Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

 

 

 

2021         06             23                                         2021/ДШМ/29

 

                                           Б.Б, Б.Г, Б.Г нарт

                                                 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Наранмөнх,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолтой Б.Б, Б.Г, Б.Г нарт холбогдох 2038005340403 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Гын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Тайчууд овогт Б.Б, , 1..... оны ... дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дугаар хэсэгт зааснаар эрх хязгаарлах арга хэмжээ авч байсан /регистрийн дугаар РЛ67............................./.

2. Монгол Улсын иргэн, Тайчууд овогт Б.Г, . оны … дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЛ…........../.

3. Монгол Улсын иргэн, Мэргэд овогт Б.Г, .. оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЛ….................../.

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Ганболдыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ганболд нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 сарын 10-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Тайчууд Б.Б, , Тайчууд Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд, шүүгдэгч Мэргэд Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, , Б.Г нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г, Б.Гнар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 2038005340403 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Гнь малчин хөлсөлж малаа харуулсны зардал 1,200,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б, Б.Г нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Г, Б.Гнарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор иргэн Б.Г намайг үйлдсэн гэх хэргийн бодит байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж улмаар миний эрх, хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг баримталж явагдсаныг зөвтгөөгүй тул миний бие танай шүүхэд хандаж дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх надад Эрүүгийн хуульд заасан хариуцлагад тооцохдоо: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гын өгсөн ... би гаргасан үйлдлээ буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон “... Б.Г-дын “...Г  ирээд  та  байж  бай  гээд  цамцнаас  бариад  шанаа  руу  цохисон”, “... Б.Бийн ... толгой руу битгий цохь, элэг рүү нь цохь” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь өрөөсгөл, өөрөөр хэлбэл мөрдөгчийн хэл амаар дээрэлхэн мушгин гуйвуулж авсан миний өгсөн мэдүүлгийг миний эсрэг ашигласан, нөгөө талаар Б.Гын аав хүү хоёрын эсрэг өгсөн худал мэдүүлгээр, түүнчлэн эцэг нь хүүгээ зодоонд оролцчих вий гэдгээс болгоомжлон “цохиж болохгүй” гэх үгийг гуйвуулж “толгой руу битгий цохь, элэг рүү нь цохь” болгосон мэдүүлгээр ялласан нь ийм дүгнэлтэд хүргэж байна.

... Бээжин шүүгчийн даргалж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бодит үнэнд нийцсэн шийдвэр байсан. Учир нь нэг ашиг сонирхолтой эхнэр нөхөр болох Ганболд Пүрэвсүрэн нарын мэдүүлгийг анхаарч, анзаарч нэг л хэв маягт цутгасан юм шиг өгсөн мэдүүлгийг үнэлэхдээ дараах зүйлийг тодруулсан. Үүнд: Б.Гын гэр малын хашаа хоорондох зай 300-400 метр болохыг, малын хашаа нь жалга судагт нам дор газар байрладаг, үхэр сааж суугаа хүн байтугай босоо хүн гэрийн гаднах болж байгаа явдлыг хархааргүй, дуу чимээ сонсогдохооргүй газар байдгийг тодруулахын хамт Ганболд нь миний нагац ах, ах, дүү гэж хүндэтгэж харьцдагийг, миний ээжийг малын бэлчээрт Б.Г нь дээрэлхэж хэл амаар доромжилж зодсоныг тэр үедээ би мэдээгүй бөгөөд мэдээгүй байхад ах, дүү тэр тусмаа нагац ах гэдгээр Б.Г манай аав хоёр зодолдоход хооронд нь салгах гэж оролцсон байдлыг анхаарч шийдсэн. Энэ байдлыг харин саяны шийдсэн анхан шатны шүүх анхаараагүй.

Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн нэг нь бүлэглэн гүйцэтгэх. Бүлэглэн гүйцэтгэхдээ урьдчилж үгсэж тохиролцох эсхүл үйлдлээрээ бүлэглэн үйлдэх нь хамаардаг. Миний байр байдал уг хэрэгт оролцооны хувьд яагаад ч бүлэглэн оролцоогүй гэдгээ дараах байдлаар нотолъё. Хэрэв миний бие хэдийгээр урьдчилж, эцэг хүү хоёр урьдчилж тохирсон бол Б.Г нь хоёулаа л ирээд цохиод нүдсэн гэх байх. Үнэн чанартаа Б.Г эхэлж аавд хүрсэн бөгөөд улмаар энэ хоёр хүн зодолдсон. Миний сэтгэлзүй бол нэгд: энэ хоёр хүн ах, дүү улс, хоёрт: Б.Г миний нагац ах, хоёуланг нь хүндэлж явдаг. Аавыгаа хүндэлж өмөөрөх түмэн шалтгаантай бол ах дүү, олон жил саахалт айл аймаг улс байж орж гардгийн хувьд Ганболдыг өмөөрөх бас шалтгаан бий. Аавынхаа ойр дотны хүмүүсийг хүндэлж байж нэг ёсондоо аавыгаа хүндэлж байгаа хэрэг болно. Үйлдлээрээ бүлэглэж гүйцэтгэхийн нэг шинж бол энэ хоёр хүн зодолдож байгааг ухамсарлаад өөрийн үйлдлээрээ аавын үйлдлийг дэмжиж улмаар энэ түүнийг зодох ёстойг ухамсарлаж хийсэн үйлдэл байх явдал. Гэтэл миний хувьд тийм биш. Зодолдоод эхэлсэн бөгөөд зодооныг салгах явцад намайг хамт зодож таараа гэсэн сэтгэхүйтэй Б.Г ах над руу дайрч намайг цохих үед миний бие уг эсэргүүцлийг дарах зорилгоор биед нь хүрсэн мэт санагдах үйлдлийг л хийсэн, түлхсэн. Түүнээс биш би түүнийг зодоогүй. Гэмтэл учруулсан хүн нь тодорхой.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь оролцогч бүр өөрсдийн хамтарсан үйлдлээрээ гэмт хэргийн объектив талыг бий болгосон байдаг. Бүлэглэгчид хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх бөгөөд гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдэнэ.

... Эцэг хүү хоёр очиж байгаа юм чинь санаатайгаар хамтран оролцож зодсон гэсэн сэтгэхүйд баригдаж хэргийг шийдсэнд гомдолтой байна. Тэгээд ч мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг баримталсан. Манай ээжээс түүнийг айлгаж зодсон талаар мэдүүлэг аваагүй, тэр бүү хэл хэргийг хараагүй мэдэхгүй хүнийг, энэ байдлыг нь сайтар тогтоогоогүй байж Пүрэвсүрэн эгчээс мэдүүлэг авсан, энэ нь урьдчилаад үгээ нийлүүлсэн нь мөрдөгчийн тавьсан асуулт тэр хоёр хүний мэдүүлгээс шууд харагддагийг анхаараагүй. Тэрчлэн Б.Г нь ухаан алдаагүй, зодоон гэх явдал дууссаны хэзээ хойно аавын цусыг нь арилгаж байхад Пүрэвсүрэн ирээд нөхөртэйгөө мотоциклоор сундалдаад явсныг хүртэл  шүүх тодруулаагүй шийдсэн нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэхэд хүргэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.                       

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх Б.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Гыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд,  Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 488,  мөн өдрийн 487 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, тэдний хувийн байдалд тохирсон байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Г, Б.Б нарын зүй бус үйлдлээс үүдэлтэйн дээр шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Г  нарын гэм буруутай үйлдэлд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд заасан ялын хэмжээ хязгаарын хүрээнд байна.

Иймд шүүгдэгч Б.Гын “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                     Н.БАЯРХҮҮ