Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

2025      06        24                                            2025/ШЦТ/324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Э.Г

Хохирогч Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М, Б.Б

Шүүгдэгч М.Н, Г.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2525000000063 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Т овгийн М-ын Н, Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик мэргэжилтэй, Өмнөговь аймаг “***” ХХК-д панель угсрагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/.

2. Х овгийн Г-н Э, Монгол Улсын иргэн, 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн **** апартмент *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Н, Г.Э нар нь 2024 оны 12 дугаар сарын 30-ний өглөөний 06 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн *** тоотод Б.Гтай маргалдан, зодолдож, эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун бугалга, хүзүү, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Н, Г.Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Э хохирогчийг цохиогүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ “Н Г  нарыг салгах гэж оролдсон, цохьсон зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ “Нтай ноцолдож байхад Э надруу юм авч шидсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Гын “2024 оны 12 дугаар сарын 29-ний орой найз А-н төрсөн өдрийг тэмдэглэсэн. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 06 цагийн орчим Согоот багийн *** тоотод манайд орсон. Тэгээд Н, Э хоёр 00-н өрөө ороод маргаад байх шиг байсан. Тэгээд гарч ирээд намайг Н чи найз охины бөгснөөс базсан байна гээд бид хоёр маргалдаад удалгүй Н найз охинтойгоо гарсан. 10 орчим минутын дараа тэр хоёр орж ирээд Э над руу ирээд хэрүүл хийгээд байхаар нь би мөргөөд цохисон, Тэгсэн найз залуу болох Н нь надтай зодолдоод эхэлсэн тэгээд би цагдаа дуудсан. Намайг Н буланд шахаад цохиж байхад Э бас цохиж  аваад маажсан. Яг хэн нь хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/

2. Гэрч Г.А-н “Г-ын гэрт 05 цагийн орчимд би болон Н, Э бид 4 очсон. Г  гэртээ ороод бидэнд пиво өгсөн. Бид тэр пивыг уугаагүй. Тэгээд би Г-ын жижиг өрөөнд нь ор засаад орондоо ороод хэвтэж байсан чинь Н, Э нар 00-н өрөөнд орж хоорондоо юм ярьж байгаад гарч ирээд Н Г аас эелдэгээр асуугаад уучлаарай Г аа чи манай найз охины өгзөгнөөс базаж авсан юм уу гэсэн чинь Г  би базаагүй гэхэд Э нь хажуугаас нь Г ыг чи хүний өгзөгнөөс базчихаад эр хүн шиг уучлалт гуйчихаач гэсэн чинь Г  за уучлаарай би өгзөг базаагүй байж уучлалт гуйчихсан юм чинь одоо нэг базчих уу гэсэн чинь Н уурлаад Г ыг чи юу яриад, эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаа юм бэ гэсэн чинь Г  нь би үнэхээр өгзөг базаагүй юм чинь өөр яах юм гэж хэлэхэд Н, Г  нар хоорондоо барьцалдаж аваад бие биеэ ганц нэг цохиод салсан. Тэгээд Н энд хононо гэж бүтэхгүй юм байна бүгдээрээ явъя гээд Н Эг дагуулаад гараад явсан. Тэднийг Г-ын гэрээс гараад явсны дараа би Г-ын гэрийг цэвэрлээд байж байтал Н, Э нар буцаж орж ирээд Г ыг чи үнэнээ хэлээд сурчих за юу гэсэн чинь Г  нь Эг толгойгоороо мөргөөд авсан. Тэгээд Н, Г  нарын хооронд зодоон болсон. Тухайн зодооны үеэр Г  нь Нг зуураад салахгүй байсан. Би салгах гэсэн боловч надад дийлдэхгүй зодолдоод байсан. Нэг мэдсэн чинь гаднаас Нгийн найз гэх 2 залуу ороод ирчихсэн байсан. Тэгээд тэр 2 залуу Г , Н хоёрыг салгаад Нг Эгийн хамтаар аваад гараад явсан. Яг зодоон болж байх үед Г-ын нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус урссан байсан. Харин Нгийн биед үл харагдах шарх анзаарагдаагүй. Миний харснаар бол Г , Н нар бие биетэйгээ барьцалдаад ганц хоёр цохилцож байсан. Харин тэднийг зууралдаж байх хооронд Э нь Г-ын үснээс зулгаагаад 1 -2 удаа алгадаж байсан. Тэгээд би тухай үед Эд хандаад би салгах гэж байхад чи дундуур нь орж ирж нэмж цохиод уурыг нь битгий хүргээд бай гэж хэлээд Эг Г аас холдуулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34-р тал/

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 157 дугаартай “Б.Гын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун бугалга, хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 50-51-р тал/

4. Нас тоолсон тухай мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Г.Э нь гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 6 сар 17 хоногтой байсан” гэх тэмдэглэл. /хх-ийн 64-р тал/

5. Өсвөр насны яллагдагч Г.Эгийн “Тэр өдөр найз залуу Нгийн найз Г  нь миний бөгсийг базахаар нь надад эвгүй санагдаад уурласан. Тэгээд Г  Н бид гурвын дунд маргаан болсон. Г , Н хоёр барьцалдаад авахаар нь би найз залуугаа авах гэж байгаад Г-ын биед гэмтэл бэртэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 68-р тал/

6. Шүүгдэгч М.Нгийн “А би Г , Э бид дөрөв Согоот багийн *** тоотод Г-ын гэрт нь очсон, гэтэл гэр лүү нь орох гээд шатаар өгсөж явах үед манай найз охин болох Эгийн бөгсийг Г  шатаар өгсөж явах үед нь араас нь барьсан гэж Э гэрт нь ороод нойлын өрөөнд юм ярьж байх үедээ надаа хэлсэн. Тэгээд бид хоёр нойлын өрөөнөөс гарч ирээд Г аас би энэ талаар асуух үед үгүй гээд байсан. Э эр хүн шиг уучлалт гуй гэсэн тэгтэл Г  уучлаарай хийгээгүй зүйлийнхээ төлөө уучлалт гуйсан юм чинь одоо барьж үзэж болох уу гэсэн тэгээд бид хоёр маргалдсан асуудал болсон. Би гараараа нүүр хэсэгт нь яг хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй байна... Г аас найз охин Эг өмөөрч биед нь гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 71-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өсвөр насны шүүгдэгч Г.Этай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 30-ний өглөөний 06 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн *** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Гтай маргалдасны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун бугалга, хүзүү, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Г.Э нарыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Э М.Нтай бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Хохирогч, гэрчийн мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд Г.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гын “Э над руу ирээд хэрүүл хийгээд байхаар нь би мөргөөд цохисон, Тэгсэн найз залуу болох Н нь надтай зодолдоод эхэлсэн тэгээд би цагдаа дуудсан. Намайг Н буланд шахаад цохиж байхад Э бас цохиж аваад маажсан. Яг хэн нь хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.А-н “Тухайн зодооны үеэр Г  нь Нг зуураад салахгүй байсан. Би салгах гэсэн боловч надад дийлдэхгүй зодолдоод байсан. Нэг мэдсэн чинь гаднаас Нгийн найз гэх 2 залуу ороод ирчихсэн байсан. Тэгээд тэр 2 залуу Г , Н хоёрыг салгаад Нг Эгийн хамтаар аваад гараад явсан. Яг зодоон болж байх үед Г-ын нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус урссан байсан. Харин Нгийн биед үл харагдах шарх анзаарагдаагүй. Миний харснаар бол Г , Н нар бие биетэйгээ барьцалдаад ганц хоёр цохилцож байсан. Харин тэднийг зууралдаж байх хооронд Э нь Г-ын үснээс зулгаагаад 1-2 удаа алгадаж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 157 дугаартай дүгнэлт, нас тоолсон тухай мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Г.Э нь гэмт хэрэгт холбогдох үедээ 17 нас 6 сар 17 хоногтой байсан” гэх тэмдэглэл, өсвөр насны яллагдагч Г.Эгийн “Тэр өдөр найз залуу Нгийн найз Г  нь миний бөгсийг базахаар нь надад эвгүй санагдаад уурласан. Тэгээд Г  Н бид гурвын дунд маргаан болсон. Г , Н хоёр барьцалдаад авахаар нь би найз залуугаа авах гэж байгаад Г-ын биед гэмтэл бэртэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Нгийн “Би гараараа нүүр хэсэгт нь яг хэдэн удаа цохисон талаар бол мэдэхгүй байна. Г аас найз охин Эг өмөөрч биед нь гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Н, Г.Э нар 2024 оны 12 дугаар сарын 30-ний өглөөний 06 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн *** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Гтай маргалдаж, үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун бугалга, хүзүү, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Н, Г.Э нар нь шууд санаатай үйлдлээр бүлэглэн бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран дүгнэлтдээ “Г.Эгийн үйлдэл нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн боловч хохирогчийн мэдүүлэг гэрчийн мэдүүлгээр Г.Э нь хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийг биед халдаж алгадсан, эд зүйл шидэж үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Н, Г.Э нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун бугалга, хүзүү, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Э нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч М.Нд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн М-ын Н, шүүгдэгч Х овгийн Г-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд ял оногдуулахыг тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч М.Нд оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид, шүүгдэгч Г.Эд хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС