Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 123/ШШ2023/0005

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б Г,

Хариуцагч: Төв аймгийн Э сумын Газрын даамал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч П.А, хариуцагч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Г нь Төв аймгийн Э сумын Газрын даамалд холбогдуулан Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Э сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 299 дүгээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамжаар Төв аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг, Баян давааны ард байрлах 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 30 жилийн хугацаагаар эрх шилжүүлэн авч эзэмшсэн.

Уг эзэмшил бүхий газрын төлбөрийн нэхэмжлэл бичиж өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар зохион байгуулалт хийж, нэхэмжлэл бичиж өгөхийг хариуцагчид даалгах гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагч газрын даамал нь эрх үүргийн хүрээнд газрын төлбөрийг тооцож тодорхойлох, цахим санд төлбөрийн нэхэмжлэл үүсгэж байршуулахгүй байгаа гэсэн эс үйлдлийн асуудал байгаа гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.

Хариуцагчийн зүгээс, нэхэмжлэгч нь уг газраа эзэмших эрх шилжүүлэн авсан 2008 оноос хойш одоог хүртэл 14 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргийг биелүүлээгүй, дүгнүүлээгүй байдал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан заалтуудыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор ажиллагаа хийгдэж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

 

3. Иргэн Б.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г миний бие Төв аймгийн Э сумын нутаг дэвсгэрт Баяндавааны ард Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 299 тоот захирамжаар, нэгж талбарын 18692300057006 дугаарт бүхий 4 га газрыг 30 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхтэй 0192610 дугаарын гэрчилгээтэй, 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэрээтэй, кадастрын зурагт 4 цэгээр эргэлтийн цэгийг тогтоосон газрыг эзэмшдэг. Өнгөрсөн хугацаанд тус сумын дэд бүтцийн асуудал болон Монгол улсад ковидын хүнд нөхцөл байдал, давхцал болон өөр бусад шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах боломжгүй байлаа. Уг газрын төлбөрөө төлөх, мэдээллийн санд бүртгэлээ шинэчлэх, газар дээр ямар нэг давхцал асуудал үүссэн эсэх асуудлаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж, газар зохион байгуулалтыг одоогийн нөхцөл байдалд хийлгэж, газраа ашиглах боломжоо бүрдүүлэх, төлбөрийн нэхэмжлэх бичиж өгөхийг хүсэж удаа дараа Э сум орсон боловч газар зохион байгуулагч бухимдалтай байдлаар хандаад байгаагаас ямар ч ахицгүй, төрийн үйлчилгээ авч чадахгүй, тодорхойгүй байдлаас болж шүүхэд хандахад хүрлээ. ...Нэхэмжлэх өгөх ёсгүй гэсэн байдлаар харьцаад бичгийн ч хариу өгөхгүй, уулзахад хүлээж авахгүй, утсаар мэдээлэл өгөхгүй гэсэн байдалтай байгаа учраас бодитой, тодорхой дүнгээр зөв дансанд төлбөрөө төлөх боломж олгохгүй байна. ...Миний хүсэлтийг шийдвэрлэх, хянах хугацаанд “Иргэдэд газрын асуудлаа шийдвэрлэхэд туслах дэмжих үйл ажиллагаа, нээлттэй хаалганы өдөр” гэж ажиллагаа явуулсан бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд тодорхой, ойлгомжтой болгож, ашиглах нөхцөлийг минь бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж байсан ч газар зохион байгуулалтын асуудлыг зохистой байдлаар шийдвэрлэх алхам хийгдээгүй. Газар зохион байгуулагчаас ямар нэг мэдээлэл өгөхгүй, харьцахгүй, бичгийн хариу өгөхгүй, уурлаж бухимдаад төлбөрийг төлөх боломжийг олгохгүй байгааг бодоход газрыг өөр этгээдэд давхцуулаад олгочихсон байж магадгүй гэж бодоход хүргээд байна. Газрын давхцал, ашиглах боломжгүй байгаа байдал, бодит байдлын зөрчилийг зохицуулахаас өмнө 35 сая төгрөгөө төлчихвөл зохион байгуулалт хийнэ гэх нөхцөл нь хууль ёсны шаардлага гэж үзэхээргүй байна. Иймд газрын даамалын татгалзаж байгаа үндэслэлд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа учир газар зохион байгуулалт хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар зохион байгуулалтыг хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйл ажиллагааны нэршлээр Газар зохион байгуулагч нь газрын төлбөрийг төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлох, цахим санд нэхэмжлэлийг нь байршуулахгүй байгаа эс үйлдлийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Нэхэмжлэгч Б.Г нь Төв аймгийн Э сумын нутаг дэвсгэрт Баяндаваагийн ард Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 299 тоот захирамжаар нэгж талбарын 18692300057006 дугаар бүхий 4 газрыг 30 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхтэй 0192610 дугаарын гэрчилгээтэй, 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэрээтэй кадастрын зурагт 4 цэгээр эргэлтийн цэгийг тогтоосон газар эзэмшдэг. Өнгөрсөн хугацаанд газар эзэмшигчийн хувьд тус сумын дэд бүтцийн асуудал болон Монгол улсад ковид цар тахлын хүнд нөхцөл байдал, давхцал болон өөр бусад шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах боломжгүй байсан. Энэ нөхцөл байдал арилж газраа эзэмших зорилгоор газрын төлбөрөө төлөх, мэдээллийн санд бүртгэлээ шинэчлэх, газар дээр ямар нэг давхцал үүссэн эсэх асуудлаар тодорхой мэдээлэл авахыг хүсч, газар зохион байгуулагчтай уулздаг. Удаа дараа очиж уулзаж газраа эзэмшиж ашиглах төлбөрөө төлөх, төлбөрийн нэхэмжлэх бичиж өгөхийг хүсдэг. Гэвч газар зохион байгуулагч зүгээс энэ хүсэлтийн дагуу мэдээллээр хангах, холбогдох мэдээллийн сангийн нөхцөлийг тодорхой болгох, төлбөр төлөх тооцооллыг хийж, хэчнээн төгрөг төлөх боломжийг тооцоолж гаргаж өгөхгүй төрийн үйлчилгээг үзүүлэхээс татгалздаг. Яг ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тодорхой болгож чаддаггүй нөхцөл байдалтайгаар нийт 35.000.000 төгрөгийг төлөх ёстой гэсэн байдлаар төрийн үйлчилгээг үзүүлэхээс татгалзсан. Газар зохион байгуулалт хийх, төлбөр төлөх боломжийг олгохоос татгалзсан байдаг. Бичгээр өгөхөөр авахгүй болохоор нь шуудангаар хүсэлт хүргүүлэхээр газар зохион байгуулагчийн зүгээс яах гээд бичиг шидээд байгаа юм бэ, төлбөрөө одоо төл гэсэн байдлаар буюу 35.000.000 төгрөг төл гэсэн байдлаар ханддаг. Тэгсэн мөртөө нэхэмжлэхийг бичиж өгөхгүйгээр хэрхэн яаж тооцож байгаа нь ойлгомжгүй байдлаар нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөрөө төлж чадахгүй байдаг. Энэ талаар нэхэмжлэгчээс Засаг даргад гомдол гаргадаг. Гэвч Засаг дарга шийддэггүй. Тэгэхээр Газрын даамлын хувьд хүсэлтийг шийдвэрлэхгүй, боломжгүй, нэхэмжлэхийг бичиж өгөхгүй гэсэн эс үйлдэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн хүсээд байгаа нөхцөл байдлын цаг үед нь Төв аймгийн Э сумын хэмжээнд иргэдэд газрын асуудлаа шийдвэрлэхэд туслах дэмжих зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг явагдсан. Энэ захиргааны үйл ажиллагаа нь өөрөө газрын төлбөрийг төлөх боломжийг олгох зорилготой, мэдээллийн сангаа өөрчлөх, мэдээллийн сангаа тодорхой болгох боломжийг нь газар эзэмшигчид олгох зорилготой байдаг. Гэтэл яг бодит байдал дээрээ хэрэгжих нөхцөл байдлын хувьд эсрэгээрээ байдаг. ...Хавтаст хэрэгт өгсөн эхний баримтуудаар татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа 2021 онд хүртэл газрын төлбөрөө төлж байгаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй учраас танай газрын төлбөрийг төлүүлэх тооцоог тодорхойлохгүй, нэхэмжлэхийг цахим санд байршуулах боломжгүй юм, танайх өөрөө гэрээний үүргээ зөрчсөн буруутай учраас төлбөрийг чинь үндсэндээ хүлээж авахгүй гэсэн татгалзалтайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ газрыг өөр этгээдэд олгосон байна гэж харддаг. Холбогдох баримтыг мэдээллийн сангаас нь зургийг нь авч /screen shot/ хийгээд шүүхэд өгөөд байгаа нөхцөл байдал нь өнөөдөр бодит байдал дээр Монгол улсын хэмжээнд газрын мэдээллийн сан дээр энэ газрыг тариалангийн зориулалтаар нэхэмжлэгчээс өөр хэмжээтэй газраар, өөр төлбөрийн нөхцөлтэйгөөр бусдад эзэмшүүлсэн мэдээллийг мэдээллийн санд газар зохион байгуулагч нь өөрөө байршуулсан байдаг. Энэ байршуулсан талаар шүүхэд ямар нэгэн илэрхийллийг өгдөггүй, тиймээ ийм мэдээлэл яг одоо мэдээллийн санд байгаа нь үнэн гэж хэлдэггүй. Гэхдээ өөр хэн нэгэнд олгоогүй гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл нийтэд тавигдсан ил тод мэдээлэл дээр өөр этгээдэд олгосон юм шиг байдалтайгаар харагддаг. ...2020 оны Засгийн газрын 110 дугаар тогтоол гаргахаас өмнө нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх ёстой байсан. Энэ Засгийн газрын тогтоол болон 186 дугаартай тушаалаар олгогдсон журмаар газрын төлбөрийг тооцож тодорхойлж төлөх нөхцөл байдлын үйл ажиллагааг нь өөрчлөгдөөд нэхэмжлэгч өөрөө төлөх боломжгүй болсон. Зөвхөн газар зохион байгуулагчийн үйл ажиллагаа хийгдсэний үндсэн дээр хэдэн төгрөгийг, хэрхэн ямар дансанд төлөх нь тодорхой болдог болсон. Тийм учраас газар зохион байгуулагчийн өнгөрсөн цаг хугацаанд өөрчлөгдөж байсан газрын төлбөрийн нөхцөл байдал хэд, хэчнээн төгрөгийг төлөхийг тооцон ногдуулах этгээд нь зөвхөн газар зохион байгуулагч юм. ...Нэхэмжлэгч хэдий төлбөрөө бариад очоод газрын төлбөрөө төлөх боломжгүй байдал үүсэж байгаа учраас үүнийг зайлшгүй шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Газрын төлбөрөө төлөх боломжийг олгохгүй байгаа нь хуульд заасан боломжгүй нөхцөл байдал байхгүй байгаа нь өөрөө хууль бус болж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг шийдэж нэхэмжлэгчийн газрын төлбөрөө төлөх боломжийг нь олгох эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г нь Төв аймгийн Э сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 299 дугаартай захирамжаар иргэн Мөнхбаатараас тус сумын Баян давааны ард байрлах 4 га газрыг 30 жилийн хугацаатай 0192610 дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээг байгуулан газар эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Газар эзэмшигч 2008 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал байдаг. Газар эзэмшигчийг газрын төлбөрөө төлөөгүй нөхцөл байдлыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан бичгээр нотлогдоно. Үйл ажиллагаа явуулаагүй байгаа байдал нь шүүхийн үзлэгээр тодорхойлогдоно. Э сумын Засаг даргын тамгаас газраас газар эзэмшигчдийг газрын төлбөрөө төлж газар эзэмших гэрээг нь дүгнүүлж ажиллахыг олон нийтэд удаа дараа мэдээлж ажилласан байдаг. ...Газар эзэмшигчийн зүгээс Засгийн газрын 2020 оны 210 дугаартай тогтоолоос өмнөх цахим системээс үүсдэггүй байсан үе буюу төрийн сангийн данс руу шууд төлдөг байх үе буюу 2008-2020 он хүртэл газар эзэмшигчийн байгуулсан гэрээн дээр дурдсан дансанд шууд төлөх нөхцөл байдал газар эзэмшигчид 2020 оныг хүртэл нээлттэй байсан. Төрийн сангийн уг данс өөрчлөгдөөгүй хэвээр байсан. Газар эзэмшигчийг газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад хэн нэгэн хэзээ ч саад болж байгаагүй. Энэ талаарх гомдол газар эзэмшигчдээс Э сумын Тамгын газарт ирж байгаагүй. Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээгээ зөрчсөн гэж үзээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д зааснаар арга хэмжээ авах хуулийн зөрчсөн гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу Э сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өглөөний сонинд 34 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газрыг эзэмших эрхийг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Сонсох ажиллагааны явцад газар эзэмшигч Г нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарсантайгаар холбоотойгоор актын үүргийн биелэлт түдгэлзээд эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргаж болохгүй нөхцөл байдал Э сумын Засаг даргад үүссэн байдаг. Нэхэмжлэгч газрын төлбөрийн 35.000.000 төгрөгийг тооцоолж өгөөгүй гэж хэлж байна. 35.000.000 төгрөгийн хувьд зөвхөн энэ нэгж талбарын үнэ биш, зөвхөн энэ газрын 14 жилийн хугацаанд хамаарах газрын төлбөр биш. Иргэн Г нь өөр өөр нэгж талбарт нийт 10 га газар эзэмшдэг, иргэн Ганзоригийн нэгж талбартай хамаарах нийт 3 нэгж талбарын 10 га газрын 14 жилийн хугацаанд хамаарах газрын төлбөр нь 35.000.000 төгрөг юм. Үүнийг газрын даамал тайлбарлаж тухайн үед хэрэгжиж байсан шийдвэрийн дагуу төлбөрийг тооцоолж тайлбарлаж өгсөн байдаг. Тэр үед иргэн Г газрын төлбөрөө төлөхгүй гэдэг байдлаа илэрхийлсэн. Энэ тооцооллыг Газрын даамал хэлсэн. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Газрын даамал гэхээсээ илүү хувь иргэн Ө нь цахим санд бүртгэхийн төлөө иргэн Гоос хувьдаа ашиг сонирхол үүсгэх гээд 35.000.000 төгрөг нэхсэн байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг өрөөсгөл гэж үзэж байна. Энэ бол 3 нэгж талбарт хамаарах 14 жилийн хугацаанд хамаарах газрын төлбөрийн хэмжээ юм. Энэ хэмжээг Газрын даамал тооцож хэлсэн байдаг. Иргэн Г нь 14 жилийн хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан гэрээний үүргээ зөрчсөн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу хуулийн заалтыг хэрэгжүүлэх нөхцөл үүссэн учраас Газрын тухай хууль зөрчсөн гэж үзээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэдэг байр сууриа хадгалаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “Газар зохион байгуулалт хийлгэх, төлбөрийн нэхэмжлэл бичиж өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар зохион байгуулалт хийж, нэхэмжлэл бичиж өгөхийг даалгах” гэсэн байдлаар шаардлагаа тодорхойлж байгаа. Газар зохион байгуулалт гэсэн нь хариуцагч газрын даамал нь эрх, үүргийн хүрээнд газрын төлбөрийг тооцож тодорхойлох, цахим санд төлбөрийн нэхэмжлэл үүсгэж байршуулахгүй байгаа гэсэн эс үйлдлийн асуудал байгаа юм” гэсэн байдлаар тодруулан тайлбарлав.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлан маргасан байна. Үүнд:

1. Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус,

2.  Газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус,

3. Хариуцагч маргаан бүхий газрыг өөр этгээдэд олгохоор бэлдсэн байж болзошгүй,

4.  Газрын төлбөр төлж байсан баримт байхад огт төлөөгүй гэсэн,

5. Энэ нэхэмжлэлээр зөвхөн газрын төлбөр төлөх гэсэн асуудлаар холбогдуулж эрхээ сэргээлгэхээр маргаж байгаа, газраа ашигласан асуудал нь тусдаа асуудал байгаа гэж.

 

Гурав. Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Г нь уг газрыг эзэмших эрх шилжүүлэн авсан 2008 оноос хойш одоог хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг огт төлөөгүй, гэрээ дүгнүүлээгүй, хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй нь Газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүссэн, Засаг даргаас гэрчилгээг нь хүчингүй болгох ажиллагаа хийгдэж, сонсгох ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн уг нэгж талбар нь солбицлоороо хуучин болон шинэ газрын кадастрын мэдээллийн санд өөр иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй гэж эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч нь 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газрын төлбөр төлсөн гэж байна. Харин нэхэмжлэгчид 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрх шилжиж үүссэн учир нэхэмжлэгчийн өөрийн эрхийн хүрээнд газрын төлбөр төлсөн гэж үзэхээргүй байна гэж мөн маргав.

 

Дөрөв. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07/761 тоот “...Б.Гын эзэмшлийн 18692300057006 нэгж талбарын дугаартай газарт мэдээллийн санд шүүлт хийхэд иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар болон тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байна...” гэх албан бичиг[1],

-Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/1846 тоот “...албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэгж талбарын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан 2016.08.31-ний өдрийн архивын мэдээлэлтэй давхцуулан үзэхэд бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газар бүртгэгдээгүй байна. Харин Газрын кадастрын мэдээллийн сангийн 2022.09.22-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 1869230005 дугаар бүхий 39964 м.кв талбайтай газар нь уг кадастрын зургийн солбицлын байршилд эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн байх бөгөөд орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газрын мэдээлэлтэй давхцалгүй байна...” гэх албан бичиг, түүний хавсралт[2],

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07/844 тоот “...иргэн Б.Г нь 2008-2021 ондуудад газрын төлбөр огт төлөөгүй байна.” гэх албан бичиг[3],

-Төв аймгийн Э сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 299 дүгээр “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай”,  иргэн Б.Год Төв аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг, Баян давааны ард байрлах 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 30 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж[4],

- Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/2076 тоот “...нэгж талбарын 1869230005 дугаартай газар нь 2022.04.21-ний өдрийн 39964 м.кв талбайтайгаар төмс, хүнсний ногооны зориулалтаар олгогдсон байх бөгөөд тус газрын бүртгэсэн мэргэжилтний мэдээлэл байхгүй байна. Албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэгж талбарын 1869230057006 дугаар бүхий 39996 м.кв талбайтай газрын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан нэгж талбарын 1869230005 дугаар бүхий 39964 м.кв талбай газартай давхцуулан үзэхэд бүхэлдээ давхцалтай байна. Б.Гын эзэмшлийн нэгж талбарын 18692300057006 дугаар бүхий 39996 м.кв талбайтай газрыг кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 1869230005 дугаар бүхий 39964 м.кв талбайтайгаар бүртгэсэн байх боломжтой эсэх лавлагааг холбогдох баримт зэргийг харъяа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тодруулна уу” гэх албан бичиг, түүний хавсралт[5],

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07/1011 тоот “...нэхэмжлэгч Б.Гын эзэмшлийн газар нь CCLIS буюу газрын кадастрын хуучин мэдээллийн сангийн нэгж талбарын 18692300057006 дугаартай 39996 м.кв газар нь Газрын кадастрын шинэ мэдээллийн систем болох LM програмд 1869230005 гэсэн идэвхгүй нэгж талбараар бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг, түүний хавсралт[6],

-Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07/1044 тоот “...CCLIS буюу газрын кадастрын хуучийн мэдээллийн сангийн нэгж талбарын 18692300057006 дугаартай 39996 м.кь газар нь Газрын кадастрын шинэ мэдээллийн санд 1869230005 гэсэн идэвхгүй нэгж талбараар бүртгэгдсэн байна...” гэх албан бичиг[7] болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийж баталгаажуулсан гэрэл зураг бүхий үзлэгийн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч нь 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхтэй болсноос хойш газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, одоог хүртэл тухайн газар дээр газрын цэг хатгасан тэмдэг, шон ч үгүй байгаагаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бий болсон, мөн маргаан бүхий газар дээр хэн нэгэн этгээд давхцал үүсгэн газраа ашиглах нөхцлийг нь хязгаарласан гэх нөхцөлгүй буюу бусад иргэн, аж ахуй нэгжийн газартай давхцалгүй болох нь тогтоогдож байна.

 

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

1. Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон төлбөрийн нэхэмжлэхийг үүсгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэх үндэслэл, Газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгах тухай тус тус шаардлагын үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” гэж Газрын даамлын эрх хэмжээг заасан. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж зааснаар хариуцагч буюу сумын Газрын даамал гэх албан тушаалтан нь газар эзэмшигчийн газрын төлбөрийн асуудлыг зохион байгуулах албан тушаалтан мөн хэдий ч энэ маргааны хувьд газрын төлбөр ногдуулан төлүүлэх нэг удаагийн асуудлын маргаан бус, Газрын тухай хуулиар газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн хүрээнд асуудал нь шийдвэрлэгдэж байгаа сумын Засаг даргын эрх хэмжээнд шийдвэрлэгдэх маргаан байна.

Тус сумын газрын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хувьд сумын Засаг даргаас энэ газарт холбогдуулан нэхэмжлэгчийг эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил болон түүнээс дээш 14 жилийн хугацаанд ашиглаагүй, мөн эзэмшиж байсан газрын төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж, асуудлыг шийдвэрлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасанчлан захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг баримтлан шийдвэр гаргахын өмнө эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож сонсох, мэдэгдэх ажиллагааг хийж, улмаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Харин нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өмнө нь нэхэмжлэлийн агуулга бүхий гомдлыг тус сумын Засаг даргад гаргасан гэх боловч  тодорхой огноогүй хүсэлт хавсаргасан[8], шүүхээс энэ талаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай захирамжид заасан боловч нэхэмжлэгчээс нэмэлт тайлбар гаргахдаа сумын Засаг даргаас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр амаар хариу өгсөн гэж тайлбарласан, мөн Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07/516 тоот дугаар бүхий “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтын дагуу сонсгох ажиллагааг явуулж байгаа болно. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтын дагуу хариу тайлбараа Э сумын Засаг даргад хандан өгөхийг мэдэгдэж байна”[9] гэсэн гомдлын хариуг шүүхэд гаргаж өгсөн байгаа зэргээс үзвэл нэхэмжлэгч нь сумын Засаг даргаас гаргасан сонсгох ажиллагааны дагуу Засаг даргад хандан тайлбар гаргах шаардлагатай байхад газрын даамал албан тушаалтанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нотлогдож байхаас гадна өмнө нь энэ талаар хариуцагч газрын даамал болон сумын Засаг даргад албан ёсоор хүсэлт, гомдол гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Иймд Хариуцагч Газрын даамлаас иргэн Б.Г нь өөрөө тус газраа эрх шилжүүлэн авсан үеэсээ буюу 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш уг  газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг 14 жилийн хугацаанд төлөөгүй, гэрээний үүргийг дүгнүүлээгүй, газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй  болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан “...2014 оныг хүртэл юу хийхээ төлөвлөөгүй байсан. Мөн сумаас тухайн орчны дэд бүтцийг шийдвэрлэхийг хүлээж байсан, 2020 оноос хойш газрын төлбөрийг төлөх журам өөрчлөгдсөн...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байх тул төлбөрийн нэхэмжлэх бичих, газар эзэмших эрхийг үргэлжлүүлэхээс татгалзсан гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч иргэн өөрөө газрын төлбөрөө хариуцагч газрын даамлаас үл хамаарах байдлаар 2008 оноос 2020 оныг хүртэл 12 жилийн турш шууд төлөх нөхцөл боломж нь нээлттэй байсан атал төлөөгүй, газраа мөн зориулалтын дагуу ашиглах боломж нь хэн нэгнээс үл шалтгаалах байдлаар ашиглах боломж нь байсан атал ашиглаагүй байсан нь нотлогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүрдсэн болох нь нотлогдож байгаа, улмаар энэ үндэслэлд холбогдуулан тус сумын Засаг даргаас эрх мэдлийн хүрээнд захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хийгдэж байгаа учир хариуцагч сумын газрын даамлын зүгээс нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг зөвтгөх үйлдэх хийх боломжгүй тул хариуцагчийн энэ үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2. -Хариуцагч маргаан бүхий газрыг өөр этгээдэд олгохоор бэлдсэн байж болзошгүй,

-Газрын төлбөр төлж байсан баримт байхад огт төлөөгүй гэсэн,

-Энэ нэхэмжлэлээр зөвхөн газрын төлбөр төлөх гэсэн асуудлаар холбогдуулж эрхээ сэргээлгэхээр маргаж байгаа, газраа ашигласан асуудал нь тусдаа асуудал байгаа гэсэн шаардлагын үндэслэлийн тухайд:

Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, ...төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасны дагуу “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, газрыг зориулалтын дагуу ашиглах” үүрэгтэй байтал энэ үүргээ газрыг эрх шилжүүлсэн авсан буюу 2008 оноос хойш биелүүлээгүй нь Э сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр асуудлыг шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан дээрх Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07/1011 тоот “...нэхэмжлэгч Б.Гын эзэмшлийн газар нь CCLIS буюу газрын кадастрын хуучин мэдээллийн сангийн нэгж талбарын 18692300057006 дугаартай 39996 м.кв газар нь Газрын кадастрын шинэ мэдээллийн систем болох LM програмд 1869230005 гэсэн идэвхгүй нэгж талбараар бүртгэгдсэн байна” гэх, тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07/1044 тоот “...CCLIS буюу газрын кадастрын хуучийн мэдээллийн сангийн нэгж талбарын 18692300057006 дугаартай 39996 м.кь газар нь Газрын кадастрын шинэ мэдээллийн санд 1869230005 гэсэн идэвхгүй нэгж талбараар бүртгэгдсэн байна...” гэх баримтаар болон хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарласан “...нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь хэн нэгний эзэмшил, ашиглалтын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байгаа” гэсэн тайлбар зэргээр тус тус бусдын газартай давхцалгүй болох нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг өөрийнх нь газрыг бусдад олгохоор зэхэж, газар эзэмших зориулалтыг нь өөрөөр бичиж бэлдсэн байж болзошгүй гэж хардаж байна, энэ талаар нэмэлт үзлэг хийлгэмээр байна гэсэн нь үндэслэлгүй хардалт буюу дээрх дүгнэлтээр хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийн дотоод үнэмшилд хамаарах үндэслэл гэж юм. Үүнээс нэхэмжлэгчийн эзэмшилд байсан газар нь шинэ мэдээллийн санд идэвхгүй нэгж талбараар бүртгэгдсэн байгаа асуудал нь нэхэмжлэгч өөрөө газраа ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүйд хамаарах шалгаан байхаас үүнд хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “надад 2008 оны өөрийн нэрээр газрын төлбөр төлсөн баримтын хуулбар нь байна, энэ баримт байхад газрын төлбөрийг нэг ч удаа төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй” байна гэж, 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн огноо бүхий газрын төлбөр төлсөн баримтын хуулбар хувийг шүүхэд гаргаж өгсөн холбогдуулан дүгнэвэл нэхэмжлэгч иргэн нь Төв аймгийн Э сумын Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” 299 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болж, гэрээ хийн гэрчилгээ авсан байх тул нэхэмжлэгчийг уг газрыг эзэмших эрхийн хүрээнд уг газрын төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй юм. Улмаар зөвхөн тухайн 2008 онд газрын төлбөр төлсөнд холбогдуулан гаргах гэсэн энэхүү төлбөр төлж байсан гэх асуудал нь тухайн хугацаанаас хойш 13 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй гэх асуудлыг үгүйсгэх, 13 жилийн хугацааны дараах төлбөрийн зөрчлийн үр дүнг өөрчлөх шалтгаах болохгүй байх тул маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөх үндэслэл бус байна.

Мөн нэхэмжлэгч талаас энэхүү нэхэмжлэлээр зөвхөн газрын төлбөр төлөх эрхээ сэргээлгэхээр маргаж байна гэж үндэслэлдээ тайлбарласан хэдий ч хариуцагч талаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, үүргийн зөрчлийн талаар тайлбарлахдаа, газар эзэмших эрхийн харилцаа нь Засаг даргаас явуулж буй Захиргааны ерөнхий хуулийн болон Газрын тухай хуульд заасан арга журмын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлыг хянан шийдвэрлэх шатандаа явж байгаа гэх үндэслэлд холбогдуулан үзвэл, нэхэмжлэгч нь тухайн ажиллагаанд оролцож, өнгөрсөн хугацаанд уг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломж нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хязгаарлагдсан гэвэл уг шалтгаанаа нотлон тайлбар гаргаж эрхээ хамгаалах боломжтой байхад энэ ажиллагааны явцад зөвхөн газрын даамал албан тушаалтанд холбогдуулж, газар эзэмших эрхийн төлбөрийн сүүлийн 2 жилийн байдалд холбогдуулан нөхөн төлөх гэж нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээрхэд үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэх үндэслэл тогтоодохгүй байх тул нэхэмжлэгч Б.Гын “Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гын “Газрын төлбөр төлөх боломжийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэж, газрын төлбөрийг тооцож тодорхойлон цахим санд төлбөрийн нэхэмжлэхийг байршуулахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газрын төлбөрийг тооцож тодорхойлж, төлбөрийн нэхэмжлэхийг цахим санд байршуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 40 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 56-58 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 68 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 80 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 110-111 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 118-119 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 131-132 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 20 дугаар тал