Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/02705

 

2022      11        22                                           181/ШШ2022/02705

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Цэнтрал тауэр, 903 тоот хаягт байрлах, “Г ф ББСБ” ХХК /хуучин нэр “Т ф ББСБ” ХХК/, РД:6007864,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 318 тоот хаягт оршин суух, Ө овогт Б Ц /РД:ЧЖ44012067/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Соёмбо хотхон, 53 дугаар байр, 13 тоот хаягт оршин суух, Д овогт О Н /РД:ХП67121216/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 437,846,290 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч Б.Ц сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагч О.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г ф ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ц, О.Н нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 254,079,664.88 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 437,846,290 төгрөг болгон ихэсгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, зээлийн хүү 52,574,556.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,505,107,91 төгрөг нийт 254,079,664,88 төгрөгийг хариуцагч Б.Ц гаргуулж, хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, зээлийн хүү 198,205,241.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,641,048.33 төгрөг буюу нийт 437,846,290.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна.

Хариуцагч Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №1032130101000048 тоот Зээлийн гэрээ, №1032130101000048-1 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан боловч үүнээс хүүгийн төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 сая төгрөгийг төлсөн ба үүнээс хойш ямар ч зээлийн төлөлт хийхгүйгээр манай байгууллагыг хохироож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь зээл авснаас хойш үндсэн зээл болон хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээдэг. Талуудын байгуулсан №1032130101000048 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т зээлийн хүү сарын 2.8 хувь, 2.1.6-д зээлийн хүүгийн 20 хувь нэмэгдүүлсэн хүү байхаар харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулсан байна. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.4-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө’' гэж заасан.

Хариуцагч Б.Ц нь гэрээнд заасан хугацаанд зээлээ бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй. Иймд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ихэсгэж үндсэн зээлийн төлбөр 200,000,000 төгрөг, зээлийн хүү 198,205,241.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,641,048.33 төгрөг буюу нийт 437,846,290.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа:Б.Ц нь “Д и ББСБ" ХХК-тай 2019 оны 05 дугаар сар 23-ны өдөр 1032130101000048 тоот Зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 2,8 хувийн хүүтэйгээр, хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар харилцан тохиролцсон бөгөөд зээл нь Б. Ц Хаан банкны дансанд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шилжилж орж ирсэн. Энэ үйл баримтын талаар маргахгүй. Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу мөнгө авснаас хойш зээлдүүлэгчид 5,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн бөгөөд үүнээс өөр төлбөр төлөөгүй. Мөн энэ үйл баримтын талаар маргахгүй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ц байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний уургийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 52.574,556.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,505,107.91 төгрөг, нийт 254,079,664.88 төгрөгийг гаргуулах, хариуцагч зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэд нэмэгдүүлж, хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээлд 200,000,000 төгрөг. хүүд 198,205,241 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 39,641,048.33 төгрөг буюу нийт 437,846,290 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 183,766,626 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг.

Дээр дурдсанчлан талууд зээлийн гэрээ байгуулахдаа 24 сарын хугацаатай байгуулсан боловч нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш 10 сар орчмын хугацааны дараа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу тухайн үед бодогдсон байсан хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл дээрээ нэмж нэхэмжилсэн. Б.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 52,574,556.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,505,107.91 төгрөг, нийт 254,079,664.88 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэсэн шаардлага болох 183,766,626 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг шаардаж байгаа тухайгаа дурдсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн төлбөрийг бүхэлд нь зээлдэгчээс шаардсан байдаг. Нэгэнтээ нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шаардлагаа гаргасан тул үүргийн харилцаа дуусгавар болсноос хойш үүргийн харилцаанаас үүсэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс шаардах эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан. Иймд нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг хугацааны өмнө татгалзах эсхүл цуцалж байгаа тохиолдолд үүргийн харилцаа дуусгавар болж, үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон. Зээлдэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцлагдаж дуусгавар болсноос хойших үүрэг үүсээгүй.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хүү тооцох нь эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Б.Ц 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Д и ББСБ” ХХК-тай зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээний дагуу 200 сая төгрөг зээлсэн байдаг. Гэтэл шүүхэд” Д и ББСБ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох “Т Ф ББСБ” ХХК нэхэмжлэл гаргасан. Үүний дараагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дахин солигдож “Г ф” ХХК болж өөрчлөгдсөн. Энэ бүх хугацаанд “Д и ББСБ” ХХК-ийн зүгээс өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг “Т ф ББСБ” ХХК болон “Г ф ББСБ” ХХК-ийн хэн алинд нь олгоогүй тул эдгээрийг зээлдүүлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч нь нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрлөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан. Гэтэл “Д и ББСБ” ХХК-аас өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг “Т ф ББСБ” ХХК болон “нэхэмжлэгчийг финтек ББСБ” ХХК нарын хэн алинд нь олгоогүй, мөн эдгээрээс нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийг сольж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Ц нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз Да хүрээ гудамж, 45\2 тоот хаягт байрлалтай 873.6 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар "Д и ББСБ" ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан хэдий ч тухайн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ тул уг гэрээний дагуу "Д и ББСБ" ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1,700,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад “Д и ББСБ” ХХК нь хэт доогуур үнэлж гэрээ байгуулсан.

Б.Ц нь О.Н-той 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз Да хүрээ гудамж, 45\2 тоот хаягт байрлалтай 873.6 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 200 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Мөн өдрөө Б. Ц нь О. Н-той Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1-р байрны хойно хаягт баярлалтай 506 мкв талбай бүхий газрыг 650 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд эд гэрээг тус бүр нотариатаар баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээнүүд юм. “Д и ББСБ” ХХК-аас Б.Ц зээл авсан бөгөөд тус маргаанд О.Н оролцоогүй, “Д и ББСБ” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, тус ББСБ-ын өмнө ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй тул О.Н-г тус маргаанд хариуцагчаар оролцуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэжээ.

 

3. Хариуцагч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ 3-н 1 дүгээр байрны хойно байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Д и ББСБ" ХХК-тай 103213010100048-1 тоот Барьцааны гэрээ байгуулж, Б.Ц нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайз Да хүрээ гудамж, 45\2 тоот хаягт байрлалтай 873.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1-р байрны хойно хаягт байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалахаар болж барьцааны гэрээ байгуулахаар болсон.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан байдаг. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Барьцааны гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана, 11.1.6-д “барьцааны шаардлагыг хангах журам”, 11.1.9-д “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг тус тус тусгана гээд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд барьцааны зүйл болох газар эзэмших эрхийн үнийг заагаагүй, мөн барьцааны гэрээнд гуравдагч этгээд болох О.Н-н эд хөрөнгийн эрхийн талаар дурдаагүй, энэ талаар тусгаагүй, мөн барьцааны шаардлагыг хангах журмыг тус тус дурдаагүй байдаг. Энэ нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж байгаа тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний газар эзэмших эрхт холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12-р зүйлийн 12.2-т, мөн Иргэний хуульд тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус гэх үндэслэлтэй байна. Нэгэнтээ талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний газар эзэмших эрхэнд холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1-р байрны хойно хаягт байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1р байрны хойно хаягт байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Талууд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №1032130101000048-01 тоот Барьцааны гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т барьцааны зүйл болох “Баянзүрх, СОТ 3-ын 1-р байрны хойно 19-р хороо ,үйлчилгээний зориулалттай нэгж талбарын 18648311328874, 000749244 гэрчилгээний дугаартай” талаар тусгаж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газрын албанд бүртгүүлсэн хавтас хэргийн 35-р хуудаст заасан газрын гэрчилгээнээс тодорхой харагдаж байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, мөн зүйлийн 38.5-т “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл барьцааны зүйл болох үйлчилгээний зориулалттай Ү-2204010047 дугаартай, 873.6 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 18648311328874 дугаартай 506 м.кв үйлчилгээний газар нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 болон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5-д заасан шаардлагын дагуу зохих ёсоор улсын бүртгэлийн эд хөрөнгийн газар, Баянзүрх дүүргийн газрын албанд тус тус бүртгэгдсэн тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасны дагуу шаардлага хангасан гэрээ тул барьцаа гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд хариуцагч Б.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-н гаргасан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1-р байрны хойно хаягт байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Санхүүгийн зохицуулах хорооны даргын Оноосон нэр өөрчлөхийг зөвшөөрөх тухай 580, 362 дугаар тушаал, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 1032130101000048 дугаар зээлий гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 1032130101000048-1 дугаар барьцааны гэрээ, зээлийн авлагын дэлгэрэнгүй тооцоолол, УБЕГ-ын 01561 тоот лавлагаа, Ү-2204010047 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 11-1437987 дугаартай барьцаалбар, 000749244 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга,

хариуцагчаас Баянзүрх дүүргийн прокурорын газрын 4/1126 дугаар мэдэгдэх хуудас, О.Н, Ц.О нарын гэрээ дүгнэсэн баримт, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт 3 ширхэг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээг нотлох баримтаар гарган өгч,

хэргийн оролцогчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2731-2/355, мөн дүүргийн прокурорын газрын 1/4317 тоот албан бичгийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 05 дугаар сарын 23ы өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 200,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь биелүүлээгүйгээс 2022 оны 06 дугаар сарын 02ы өдрийг хүртэлх үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 198,205,241.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,641,048.33 төгрөг, нийт 437,846,290 төгрөгийг гаргуулж, барьцаа xөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 52,574,556.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,505,107.91 төгрөг, нийт 254,079,664.88 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэсэн шаардлага болох 183,766,626 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг шаардаж байгаа тухайгаа дурдсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн төлбөрийг бүхэлд нь зээлдэгчээс шаардсан байдаг. Нэгэнтээ нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шаардлагаа гаргасан тул үүргийн харилцаа дуусгавар болсноос хойш үүргийн харилцаанаас үүсэх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс шаардах эрхгүй юм гэжээ.

 

4. Хариуцагч Б.Ц дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд барьцааны зүйл болох газар эзэмших эрхийн үнийг заагаагүй, мөн барьцааны гэрээнд О.Н-н эд хөрөнгийн эрхийн талаар дурдаагүй, энэ талаар тусгаагүй, барьцааны шаардлагыг хангах журмыг тус тус дурдаагүй байдаг. Энэ нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж байгаа тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний газар эзэмших эрхтэй холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2заасны дагуу хүчин төгөлдөр бус гэх үндэслэлтэй байна. Нэгэнтээ талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний газар эзэмших эрхэнд холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Баянзүрх дүүргийн 19-р хороо, СОТ 3-н 1-р байрны хойно хаягт байрлалтай 506 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах үндэслэлтэй гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч барьцааны зүйл болох үйлчилгээний зориулалттай Ү-2204010047 дугаартай, 873.6 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 18648311328874 дугаартай 506 м.кв үйлчилгээний газар нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 болон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5-д заасан шаардлагын дагуу зохих ёсоор улсын бүртгэлийн эд хөрөнгийн газар, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус бүртгэгдсэн тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасны дагуу шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж няцаасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 23ы өдөр 1032130101000048 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 200,000,000 төгрөгийг жилийн 33,6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуваарийн дагуу зээл, зээлийн хүүд нийт 291,628,225.69 төгрөгийг буцаан төлөх, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувийн хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Ц-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ да хүрээ гудамж, 45/2 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204010047 дугаартай, 873.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч О.Н-н эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, нэгж талбарын 18648311328874 дугаар дугаартай, 506 м.кв талбайтай, 000749244 дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрхээр тус тус зээлийн гэрээний шаардлагыг хангахаар талууд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1032130101000048-1 тоот барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, газрын албанд тус тус бүртгүүлсэн байна.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Зээлдэгч Б.Ц авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч “Г ф ББСБ” ХХК нь зээлийн гэрээнээс татгалзаж, 2020 оны 03 дугаар сарын 31ий өдрийн байдлаар үүссэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардлагын хэмжээгээ ихэсгэсэн.

 

7. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч 200,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалсан үйл баримтын талаар маргаагүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэх, газар эзэмших эрх барьцаалсан гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна.

 

8. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

8.1 Зээлдүүлэгч нь 200,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн боловч зээлдэгч нь 2019 оны 05 дугаар сарын 23ы өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүд нийт 291,628,225.69 төгрөг төлөхөөс 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг төлж, өөрөөр төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

 Иймд зээлдэгч нь гэрээний 2.4.1, 4.2.2-т заасан “Зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээлийг буцаан төлөх үүргээ удаа дараа зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь Зээлийн гэрээний 7.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, зээлийг буцаан шаардах эрхтэй.

 

8.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тооцож гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон бол хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ, иймд цуцлагдсанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

8.3. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийг шаардсанаар гэрээ цуцлагдсан гэж үзэх бөгөөд гэрээ цуцлагдсанаар гэрээнээс үүдсэн шаардах эрх дуусгавар болох хэдий ч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үндэслэлээр гэрээ цуцлагдсанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан ба зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэх хугацаанд үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хууль хүчингүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ” гэж зааснаар 2021 онд шинэчлэн баталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглэнэ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тодорхой заажээ.

 

Иймээс зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалсан ч зээлдэгч зээлийг  бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хуулиар хүлээсэн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

8.4. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. ...” гэж заасны дагуу талууд зээлийн гэрээний 2.1.6-д “Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна” гэсэн нь хуульд нийцжээ.

 

“Үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэдгийг “зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө” гэж ойлгоно.

 

Гэрээний 2.1.6-д “... Нэмэгдүүлсэн хүүг “Эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байх боловч мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээний 2.1.6 дахь “Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна” гэсэн заалтад нийцүүлэн төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү шаардах зээлдүүлэгчийн эрх хэвээр үлдэнэ.

 

8.5. Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан нэмэгдүүлсэн  хүү нь зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр тул зээлийн гэрээний хугацаанд тооцсон нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

8.6. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу тооцвол зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 203,625,205 (200,000,000₮*0.366%*1106÷365=203,625,205) төгрөг хэдий ч нэхэмжлэгч үндсэн хүүд 198,205,241.67 төгрөгийг нэхэмжилсэн тул шаардлагын хүрээнд тооцож, нэмэгдүүлсэн хүү 13,734,575 (2021.05.25-2022.06.02 хүртэл 373 хоног, 200,000,000₮*0.336%*0.2%*373÷365=13,734,575) төгрөг, нийт 411,939,816.67 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх, 406,939,816.67 төгрөгийг хариуцагч Б.Ц-с гаргуулж нэхэмжлэгч “Г ф” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

9. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хариуцагч Б.Ц-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ да хүрээ гудамж, 45/2 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204010047 дугаартай, 873.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл эд хөрөнгийн барьцааны гэрээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан, тус гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд энэ тухайд маргаагүй.

 

10. Хариуцагч Б.Ц-н гаргасан “нэгж талбарын 18648311328874 дугаартай, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, 506 м.кв талбай бүхий 000749244 дугаар гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

10.1. Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор хариуцагч О.Н-н эзэмшлийн нэгж талбарын 18648311328874 дугаартай, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, 506 м.кв талбай бүхий 000749244 дугаар гэрчилгээтэй газар эзэмших эрхийг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулан хариуцагч Б.Ц, О.Н нар хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан шаардлага хангажээ.

 

10.2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар болон газар эзэмших эрх барьцааны зүйл байж болох бөгөөд түүнийг хуульд заасан нөхцөлөөр барьцаалж болно” гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй” гээд 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч О.Н-н газар эзэмших эрхийг барьцаалж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 8.7-д “Эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээ /барьцаалагчийн нэр, эхлэх хугацааг бичиж/-г өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний арын нүүрэнд “барьцаалагч “Д и ББСБ” ХХК, эхэлсэн огноо 2019.05.24” гэсэн тэмдэглэл хийгдсэн байна.

 

10.3. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож газар эзэмших эрх, түүний дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг хамтад нь барьцаалсан байх тул гэрээнд О.Н-н оршин суугаа газар болон газар эзэмших эрхийн үнийг тусад нь тусгаагүй нь барьцааны гэрээний агуулга, барьцааны эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

 

10.4. Иймд хариуцагч Б.Ц-н гаргасан “газар эзэмших эрхийг барьцаалсан гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус” гэх тайлбар үндэслэлгүй тул газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц 406,939,816.67 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Цэцгээгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ да хүрээ гудамж, 45/2 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204010047 дугаартай, 873.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл эд хөрөнгө, хариуцагч О.Н-н эзэмшлийн нэгж талбарын 18648311328874 дугаартай, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, 506 м.кв талбай бүхий 000749244 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ.

 

12. Хариуцагчаас “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх ёстой” гэж маргасан хэдий ч тус хуулиар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс зээлдэгчийг чөлөөлөх тухай зохицуулалт байхгүй, Ковид-19 цар тахал гарсан нөхцөл байдал нь зээлдэгчийг хууль болон гэрээгээр хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигч нарт хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-с үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 193,205,241.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,734,575 төгрөг, нийт 406,939,816.67 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г ф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 30,906,473.33 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Б.Ц-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз /13291/ да хүрээ гудамж, 45/2 тоот, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204010047 дугаартай, 873.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч О.Н-н эзэмшлийн нэгж талбарын 18648311328874 дугаартай, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, 506 м.кв талбай бүхий эзэмших эрхийн 000749244 дугаар гэрчилгээтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэгж талбарын 18648311328874 дугаартай, Баянзүрх дүүрэг, 19-р хороо, СОТ 3-ын 12-р байрны хойно байрлах, 506 м.кв талбай бүхий 000749244 дугаар гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай хариуцагч Б.Ц-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,720,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-с улсын тэмдэгийн хураамжид 2,262,849.08 төгрөг, хариуцагч О.Н-с 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г ф ББСБ” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.БАТХУЯГ