50 сар буюу 1500 хоног байх бөгөөд нийт 7,953,000 төгрөгийн алдангийн тооцоо гарч байгаа болно. Иймд хариуцагч төвөөс манай байгууллагын нийлүүлсэн барааны үнэ 5,304,495 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги болох 2,652,247 төгрөг, нийт 7,956,742 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүчин төгөлдөр гэрээ хэрэгт авагдсан. Эрүүл мэндийн яамнаас санхүүжилт олгодог эсэх нь энэ гэрээний маргах асуудал биш, хариуцагчийн өөрийнх нь асуудал. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэг үүссэн, үүргийнх нь дагуу шаардлага гаргаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2021 оны 03 сарын 23-ны өдөр төвөөс 5,300,000 төгрөгийг Х ХХК-д шилжүүлсэн. Дансны хуулга хэрэгт авагдсан. Тийм учраас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл байхгүй. Итгэмжлэлийн хувьд Иргэний хуульд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүхий л эрхийг эдлэхээр заасан. Заавал нэхэмжлэлд гарын үсэг зурах гэж дурдаагүй гэдэг нь ач холбогдолтой биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х ХХК-ийн Х төвд холбогдох Тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээний үүргийн дагуу 7,956,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь 2016 оны 10 дугаар сард Багц-1 Ангиографийн өрөөний агааржуулалтын систем нийүүлэх тендер зарласан бөгөөд тухайн тендер шалгаруулалтанд Х ХХК нь шалгарч Х төвд тоног төхөөрөмж, тавилга эд хогшил нийлүүлэх гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан. Гэрээний нийт үнэ болох 63,415,000 төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас төлж барагдуулах байсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжпэлд дурдснаар тухайн төлбөрөөс 58,110,505 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,304,495 төгрөгийг төлөөгүй үлдээсэн гэж харагдахаар байна. Нэхэмжлэгчид төлөх 5,304,495 төгрөгийг Эрүүл мэндийн яам өөрийн зарласан тендерийн төлбөрийг төлөх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас зарлаж байгуулсан гэрээний төлбөрийг Х төв төлөх боломжгүй буюу гэрээний төлбөр төлөх талаар жил жилийн улсын төсөвт суугдаагүй болно. Нэхэмжпэгч Х ХХК нь 2016 онд байгуулагдсан гэрээний дагуу тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлсэн гэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн баримт үйлдээгүй буюу бүрэн нийлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн 2016 оноос хойших хугацаанд төлбөр төлөхийг шаардаж байсан мэдэгдэл, нэхэмжлэлийг Х төвд огт өгч байгаагүй тийм баримтыг хүлээж авч байгаагүй юм. Мөн нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба нэхэмжлэгч 2016 онд байгуулсан гэрээний төлбөрийг 2022 онд шаардах хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч шаардах эрх үүссэн үеэс буюу гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш нэхэмжпэлийн шаардлага гарган нэхэмжпэх эрх нь нээлттэй байсан ба Иргэний хуулийн 78, 79 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байсан эсэхийг өөрөө нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн Х төвд холбогдох Тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээний үүргийн дагуу 7,956,742 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Худалдаа хөгжлийн банкны дугаартай төгрөгийн дансны депозит дансны хуулга /хх-6/, дугаартай Х төвд тоног төхөөрөмж, тавилга эд хогшил нийлүүлэх гэрээ /хх-7-11, 37-48/, 2016.12.07-ны өдрийн дугаартай тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт /хх-12-13/, Х ХХК-ийн 2020.10.27-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-14/, 2018.12.11-ний өдрийн нэхэмжлэх /хх-15/, 2020.02.05-ны өдрийн нэхэмжлэл /хх-16/,
Хариуцагч талаас: итгэмжлэл /хх-20, 30/, хариу тайлбар /хх-31-32/, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019.12.31-ний өдрийн Б/32 дугаартай Албан тушаалд түр томилох тухай тушаал /хх-33-34/
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
| г |
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х төвд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Х төвд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 5,304,495 төгрөг, алданги 2,652,247 төгрөг, нийт 7,956,742 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
3. Хариуцагч Х төв шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлсэн баримтгүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд нэхэмжлэлд гарын үсэг зурах талаар дурдаагүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргаж маргажээ.
4. Х ХХК нь Эрүүл мэндийн яамнаас зарласан Х төвд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх тендерийн Багц-1.Ангиографийн өрөөний агааржуулалтын систем нийлүүлэх ажлын нийлүүлэгчээр шалгарч, Х төвтэй 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай Х төвд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээ-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Тус гэрээгээр нийлүүлэгч Х ХХК нь 63,415,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, захиалагч нь санхүүжилтийн хуваарийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ. /хх-37-48/
5. Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч хариуцагч нь гэрээний санхүүжилтийг Эрүүл мэндийн яам хариуцах ёстой, Х төвийн төсөвт уг гэрээний үлдэгдэл санхүүжилт тусгагдаагүй тул төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус гэрээний төлбөрт нийт 63,415,000 төгрөгийг авахаас 58,110,505 төгрөгийг авсан тул хариуцагч Х төвөөс төлбөрийн үлдэгдэл 5,304,495 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
7. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай Х төвд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээ-ний захиалагч тал нь Х төв болох нь, тус гэрээг Х төвийн эрх бүхий этгээдүүд байгуулж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчид гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
8. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр огноолсон дугаартай Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актад 38,060,000 төгрөгийн үнэ бүхий REMAK-1 +ACC1 маркийн Ангиографийн өрөөний агааржуулалтын систем 1 ширхэг, 19,195,000 төгрөгийн үнэ бүхий REMAK AOC1 маркийн Ангиографийн өрөөний агааржуулалтын систем 1 ширхэг, 880,000 төгрөгийн үнэ бүхий REMAK маркийн Ангиографийн өрөөний агааржуулалтын систем 1 ширхэг, 5,280,000 төгрөгийн үнэ бүхий REMAK маркийн Ангиографийн өрөөний агааржуулалтын систем 1 ширхэгийг газар дээр нь танилцаж, шалгаж үзсэн, тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүрэн нийлүүлж дууссан байх талаар дурдаж, актад Хавдар судлалын үндэсний төвийг төлөөлж Мэдээлэл технологийн албаны дарга , ХҮИТА-ны дарга , нягтлан бодогч , эдийн засагч , Х ХХК-ийг төлөөлж Ерөнхий менежер , ерөнхий инженер , нягтлан бодогч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-12-13/
Х төв нь Х ХХК-ийн гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг дээр дурдсан актаар шалгаж хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
9. Хариуцагч нь дугаартай Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актад заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжийг бүрэн хүлээлцсэн акт байхгүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг зохих ёсоор нийлүүлээгүй гэх уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.
10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар Х ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн актаар шалгаж, хүлээж авсан, тус компаниас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэхээр гэрээний төлбөрийн үлдэгдэл 10,604,495 төгрөгийг нэхэмжилсэн, мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлээр төлбөрийн үлдэгдлийг шаардаж байсан, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Х төвийн төрийн сангийн данснаас Худалдаа хөгжлийн банкин дахь Х ХХК-ийн дугаартай данс руу 5,300,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацааг дээр дурдсан хугацаагаар тус тус тасалдсан гэж үзэж 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хуульд заасны дагуу тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
11. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай гэрээний үүрэгт тоног төхөөрөмжийн төлбөрт нийт 63,415,000 төгрөгийг төлөхөөс 5,304,495 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд Х төвийн төсөвт тусгагдаагүй гэх үндэслэлээр гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Тодруулбал, Х төвд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх тендерийн Багц-1.Ангиографийн өрөөний агааржуулалтын систем нийлүүлэх ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг Эрүүл мэндийн яамнаас зарласан боловч тус ажлын холбогдох гэрээг Х төв нь Х ХХК-тай байгуулсан, тус гэрээний захиалагчийн хувьд тоног төхөөрөмжийг хүлээн авч, санхүүжилтийг төрийн сангаар дамжуулан санхүүжүүлэх үүрэгтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,304,495 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Х төвийн жилийн төсөвт гэрээний төлбөрийн үлдэгдэл тусгагдаагүй гэх үндэслэл нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй ба тус байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ХСТТ-16/01-1 дугаартай Хавдар судлалын үндэсний төвд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээ-ний санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг байгууллагын төсөвтөө тусгуулан, гэрээний төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.
12. Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон үндэслэлээр алдангид 2,652,247 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай Х төвд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээ-ний Тусгай нөхцөлийн 9 дэх заалтад Алданги оногдуулах хувь нэг хоногт 0,05 хувь байна гэж заасан байх ба зохигчид анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан, алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь санхүүжилт хийх хугацаа дууссан өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацаагаар алданги шаардах эрхтэй гэж тодорхойлон алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцон алдангид 2,652,247 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.
13. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай Х төвд тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил нийлүүлэх гэрээ-ний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 5,304,495 төгрөг, алданги 2,652,247 төгрөг, нийт 7,956,742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 142,258 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
15. Нэхэмжлэгч Х ХХК-ийн Гүйцэтгэх захирал эс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэлд тус компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй байхад нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х төвөөс 7,956,742 /долоон сая есөн зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 142,258 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР