Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/03436

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Нарангэрэл даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суугч, М.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хаягт байрлах, Хны харьяа Б төв-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших болон өмнөх шүүхийн шийдвэрийн зөрүү урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 128,832.411.4 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар,

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Ш.Жаргалсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанбагана /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Б төвд холбогдуулан Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших болон өмнөх шүүхийн шийдвэрийн зөрүү урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 128,832.411.4 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч М.М- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэрээр М.М-ыг ажилгүй байсан хугацааны олговорт 27,424,354 төгрөг олгож, ажилд эргүүлэн тогтоож, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг БНСУ-дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд үүрэг болгож шийдвэрлэсэн.  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1063 дугаар магадлалыг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 546 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Өмнөх анхан шүүхийн шийдвэрт М.М-ы ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж баталгаажигдсан дундаж цалин 705,953 төгрөгөөс тооцож нөхөн олговрыг шийдвэрлэсэн боловч бодит байдал дээр сард 2,524,500 төгрөгийн цалин хөлс авч байсан. Хөдөлмөрийн гэрээ болон Цалингийн дэвтрээр сард 2,524,500 төгрөгийн цалин хөлс авч байсан. Хариуцагч шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй, ажилд эгүүлэн тогтоогоогүй, өмнөх шүүхийн шийдвэрт цалин хөлсийг бодитоор бус нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээр тооцсоны улмаас М.М- өнөөдрийг хүртэл дараах байдлаар хохирсоор байна.  Ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх сүүлийн 3 сарын дундаж цалин 2,524,500 төгрөгөөс шүүхийн шийдвэрт тооцсон цалин хөлс 705,953 төгрөгийг хасч зөрүү 1,818,547 төгрөгийг нийт 38 сар 18 өдөр нийт 825 өдөр гэж тооцвол зөрүү олговорт 70,768,912.5 төгрөг болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 23 сарыг дундаж цалин хөлс 2,524,500 төгрөг, өдрийн дундаж цалинг 118,855.93 төгрөгөөр тооцон 58,063,498.92 төгрөг нийт 128,832,411.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгогдож буй цалин хөлснөөс суутган нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт баталгаажилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас өнөөдрийг хүртэлх цалин орлоготой тэнцэх хэмжээний нөхөн олговорт нийт 202,863,550 төгрөг гаргуулахаар нэмж шаардаж байна гэв.

 

         2.Хариуцагч Б төв шүүхэд болон төлөөлөгч Э.Алтанбагана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Төв- нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/238 дугаар тушаалаар баталсан Б төвийн дүрмийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг. Дүрмийн 2 дугаар хавсралт Б төвийн зохион байгуулалтын бүтэц нь Хөдөлмөрийн харилцаа, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр одоогоор өөр хүн ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 10 дугаар сарын сарын 28-ны өдрийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/173 дугаар тушаалын дагуу төвийн даргын ажилтан томилсон шийдвэрийг Хны Төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулна гэж нэмэлт өөрчлөлт орсон. Уг дүрмийн өөрчлөлтийн дагуу М.М-ыг ажилд эгүүлэн тогтоох эсхүл төстэй ажлын байранд томилох талаар тус яамны төрийн нарийн бичгийн даргад хандсан. Тэрээр М.М-ыг яаманд ажилд орох талаар санал тавьж байсан ба 2022 онд яамны бүтцэд өөрчлөлт орж, М.М-ыг ажилд томилох боломжтой болсон. Гэвч М.М- яам дээр ирж уулзахгүй байна гэсэн тайлбарыг хэлсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэрээр М.М-д олгох ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Нийгмийн даатгалд бичилт хийж баталгаажигдсан дундаж цалингаас тооцож олгуулах шийдвэр гарсан. Түүнд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааг тооцож шүүхийн шийдвэр гарах 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 1 /нэг/ сарын дундаж цалинг 705,953 төгрөг /2016 оны 9, 10, 11 саруудын дунджаар/, өдрийн дундаж цалинг 33,230 төгрөгөөр тооцон, нийт 38 сар 18 өдрийн олговорт 27,424,354 төгрөгийг  олгосон. Гадаадад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан тухайн улсын итгэлцүүр тогтоодог. Уг итгэлцүүр нь албан хаагчдад үндсэн цалин бус нэмэгдэл хэлбэрээр олгогддог. М.М-тай 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар байгуулсан хөдөлмөрийн гэрээнд М.М-ыг төрийн үйлчилгээний албан хаагч буюу ТҮ-7-1 цалингийн жишгээр тогтоож, үндсэн цалинг Монголд 532,286 төгрөг, Бүгд найрамдах Солонгос улсад 2,524,500 төгрөгөөр тогтоосон байдаг. Бүгд найрамдах Солонгос улсад тогтоосон цалингийн итгэлцүүр нь албан хаагчдад үндсэн цалин бус нэмэгдэл хэлбэрээр олгогддог бөгөөд амьдрах байр түрээслэхэд зориулагдсан нэмэгдэл болно. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолын дагуу TY-7-1 шатлалаар 535,286 төгрөгөөр тогтоосноор тооцоолох нь зүйтэй. М.М- нь ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш Хны харьяа  Төв- буюу хилийн чанадад огт ажиллаж байгаагүй тул түүний нэхэмжилсэн дүнгээр тооцон цалин хөлс гаргуулах боломжгүй гэв.

 

 3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар  нэг цэгийн үйлчилгээний  төвийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/012, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16/05 тоот тушаал, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Хөдөлмөрийн гэрээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 04-ний  өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1063 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 546 дугаар тогтоол, Цалингийн дэвтэр, орчуулга зэргийг, хариуцагчаас хариу тайлбар шүүхэд өгсөн. Шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/02911 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, эрх үүрэг тайлбарлах зэрэг ажиллагаа явуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч М.М-ы нэхэмжлэлээс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,820,580 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хангаж, 114,011,831.4 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Хны харьяа Б төвд холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших болон өмнөх шүүхийн шийдвэрийн зөрүү цалин орлоготой тэнцэх хэмжээний нөхөн олговорт нийт 128,832.411.4 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 58,063,498.92 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших болон өмнөх шийдвэрийн зөрүү урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 128,832,411,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодорхойлж байна.

 

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Ажилтан М.М-ыг төрийн үйлчилгээний албан хаагч буюу ТҮ-7-1 цалингийн жишгээр үндсэн цалинг 532,286 төгрөгөөр тогтоож, Бүгд найрамдах Солонгос улсад 2,524,500 төгрөгөөр тогтоосон цалингийн итгэлцүүр нь албан хаагчдад үндсэн цалин бус нэмэгдэл хэлбэрээр олгогддог бөгөөд амьдрах байр түрээслэхэд зориулагдсан нэмэгдэл хөлс” гэж маргажээ.

 

7.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний  өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч М.М-ыг Б төвийн хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 27.424.354 төгрөг гаргуулж М.М-д олгож, хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар М.М-ы 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б төвд үүрэг болгосугай” гэж шийдвэрлэжээ.

 

8.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1063 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 546 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

9.Хариуцагч  Төв- нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор шаардаж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр М.М- шүүхэд хандсан байна.

 

10.Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

12.Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

 

13.Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1063 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 546 дугаар тогтоолын заалтыг биелүүлээгүй, ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

14.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/00473 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч М.М-ы хөдөлмөрийн гэрээнд 2.524.500 төгрөг гэж тохиролцсон байх боловч, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэж баталгаажигдсан дундаж цалингаас тооцож олговрыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Түүнд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс ажилгүй байсан бүх хугацааг тооцож шүүхийн шийдвэр гарах 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 1 сарын дундаж цалинг 705.953 төгрөг /2016 оны 9,10,11 саруудын дунджаар/, өдрийн дундаж цалинг 33.230 төгрөгөөр тооцон, нийт 38 сар 18 өдрийн олговорт 27.424.354 төгрөгийг хариуцагч  Төв-өөс гаргуулахаар шийдвэрлэв” гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М-ыг Б төвийн хөдөлмөрийн харилцаа, сургалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 27.424.354 төгрөг гаргуулж М.М-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна.

 

16.Иймд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт / нэг сарын дундаж цалинг 705.953 төгрөг, нэг өдрийн цалинг 33,230  төгрөг х 446 өдөр/ 14,820,580  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч М.М-д олгох үндэстэй гэж үзлээ.

 

17.Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр дээрх олговроос суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

18.Нэхэмжлэгч М.М- анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойших болон өмнөх шийдвэрийн зөрүү урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 128,832,411,4 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 446 өдрөөр тооцож олговор 14,820,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн, олговрын хэмжээг дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцүүлэн тогтоосон гэж үзнэ.

 

19.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд олгох олговрын хэмжээ нь урьд авч байсан цалин хөлсний дунджаар тодорхойлогдох учир ажилгүй байх хугацаанд цалин хөлсний хэмжээ нэмэгдсэнээр буюу мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл хөлсийг тооцож  нийт 128,832.411.4  төгрөг шаардсан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 14,820,580   төгрөгийг  хангаж шийдвэрлэсэн тул үлдэх 114,011,831.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

20.Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул нэхэмжлэгч М.М-д 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах олговрыг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 он/ 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

21.Нэхэмжлэгч М.М-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 74,031,139 төгрөг гаргуулахаар тайлбар гаргаж байгааг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа шүүх хуралдаанаас өмнө эсвэл шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнөх хүсэлтийн үе шатанд бичгээр гаргах байжээ. Иймд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаатарыг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхгүй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хэмжээ хязгаарын дотор хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

 

22.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 232,053 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулж шийдвэрлэх зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Б төвөөс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,820,580 төгрөг гаргуулж М.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114,011,831.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар дээрх олговроос М.М-ы нийгмийн даатгал болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б төвд үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,  хариуцагч Б төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 232,053 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ