Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/03437

 

 

 

 

 

 

 

 

 

    2022      11         28

                      182/ШШ2022/03437

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, Ц.Ө- ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, Э ХХК-д  холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 52,660,306 төгрөг гаргуулах тухай

 

  Шүүх хуралдааны оролцогчид:

  Нэхэмжлэгч Ц.Ө-,

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал,

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигдолгор,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин  нар оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ө- хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт төлсөн 44,056,000 төгрөг, алданги 8,604,306 төгрөг нийт 52,660,306 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ц.Ө- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Э ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхонд  баригдаж буй барилгаас 37,80 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Гэрээний хугацаа 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Э ХХК-ийн  барилгын ажил явагдаагүй байхад хуурч дахин мөнгө төлүүлсэн. 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15,876,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 12,000,000 төгрөг нийт 27,876,000 төгрөг,  2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 6,180,000 төгрөг нийт 44,056,000 төгрөгийг алданги 8,604,306 төгрөгийн хамт 52,660,306 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,302,153 төгрөгийн алдангийг гаргуулахаас татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагч Э ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигдолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Манай компанийн хувьд олон шалтгааны улмаас барьж буй барилга ашиглалтанд орохгүй удсанаас болж их хэмжээний алдагдалд орсон. Нэхэмжлэгчээс авсан захиалгын төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Харин алданги багасгаж, төлбөр төлөх хугацааг олгож өгхийг хүсч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Э ХХК-тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх тухай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, Орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтанд оруулсны дараа өмчлүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 30/19 тоот гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэргийг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Ц.Ө-ын нэхэмжлэлээс 48,084,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4,302,153 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Ц.Ө- нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөрт төлсөн 44,056,000 төгрөг, алданги 8,604,306 төгрөг нийт 52,660,306 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөрт төлсөн 44,056,000 төгрөг, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Э ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: компани алдагдалд орсон тул алдангийг 4,302,153 төгрөгөөр багасгана гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Барилгын ажил гүйцэтгэх тухай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, Орон сууцны барилгад хөрөнгө оруулж ашиглалтанд оруулсны дараа өмчлүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 30/19 тоот гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Хариуцагч Э ХХК, нэхэмжлэгч Ц.Ө-  нарын хооронд  2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар хотхонд баригдаж байгаа “Шинэ 72-р хотхон” 144 айлын 3 блок орон сууцны А блок 1 дүгээр орц 5 давхар 1 өрөө 37,80 м.кв талбай бүхий орон сууцанд 52,920,000 төгрөгийн хөрөнгө оруулж бариулахаар, Э ХХК нь өөрийн хөрөнгө материалаар уг орон сууцыг барьж захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч Барилгын ажил гүйцэтгэх тухай 11 тоот гэрээ байгуулагджээ.

 

8.Нэхэмжлэгч нь дээрх гэрээний 2.1-д зааснаар 37,80 м.кв талбайтай, 1 /нэг/ өрөө орон сууцыг бариулах ажлын хөлсөнд 52,920,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, захиалга өгч гэрээ байгуулахдаа 15,876,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15,876,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 15,876,000 төгрөг төлөхөөр тохирч төлбөрөөс 44,056,000 төгрөг төлсөн болох нь Бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоогдож байна.

 

9.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигдолгор нь нэхэмжлэгч 44,056,000 төгрөг төлсөн тухайд маргахгүй гэх тайлбар гаргаж мэтгэлцэв.

 

10.Талууд 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот Барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээний 4.1.“А тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам төлнө” гэж, 4.2.“Б тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам А талд төлнө” гэж тохиролцсон байна.

 

11.Нэхэмжлэгч Ц.Ө- нь алданги 8,604,306 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагынхаа алданги 4,302,153 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсан тайлбар гаргасан тул хасч тооцох нь зүйтэй.

 

12.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ захиалагч биелүүлсэн байх тул хариуцагч Э ХХК-иас 44,056,000 төгрөг, алданги 4,302,153 төгрөг нийт 48,084,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,302,153 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

13.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25,000 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э ХХК-иас 398,370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 48,084,000 /дөчин найман сая наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,302,153 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,252 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 25,000 төгрөг, хариуцагч Э ХХК-иас 398,370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Ц.Ө-од олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ