| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00561/И |
| Дугаар | 104/ШШ2022/00515 |
| Огноо | 2022-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 104/ШШ2022/00515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, , , од оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 8,202,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч К.*******,
хариуцагч О.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь надад тэтгэврийн картаа барьцаалж 5,5000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлсэн. Сар болгоны 1-ний өдөр тухайн картад нь мөнгө ордог байсан боловч хариуцагч нь өөрөө тэр мөнгөө авдаг болчихсон. Хариуцагч нь банкнаас зээл авч надаас зээлсэн зээлээ хаая гэж хэлээд 2 сарын хугацаа алдсан. Бид хоорондоо тохиролцох гэсэн боловч санал нийлээгүй тул шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4561 тоот зээлийн гэрээний үүрэг нийт 8,202,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дунд нь 1-2 сар зээлсэн мөнгөө төлөөгүй. Гэхдээ банкнаас зээл авч, нэхэмжлэгчид зээлсэн мөнгөө төлье гэж бодсон. Гэтэл банк гэнэт зээл гаргахаа больсон. Үүнийг нэхэмжлэгчид хэлээд надад итгэхгүй байж магадгүй гээд зээлийн эдийн засагчтай уулзуулсан. Тэгээд би сарын дараа дахиад банканд очиход банк зээлийг олгохгүй байх шийдвэр нэг сараар хойшилсон гэж хэлсэн. Би тэр хооронд хүүгээ чадахаараа төлж байсан. Зээлсэн 5,500,000 төгрөгөөр би хашаа авсан. Тэгээд би 8,000,000 төгрөг зээлийн хүүд төлнө гэхээр надад тэр мөнгийг гаргаж өгөх боломж байхгүй. Хэрэв би хүнд 8,000,000 төгрөгийг шууд гаргаад өгөх боломжтой байсан бол хүнээс 5,500,000 төгрөг зээлэх шаардлага надад гарахгүй байх байсан. Би нэхэмжлэгчтэй 10 дугаар сард очиж уулзахад бид хоорондоо харилцан тохиролцохгүй байсан учраас шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зөв юм байна гэж бодсон. Нэхэмжлэгчтэй хамт очиж хууль зүйн зөвлөгөө авсан нь үнэн гэв.
Хэрэгт нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4561 тоот зээлийн гэрээ, зээлийн тооцоолол, К.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал 2021 оны 07 сарын 21 өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,500,000 төгрөг, зээлийн хүү 382,000 төгрөг, алданги 2,320,000 төгрөг, нийт 8,202,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч тал 5,271,000 төгрөгийг төлсөн, одоо 3,500,000 төгрөгийг төлөх боломжтой бөгөөд 8,202,000 төгрөгийг төлөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Талууд 2021 оны 07 сарын 21 өдрөөс 2022 оны 08 сарын 01 өдөр хүртэл 12 сар 10 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 5,500,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулжээ. /хэргийн 5-р хуудас/
- 2021 оны 09 сарын 05 өдрөөс 2022 оны 08 сарын 01 өдөр хүртэл хариуцагч тал бэлнээр болон дансаар нэхэмжлэгчид нийт 5,271,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлсөн болох нь шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбараар нотлогдож байна.
- Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д талууд зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохирчээ
5. Талуулын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу хариуцагч талаас үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй боловч энэхүү шаардлага нь хууль болон гэрээнд нийцсэн байх учиртай.
Талууд шүүх хуралдааны шатанд нийт 5,271,000 төгрөгийг төлсөн болон хүлээн авсан тухайгаа тайлбарлан мэдүүлж байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлийн үүргийг тооцож үзвэл хариуцагч тал үндсэн зээл 5,500,000 төгрөг, зээлийн хүү 157,000 төгрөг, алданги 1,925,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
/12 сар 10 хоногын хүү 5,428,000 төгрөг- төлсөн хүү 5,271,000 төгрөг = үлдэх хүү 157.000 төгрөг. Алданги 5,500,000*0,5 хувь = 27.500 төгрөг. 2022.08.01-ээс 2022.10.10 хүртэл 70 хоног. 70хоног*27,500 төгрөг = 1,925,000 төгрөг./
Иймд хариуцагч талаас үндсэн зээл, хүү, алданги нийт 7,582,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч тал 8,202,000 төгрөгийг эргүүлэн төлөх бололмжгүй учир хүү, алдангийг багасган тооцуулах тухай хариу тайлбарыг тус шүүхэд гаргасан боловч зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон тухай нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Мөн зохигчдийн хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 148,382 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 136,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.аас 7,582,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 620,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 148,382 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,
хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 136,262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА