| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/06599/И |
| Дугаар | 101/ШШ2022/04973 |
| Огноо | 2022-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/04973
| 2022 11 25 | 101/ШШ2022/04973 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б. У /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.С /рд:/-д холбогдох
2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, хариуцагчийн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч О.Бл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Утасны уян дэлгэцийн үнэ болох 2,600,000 төгрөг гаргуулах. Миний бие 2022.02.10-ын өдөр Баянгол дүүргийн 3, 4 хороолол дахь Corel Center-н 1 давхарт байрлах гар утасны дагалдах хэрэгсэл лангуун дээр өөрийн утас Samsung Z Fold3 утсандаа хамгаалалтын наалт наалгах явцад дэлгэц дээр нь наалтныхаа хийг гаргах гаргах гээд хуван зүйлээр чанга дарсаар байгаад утасны уян гэмтээсэн. Шууд л дарсан хэсгээс нь зураас гараад дэлгэц нь байхгүй болсон. Чи уянг нь гэмтээчихлээ гэсэн чинь юун хэврэг юм бараг би утасны чинь чанарыг шалгачихлаа гээд бөөн юм болов. Би төлж чадахгүй цагдаагаа дууд. Цагдаа ч ирээд гомдол үүсгэсэн. 2 сар орчим болж байгаад цагдаагаас эрүүгийн шинжгүй тул шүүхэд өг гэв. Ингээд шүүхэд өгөх болсон хаяг байхгүй гээд арай хийж хөөцөлдөж байгаад хаягийг олсон өгсөн хаягаар нь харьяа дүүрэгт нь шүүхэд өгсөн. Иргэний үнэмлэхийнхээ хаяг дээр байдаггүй тул татгалзсан. Баянгол дүүргийн шүүхээр эрэн сурвалжлах хүсэлт өгч амьдардаг хаягийг нь олсон. Удаа дараа чирэгдэл болж энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.
2022.2.10-нд хороололд утасны наалт наалгах гэж очсон. Улмаар уян дээр чанга дараад эвдсэн. Ингээд чи эвдчихлээ гэхэд ямар хэврэг утас вэ гэсэн. Ингээд төлж чадахгүй гэсэн тул цагдаа дуудсан. Цагдаад гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй гэсэн. Улмаар хариуцагчийн гэрийн хаягийг өгсөн тул Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэсэн тул эрэн сурвалжлуулсан. Нөхөр нь эвлэрье гэж байсан. Утсаа өгчих өөр утас өгье гэсэн боловч лизингтэй болохоор боломжгүй гэж хэлсэн. Шүүгчийн туслах байна гээд эвлэр гэж хэлсэн. Дэлгэцийн үнэ болох 2,6 саяыг нэхнэ. Шинэ утас байсан тул наалтыг нь аваад өгсөн. Ингээд наалт наана гээд наах үед нь хөндлөн зураас гарсан байсан. Гэрийн хаягийг нь асуухад хэлж өгөөгүй тул эрэн сурвалжлуулсан. Одоогоор утсаа засуулаагүй буюу мөнгийг төлөөгүй байгаа юм. Мөнгөн дүнг бүхэлчилж бичсэн. С гэмтээсэн гэдэг баримтгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Н.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж буй Б.Уын нэхэмжлэлтэй А.Сд холбогдох “...Утасны уян дэлгэцийн үнэ болох 2.600.000 (Хоёр сая зургаан зуу) мянган төгрөг гаргуулах тухай”... нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна.
Миний бие Баянгол дүүргийн 3, 4,-р хороололд байрлах CОREL CENTER-ын 1 давхарт өөрийн нөхөр болох Т.А-ай хамтран бүх төрлийн гар утасны дагалдах хэрэгсэл, утасны шилэн наалт солих зэрэг бичил бизнесийг эрхэлдэг. Гэтэл 2022 оны 02 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч болох Б.У гэх бүсгүй ирж надаар өөрийн утас болох Z Flip-3 гэх нэртэй утсандаа хамгаалалтын наалт наалгах гэсэн юм гэж ирэхэд нь би нааж болохоор байна уу үзээд хэлье гэх хооронд өөрөө утсаар ярьж байгаад дуусаад шууд өөрийн утасны хуучин наалтаа хуулаад шууд өгсөн. Хамгаалалтын наалтыг зүсээд нааж байх явцад чи миний утсыг эвдчихлээ гэхэд нь утсыг нь хартал утасных нь дэлгэцийн баруун талд жижигхэн улаан хүрэн туяа болцон байсан таны утас анх ийм байсан гэхэд юу яриад байгаа юм чи сая дарсаар байгаад эвдээд хаячихлаа гэх зэргээр над руу дайрч төлж өг гэх зэргээр над руу дайраад байсан тэхээр би цагдаа дуудсан төд удалгүй Баянгол дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтсээс ирж шалгалт явуулаад нэхэмжлэгч Б.Уыг дүүрэг дээр ирж гомдлоо гаргаарай гэж хэлээд яваад өгсөн. Ингээд дээрх гомдлыг нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс гомдлыг хүлээн авахаас татгалзсан гэж би сүүлд сонссон төд удалгүй цагдаагаас дуудаж надаас таныг эрэн сурвалжилж байгаа та одоо өөрийн байнга оршин суугаа хаягийг хэлж өгнө үү гэж хэлсэн. Дээрх 2022 оны 02 дугаар сарын 10-аас хойш Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хүртлээ надтай нэг ч удаа холбогдоогүй. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар очиж нэхэмжлэлийн хувийг гардаж авч танилцсан. Танилцах явцад тус шүүхийн шүүгчийн туслах надад талууд шүүхийн аль ч үе шатанд эвлэрэх боломж нээлттэй байгаа гэж хэлсэн. Улмаар би 2022 оны 11 сарын 07 өдөр нэхэмжлэгч Б.У руу залгаж одоо ингээд шүүх цагдаа гээд яах юм бэ эвлэрэх санал тавих гэсэн юм гэж утсаар ярьсан. Танд 2.600.000 (хоёр сая зургаан зуу мянган) төгрөгийг ч өгье харин та наад эвдэрсэн гээд байгаа утсаа оронд нь өгчих гэхэд өө тэгье гэснээ өө яанаа өчигдөр би утсаа унгаад дэлгэцийн хагалсан гэж хэлсэн эндээс үзэхэд энэ хүн утсаа өмнө хагалчихаад над дээр ирж наалт наалгах явцдаа тухайн утсаа гэмтсэн гэдгийг мэдсэн бол уу гэх эргэлзээ байна. Иймд дээрх нэхэмжлэгчийн гаргасан 2.600.000 (хоёр сая зургаан зуун мянган) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь хороололд нөхрийн хамт үйл ажиллагаа явуулдаг. 4 жил энэ ажлыг хийж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч нь утсандаа наалт хийж болох эсэхийг харья гэхэд өмнөх наалтыг хуулаад өгсөн. Улмаар наалт нааж байхад эвдчихлээ гэхээр нь хартал зураас гарсан байсан. Тэгээд намайг эвдлээ гээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаагаас надаас мэдүүлэг аваагүй. Дараа нь цагдаагаас яриад эрэн сурвалжилж байгаа гээд хаяг авсан. Улмаар надтай холбогдож байгаа юм. Нөхөр нь ярьсан гэх тайлбарын хувьд шүүхээр яваад яахын гээд үнэхээр эвдсэн гээд байгаа бол аваад мөнгийг нь өгье гэхэд утсаа унагаагаад эвдчихсэн гэж хариулсан байдаг. Хуулийн 25.2.2, 38.1-д заасан үүргийн дагуу нэхэмжлэгч нь үндэслэлээ нотлохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадсангүй. Хуулийн 62.1.4-т зааснаар үндэслэлээ нотлох ёстой. Бодитойгоор зардал гарсан зүйл алга гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: “Нью динамик” ХХК-ийн нэхэмжлэх /хх4/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 28ё1-5/5099 дүгээр албан тоот /хх5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02936 дугаар шийдвэр /хх6/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23113 дугаар захирамжийн хуулбар /хх8/ Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 1506 дугаар тогтоолын хуулбар /хх29/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.У нь гар утасны дэлгэцийн төлбөрт 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч А.С нь гар утсанд гэмтэл учруулаагүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь гар утасны наалт худалдан авсан, улмаар уг наалтыг хариуцагч утсанд наах явцад дэлгэцийг гэмтээсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч нь дэлгэцийн наалт худалдсан талаар маргаагүй боловч утсанд гэмтэл учруулаагүй гэж маргасан.
Үүнээс үзэхэд зохигчид дэлгэцийн наалт худалдах худалдан авах гэрээний харилцаанд орсон бөгөөд энэхүү харилцааны дагуу хариуцагч нь наалтыг утсанд нааж өгөх үүрэгтэй байсан байна.
Улмаар нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний явцад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 1506 дугаар тогтоолоос үзэхэд хариуцагч нь дэлгэцэд гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. /хх29/
Түүнчлэн хэрэгт дэлгэцтэй холбогдох нэхэмжлэх байх боловч үнийн дүн нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөр төлөөгүй гэж тайлбарласан.
Мөн шүүх өмнөх хуралдаанд нотолгооны хуваарилалт болон нотлох үүргийн талаар тайлбарласан боловч нэхэмжлэгч нь өөрийн гар утсыг гаднын нөлөөтэйгөөр эвдэрсэн, улмаар дэлгэцийг зайлшгүй солих шаардлагатай гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч А.Сд холбогдох 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД