Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/04162

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:... тоотод байрлах, РД-..., Р... ББСБ, ХХК,  

Хариуцагч:... тоотод байрлах, РД-..., Б... ХХК,  

Нэхэмжлэлийн шаардлага:Гэрээг цуцалж, 258 121 096 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р... ББСБ, ХХК нь хариуцагч Б... ХХК-д холбогдуулан 258 121 096 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Манай байгууллага нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Б... ХХК-тай ... тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг байгуулан 200 000 000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл олгож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам ..., Наадамчдын зам гудамж .... байр, .... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 117.87 м.кв талбайтай 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож баталгаажуулсан байдаг.

Ингээд гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарьт заасны дагуу төлж барагдуулаагүй ба хариуцагч нь зээлийн төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5 095 890.36 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4 755 616.39 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5 095 890.36 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 19 947 397.28 төгрөгийг төлсөн.

Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 200 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 50 244 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 876 690 төгрөг нийт 258 121 096 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.7-д заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт нийт 258 121 096 төгрөгийг гаргуулах, зээлдэгч төлбөрийн сайн дураар төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам ..., Наадамчдын зам гудамж ... байр, ... тоот хаягт байршилтай, 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна, Нэгэнт гэрээ дуусгавар болсон тул цуцлах шаардлага яригдахгүй, гэрээг цуцлах шаардлага гаргаагүй гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний 200 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр байгуулсан.Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсантай маргадаггүй. Нэхэмжлэгч байгууллагаас гэрээг цуцлах, 200 000 000 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж байгаа гэж байна, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаартай Дээд шүүхийн зөвлөмжөөр гэрээг цуцлахад Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журмыг баримталж хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан.Уг гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээ цуцлахтай нэгэн адил үйлчилж, нэхэмжлэгч байгууллагын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалж байна гэж үзэж байгаа.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зээлийг төлөх хугацааны хүү алдангийг зээлдэгч төлөх үүрэгтэй гэж заасан.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд 2021 онд хууль батлагдахаас өмнө байгуулсан зээлийн гэрээ байгаа тул уг хуулийн үйлчлэл хамаагүй гэж нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.Манайх зээл аваад үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон. БНХАУ-аас бараа материал захисан байсан боловч хугацаандаа ирээгүй тул бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийг төлөх боломжгүй болсон учраас үндсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байгаа, шүүх санаачилгаараа үүнийг бууруулж өгөөч гэх хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчээс-байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ,  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл авах хүсэлт, Төрийн банкны гүйлгээний мэдээллүүдийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас-байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 200 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 50 244 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 876 690 төгрөг, нийт 258 121 096 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:Үүнд:Улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байна, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон, БНХАУ-аас захиалсан бараа материал ирээгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ,  зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл авах хүсэлт, Төрийн банкны гүйлгээний мэдээллүүд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ... дугаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б... ХХК нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нэхэмжлэгчээс 200 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлж, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээгээр тохиролцсон байна./хх 9-10/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг зээлдэгч байгууллагад шилжүүлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч гэрээний хугацаанд хүүгийн төлбөрт 19 947 397 төгрөгийг төлсөн, одоо шаардаж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 200 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 50 244 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 876 690 төгрөг нийт 258 121 096 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн тооцоололд зохигчид маргаагүй байна.

Иймд хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн гэрээний үлдэгдэл 258 121 096 төгрөгийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд гэрээгээр хүүгийн хэмжээг үндсэн зээлийн сарын 42,5 хувь байхаар талууд тохиролцсон байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй ба хариуцагч байгууллага нь үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 50 244 384 төгрөг төлөөгүй болох нь зээлийн тооцооллоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүгийн төлбөрт 50 244 384 төгрөгийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр дууссан байх бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэлээр талуудын хэлцлээр тохирсон нэмэгдүүлсэн хүүгээс хариуцагчийг чөлөөлөх боломжгүй байна.

Зохигчдын хооронд 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд Л.Б...ын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам ..., Наадамчдын зам гудамж ... байр, ... тоот хаягт байршилтай, 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.12-14/ 

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцэж байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 200 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 50 244 384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7 876 690 төгрөг нийт 258 121 096 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 655 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 655 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б... ХХК-аас 258 121 096 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р... ББСБ, ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Y-... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам ..., Наадамчдын зам гудамж ... байр, ... тоот хаягт байршилтай, 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 655 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 655 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН