| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0323/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/357 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/357
2025 07 22 2025/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Оад холбогдох эрүүгийн 2525002730326 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, Ч.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.О нь 2025 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” шөнийн цэнгээний газрын гадаа Д.Атэй маргалдах явцдаа түүний нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан/яллах дүгнэлтэд бичснээр/ гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ч.Оын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид хохирол төлбөр 20 сая төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
-эрүүгийн 2525002730326 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан болон талуудаас шинжлэн судалсан:
-“Ш” баарны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4-р тал/
-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:....Уг бичлэгийг тоглуулахад бичлэгийн он, сар, өдөр, цаг, минут нь 2025.03.21-ний 01:00:03 цагаас эхэлж байх ба 08 минут 57 секундийн бичлэг харагдаж байна... Бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад бичлэгийн 01 минут 49 секундэд Ч.О нь найзуудын хамт баарны хаалганы урд хэсэгт очиж байх үед хохирогч Д.А нь баарны дотор талаас хаалгаар гарч ирж байгаа дүрс бичлэг харагдаж байна... Бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад бичлэгийн 02 минут 19 секундэд хохирогч Д.А, сэжигтэн Ч.О хоёр уулзаж гар бариад хоорондоо ярилцаад зогсож байгаа дүрс бичлэг харагдаж байна. 03 минут 05 секундэд хохирогч Д.Аийг сэжигтэн Ч.О ярилцаад зогсож байгаад баруун талын гараараа нүүр хэсэг рүү цохих үед хохирогч Д.А газар унаж байгаа бүрс бичлэг харагдаж байна. 03 минут 19 секундээс хохирогч Д.А болон найзууд нь Ч.О болон түүний найзууд хоорондоо зодолдож байх үед Ч.О нь хохирогч Д.Аийн нүүрэн тус газарт гараараа цохиж газар унагааж байгаа дүрс бичлэг харагдаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-10-р тал/
-хохирогч Д.Аийн мэдүүлсэн:..Би 2025 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 00 цагийн үед З багт байрлах Ш бааранд ажлын газрын Хүдэрчулуун, М, М, Б бид 5 хамт орж тухайн бааранд үйлчлүүлсэн юм. Тэгээд би тухайн бааранд бүжиглэж байгаад удалгүй 01 цагийн үед баарны гадаа тамхи татах гээд гарсан чинь нэг таньдаг дүү таараад би тэрэнтэй гар бариад манай ажлын газрын хүмүүс баарны цаад буланд тамхи татаад байж байсан. Тэгсэн нэг танихгүй хүн ирээд намайг учир зүггүй шууд цохиод унагачихсан. Тэгсэн манай найзууд цаанаас гүйж ирээд салгасан... Ч.О гэх залуутай маргалдаж улмаар уг залууд зодуулсны улмаас миний эрүү зөрүүгүй хугарсан. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж эрүүндээ бэхлэгээ, чиг тавиулсан. Миний эрүү хугарсны улмаас би 1 сар гаруй хугацаанд эрүүндээ бэхлэгээ, чигтэй явж олигтой хоол ундаа ч идэж чадаагүй дандаа шингэн зүйл идэж ууж байсан. Үүнээс гадна би Өмнөговь аймагт байрлах Оюутолгой компанид 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа, би 14 хоногоор ээлжийн ажилтай ба тухайн залууд зодуулсны улмаас би 2 сар гаруй хугацаанд ажилдаа явж чадаагүй.Би Орхон аймагт******* 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Би О гэх залуугаас нийтдээ 25 сая төгрөг нэхэмжилсэн ба О нь миний эрүүл мэндэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санаанд учирсан хохиролд нийтдээ 20,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо надад үүн дээр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад хохиролтой холбоотой өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 19-р тал/
-гэрч Г.Эийн мэдүүлсэн:...2025 оны 03 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед би******* Эын хамт найз З түүний******* Б, найз О, түүний******* Б нартай уулзаад бид нар З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш баарны ар талд байрлах караоке орсон. Бид нар караоке ороод 2 цагийн хугацаанд пиво уугаад дуулсан. Тэгээд уг караокены газраас 23 цаг өнгөрч байх үед гарч ирээд хажуу талд нь байрлах Ш баар руу орсон. Тэгээд бааранд ороод нэг ширээний хажууд бүгдээрээ очиж суугаад захиалга өгөөд дараагаар нь найз З, О бид гурав баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Энэ үед үл таних нэг залуу ирээд найз Отай юм яриад зогсоод байхаар нь түүнийг цааш нь явуулсан. Ингээд буцаад бүжиглээд зогсож байтал түрүүний үл таних залуу дахин бид нар дээр ирээд гартаа барьж явсан шилтэй пивоо найз Зын толгой дээр асгасан. Ингээд уг залуутай муудалцаж байгаад бид гурав тамхи татахаар гарсан. Баарны гадна талд гараад хэсэг хугацаанд тамхи татаж байгаад буцаад баар руу орохоор явж байтал баарны үүдний хэсэгт түрүүний бааранд муудалцсан залуутай тааралдаж уг залуу найз Отай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаад байсныг сайн санахгүй байна. Тухайн залуу нэлээн согтуу байсан. Найз О маргалдаад зогсож байгаад тухайн залуугийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь уг залуу хойшоо унасан. Тэгсэн чинь хажуу талд зогсож байсан залуучууд бид гурав руу дайрсан. Тухайн залуучууд уг зодуулсан залуугийн найзууд байсан юм байна лээ. Ингээд бид нар хоорондоо хэсэг хугацаанд зодолдож, маргалдаж байгаад салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
-гэрч Б.Зын мэдүүлсэн: ... Ингээд буцаад бүжиглээд зогсож байтал түрүүний үл таних залуу дахин тамхи татахаар гарсан. Баарны гадна талд гараад хэсэг хугацаанд тамхи татаж байгаад баар руу орохоор явж байтал баарны үүдний хэсэгт түрүүний бааранд пиво асгасан залуутай тааралдаж уг залуу найз Отай маргалдаад зодолдъё гээд маргалдаад байсан. Ингээд найз О маргалдаад зогсож байгаад тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа алгадах шиг болсон чинь уг залуу хойшоо унасан. Тэгсэн чинь хажуу талд зогсож байсан 3-4 залуучууд бид гурав руу дайрсан. Тухайн залуучууд уг зодуулсан залуугийн хамт явсан залуучууд байсан юм байна лээ. Ингээд бид нар хоорондоо хэсэг зодолдож маргалдаж байгаад салсан. Ингээд удалгүй цагдаа нар ирээд бид нараас гомдол байна уу гэхээр нь гомдол байхгүй миний нүдний шил хагарсан, найз Эийн фудболка урагдсан гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн залуучууд буруугаа хүлээж байна гэж хэлээд нэг залуу нь миний******* Бгийн данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид бие биеэсээ уучлалт гуйгаад салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 464 дугаартай...Д.Аийн биед эрүү ясны хугарал, баруун хөмсөг, баруун сарвуунд цус хуралт, хүзүү, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р тал/
-шүүгдэгч Ч.О хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролд 20,000,000 төгрөг төлсөн талаархи дансны хуулга /хх-ийн 55-56-р тал/
-Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 08-р сарын 28-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-78-р тал/
-шүүгдэгч Ч.Оын яллагдагчаар мэдүүлсэн:..2025 оны 03 дугаар сарын 20-ны орой******* Б, найз З түүний******* Б, найз Э түүний******* Э нарын хамт З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ш бааранд орсон. Бааранд ороод уух зүйлээ захиалаад байж байсан чинь хохирогч А над дээр ирээд намайг шүргэж надад уурлаж намайг гарья, үзье гээд байхаар нь би тийм юм байхгүй гэж хэлээд 2 удаа явуулсан. Энэ үед А нөгөө талаар тойрч ирээд найз Зтай шүргэлцэж уурандаа найз Зын толгойд дээр ууж байсан шар айргаа асгасан. Тухайн үед найз З, Э хоёртой А нь маргалдаад салсан. Ингээд удаагүй Э, З бид гурав гарч тамхи татахаар болоод баарнаас гарсан. Баарны гадна талд гараад тамхи татаж зогсож байгаад буцаж баар луу орох гэж байсан чинь А нь урдаас гарч ирсэн. Ингээд баарны үүдний хэсэгт А нь гар бариад тэгэхээр нь би уг залууд хандаж маргалдахаа больё гэж хэлсэн чинь өөдөөс янз бүрээр хэл амаар доромжлоод байсан. Энэ үед би түүнийг зүүн шанаа хэсэг рүү нь алгадсан. Тэгсэн чинь Атэй хамт явсан 3-4 залуу бид нар луу дайраад ороод ирсэн. Ингэж зодолдож байх явцад би Аийн нүүр хэсэг рүү баруун гараараа дахин нэг удаа цохисон...Манай найзууд тэнд цагдаа нартай хамт үлдээд тухайн залуучуудаас хохирлын мөнгө гэж 250,000 төгрөгийг найз З авсан байсан. Найз Зын хувцас урагдсан, нүдний шил нь хугарсан гээд авсан байсан. Баарны үүдэнд таараад хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд нэг удаа алгадаж унагаасан, цааш нь үргэлжлүүлээд зодолдож эхлэх үедээ гараараа нэг удаа цохисон. А гэх залуу эрүүл мэндэд учирсан хохиролдоо надаас 20,000,000 төгрөг нэхэмжилсэн. Би Аийн нэхэмжилсэн мөнгийг******* Бгийн эзэмшлийн Хаан банкны данснаас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 8 сая төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 12 сая төгрөгийг тус тус Аийн 0000000000 дугаартай хаан банкны данс руу шилжүүлсэн. Миний бие хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлж түүнээс уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.О нь 2025 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” нэртэй шөнийн цэнгээний газарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус бааранд үйлчлүүлж байсан Д.Атэй бүжгийн талбай дээр маргалдаж улмаар гадаа дахин тааралдаж маргалдан Д.Аийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж газарт унагааж Д.Аийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын камерын бичлэг, хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ч.Оын үйлдлийн улмаас хохирогч Д.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүд болон яллагдагчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт шинжийг заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Шүүгдэгч Ч.О нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүндэвтэр зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан ба шүүгдэгч Ч.Оын үйлдэл нь, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай шинжтэй байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдал хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, нотлох баримтууд хангалттай, зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй.
Шүүгдэгч Ч.Оыг, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ч.О нь 2025 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын З багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш” нэртэй шөнийн цэнгээний газрын гадаа Д.Атэй маргалдаж, муудалцах явцдаа түүний нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж дүгнэлт гаргажээ.
Шүүгдэгч Ч.О шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон ба гэм буруугаа хүлээж байна, миний буруу ,хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэжээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
-шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, торгох ял оногдуулах нь хэргийн нийгмийн аюулын шинж, ял шийтгэлийн зорилго, шүүгдэгчийн хувийн байдалд нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хохирол төлсөн байдлыг харгалзан 2000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,
-шүүгдэгч: би гэм буруугаа хүлээж байна, өөр саналгүй гэж тус тус санал гаргасан.
3.Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Ч.О нь хохирогчид учирсан хохиролд нийт 20,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Д.А нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч төлөх төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Т овогтой Ч-ын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Оад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж, ялын биелэлтийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Ч.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ