| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0264/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/328 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/328
2025 06 26 2025/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Улсын яллагч Т.Д
Хохирогч Г.Б
Хохирогчийн өмгөөлөгч Т.Э
Гэрч Г.Н Г.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2425004810176 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
О овгийн Г-н Э, Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД***/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Э нь хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “***” ХХК-д түүхий эд жижиглэгчээр ажиллаж байсан хохирогч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ний ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түүхий эдийг хайлуулах төхөөрөмжид баруун гараа /шуу хэсгээрээ/ тастуулж, эрүүл мэндэд нь “баруун гарын шууны дээд хэсгээр тайрагдал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 6 420 000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.Б мэдүүлэхдээ “Сэтгэцэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин орлого, хиймэл гар хийлгэх зардлаа нэхэмжлэнэ. Гомдолтой байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, зургууд. /хх-ийн 7-12 дахь тал/
2. Хохирогч Г.Б-н “Би 2023 оны 06 сард телевиз үзэж байгаад ажлын зар хараад Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг нэрийн мэдэхгүй байна, модон тавиур хийдэг үйлдвэрийн захиралтай утсаар холбогдож, нэрийг нь мэдэхгүй байна, автобусанд суугаад оч гэсэн газар нь очсон. Нэг жижиг байшинд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр байсан. Би тухайн үйлдвэрт потон хэвлэгч машинд гялгар цаас, шуудайг хэвлэгч төхөөрөмж рүү хийдэг ажил хийсэн. Нэг өдөр цалингүй дадлагажигчаар ажил хийгээд маргаашаас нь ажилд орсон. Тухайн үйлдвэрийн тогооч гэх Б гэх эмэгтэй нэг цаас авч ирээд ажлын гэрээ байгаа юм гарын үсэг зураарай гэсэн. Би бичиг үсэг мэдэхгүй учир уншаагүй зурсан. Тус газарт нэг сарын 500,000 төгрөгийн цалин авахаар тохирсон. Тухайн газар би 3 сар орчим ажиллаад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 08 цагийн үед ажил дээрээ очоод 10 орчим потон гаргаад, 11 цагийн үед сүүлийн потон хийх гээд шуудай цаасаа хэвлэгч машин буюу төхөөрөмж рүү хийж байтал монгол гэрийн ус цаснаас хамгаалсан, гялгар уут миний баруун гартай орооцолдоод миний баруун гар төхөөрөмж рүү орж шуу хэсгээрээ тасарсан Надтай цуг ажиллаж байсан нэрийг нь мэдэхгүй ах төхөөрөмжийг унтраасан, үйлдвэрийн захирал гэх Э гэх залуу намайг машинтай БОЭТ-д аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Би хагалгаанд ороод 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Манай ажлын Б гэх эмэгтэй 2 хоног намайг эмнэлэгт сахисан, эмнэлгээс гараад Э гэх захирал гэр орныг минь янзалж өгнө, сар болгон би танд 600,000 төгрөг өгөх болно, дуудсан цагт ирээрэй, би танд 3 өрөө байр авч өгнө, байр авч өгөх хүртлээ 600,000 төгрөгөө өгнө, байр авч өгсний дараа ахиж тохирно, мөн надад гар хийж өгнө гэсэн. Миний амьдардаг монгол гэрийг Э хүмүүстэй ирж хана гэрийг минь янзлаад явсан. Тэгээд 09 дүгээр сараас хойш 2024 оны 02 дугаар сар хүртэл нийт 3,000,000 төгрөг надад өгсөн. 2024 оны 02 дугаар сард цагаан сарын шинийн 02-ны өдөр миний нүд гэнэт харахаа больсон. БОЭТ-д нүдээ үзүүлтэл Улаанбаатар яаралтай яв гэж хэлсэн. Ямар оноштой явсан талаар санахгүй байна, Улаанбаатар хотод Улсын төв нэгдүгээр эмнэлэгт нүдний хагалгаанд орсон. Миний баруун гар тасарсантай холбоотой, миний нүд юм харахгүй байсан гэж эмч хэлсэн. Тэр үед Э надад 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Би Этэд ирээд компаний захирал Этэй холбогдох гэсэн боловч гар утсаа авахгүй өдийг хүрсэн, 2024 оны 07 сарын эхээр би Этэй гар утсаар холбогдох үед чи явдаг газраараа яв гэсэн би тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 18, 20-21 дэх тал/
3. Гэрч Д.Бгийн “2023 онд манай “***” ХХК-д ажиллах хүнгүй болоод мэдээллийн биржид ажлын зар тавьсны дагуу Б манай байгууллагад ажилд орсон. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А ах, Б нар үйлдвэр дээр ажилласан юм. Манаачийн байран дээр сууж байх үед А ах сандарсан байдалтай гүйж хүрч ирээд болохоо байлаа түргэн тусламж дууд, Ээг дууд Б гараа авчихлаа гэсэн. Би Б дээр яваад очтол Б-н баруун гар нь шуу хэсгээрээ тасарсан байдалтай, цус гарсан байсан. Ээг дуудаад Э хүрч ирээд Б-г эмнэлэг рүү аваад явсан. Манай байгуулага аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулдаг. Би ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг өгч зуруулдаг. Б-г ажилладаг байх үед аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр зуруулдаг байсан. Харин Б гарын үсэг зурдаггүй байсан. Б нь би гарын үсгээ дараа нь зурчихна гэж хэлээд зурдаггүй байсан. А ах хяналт тавьдаг, А ах потон хийдэг хүн байгаа юм. Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийн эхний хуудас дээр зааварчилгааг бичсэн байдаг ажилчид өөрсдөө уншаад ажилд гардаг, хүн уншиж өгөөд ажилд нь гаргадаг зүйл байхгүй. Манай байгууллагад хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа танилцуулах албан тушаалтан байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 26, 28 дахь тал/
4. Гэрч А.Аийн “2014 оны үед би тэтгэвэрт гараад шуудай, гялгар уутыг дахин боловсруулж потон хийдэг “***” ХХК-д төхөөрөмж рүү гялгар уут, шуудайг хийдэг ажилд орсон. Одоо энэ байгууллагад ажиллаад 10 жил болж байна. 2023 оны 08 дугаар сар гэж санаж байна Б гэдэг хүн манайд ажилд орсон. Анх ажилд орохдоо гялгар уут жижиглэгчээр орсон. Тэгээд сарын дараа төхөөрөмж дээр ажиллаж чадна гэж хэлээд надтай ээлжилж төхөөрөмж рүү шуудай гялгар уут чихдэг ажил хийж эхэлсэн. Яах вэ гялгар уут, шуудай жижиглэсэн дээр шуудай төхөөрөмж рүү хийх нь арай хялбар ажил. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10-11 цагийн үед Б бид хоёр ээлжилж төхөөрөмж рүү шуудай чихэж байсан. Б төхөөрөмж рүү шуудай чихэж байгаад маш чанга орилсон. Би сандраад төхөөрөмжийг унтраагаад Б дээр очтол Б-н баруун гар шуу хэсгээрээ тасарчихсан байсан. Тэгээд би Бг дуудаад Б Э рүү яриад Б-г аваад эмнэлэг рүү явсан. Хэрэг учрал болох үед Б хамгаалагчийн байрандаа, үйлдвэр дотор Б бид хоёр хоёулаа байсан" гэх мэдүүлэг. /хх-ийн 30 дахь тал/
5. Гэрч Г.Б-н “2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотод байхад Ч гэх хүргэн ах залгаад Б ах чинь Этэд гараа тайруулчихсан явж байна, та нар мэдсэн үү? гэсэн. Тэгээд Бтай гар утсаар холбогдож ярихад үйлдвэрт ажиллаж байгаад гараа тастуулсан гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос маргааш нь гараад Орхон аймагт ирээд Бтай эмнэлэг дээр уулзах үед Б ахын баруун гар тасарсан байсан. Би юу болсон талаар Б ахаас асуух үед гялгар уут гартай нь орооцолдоод гараа тасчуулчихсан гэсэн. Тэгээд Б ахын ажиллаж байсан үйлдвэрийн захиралтай уулзсан. Тухайн хүн өөрийгөө Э гэж танилцуулсан. Э нь ахыг хэзээ ч хаяхгүй, ажил төрлөөр хангана, орон гэрээр хангана, идэж уухаар хангана гэж ам тохироо хийсэн. Э нь Г.Б-н эмчилгээ, цаашид эдгэрэх хүртэл зардлыг хариуцах бөгөөд компанидаа 3 жил ажилласнаа хойш хашаа байшин авч өгч болохыг үүгээр баталж байна гэсэн бичиг гаргаж бид нарт өгсөн. Уг бичгийг мөрдөгчид гаргаж өгч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 дэх тал/
6. Шинжээч Д.Эбаярын “Хохирогч Бд аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулсан зүйл байхгүй. Мөн тухайн өдөр хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 дахь тал/
7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 799 дугаартай “Г.Б-н биед баруун гарын шууны дээд хэсгээр тайрагдсан байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй болон цавчигч багажийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.8-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт. /хх-ийн 45-47 дахь тал/
8. Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 626 дугаартай албан бичгээр ирүүлсэн Гүнрэгийн Б-н эмнэлгийн баримт бичгүүд. /хх-ийн 51-89 дэх тал/
9. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Эбаярын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай “***” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан байхгүй. Хохирогч Г.Бд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. “***” ХХК-ийн хайлах машин дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Г.Б нь хайлах машинд баруун гарын шуу хэсгээр тасдуулж хүнд гэмтэл авсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1-д /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. “***” ХХК-ийн захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдпыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 28 дугаар зүйлийн 28.1.3-д /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх", 28.1.4-д / ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.8-д /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 9 дүгээр зүйлийн 9.11-д /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөделгеент хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 9.1.2-д /машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт. аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх/ заасны дагуу ажил олгогч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүргээ биелүүлээгүй зөрчсөн байна. дугаар зүйлийн 18.2.5-д/ хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/, 18.2.6-д /ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил эзэмшсэн байх/, 18.2.7-д /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт. /хх-ийн 94-95 дахь тал/
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 414 дугаартай "Шинжлүүлэгч Г.Б-н сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт (хх-ийн 103-104 дэх тал),
11. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/1140 дугаартай албан бичгээр ирүүлсэн “***” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа. /хх-ийн 107-110 дахь тал/
12. Яллагдагч Г.Э-н “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн үед би Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт гадуур машинтай ажилтай явж байх үед Б эгч над руу залгаад Б ах машинд гараа тасчуулчихлаа гэсэн. Би ажил дээрээ яваад очиход Б баруун гараа эрээн даавуугаар боочихсон явахад бэлэн болчихсон шууд машиндаа суулгаад БОЭТ-рүү явсан. Тэнд хүлээн авах дээр очиход эмч нар Б-г аваад орсон. Б регистрээ мэдэхгүй, ар гэрийн дугаараа мэдэхгүй байсан. Хагалгаанд орсны дараа Б ахаас юу болсон талаар асуухад төхөөрөмж рүү гялгар уут чихэж байгаад гэнэт гараа тастуулчихлаа гэсэн. Б ах 7 хоног эмнэлэгт хэвтсэн, Б эгч эмнэлэгт сахиур хийсэн, би 7 хонов хоол унд хийж аваачиж өгсөн. Эмнэлэгт байхад Б ахын ах дүү нар нь ирээд надтай уулзсан. 2007 онд би хадам аав Н-н хамт “***” ХХК байгуулагдсан. Аав маань үйл ажиллагаанд ерөөсөө оролцдоггүй юм. 2 дахь түүхий эд боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Нарийн тайлбарлаж хэлбэл хуванцар, хаягдал шуудай, гялгар уутыг боловсруулж бүтээгдэхүүн хийдэг юм. Цэрэндагва гэх хүн манай компани 4 хувийг эзэмшдэг гэхдээ байгууллагын үйл ажиллагаанд оролцдоггүй. Манай байгууллага намайг оролцуулаад 2 албан ёсны ажилтантай. Б.Бтай хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Б.Бд хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа танилцуулсан зүйл байдаггүй Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа танилцуулсан дэвтэр нотломж байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 129-130 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Э нь хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “***” ХХК-д түүхий эд жижиглэгчээр ажиллаж байсан хохирогч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ний ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түүхий эдийг хайлуулах төхөөрөмжид баруун гараа /шуу хэсгээрээ/ тастуулж, эрүүл мэндэд нь “баруун гарын шууны дээд хэсгээр тайрагдал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Имйд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна. Хохиролын хувьд сэтгэцэд учирсан хохирлыг 1 237 500 төгрөгийг гаргуулж, бусад хохирлыг хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг дурьдах нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Т.Э дүгнэлтдээ “Хохирогчийн сарын цалинг 1.2 сая төгрөгөөр тооцож, хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмжийн зөрүүг гаргуулах, сэтгэцэд учирсан хохирлыг өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй. Протез хийлгэх зардлыг мөн гаргуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мэтгэлцэх зүйлгүй. Шүүгдэгч, хохирогч нар сарын цалин хөлсийг 800 000 төгрөгөөр тохирсон тул тэтгэмжийн зөрүүг 800 000 төгрөгөөс тооцож гаргуулахад татгалзах зүйлгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг гэмт хэрэг гарсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох ёстой. Протез хийлгэх зардлын хувьд нотлох баримт ирүүлээгүй тул хэлэлцэлгүй орхих нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, зургууд, хохирогч Г.Б-н “шуудай цаасаа хэвлэгч машин буюу төхөөрөмж рүү хийж байтал монгол гэрийн ус цаснаас хамгаалсан, гялгар уут миний баруун гартай орооцолдоод миний баруун гар төхөөрөмж рүү орж шуу хэсгээрээ тасарсан. Надтай цуг ажиллаж байсан нэрийг нь мэдэхгүй ах төхөөрөмжийг унтраасан, үйлдвэрийн захирал гэх Э гэх залуу намайг машинтай БОЭТ-д аваачиж эмнэлгийн тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Бгийн “Би Б дээр яваад очтол Б-н баруун гар нь шуу хэсгээрээ тасарсан байдалтай, цус гарсан байсан. Би ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг өгч зуруулдаг. Б-г ажилладаг байх үед аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр зуруулдаг байсан. Харин Б гарын үсэг зурдаггүй байсан. Б нь би гарын үсгээ дараа нь зурчихна гэж хэлээд зурдаггүй байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Аийн: “2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10-11 цагийн үед Б бид хоёр ээлжилж төхөөрөмж рүү шуудай чихэж байсан. Б төхөөрөмж рүү шуудай чихэж байгаад маш чанга орилсон. Би сандраад төхөөрөмжийг унтраагаад Б дээр очтол Б-н баруун гар шуу хэсгээрээ тасарчихсан байсан" гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н “Бтай гар утсаар холбогдож ярихад үйлдвэрт ажиллаж байгаад гараа тастуулсан гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос маргааш нь гараад Орхон аймагт ирээд Бтай эмнэлэг дээр уулзах үед Б ахын баруун гар тасарсан байсан. Би юу болсон талаар Б ахаас асуух үед гялгар уут гартай нь орооцолдоод гараа тасчуулчихсан гэсэн” гэх мэдүүлэг, шинжээч Д.Эбаярын “Хохирогч Бд аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулсан зүйл байхгүй. Мөн тухайн өдөр хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 799 дугаартай дүгнэлт, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 626 дугаартай албан бичгээр ирүүлсэн Гүнрэгийн Б-н эмнэлгийн баримт бичгүүд, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Эбаярын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 414 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/1140 дугаартай албан бичгээр ирүүлсэн “***” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, яллагдагч Г.Э “Б эгч над руу залгаад Б ах машинд гараа тасчуулчихлаа гэсэн. Би ажил дээрээ яваад очиход Б баруун гараа эрээн даавуугаар боочихсон явахад бэлэн болчихсон шууд машиндаа суулгаад БОЭТ-рүү явсан. Б.Бтай хөдөлмөрийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Б.Бд хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа танилцуулсан зүйл байдаггүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Э нь хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “***” ХХК-д түүхий эд жижиглэгчээр ажиллаж байсан хохирогч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ний ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түүхий эдийг хайлуулах төхөөрөмжид баруун гараа /шуу хэсгээрээ/ тасдуулж, эрүүл мэндэд нь “баруун гарын шууны дээд хэсгээр тайрагдал” бүхий хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Э нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” болгоомжгүй гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Шүүгдэгч Г.Э нь хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас болгоомжгүй үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Э үйлдлийн улмаас Г.Б-н эрүүл мэндэд “баруун гарын шууны дээд хэсгээр тайрагдал” бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчиийн нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, 12 644 500 төгрөгийг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг ажил олгогчийн мэдүүлэгт үндэслэн /нотлох баримт ирүүлээгүй/ 800 000 төгрөгөөр тооцож, нийт 7 665 000 төгрөг, нийт 20 309 500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн төлсөн 2 сая төгрөгийг хасч 18 309 500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч шүүх хуралдаан завсарлах хугацаанд төлж барагдуулсан байна. Хохирогчийн хиймэл эрхтэн хийлгэх зардал, замын зардлыг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг хасч, торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Эд оногдуулсан 5 000 000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Г-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 000 000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 5 000 000 /таван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
6. Шүүгдэгч Г.Э-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял, торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Б нь хиймэл эрхтэн хийлгэх зардал, замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС