Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
Хэргийн индекс | 182/2019/01670/И |
Дугаар | 182/ШШ2020/00118 |
Огноо | 2020-01-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2020/00118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УБЕГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ч-т холбогдох,
“Хохиролд 2,870,608 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, У.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч УБЕГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, У.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан С.Ч нь тус газрын Улсын бүртгэлийн хэлтсийн түр архивчаар ажиллаж байсан М.Быг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
М.Б нь уг тушаалыг хүчингүйд тооцуулж, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 942 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин 1,393,907 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байдаг.
Дархан- Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар М.Быг тус газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивчаар томилсон боловч, мөн өдрийн Б/19 дүгээр тушаалаар Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
М.Б нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дугаартай шийдвэрээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид нийт 29,060 төгрөгийг төрийн сангийн орлогод гаргуулан оруулахаар шийдвэрлэсэн байдаг.
М.Б нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай магадлалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Быг тус газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,870,608 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 001/ХТ/2017/00372 дугаартай тогтоолоор хангахгүй орхисон байдаг.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу С.Чийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар М.Быг ажлаас чөлөөлж, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ/2017/00372 дугаартай тогтоолыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинд олгосон 2,870,608 төгрөгийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Чийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/12 тоот тушаалаар тус хэлтсийн архивч М.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 942 дугаартай шийдвэрээр ажилгүй байх хугацааны цалинд 1,393,907 төгрөгийг гаргуулж, ажилд эргүүлэн тогтоохыг даалгасан байдаг.
Улмаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн төсвөөс олгосон 6,155,244 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх тухай 02/02 дугаартай албан шаардлагыг ирүүлсэн.
Дээрх шаардлагын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас цалинд олгосон 2,870,608 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байсныг нийт 4,264,515 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.” гэв.
Хариуцагч С.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч С.Ч нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б16 тоот тушаалаар томилогдож ажилласан. Ингэхдээ ажил олгогчтой тодорхой гэрээ байгуулж, үүрэг хүлээн төрөөс баталж хэрэгжүүлж байгаа хууль дүрэм, журам, дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу ажилласан. Ингэхдээ архивч М.Быг ажлаас үндэслэлгүй халсан гэдэг. С.Ч нь ажлаас халсан тушаалыг гаргасан ч гэсэн шүүхээс хууль бус тушаал гэж үзээгүй, эрх зүйн зөрчилтэй акт байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл, Иргэний хээлийн 498 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй.
Өөрөөр бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн байдаг. Гэтэл С.Чийн үйлдэл нь гэм буруутай байна гэж шүүхээс тогтоосон зүйл байхгүй. Иргэний шүүхээс гаргасан тушаал нь эрх зүйн зөрчилтэй байна гэсэн. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хохирол нэхэмжилж байгаа.
Гэтэл яг ямар байдлаар улсын байгууллагад хохирол учруулсан болох нь тодорхойгүй байгаа. Хэргийн материалаас харахад ажилгүй байсан хугацааны цалинг олгосон гэж байгаа. Гэтэл М.Б гэдэг хүн нь С.Чийг хэлтсийн даргаар очиход ажиллаж байсан бөгөөд одоо ч гэсэн ажиллаж байгаа. Тэгэхээр давхардсан байдлаар цалин олгосон зүйл байхгүй, тухайн албан тушаалд өөр хүн авч цалинжуулсан зүйл байхгүй юм. Энэ хүнийг ажлаас халаагүй байсан ч гэсэн мөн л авах ёстой цалингаа авч байх байсан. Өөрөөр бол улсад учирсан хохирол байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Нэхэмжлэлийн шаардлага нь хохиролд төлбөр гаргуулах байгаа. Үүнээс харахад хэрэгт авагдсан цалин олгосон баримт дээр хүлээн авсан гэсэн М.Бын гарын үсэг байхгүй байна. Тийм байхад УБЕГ яагаад С.Чт холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч УБЕГ нь хариуцагч С.Чт холбогдуулан “хохиролд 2,870,608 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 1,393,907 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4,264,515 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу С.Чийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар М.Быг ажлаас чөлөөлж, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны 001/ХТ/2017/00372 дугаартай тогтоолыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалинд олгосон 2,870,608 төгрөгийг гаргуулж, ажилд нь эргүүлэн тогтоохыг даалгасан байдаг.
Улмаар Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн төсвөөс олгосон 6,155,244 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх тухай 02/02 дугаартай албан шаардлагыг ирүүлсэн.
Дээрх шаардлагын дагуу М.Бд ажилгүй байсан хугацааны цалинд олгосон нийт 4,264,515 төгрөг гаргуулах...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...ажил олгогчтой тодорхой гэрээ байгуулж, үүрэг хүлээн төрөөс баталж хэрэгжүүлж байгаа хууль дүрэм, журам, дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу ажилласан.
С.Ч нь ажлаас халсан тушаалыг гаргасан ч гэсэн шүүхээс хууль бус тушаал гэж үзээгүй, эрх зүйн зөрчилтэй акт байна гэж үзсэн байгаа.
нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл, Иргэний хээлийн 498 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй.
нэхэмжлэгч нь хохирол нэхэмжилж байгаа. Гэтэл улсын байгууллагад хохирол учруулсан болох нь тодорхойгүй... давхардсан байдлаар цалин олгосон зүйл байхгүй. Энэ хүнийг ажлаас халаагүй байсан ч гэсэн мөн л авах ёстой цалингаа авч байх байсан.
Нэхэмжлэлийн шаардлага нь хохиролд төлбөр гаргуулах байгаа. Үүнээс харахад хэрэгт авагдсан цалин олгосон баримт дээр хүлээн авсан гэсэн М.Бын гарын үсэг байхгүй байна...” гэж маргажээ.
Хариуцагч С.Ч нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/66 дугаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаал, Өмч, УБЕГ даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 8, 9 дүгээр тал/
Хариуцагч С.Ч нь дээрх хугацаанд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар М.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 942 дугаар шийдвэрээр тушаалыг хүчингүйд тооцож, М.Б-ыг архивчаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,393,907 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаар тушаалаар М.Быг архивчаар томилжээ. /хх-ийн 11, 12, 20-23 дугаар тал/
Мөн тэрээр дахин 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаар тушаалаар М.Быг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд анхан шатны шүүхийн 2016 оны 942 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,021,274 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, тус тушаал гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 24-28 дугаар тал/
Дээрх шүүхийн шийдвэрт М.Б давж заалдах гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2016 оны 1481 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Быг тус газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,870,608 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.” гэж, 2 дугаар заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар М.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгасугай.” гэж, 3 дугаар заалтын “29.060” гэснийг “60.879” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 372 дугаар тогтоолоор давж заалдах шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 29-32, 33-37 дугаар тал/
Шүүх М.Быг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэсэн байх ба дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу М.Бд ажилгүй байсан хугацааны цалинд нийт 4,264,515 төгрөгийг олгосон болох нь шүүхийн шийдвэрийн дагуу олгож буй цалин, Улсын бүртгэлийн ажилтан М.Бд шүүхийн шийдвэрийн дагуу 07, 08, 09, 10, 11 дүгээр сарын нөхөн олгож буй цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 02/02 дугаартай албан шаардлагаар М.Быг ажлаас чөлөөлснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 372 дугаар тогтоолыг үндэслэн ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин 6,155,244 төгрөг төсвөөс олгосон талаар дурдаж, хууль зөрчин олгосон 6,155,244 төгрөгийг гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх албан шаардлага хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-ийн 7 дугаар тал/
Хариуцагч тал М.Быг ажлаас халах тухай тушаал гаргаж, энэ хүний оронд дахин өөр хүн авч, давхар цалинжуулсан зүйл байхгүй. Өөрөөр бол С.Ч энэ тушаалыг гаргаагүй байсан гэж бодоход М.Б нь цалин авч, ажиллаж байх байсан. Шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан нь өмнө нь авах ёстой байсан цалинг нь гаргуулж байгаа зүйл юм. Тэгэхээр үүнд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан баримтаар Оюуны өмч, УБЕГ даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 3 архивчийн орон тооноос 2 орон тоо болж өөрчлөгдсөн бөгөөд М.Бд шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч байгууллага цалин давхардуулан олгосон болох нь тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалт нь захиргааны байгууллага буюу захиргааны албан тушаалтны нийтийн захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад учруулсан хохирлыг арилгуулах талаар зохицуулсан. Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан захиргааны албан тушаалтан нийтийн захиргааны үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг захиргааны байгууллага хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл захиргааны албан тушаалтны нийтийн эрх зүйн харилцаанд оролцох үедээ хууль бус үйлдэл, эсхүл үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг захиргааны байгууллага барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан бөгөөд захиргааны байгууллага нь ажил олгогчийг төлөөлж буй албан тушаалтнаас ажилтныг ажлаас буруу халсантай холбоотойгоор үүссэн хохирлыг шаардах эрхийг энэ хуулиар зохицуулаагүй байна.
Иймд хариуцагч С.Чт холбогдох нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж үзлээ.
Харин М.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа хариуцагч С.Ч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт буюу хариуцагчийн гэм буруутай үйлдэл, уг шийдвэрийн улмаас хариуцагч байгууллагаас С.Бямбажаргалын цалин хөлсөнд 4,264,515 төгрөг олгож, хохирол, үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан бөгөөд хариуцагч С.Ч нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдож, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Үр дүнгийн гэрээг байгуулж ажиллажээ.
Харин талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.
Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэсэн ба ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй боловч түүнтэй 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Үр дүнгийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Өөрөөр хэлбэл С.Чтой үр дүнгийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн байх бөгөөд, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд хэрхэн хариуцлага хүлээх талаар гэрээгээр тохиролцоогүй байх бөгөөд харин Төрийн албаны тухай /2002 он/ хууль болон Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч С.Ч нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй байсан ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна. Харин энэ зүйлийн 498.1., 498.2.-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.
Хариуцагч С.Ч нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, С.Бямбажаргалыг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нэгэнт нотлогдсон.
Өөрөөр хэлбэл С.Ч албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх явцдаа илтэд болгоомжгүй үйлдлээр буюу өөрийн зүгээс идэвхтэй үйлдлийг хуульд заасны дагуу явуулаагүй, гарах үр дагаврыг мэдсээр байж хайнга болгоомжгүй хандсанаар хууль бус тушаал, шийдвэрийг гаргаж байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэрээр С.Чийн дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хуульд нийцээгүй болохыг тогтоосон ба УБЕГ хариуцагч С.Чоос байгууллагад учруулсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд хариуцагч С.Чоос 4,264,515 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБЕГт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч С.Чоос 4,264,515 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УБЕГт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч УБЕГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Чоос улсын тэмдэгтийн хураамжид 83,182 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС
ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА
Т.ЭНХТУЯА