Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 123/ШШ2023/0006

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Аийн Ч,

Хариуцагч: Төв аймгийн Бсумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бсумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ч, түүний өмгөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Ч нь Бсумын Засаг даргад холбогдуулан Бсумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

2. Иргэн Х.Бнь Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаартай захирамжаар Бсум 3-р баг Цагаан даваа гэх газарт байршилтай нэгж талбарын 4116039667 дугаартай 699 м.кв өвөлжөөний зориулалттай газрыг эрх шилжүүлсэн авсан.

Х.Бнь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Д.Мөнхбатад Бсум 3-р баг Цагаан даваа гэх газарт байршилтай нэгж талбарын 4116039667 дугаартай 699 м.кв өвөлжөөний зориулалттай газрыг “эзэмших, ашиглах, худалдах” бүрэн эрхийг олгож хүсэл зоригоо илэрхийлэн 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон.

Дээрх итгэмжлэлийг үндэслэн Д.Мөнхбат нь нэхэмжлэгч А.Чад маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэхээр 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс уг газрын эрх шилжүүлэх тухай хүсэлтийг Бсумын Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан боловч Бсумын Засаг дарга шийдвэрлэж хариу өгөөгүй тул 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Засаг даргад хандан “тодорхой бус шалтгаанаар Бсумын Засаг дарга газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа тул ...шийдвэр гаргах тал дээр арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдолыг гаргасан.

Төв аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/190 тоот албан бичгээр “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана”, ...Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж байхыг үүгээр зөвлөж байна” гэх хариуг өгсөн.

Бсумын Засаг даргаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/249 тоот албан бичгээр “Манай сумын малын бэлчээрийн даац 27 дахин давсан. ...Тухайн өвөлжөөн дээр танай 700 гаруй мал байна. Өвөлжөөний орчим уурхайн үйлдвэрлэл явагддаг бөгөөд ойр орчмын өвөлжөөний иргэд нэмж айл буулгахгүй байх хүсэлтэй байдаг” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөнөөр нэхэмжлэгч нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Иргэн А.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Бсумын Засаг дарга газар эзэмших эрхийн шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг Төв аймгийн Бсумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие нь 2012 оноос хойш Төв аймгийн Бсумын 3 дугаар багийн Сүүл цагаан гэх газарт 3 га газар эзэмшиж ногоо тарьдаг. Хавар, зун, намрын улиралд тэндээ ажиллаж, амьдардаг. Тэгээд мал аж ахуй эрхлэх зорилгоор Х.Бат-Эрдэнийн эзэмшиж байсан тодорхой дугаар гэрчилгээтэй 699 м.кв өвөлжөөний газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авахаар болж 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулаад холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд Бсумын Засаг даргад хандаж нэр шилжүүлэхийг хүссэн боловч тодорхой шалтгаангүйгээр хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй 2 дахь жил рүүгээ орж байна. Миний бие нь Үндсэн хуульд зааснаар өөрийн амьдрах газраа сонгохоор Бсумын нутаг Сүүл цагаан гэх газрыг Х.Бат-Эрдэнээс шилжүүлж авч амьдрахаар, үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Би Засаг даргатай уулзаад ямар шалтгаанаар надад газар шилжүүлж өгөхгүй байгаа юм бэ гэж асуухад намайг Бсумын үндсэн харьяат биш учраас бүрэн эрхийнхээ хэмжээнд энэ газрыг таны нэр дээр шилжүүлж өгөхгүй, 699 м.кв газрыг хууль бусаар олгосон байна, өвөлжөөний газар гэж олгогдох ёсгүй байсан гэх зэргээр олон тайлбарыг хэлж байсан. Миний хувьд өөрийн нэр дээр газрын эрх шилжүүлж авах хүсэлтэй байгаа. Би уг нь тэр газартаа амьдрах гээд 4 тугалтай үхэр аваачсан. Тэгтэл Засаг даргаас та 700 малтай учраас малын даац хэтэрсэн тул шилжүүлж өгөхгүй, мөн газрын төлөвлөлтөд ороогүй газрыг олгосон байна гэх зэргээр тайлбар хэлж эрхийн гэрчилгээг минь гаргаж өгөхгүй байгаа. Тиймээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Ч нь дээд шатны байгууллага болох аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргахад аймгийн Засаг даргаас зөвлөмж өгсөн байдаг. Тус зөвлөмжид Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу А.Чад 15 хоногийн дотор шийдвэр гаргаж гэрчилгээ олгох тухай зөвлөмж хүргүүлдэг. А.Чын хувьд тэтгэвэртээ гаргаад мал аж ахуй эрхэлж амьдрахаар болж тухайн газарт суурьшиж байгаа. 700 мал гэх тоо гарч ирсэн нь хаанаас гаргаж ирсэн нь тодорхойгүй, харин А.Ч нь 4 тугалтай үхэр малладаг. Газар шилжүүлж өгсөн Х.Бнь худ ургийн холбоотой хүн байгаа. Бсумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа уул уурхайн компанийн газрыг хууль бусаар олгосон байна гэж тайлбарлаж гаргадаг. Гэтэл энэ уул уурхайн компанитай холбоотой баримтыг Бсумын Засаг даргаас гаргаж өгдөггүй. Харин аймгийн газрын албанаас шүүхэд шаардлага хангаагүй баримтуудыг гаргаж өгдөг. Харин Х.Бат-Эрдэнээс А.Чад газрын эрх шилжүүлэхдээ хэрэг болж магадгүй гэж үзээд “Агровольфром” ХХК-иас Х.Бат-Эрдэнэд газар шилжүүлж өгсөн тухай гэрчилгээг өгсөн байдаг. Тус гэрчилгээ дээр өвөлжөөний зориулалтаар гэж бичигдсэн байсан нь нотлогддог. Тэгэхээр өвөлжөөний зориулалтаар газар олгосон гэдэгт ямар ч маргаан байхгүй. Тус өвөлжөөний газрыг нэг иргэн нь нөгөө иргэндээ шилжүүлэх асуудал байгаа. Гэтэл шилжүүлэх эрхийг шийдвэрлэж шилжүүлж өгөхгүй байгаа Засаг даргын хууль бус үйлдэлд захиргааны акт гаргуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Үндэслэлгүй хариу өгч  байгаа нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх асуудал яригдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд хөдөө орон нутагт ажил амьдралаа төвхнүүлэхээр шийдвэрлэж газар тариалан эрхэлж байгаад дараа нь мал аж ахуй эрхлэхээр болж худ ургийн холбоотой хүнээсээ газрын эрх шилжүүлж авсан. Харин үүнийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгөөгүй нь эс үйлдэхүй юм. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т газрын эзэмших эрхэд тавигдах шаардлагад ямар нэгэн эзэмшилтэй давхцалгүй учраас хүсэлт гаргасан. Мөн 27 дугаар зүйлийн 27.2-т Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, гэрчилгээ олгох зүйл заалт байгаа, үүнд Чын хувьд газар эзэмших талаар хуульд харшилсан зүйл байхгүй. Бүрдүүлбэр хангаж өгөөгүй учраас Засаг дарга шийдвэр гаргаагүй гэж хэлж байна. Урьд нь өмнө хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байсан учраас Засаг дарга чиглэл өгч, дараа нь Бсумын Засаг даргаас 700 малтай даац хэтэрсэн учраас шилжүүлэх боломжгүй гэдэг хариу өгсөн байдаг. Сүүлд шүүхэд тайлбар өгөхдөө хууль зөрчсөн байна гэж тайлбарлаж байна. Гэтэл хууль зөрчигдсөн асуудал байсан юм бол түүнийг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга өөрчилж шийдвэрлэх боломж байсан. Сая л бүрдүүлбэр хангаагүй гэж байна. Гэтэл малын тоо л заасан нөхцөл байдал харагдаж байна. Иргэн Х.Бэзэмшлийнхээ газрыг бусдад шилжүүлэх эрхтэй, Х.Бат-Эрдэнэд нь Д.Мөнхбатад итгэмжлэл өгөөд үүний дагуу Д.Мөнхбат нь А.Чад газрын асуудлыг шилжүүлсэн байгаа. Мөн Х.Бнь худ ургийн хүндээ газрыг шилжүүлсэн гэж тайлбар гаргасан байгаа. Энэ бүхээс дүгнэлт хийгээд үзэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.4-т заасан үндэслэл байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Иргэн Х.Бат-Эрдэнийн эзэмшиж байсан 000116490 гэрчилгээний дугаартай 4116039667 нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв өвөлжөөний газрыг А.Ч өөрийн нэр дээр шилжүүлэн авах газар эзэмшүүлэх эрх шилжүүлэн авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь “Монвольфрам” ХХК-иас “Агровольфром” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/288 тоот захирамжаар Эрдэнэ багийн Усан гозгорт байрлах уурхайн ажилчдын тосгоны зориулалтаар 10 га, Усан гозгорт тосгоны усан сангийн зориулалтаар 1.3 га, Усан гозгорт хүнсний зориулалтаар 2 газрыг тус тус шилжүүлсэн. Сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 тоот захирамжаар “Агровольфром” ХХК-ийн сумын Засаг даргын А/288 тоот захирамжаар олгогдсон газраас иргэн Х.Бат-Эрдэнэд өвөлжөөний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн нь хүчин төгөлдөр бус шийдвэр байна. Уг захирамжид “Агровольфром” ХХК-д өвөлжөөний зориулалтаар газрын талаар дурдаагүй болно. Гэтэл “Агровольфром” ХХК нь 2020 оны газар зохион байгуулах төлөвлөгөөнд тусгагдаагүй өвөлжөөний газрыг иргэн Х.Бат-Эрдэнэд шилжүүлсэн нь урьд байхгүй байсан газрыг шилжүүлсэн хүчин төгөлдөр бус шийдвэр байна. Мөн “Агровольфром” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 25-наас 10 жилийн хугацаатай тус газрыг эзэмшүүлсэн бөгөөд иргэн Х.Бат-Эрдэнэд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаар захирамжаар 8 жилийн хугацаатай газар эзэмших эрх шилжүүлсэн нь хугацааг сунгаж иргэнд эзэмшүүлсэн байна. Тухайн сумын Эрдэнэ багийн Мухдаг гэх газрын орчмоор өвөлжөө, фермер бэлчээрийн даац хэт давсан, тухайн газар нутгийн малын тоо толгой нь 947.1 буюу 28 малчин өрх өвөлжөөний газартай байна. Иймээс иргэн А.Чад өвөлжөөний зориулалтаар 0.7 га газрыг эзэмшүүлэх боломжгүй байна... гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас иргэн А.Чад өвөлжөөний зориулалтаар 0.7 га газрыг эзэмшүүлэх боломжгүй байна гэсэн тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа. Эс үйлдэхүй гэх асуудлыг хөндөж байна. Энд эс үйлдэхүйн асуудал огт байхгүй гэж үзэж байна. Учир нь Засаг дарга газрын эрх шилжүүлэх боломжгүй гэдэг хариу өгчихсөн байхад эс үйлдэхүй гэдэг асуудал нэхэмжлэлийн шаардлагад орж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Хүсэлтэд огт хариу өгөхгүй байвал эс үйлдэхүй гэх асуудлыг ярина. Гэтэл Засаг даргаас хүсэлтийн хариуг удаа дараа өгдөг. Тэгэхээр эс үйлдэхүй гэж ярих боломжгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан. Тэгэхээр 2 өөр ялгаатай. Засаг даргаас татгалзсан буюу боломжгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ нь эс үйлдэхүй хууль бус гэдэгт хамаарах уу гэдэг нь эргэлзээтэй. ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана” гэж заасан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” зэрэг баримтуудыг хавсаргаж өгөөгүй. Тэгэхээр энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 38.3-т дараах зүйлийг тодруулна гэж заасны дагуу энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангах гэдэг асуудал яригдана. Хавтаст хэрэгт татвар төлсөн, хураамж төлсөн баримт зэрэг хууль заасан баримтуудыг хавсаргаж өгөөгүй байна. Газрын төлөвлөгөөнд огт байхгүй газрыг олгосон учраас газрын төлөвлөгөөнд оруулаад тэрний дараа Засаг дарга батлах байсан. Өмнө нь өвөлжөөний зориулалтаар газар олгогдсон байсан захирамж байхгүй. Дандаа усан сан, тосгоны зориулалт, хүнсний зориулалтаар олгож байсан.  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Тэгэхээр газар эзэмшүүлэх шийдвэр маань хууль бус шийдвэр юм. Тиймээс шилжүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Бсумын нутагт байрлах 699 м.кв өвөлжөөний газарт 2011 оноос хойш мал маллан амьдарч байгаад 2021 оны 08 сард Төв аймгийн Баян сум руу шилжин нүүхээр болсон тул хуучны танил А.Чад өвөлжөөгөө шилжүүлж өгсөн. Иймд өвөлжөөний бичиг баримтыг А.Чад шилжүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тайлбарлан маргасан байна. Үүнд:

1. Бсумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус,

2. Газар эзэмших эрх шилжүүлэх талаар захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах,

 

Гурав. Хариуцагч талаас ...“Монвольфрам” ХХК-иас “Агровольфром” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/288 тоот захирамжаар Эрдэнэ багийн Усан гозгорт байрлах уурхайн ажилчдын тосгоны зориулалтаар 10 га, Усан гозгорт тосгоны усан сангийн зориулалтаар 1.3 га, Усан гозгорт хүнсний зориулалтаар 2 газрыг тус тус шилжүүлсэн. Сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 тоот захирамжаар “Агровольфром” ХХК-ийн сумын Засаг даргын А/288 тоот захирамжаар олгогдсон газраас иргэн Х.Бат-Эрдэнэд өвөлжөөний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн нь хүчин төгөлдөр бус шийдвэр байна. Тухайн сумын Эрдэнэ багийн Мухдаг гэх газрын орчмоор өвөлжөө, фермер бэлчээрийн даац хэт давсан, тухайн газар нутгийн малын тоо толгой нь 947.1 буюу 28 малчин өрх өвөлжөөний газартай байна. Уг захирамжид “Агровольфром” ХХК-д өвөлжөөний зориулалтаар газрын талаар дурдаагүй болно. Иймээс иргэн А.Чад өвөлжөөний зориулалтаар 0.7 га газрыг эзэмшүүлэх боломжгүй...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Дөрөв. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-Д.Мөнхбатаас А.Чад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Бсум 3-р баг Цагаан даваа гэх газарт байршилтай нэгж талбарын 4116039667 дугаартай 699 м.кв өвөлжөөний зориулалттай газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ[1],

-Х.Бнь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Д.Мөнхбатад Бсум 3-р баг Цагаан даваа гэх газарт байршилтай нэгж талбарын 4116039667 дугаартай 699 м.кв өвөлжөөний зориулалттай газрыг “эзэмших, ашиглах, худалдах” бүрэн эрхийг олгосон итгэмжлэл[2]

-Бсумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаартай Х.Бат-Эрдэнэд Бсум 3-р баг Цагаан даваа гэх газарт байршилтай нэгж талбарын 4116039667 дугаартай 699 м.кв өвөлжөөний зориулалттай газрыг 8 жилийн хугацаатай эзэмшүүлсэн захирамж[3],

-Х.Бат-Эрдэнийн Бсум 3-р баг Цагаан даваа гэх газарт байршилтай нэгж талбарын 4116039667 дугаартай 699 м.кв өвөлжөөний зориулалттай газрын газар эзэмших эрхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бичигдсэн гэрчилгээ[4],

-А.Чаас Бсумын Засаг даргад гаргасан өргөдөл гаргасан тухай тодорхойлолт, өргөдөл, гомдол бүртгэл-хяналтын картын маягт[5],

-А.Чаас Төв аймгийн Засаг даргад гаргасан өргөдөл[6],

-Төв аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлээд гаргасан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/190 тоот “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана”, ...Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж байхыг үүгээр зөвлөж байна” гэх албан бичиг[7],

-Бсумын Засаг даргаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/249 тоот “Манай сумын малын бэлчээрийн даац 27 дахин давсан. ...Тухайн өвөлжөөн дээр танай 700 гаруй мал байна. Өвөлжөөний орчим уурхайн үйлдвэрлэл явагддаг бөгөөд ойр орчмын өвөлжөөний иргэд нэмж айл буулгахгүй байх хүсэлтэй байдаг” гэх албан бичиг[8],

-Бсумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/288 дугаартай “Монвольфрам” ХХК-ийн 18.6 га газрыг “Агрофольфром” ХХК-д 10 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлэх тухай захирамж[9],

-Бсумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/122 дугаартай “Монвольфрам” ХХК-д нийт 133,52 га газрыг шилжүүлэн эзэмшүүлэх тухай захирамж[10],

-Эрхийн 000309172 тоот дугаартай “Агрофольфром” ХХК-ийн Бсумын Эрдэнэ баг Цагаан даваа гэх газарт байршилтай 700 м.кв өвөлжөөний зориулалттай газрын эзэмших эрхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бичигдсэн гэрчилгээ[11],

-Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07/911 дугаартай “...Бсумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “Монвольфрам” ХХК-д эзэмшүүлсэн 133,52 га газрыг 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан тусгагдсан боловч байршил, зураглал, координат байхгүй байна. ...2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар эзэмших эрх шилжүүлэхээр тусгагдаагүй байна...” гэх албан бичиг[12],

-Төв аймгийн Бсумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Сумын газар зохион байгуулалтын 2007 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоол[13],

-Төв аймгийн Бсумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2008 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай тогтоол[14],

-Төв аймгийн Бсумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт дүгнэж, газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай тогтоол[15] болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шилжүүлэн шийдвэрлэхгүй байгаагаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

 

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

1. Бсумын Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/122 дугаартай захирамжаар “Монвольфрам” ХХК-д 133,52 га газрыг эзэмшүүлсэн. Мөн тус сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/288 дугаартай захирамжаар “Монвольфрам” ХХК-ийн 18.6 га газрыг “Агрофольфром” ХХК-д 10 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн. Уг захирамжийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 дугаартай захирамжаар маргаан бүхий өвөлжөөний зориулалттай газрыг Х.Бат-Эрдэнэд 8 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Мөн үүнээс өмнө “Агрофольфром” ХХК-д 2014 онд уг газрыг тухайн зориулалтаар нь Эзэмших эрхийн 000309172 тоот дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлж байсан байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Засаг даргад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, ...үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдна” гэж зааснаар хүэлтээ гаргасан байх бөгөөд хариуцагчаас 2022 оны 01/249 тоот албан бичгээр “...тухайн өвөлжөөн дээр 700 гаруй мал байна. Өвөлжөөны орчимд уурхайн үйлдвэрлэл явагддаг бөгөөд ойр орчмын өвөлжөөны иргэд нэмж айл буулгахгүй байх хүсэлтэй байдаг” гэсэн  хариуг өгч, нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан арга журмын дагуу шийдвэрлэхээс татгалзсан нь нэхэмжлэгч иргэний газар эзэмших эрх шилжүүлэн авах буюу газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байгаа бөгөөд хариуцагчийг нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан арга журмын дагуу шийдвэрлээгүй буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцаанд холбогдох үндэслэлээр асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн шилжүүлж авах хүсэлт гаргасан газар нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй, мөн шилжүүлэгч этгээдэд нь эрх бүхий этгээдээс тухайн зориулалтаар нь эзэмшүүлсэн шийдвэр захирамж нь мөн хүчин төгөлдөр байх тул Монгол улсын иргэн нь хуульд заасан эрхийн хүрээнд хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах эрхтэй юм. Үүнээс нэхэмжлэгч иргэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах буюу газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн татгалзсан үйлдэл, үндэслэлд дурдсанаар “тухайн нэгж талбар бүхий газар нь уг зориулалтаар олгох ёсгүй байсан. Олгосон нь тухайн жилийн газар зрхион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдах байтал, хууль бусаар олгогдсон байсан” гэсэн нь угтаа Засаг дарга өөрийнх нь үйл ажиллагааны үр дагавар гэж үзэх бөгөөд хэрэв тийм алдаа гарсан байсныг залруулах шаардлага бий болсон бол өөрөөс нь буюу эрх бүхий төрийн байгууллага албан тушаалтнаас олгогдсон, шударга эзэмшигчид шилжсэн газрын асуудлыг, газар эзэмшигчид нь мэдэгдсэний үндсэн дээр түүнтэй зөвшөлцөх замаар газар эзэмшигчид хохиролгүй байдлаар шийдвэрлэх эрх нь нээлттэй байх ба энэхүү байдлаар газар эзэмшигчийг хохироосон байдлаар эс үйлдэхүй гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчимд үл нийцсэн хууль бус эс үйлдэхүй болж байна.

Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана”, мөн зүйлийн 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” зэрэг баримтуудыг хавсаргаж өгөөгүй нь 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...Хавтаст хэрэгт татвар төлсөн, хураамж төлсөн баримт зэрэг хуульд заасан баримтуудыг хавсаргаж өгөөгүй байна...” гэж тайлбарлан мэтгэлцсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй, улмаар өөрсдийн тайлбар, няцаалтдаа дурдаагүй атлаа хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хэрэгт авагдаагүй баримт дурдан маргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан агуулгын хүрээнд нэхэмжлэгч хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтан болох аймгийн Засаг даргад гомдлоо гарган шийдвэрлүүлсэн байх ба уг гомдлын дагуу дээд шатны албан тушаалтан нь асуудлыг хянан шийдвэрлээд, “Чиглэл хүргүүлэх тухай” 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийг хариуцагчид хүргүүлэхдээ “Иргэн Аийн Ч нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг Бсумын Засаг даргад өгч хуулийн дагуу шийдвэрлээгүй талаар гомдол ирүүлээд байна. ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хянаж үзээд, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж заасны дагуу тухайн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэхээр эрх зүйн зохицуулалттай. ...өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж байхыг үүгээр зөвлөж байна” гэж үүрэг чиглэл өгөн шийдвэрлэсэн[16], мөн нэхэмжлэгчийн тухайн хүсэлтийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтан болох тус сумын газрын даамал албан тушаалтан нь бүртгэн хүлээн авахдаа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Өргөдөл авсан тухай тодорхойлолт”-ын баримтыг бичиж өгсөн, улмаар газрын даамал албан тушаалтан нь “Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт”-аар өргөдлийн шийдвэрлэлтийн явцыг тэмдэглэхдээ “2021 оны 09 дүгээр сарын 15-нд захирамжийн төсөл боловсруулан Засаг даргад өгсөн. Холбогдох хүмүүстэй уулзана гээд буцсан” гэсэн тэмдэглэл[17] зэргээр нэхэмжлэгчийн гаргасан  хүсэлтэд хавсаргах бичиг баримтын бүрдлийн маргаан байгаагүй нь тогтоогдож байна. Харин хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан энэхүү асуудлыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдуулан үзвэл уг бичиг баримтын бүрдэл гэх асуудал нь газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх харилцааны салшгүй нэг хэсэг болох, мөн  уг хүсэлтийг гаргаснаас хойш цаг хугацаа өнгөрсөн нөхцөл байдалд холбогдуулан дахин хянаж шийдвэрлэх зүйтэй болно.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд “...Сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/497 тоот захирамжаар “Агровольфром” ХХК-ийн сумын Засаг даргын А/288 тоот захирамжаар олгогдсон газраас иргэн Х.Бат-Эрдэнэд өвөлжөөний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн нь хүчин төгөлдөр бус шийдвэр байна. Уг захирамжид “Агровольфром” ХХК-д өвөлжөөний зориулалттай газрын талаар дурдаагүй...” гэж тайлбарлаж байгаа боловч 2013 онд ажиллаж байсан Засаг дарга нь хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/288 тоот захирамжаар “Агровольфром” ХХК-д өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн олгосныг үгүйсгээгүй байна.

Тодруулбал, Бсумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/288 дугаартай захирамжаар “Монвольфрам” ХХК-ийн 18.6 га газрыг “Агрофольфром” ХХК-д 10 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн захирамж, газар эзэмших эрхийн 000309172 дугаартай гэрчилгээ нь хүчин төгөлдөр буюу түүнийг хүчингүй болгох захиргааны шийдвэр гаргаагүй байхад Х.Бнь шилжүүлэн авсан.

Эндээс үзвэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах нэхэмжлэгчийн эрхийг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Төрийн захиргааны байгууллагын хариуцлагагүй үйлдэл, үйл ажиллагааны улмаас хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байх тул хариуцагч Засаг дарга эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуульд заасан бүрдлийг хангуулан шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрхэд үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй байна гэж үзэж нэхэмжлэгч А.Чын “Бсумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт ”Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Чын гаргасан “Бсумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нээхмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхийг Бсумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтэд хавсаргавал зохих бүрдлийг хангуулан газар эзэмших эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЗОРИГТБААТАР

 

 

[1] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 9 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 7 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 12 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 13 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 15 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 45 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 44 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 77 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 79 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 125-127 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 128 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 129-130 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 13 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 10, 11 дүгээр тал