Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2022/01163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо өөрийн байранд байрлах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба,

Хариуцагч: Төв аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух******* овогт**************д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь Ц.Алтаншагайд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас Төв аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух************** нь 5,000,000 төгрөгийн FT-200 маркын бага оврын тракторыг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар гэрээ байгуулан авсан. Гэвч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Алтаншагай нь 5,000,000 төгрөгийн FT-200 маркын бага оврын тракторыг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 60 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцож 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаар гэрээ байгуулан авсан. Гэвч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Эрин Интернэшнл ХХК-ийн хашаанд Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн 8000 гаруй тракторыг байрлуулж, сангийн зөвшөөрлөөр олгож байсан, трактор тус бүрт бүртгэл байхгүй, үл хөдлөх хөрөнгө биш учир бүртгүүлэх шаардлагагүй, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас гаргасан 3,750,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээний нэхэмжлэх хугацаа хэтэрсэн, хугацаандаа нэхэмжлэлээ гаргах эсвэл гэрээгээ тухайн үед харилцан өөрчлөлт оруулах байсан гэж үзэж байна. Ц.Алтаншагай нь 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас жижиг оврын тракторыг түрээсийн гэрээгээр авсан. Урьдчилгаа 2,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч байгууллагаас өдийг хүртэл буюу 10 жилийн хугацаанд төлбөрийг нэхэмжилж, албан бичгээр шаардлага тавьж байгаагүй учраас сонгуультай холбоотой төлбөрийг дууссан хэмээн ойлгоод өдийг хүрсэн. Гэрээнд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэгч байгууллага шаардах эрхгүй гэж үзэж байна.

Мөн трактор нь газартай холбоотой учраас үл хөдлөхийн бүртгэлд бүртгэгдэх ёстой. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байвал гэрээ хүчин төгөлдөр бус болно гэж заасан. Тракторыг Тариалан эрхлэлтийн сангийн өмч, эсвэл Эрин Интернэшнл ХХК-ийн хэний өмч болох нь тодорхойгүй гэжээ.

4.Нэхэмжлэгчээс өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаартай гэрээний хуулбар (хх-7-9), 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт,******* овогт**************н иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-11), Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №16 дугаар тогтоолын хуулбар (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын хуулбар (хх-13) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг (1 жил) Э.Нарантуулд, хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг (1 жил) Ж.Энх-Амгаланд олгожээ. (хх-3, 18)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжилсэн 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 206 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ-гээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн бага оврын трактор (хадлангийн иж бүрдэл) нэгийг 5 жилийн хугацаатай, урьдчилгаа 50% болох 2,500,000 төлөн үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг хариуцагч Ц.Алтаншагайгаас гаргуулж өгнө үү.

Эрин Интернэшнл ХХК-ийн хашаанд Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн 8000 гаруй тракторыг байрлуулж, сангийн зөвшөөрлөөр олгож байсан, трактор тус бүрт бүртгэл байхгүй, үл хөдлөх хөрөнгө биш учир бүртгүүлэх шаардлагагүй, шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Алтаншагайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энх-Амгалан нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 онд түрээсийн зээлээр FT-200 маркын бага оврын тракторыг 50 хувийг төлж түрээсээр авсан. Учир нь гэрээний нэхэмжлэх хугацаа хэтэрсэн, хугацаандаа нэхэмжлэлээ гаргах эсвэл гэрээгээ тухайн үед харилцан өөрчлөлт оруулах байсан гэж үзэж байна.

Трактор нь газартай холбоотой учраас үл хөдлөхийн бүртгэлд бүртгэгдэх ёстой. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байвал гэрээ хүчин төгөлдөр бус болно гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага 1 сарын дотор гэрээгээ цуцалж нэхэмжлэх эрхтэй байж тариалангийн сан гэдгээр халхавч хийж байгааг ойлгохгүй байна. Тракторыг Тариалан эрхлэлтийн сангийн өмч, эсвэл Эрин Интернэшнл ХХК-ийн хэний өмч болох нь тодорхойгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу алдангийг төлөхгүй. Тиймээс гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн бөгөөд Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Санхүүгийн түрээс гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг анхдагч түрээс гэж үзнэ гэж, мөн хуулийн 3.2.1-д Түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түрээслэгч өөрөө түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж түрээсийн зүйлийг гэрээний дагуу бусдад түрээслүүлэх санхүүгийн дамжуулах түрээс гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн авлагын дэлгэрэнгүй журналууд, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 206 дугаартай гэрээний хуулбар (хх-7-9), 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт,******* овогт**************н иргэний үнэмлэхийн хуулбар (хх-10), Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-11), Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №16 дугаар тогтоолын хуулбар (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр тушаалын хуулбар (хх-13) зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Ц.Алтаншагайтай FT-200 маркын бага оврын трактор /хадлангийн иж бүрдэл/-ыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээг байгуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Тус санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээгээр FT-200 маркын трактор 1, хадуур 1, тармуур 1 (хадлангийн иж бүрдэл) зэрэг эд хөрөнгийг худалдан авахын тулд түрээслүүлэгчээс тракторын иж бүрдлийг түрээсээр авах, төлбөрийг хуваарийн дагуу буцаан төлөхөөр тохиролцож, гэрээний үнийг 5,000,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөгийг төлж, үлдэх 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөгөөр хуваан төлж, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж дуусгах үүргийг хариуцагч Ц.Алтаншагай нь хүлээжээ.

Гэрээний нөгөө тал болох Тариалан эрхлэлтийн сан нь Foton lovol-200 маркын трактор 1, хадуур 1, тармуур 1-ийг Ц.Алтаншагайд хүлээлгэн өгөх зөвшөөрлийг өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн ба энэ талаар зохигчид мөн маргаагүй. (хх-6)

Энэ санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээнд талуудын эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан шаардлагад нийцсэн, мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313-т заасан Санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлийг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэв.

2. Талууд дээрх гэрээний үнийг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон байх ба хариуцагч Ц.Алтаншагай нь урьдчилгаа 2,500,000 төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Төрийн банк дахь 3406012236 дугаар дансанд Ц.Алтаншагай, тракторын үнэ гүйлгээний утгатайгаар төлсөн байх ба энэ талаар зохигчид маргаагүй. (хх-10)

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана гэж, мөн зүйлийн Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ: 14.4.3-т бүх өр төлбөр-ийг нягтлан бодох бүртгэлд бүртгэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал баримтаар НБ91040115 регистрийн дугаартай Ц.Алтаншагайн нэр дээр дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөгийг дансны авлага-аар бүртгэсэн болох нь нотлогдож байна. /хх-4/

Мөн тус тракторын иж бүрдлийг Ц.Алтаншагайд хүлээлгэн өгөх зөвшөөрлийг Эрин Интернэшнл ХХК-д Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал олгосноос үзэхэд тухайн гэрээний зүйлийг захиран зарцуулах эрх Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгогдсон байсан болох нь тогтоогдож байна. /хх-6/

Хариуцагч Ц.Алтаншагай нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай санхүүгийн түрээсийн (лизинг)-ийн гэрээг байгуулж, гэрээний зүйлийг өөрийн өмчлөл, эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авсан боловч үнийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй, 2,500,000 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тодруулбал хариуцагч Ц.Алтаншагай нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд нь заавал төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээсэн байна.

Иймд нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Ц.Алтаншагайгаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Дээрх гэрээнд түрээсийн төлбөрийг тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,05 хувиар тооцон алдангийг хоног тутам төлөхөөр талууд урьдчилан бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзын зохицуулалтад нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөр дууссанаас хойш алдангийг тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон алдангид 1,250,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

3.Талууд 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээг 60 сарын хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дууссан.

Дээрх хугацаанаас тооцвол тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болжээ.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, ... бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор зохицуулсан.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгана гэж заасан бөгөөд мөн хуулийн 5.3.19-д зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих санг шинээр байгуулахаар болжээ.

Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын №16 дугаар тогтоол (хх-12), Монгол улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дүгээр Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас баланст шилжүүлэх тухай тушаал (хх-13) зэрэг нотлох баримтуудаар талуудын маргаж буй 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 208 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрх бүхий субъект байгуулагдаагүй, тодорхой бус байсан тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд төрийн байгууллага, албан газраар бүртгэгдсэнээс хойш хуучин Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг ...холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлэх явцад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь зохигч талуудын хүсэл зоригоос үл хамаарсан байна.

Иймд шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлин 82.4-т заасан үндэслэлээр хариуцагч Ц.Алтаншагайтай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймээс хариуцагч Ц.Алтаншагайгаас үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, алдангид 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ц.Алтаншагайгаас улсын тэмдэгтийн хураамжид 74,950 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Алтаншагайгаас 3,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ц.Алтаншагайгаас улсын тэмдэгтийн хураамжид 74,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН