| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/04548/И |
| Дугаар | 182/ШШ2022/03438 |
| Огноо | 2022-11-28 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2022/03438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч хаягт оршин суугч, Ц.П-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: хаягт байрлах, Ш газар-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Цалингийн зөрүү 2,620,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аззаяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.П- нь хариуцагч Ш газар-т холбогдуулан цалингийн зөрүү 2,620,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ц.П- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Янжиндулам шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/343 дугаар тушаалаар захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилж, цалинг төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-13-4 зэрэглэлд хамааруулан тогтоосон. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалаар албан тушаал бууруулан томилсныг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалаар Ш газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.П-г Ш газрын Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд цалингийн зөрүүг олгож, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул цалингийн зөрүүг шаардах эрхтэй байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаал бууруулсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг албадан гүйцэтгүүлж гаргаж өгсөн. Ц.П-г өмнөх албан тушаалд томилоогүй, нэхэмжлэгч нь одоо бага цалин хөлстэй албан тушаал болох бууруулсан албан тушаалдаа ажилласаар байгаа тул 2021 оны 02 сараас 2022 оны 10 сар хүртэлх хугацааны цалингийн зөрүү /нэг сарын 131,000/ төгрөг тул нийт 20 сарын зөрүү 2,620,000 төгрөг гаргуулж, дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ш газар- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш- Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд цалингийн зөрүүг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасан байдаг. Дээрх шийдвэртэй холбоотойгоор албан тушаалд эгүүлэн тогтоохоор нэхэмжлэгч Ц.П-гийн талаарх танилцуулгыг удирдлагуудад танилцуулж, шийдвэрлэх шатанд явагдаж байна. Ц.П- нь одоогоор Ш- харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид ахлах нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 102 дугаар магадлалын дагуу Ш газар- нь нэхэмжлэгчид 1,844,531 төгрөгийн цалингийн зөрүүг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр олгосон. Тус магадлалд түүнийг эгүүлэн албан тушаалд томилогдох хүртэл цалингийн зөрүүг олгох талаар шийдвэрлээгүй. Мөн Ш- даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/263 дугаар тушаалаар захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдсон гуравдагч этгээд болох хошууч М.Одбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, хууль, журмын дагуу шилжүүлэхэд орон тооны асуудал тулгарсан. Эдгээр албан хаагчдын асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэхэд гуравдагч этгээдтэй тохиролцох, орон тооны асуудал нь Ш газраас шалтгаалаагүй. Нэхэмжлэгч Ц.П- болон гуравдагч этгээд М.Одбаяр нар нь өөрсдийн одоогийн эрхэлж буй албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, чиг үүргийг гүйцэтгэн, хууль, журамд заасны дагуу тус тус цалин хөлс, нэмэгдлийг тооцуулан авч байна. Мөн нэхэмжлэгч нь одоогийн ажил, албан тушаалыг эрхэлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.7-д зааснаар ажилласан 1 жилийг 1 жил 2 сар ажилласнаар тооцогдож байгаа. Гуравдагч этгээд хошууч М.Одбаярыг Ш- даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1630 дугаар тушаалаар Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар томилсон учир нэхэмжлэгчийг эгүүлэн албан тушаалд томилох нөхцөл бүрдсэн болно. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.2-д зааснаар "чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоохыг хориглосон" бөгөөд нэхэмжлэгчийн цалингийн зөрүү нь орон тоо цалингийн санд тусгагдаагүй, давхардал үүсгэх, мөн байгууллагаас шалтгаалаагүй асуудал үүссэн зэргийг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 7349 дугаар шүүгчийн захирамж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл зэргийг, хариуцагчаас Ш газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3/1630 дугаар тушаал, хариу тайлбар зэргийг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч Ц.П- нь хариуцагч Ш газар-т холбогдуулан цалингийн зөрүү 2,620,000 төгрөг гаргуулах Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: бага цалин хөлстэй буюу бууруулсан албан тушаалдаа ажилласаар байгаа тул цалингийн зөрүүг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
2.Хариуцагч Ш газар- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдсон гуравдагч этгээд болох хошууч М.Одбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, хууль, журмын дагуу шилжүүлэхэд орон тооны асуудал тулгарсан гэж маргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 7349 дугаар шүүгчийн захирамж, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ш газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3/1630 дугаар тушаал, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалаар “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3-д заасныг баримтлан Ш газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.П-г Ш газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд цалингийн зөрүүг олгож, Нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч Ш газрын даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн байх ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 7-14 дэх тал/
5.Хариуцагч Ш газар- нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүүг шаардаж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ц.П- шүүхэд хандсан байна.
6.Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар олгох үндэстэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
8.Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлснээс хойш ажилд эгүүлэн тогтоох тухай хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасан түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.
9.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар магадлалын заалтыг ажил олгогч биелүүлээгүй, ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байна.
11.Иймд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү /нэг сарын зөрүү 131,000 төгрөг 10 сар/-нд 2,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.П-д олгох үндэстэй гэж үзлээ.
12.Хариуцагч Ш газар- нь нэхэмжлэгчийн 2,620,000 төгрөг шаардсан тооцоонд маргаагүй.
13.Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр дээрх олговроос суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
14.Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул нэхэмжлэгч Ц.П-д 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах олговрыг олгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 он/ 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
15.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,870 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш газраас улсын тэмдэгтийн хураамжид 56,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.П-д олгож шийдвэрлэх зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш газраас 2,620,000 /хоёр сая зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.П-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар дээрх олговроос Ц.П-гийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн зэрэг заавал даатгах даатгалуудыг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ш газар-т үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,870 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш газраас улсын тэмдэгтийн хураамжид 56,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.П-д олгосугай.
4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ