Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мөнх-Эрдэнэд холбогдох 17160001300006 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун сумд 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 30 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт тус аймгийн Халиун сумын Сүүж багт оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,  ДК87041510 регистрийн дугаартай Жалайр овогт Заяахүүгийн Мөнх-Эрдэнэ гэв.
Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутаг Мухар хөтөл гэх газраас иргэн Л.Доржхандын Портер маркын машинд байсан цүнхнээс нь 790.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 
Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутаг Мухар хөтөл гэх газраас иргэн Л.Доржхандын Портер маркын машинд байсан цүнхнээс нь 790.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 07 дугаар сарын 24- ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүж багийн нутаг Баян-Өндөрийн овоон дээр гарсан. Тэгээд буцах замдаа Портер маркын машинаас 790.000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талын хохирлыг бүрэн барагдуулсан.  1 жил 1 сарын хугацаагаар тэнсэх ялыг өгөөч. Би аав ээжийн хамт амьдардаг аав маань 2016 онд элэгнийхээ 20 хувийг тайруулсан энэ жил явж үзүүлэхэд эмчилгээгүй гэсэн. Одоо гэртээ очоод малаа хариулаад аав ээж хоёроо төвд оруулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Доржхандын “...Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багт байдаг Баян-Өндөрийн овоон дээр гарцгаасан юм. Овоон дээр гарахад зам нь бартаатай байсан учир нөхөр бид 2 Портер машинаа орхиод явсан. Тэгэхдээ цүнхэн дотроо мөнгөө орхиод явсан юм. Баян-Өндөрийн овоон дээрээс буугаад ирэхэд цүнхэнд байсан 790.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг / ХХ13-14/,
  гэрч Б.Баянмөнхийн “...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Халиун сумын Сүүж багт байх Баян-Өндөрийн овоон дээр З.Мөнх-Эрдэнэтэй хамт гарсан. Овоон дээр 10-20 хүн байсан... Баян-Өндөрийн овоон дээрээс 12 цагийн үед буусан. Замд мотоциклийн дугуй хагарсан. Ойролцоо нэг Портер машин байсан. З.Мөнх-Эрдэнэ явган яваад машин дотроос багажийг нь авч ирээд мотоциклийнхоо дугуйг янзлаад буцааж багажийг нь тавьсан... З.Мөнх-Эрдэнийг машин дотроос мөнгө авсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /ХХ16-17/
гэрч Г.Цэцэгсүрэнгийн “...Л.Доржханд нь нөхөр Бархасын хамт Портер машинтай явсан. Машинаа Халиун сумын Баян-Өндөр овооны ойролцоо үлдээсэн. Тухайн машин нь цаашаагаа овоонд очих боломжгүй, газар нь бартаатай байсан... оройхон овооноос буугаад Л.Доржханд, Бархас хоёрын машин дээр ирэхэд машин дотор байсан мөнгө алга болчихсон байна гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би Л.Доржхандад мөнгө байсныг мэдэж байсан. Тухайн үед манай хадам аавынх хонио ноосолсон байсан. Ноосны мөнгө нь Л.Доржхандад байсан...” гэх мэдүүлэг /ХХ18-19/
гэрч Д.Бархасын “...Зам бартаатай учир машинаар явах боломжгүй байсан тул машинаа үлдээгээд явсан. Портер машинд эхнэр Л.Доржханд цүнхээ үлдээсэн. Цүнхэнд хадам аавын хонины ноосны мөнгө байсан юм... Оройхон овооноос буугаад машин дээрээ ирэхэд машины хаалганы бариул нь дээшээгээ хөдөлчихсөн байсан. Машины хаалгыг онгойлгоход манай эхнэрийн машинд байсан цүнх цахилгаанаараа онгойчихсон дотор нь байсан эд зүйлсийг гаргаад хаячихсан цүнхэн дотор байсан 790.000 төгрөг алга болчихсон байсан... Халиун сумын Баян-Өндөрийн овоон дээр гарах үед хадам аавынд хүмүүс ирсэн хөл хөдөлгөөн ихтэй байсан учир мөнгийг нь өгч чадалгүй эхнэр Л.Доржханд биедээ аваад яваад байсан юм...” гэх мэдүүлэг /ХХ21-22/ 
гэрч Л.Отгонбаярын “...Баян-Өндөрийн овоо дөхөөд замын бартаа ихсээд цаашаагаа Портер машин явах боломжгүй байсан тул тэр хоёр машинаа орхиод өөр унаагаар Баян-Өндөрийн овоон дээр гарсан юм. Оройхон овооноос буугаад машин дээрээ ирэхэд машин дотор нь байсан эд зүйлсийг гаргаад хаячихсан цүнхэн дотор байсан 790.000 төгрөг алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /ХХ23-24/
гэрч Ц.Пүрэвсүрэнгийн “... манай хонины ноосыг борлуулчихаад мөнгийг нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай охин Л.Доржханд аваад ирсэн юм. Тэгээд хөдөө отрын гэрт хүн ихтэй охиноосоо мөнгөө авч чадалгүй явж байгаад 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай охин нөхөртэйгөө Баян-Өндөрийн овоон дээр гарах гээд Портер машинтай явж байгаад машинаа газар бартаатай байхаар нь орхиод өөр унаагаар явсан юм. Тэгтэл Портер машинд байсан манай охин Л.Доржхандын цүнхэнд байсан манай хонины ноосны мөнгө болох 790.000 төгрөг алга байна гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ25-26/
гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ5/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ7/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 790.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болох нь хохирогч Л.Доржхандын Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /ХХ57/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ /ХХ61/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай тогтоол /ХХ62/-оор хангаж шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан  /ХХ65/ байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх үндэслэлтэй  байна. 
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ42/, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болох нь хохирогч Л.Доржхандын “...Миний бие Лхагвасүрэн овогтой Доржханд нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 790.000 төгрөгийг машинаасаа хулгайд алдсан. Уг мөнгийг З.Мөнх-Эрдэнэ хулгайлж авсан байсан бөгөөд уг 790.000 төгрөгийг буцааж өгч хохирлыг бүрэн барагдуулсан тул Заяахүүгийн Мөнх-Эрдэнээс нэхэмжлэх зүйл байхгүй, уг хэрэгтэй холбоотой гомдол санал алга байна...” гэх хүсэлт /ХХ57/ зэргээр тус тус тогтоогдож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял ногдуулахдаа харгалзаж үзэв. 
Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч Жалайр овогт Заяахүүгийн Мөнх-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчилөх, эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар З.Мөнх-Эрдэнэд хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд  хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийн ДК87041510 регистрийн дугаартай цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
6 Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол З.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
 
 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА