Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/30

 

 

 

 

 

 

2021         06            30                                         2021/ДШМ/30

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                              Д.Э, Г.Мнарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: П.Отгонбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Ж,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦ/143 дугаар шийтгэх тогтоолтой Г.М, Д.Энарт холбогдох 2138000000149 дугаартай эрүүгийн хэргийг прокурор П.Отгонбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сандаг Д.Э, 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй егистрийн дугаар .................../,

Монгол улсын иргэн, Шарнууд Г.М, 1994 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар ..................................../.

Шүүгдэгч Г.М, Д.Энар нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Бийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бичлэг хийж байсан гар утсыг булааж, бичлэгийг устгах, заамдах зэргээр биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦ/143 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Сандаг Д.Э, Шарнууд Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Э, Г.М нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Д.Энарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тухай албадлагын арга хэмжээг тус тус авч, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох тухай албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.М, Д.Энарт хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2138000000149 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М, Д.Энарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Оэсэргүүцэлдээ: ... Шийтгэх тогтоолыг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. ...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн атлаа шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Э, Г.Мнарт тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Мөн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт,... харгалзан үзлээ” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзнэ. Нөгөө талаар шүүгдэгч Г.Мэргэн нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэж хариуцлага оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн,...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэсэн заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг шүүгдэгч Г.М, Д.Энар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.” гэж дүгнэсэн атлаа “ТОГТООХ нь” хэсэгт “Д.Э, Шарнууд овгийн Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

3.Мөн шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь:” хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Г.Мнарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох тухай албадлагын арга хэмжээг тус тус авсугай” гэж шийдвэрлэсэн атлаа шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ямар хариуцлага хүлээлгэх талаар тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Г.М, Д.Энар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Бийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бичлэг хийж байсан гар утсыг булааж, бичлэгийг устгах, заамдах зэргээр биед нь халдаж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, тэдний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.

Харин шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн атал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж зохицуулсан бөгөөд прокурор дээрх байдлыг тусгасан саналаа шүүхэд ирүүлжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол  “...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд  хэргийг шийдвэрлэх атал   шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй нь зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

Харин эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэсэн заалтыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйл /Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах/, 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/-д заасан тохиолдолд хэрэглэх бөгөөд энэ хэрэгт дээрх байдал тогтоогдоогүй байна.

2.Шүүх “...гэмт хэргийг шүүгдэгч Г.М, Д.Энар бүлэглэн үйлдсэн” гэж дүгнэсэн атлаа  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нар гэмт хэрэгт хамтран оролцсон талаар тусгаагүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийг зөрчсөн байна.

3.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т заасан тул шүүх энэ талаар шүүгдэгч нарт мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл шүүх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хэрхэх талаар шүүгдэгч нарт мэдэгдээгүй орхижээ.

Иймд дээрх үндэслэлээр  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр ...нэг бүрчлэн тусгах” учиртай. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгчийн нэрийг  “Д.Ж”, “П.Ж” гэж өөр өөр тусгаж, дээрх зүйл, заалтыг зөрчсөн байх тул цаашид ийм төрлийн алдаа гаргахгүй ажиллахыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦ/143 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нарыг” гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан” гэж, “гэмт хэргийг” гэсний дараа “бүлэглэн” гэж, 2 дахь заалтын “7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д” гэж, “заасан хорих ялыг оногдуулахгүйгээр” гэснийг “зааснаар” гэж тус тус өөрчилсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн 5 дахь заалт нэмсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5,6,7 дахь заалтын дугаарыг 6,7,8 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАЯРХҮҮ

       ШҮҮГЧИД                                         Л.ЭРДЭНЭБАТ

                                                                            Б.СОСОРБАРАМ