| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2010008422623 |
| Дугаар | 2021/ДШМ/613 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/613
2021 6 23 2021/ДШМ/613
З.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ариунжаргал,
шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Р.Батцогт,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2010 00842 2623 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овогтой З-тын Б, ……. оны …. дүгээр сарын …-ны өдөр төрсөн, …. настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Улс төрч.мн”-д сэтгүүлч ажилтай, ам бүл 4, …………….. аймгийн ……………… дугаар баг, …………….. дугаар гудамжны …. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ээж, ах, дүүгийн хамт ……….. дүүргийн … дүгээр хороо, ………. тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:…………………./;
Шүүгдэгч З.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 41 дүгээр байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Улс төрч” агентлаг ХХК-ийн байранд байхдаа иргэн Ч.Уын талаар “Залилангийн гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Ардчилсан намын гишүүн байсан” гэх зэргээр ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг бэлтгэн олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогтой З-тын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие З.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Ч.Уыг МУИС-ын Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа “Оюутнуудын дүнг зассан, Сэлэнгэ аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны дэд тэргүүн байсан, нөхрийнхөө залилан авсан машиныг унаж явсан” гэх илт худал мэдээллийг “Ulsturch.mn” сайтад бичиж олон нийтэд тараасан нь тогтоогдсон гэж гэм буруутайд тооцон нэг сая төгрөгөөр торгох ял оноосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
1. Дээрх хэрэгтэй холбогдуулан би “Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам /Одоогийн Боловсрол, Шинжлэх ухааны яам/-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудсыг тус яамнаас гаргуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргах” тухай хүсэлтийг гаргасан. Энэхүү нотлох баримт нь “Ulsturch.mn” Ч.Уын талаарх нийтлэгдсэн нийтлэлд дурдагдсан ажлын бус цагаар оюутнуудын дүн зассан гэсэн агуулгатай холбоотой юм. Надад олдсон баримтаар МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.У нь “Ажлын бус цагаар засварлагдсан дүнгийн судалгаа”-нд хавсаргаснаар 4 дүнг засахыг зөвшөөрсөн, ажлын цагаар засварлагдсан нэг дүнг зөвшөөрсөн гэсэн баримт ирсэн юм. Иймд дээрх илтгэх хуудсыг нотлох баримтаар гаргуулах зайлшгүй шаардлагатай ба энэ баримт нь миний бичсэн нийтлэл худал мэдээлэл мөн эсэхийг тодорхойлно гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурорын хяналтын шатанд, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус тус дээрх баримтыг гаргуулах хүсэлтийг гаргаж байсан боловч хүсэлтийг тухай бүр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүгч, прокурор, мөрдөгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг тус тус зөрчиж, өөрийн дотоод итгэлээр бус өөр шүүхийн шийдвэрийг буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэрлэсэн.
2. Иргэн Ч.Уыг Сэлэнгэ аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны дэд тэргүүн байсан тухай дээрх нийтлэлд дурдагдсан бөгөөд би энэ талаарх баримт болох фото зураг, дүрс бичлэгийн хуулбарыг гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй. Мөн Ч.Уыг Ардчилсан намын 2020 оны шинэчилсэн бүртгэлд байхгүй гэсэн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүгийн гарын үсэг бүхий лавлагаа ирсэн. Миний бие иргэн Ч.Уыг Ардчилсан намын гишүүн байсан гэж бичсэн болохоор Ардчилсан намаас түүний тус намын гишүүнээр элсэж байсан эсэх, Сэлэнгэ аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан эсэх талаарх лавлагааг гаргуулах хүсэлтийг тус тус гаргасан. Дээрх баримтуудыг гаргуулснаар миний гэм буруутай эсэхийг тодорхойлох боломжтой болно гэж үзэж тухайн хүсэлтийг гаргаж байсан. Гэвч шүүх Ардчилсан залуучуудын холбоо бол Ардчилсан намаас тусдаа өөр байгууллага, мөн Ардчилсан намын эрх бүхий этгээд болох Ц.Туваан, Ц.Баатархүү нарын гарын үсэгтэй Ч.У нь “Ардчилсан намын бүртгэлд байхгүй байна” гэсэн бичгийг үндэслэн шийдвэр гаргасан нь мөн үндэслэлгүй. Учир нь миний бие хүсэлтдээ “Ч.У нь Ардчилсан намын гишүүн байсан эсэх талаар тодруулах”-ыг шаардсан болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь “үндэслэл бүхий байх, хууль ёсны байх” хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Батцогт: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 41 дүгээр байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Улс төрч” агентлаг ХХК-ийн байранд байхдаа иргэн Ч.Уын талаар “Залилангийн гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Ардчилсан намын гишүүн байсан” гэх зэргээр ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг бэлтгэн олон нийтэд тараасан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, авилгатай тэмцэх газрын албан бичиг, ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Баатархүүгийн намын гишүүнчлэлийн цахим бүртгэл мэдээллийн санал бүртгэлгүй болно гэх зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. З.Б нь шинээр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар уг хэргийг З.Б үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 41 дүгээр байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Улс төрч” агентлаг ХХК-ийн байранд байхдаа “Улс төрч.мн” гэх цахим хуудсаар дамжуулан иргэн Ч.Уын талаар “Залилангийн гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Ардчилсан намын гишүүн байсан” гэх зэргээр Ч.Уын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.Уын “...2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж миний талаар фэйсбүүк цахим хуудас болон сайт олон нийтийн сүлжээгээр худал мэдээ, мэдээлэл цацагдаж эхэлсэн учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. Ерөнхийдөө тухайн нийтлэлийн агуулга нь 3 зүйлээс бүтэж байна. Нэгт Монгол Улсын Их сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байхдаа оюутнуудын дүнг зассан гэж худал мэдээлэл тараасан байсан. Хоёрт Ардчилсан намын гишүүн байсан гэсэн худал мэдээлэл тараасан байсан. Гуравт Лексус-570 маркийн авто машиныг залилангийн гэмт хэрэгт гүтгэж, мөн видео бичлэг хэлбэрээр худал мэдээ, мэдээлэл тараасан байна. Ер нь бол би ямар нэгэн оюутны дүнг засах боломж байхгүй оюутны программ нь өөрөө өндөр нууцлалтай систем байдаг. 2012 оны Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбооны чуулганы өмнө тус холбооны тэргүүн өөрийн найзын хүсэлтээр очиж манлайлал хувь хүний хөгжлийн талаар хичээл орж дуусаад надад талархал илэрхийлээд бэлэг батламж зэрэг эд зүйлс гардуулсан үеийн бичлэгийг дүрсжүүлж аваад Ардчилсан намд өмнө нь байсан одоо Ардын намд байгаа бөгөөд ялсан нам руу урваж ордог гэсэн утга санаатай 37 секундын видео бичлэгийг Өргөн Сэлэнгэ гэсэн фэйсбүүк хаягаас оруулсан байсан. Би 570 лексус маркийн авто машиныг залилан хийж авсан асуудал байхгүй миний нөхөр “Хөнгөн бетон” ХК-д хувьцаа эзэмшигч юм. 2012 онд барилгын компанитай бартерийн гэрээ хийсэн. Тухайн гэрээ нь хөнгөн бетоноо өгөөд орон сууц авах гэрээ байгуулсан байсан тэгээд хөнгөн бетоноо өгөөд барилгаа баригдаж дуусахыг хүлээж байхад нэг хүн ирээд орон сууцаар 570 лексус маркийн машин авсан бөгөөд тухайн асуудалд би ямар нэгэн холбоо хамаарал байхгүй байхад миний нэрийг хамаатуулан худал мэдээлэл тараасан. Энэ асуудлаас болоод миний гэр бүл болон надад сэтгэл санааны хохирол учирч байна мөн миний улс төрийн карерт сөрөг муу нөлөө үзүүлж байгаа бөгөөд хүнд гэмт хэрэг болон худал хуурмаг зүйлд гүтгэж олон нийтийн сүлжээгээр мэдээ, мэдээлэл тараасанд гомдолтой байна...” /хх 10-12/,
гэрч Б.Э-Оын “...2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Улстөрч.мн” сайтанд Чинбатын Уын талаар залилангийн машинаар гангарч оюутнуудын дүнг хууль бусаар засдаг иргэн Сэлэнгэ аймагт горилж явна гэсэн гарчигтай нийтлэл тавигдсан Чинбатын У нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Их сургуулийн захиргаа дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалыг хүлээлгэн өгсөн. Энэ албан тушаалд ажиллаж байх хугацаандаа оюутнуудын дүнг зассан гэх асуудлаар 2019 онд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст зөрчлийн хэргээр шалгагдаж 2 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн буруугүй болох нь тогтоогдсон...” /хх 13-14/,
гэрч Б.Нтын “...Миний бие хөнгөн бетон хувьцаат компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд манай хөнгөн бетон хувьцаат компани нь Б-Э гэх залуутай худалдах худалдан авах гэрээ байгуулж цоо шинэ Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл авсан гэхдээ би аваагүй бөгөөд манай компани болох хөнгөн бетон хувьцаат компани авсан. Компанийн зүгээс Б-Эд өгөх “Эм Эс Пи Ди” компанийн Зайсанд барьж байсан Номуун виллаже гэх хотхоноос 3 өрөө байр өгөхөөр тохиролцсон. Тухайн үед ашиглалтад ороогүй байсан бөгөөд манай компанийн зүгээс “Эм Эс Пи Ди” компанийн барилгад бетон нийлүүлж байр ашиглалтад ормогц машины эзэн Б-Эд 3 өрөө байр өгөх тохиролцоотой байсан. 2011 оны сүүлээр Б-Этэй уг гэрээг байгуулж байсан. Ингээд компани машиныг нь авсан бөгөөд би хувьцаа эзэмшигч гэсэн утгаараа тээврийн хэрэгслийг унаж байсан юм. Ингээд явж байтал “Эм Эс Пи Ди” компани барьж байсан барилгын ажил зогссон ямар шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд 2 жилийн дараа барилга нь баригдаад дууссан бөгөөд манай компанийн зүгээс хөнгөн блок бүрэн нийлүүлж дууссан. Ингээд уг “Эм Эс Пи Ди” компанид Б-Эд өгөх 3 өрөө байрыг өгүүлэх тухай хүсэлтийг тавьсан. Гэтэл “Эм Эс Пи Ди” компани танайх манайд цаг тухай бүрт нь бетоноос нийлүүлээгүй учир манайх хугацаа алдсан гэж маргаан үүсгэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан дунд дээд шатны шүүх дээр уг маргаан хянан хэлэлцэгдсэн. Уг шүүхийн маргааны хугацаа 2 жил орчим үргэлжилсэн. Энэ хооронд Б-Э нь намайг залилсан гэх асуудлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд миний зүгээс мэдүүлэг тайлбар нотлох баримтуудыг гаргаж өгч хэрэг хэрэгсэхгүй болсон бөгөөд иргэний журмаар Б-Этэй асуудлаа шийдсэн. Б-Э Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гаргасан бөгөөд энэ хугацаанд “Эм Эс Пи Ди” болон хөнгөн бетон ХК-ний хооронд маргааны дээд шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрийг нь Б-Э өмгөөлөгчөө дуудаж танилцуулсан бөгөөд уг шийдвэрт “Эм Эс Пи Ди” компани нь манайд өгөх буюу Бат- Эрдэнэд өгөх 3 өрөө байрыг өгөх тухайн шийдвэр гарсан. Харин компанийн зүгээс “Эм Эс Пи Ди” ХХК-д 100.000.000 төгрөгийн алданги төлөх тухай шийдвэр тавьсан. Ингээд манай компанийн зүгээс Б-Эд хандан уг шүүхийн шийдвэрийг аваад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгүүлж байраа ав. Бид нар боломжоороо “Эм Эс Пи Ди” өгөх ёстой мөнгөө төлж дуусгана. Энэ саналыг Б-Э зөвшөөрч манай хөнгөн бетон хувьцаат компанитай эвлэрэлийн гэрээ байгуулсан. Энэ эвлэрэлийн гэрээгээр Б-Э бид хоёрын маргаан хаагдсан гэж үзэж байна. Тэгээд уг шүүхийн шийдвэрийг Б-Э авч яваад Б-Э байраа авч чадаагүй гэдгийн нь эвлэрэлийн гэрээ байгуулсны дараа 1 жилийн дараа мэдсэн. Ямар шалтгаантай гэдгийг нь мэдэхгүй. Уг асуудлыг манай эхнэр гэх Чинбатын Утай хамруулж гэр бүлээрээ лексус 570 маркийн машин залилсан гэх зэргээр худал мэдээлэл тарааж нэр хүндэд нь халдах болсон. Манай эхнэр Чинбатын Уын хувьд “Хөнгөн бетон” ХК-д ямар нэг хувьцаа эзэмшдэггүй үйл ажиллагаанд оролцдоггүй. Ийм байхад УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр манай эхнэр болох Ч.Уын талаар лексус-570 маркийн тээврийн хэрэгсэл залилсан гэх шантаачилж хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон фэйсбүүк цахим хуудсанд бичсэн байсан. Уг мэдээлэл ор үндэслэлгүй худал мэдээлэл болно. Манай компанийн зүгээс төлөх ёстой мөнгөө “Эм Эс Пи Ди” ХК-д төлөөд явж байгаа. Яг одоогийн байдлаар 30.000.000 төгрөг төлсөн. Миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг залилсан асуудал байхгүй...” /хх-105-107/,
гэрч Ё.Бийн “...Уг Си Си гэдэг нь сургалтын мэдээллийн систем бөгөөд 2003 оноос эхлэн манай сургуульд уг системийг сургалтандаа нэвтрүүлж хөгжүүлэлт хийж байгаа юм. Уг системийг суралцагч анх удаа орж бүртгүүлэхээс эхлээд төгсөх хүртэлх мэдээллийг хадгалж байдаг багш, оюутан, мэргэжилтэн нь тус бүр өөрсдийн эрхтэй учир нэвтэрч ороод мэдээлэл авдаг. Суралцах бүх үйл ажиллагаа уг программаар дамжин явагдаж байгаа. Уг системд дүнг багш оруулна. Багш шалгалт авсны дараа 5 хоногийн дотор эрхтэй учир оюутан тус бүрийн дүнг Си Си мэдээллийн системд оруулдаг. Явцын шалгалт өгөөгүй эсхүл тааруу дүнг, өвчтэй байсан гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаанаар 1-Е гэсэн үнэлгээг багш тавьдаг. Энэ үнэлгээг тавьсан тохиолдолд багш дараагийн улирлын эхний сард багтаан шалгалт авч дүнгээ оруулдаг. Энэ 2 тохиолдолд багш дүнгээ системд оруулна. Дүнгийн гомдол маргаан шийдвэрлэх нь сургалтын журмаараа 1 сарын хугацаатай байдаг. Энэ нь ямар учиртай бэ гэхээр багшийн зүгээс дүнг орхигдуулсан, алдаатай шивсэн, буруу дүгнэсэн бол багш, оюутан аль аль элсэлт бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргана. Ийнхүү хүсэлтийг дүн бүртгэл хариуцсан мэргэжилтэн хүлээж аваад нягтлаад хэлтсийн даргадаа шалгуулаад Си Си системд дүн оруулах эрхийг мэдээллийн технологийн газраас мэргэжилтэнд эрх нээж өгсний улмаас өөрчлөгдсөн дүнг оруулна. Дүнг оруулах үед уг программын үйл ажиллагаанд хяналт тавьж буй Монгол Улсын Их Сургуулийн мэдээлэл технологийн газраас дүнг оруулах эрх бүхий албан тушаалтанд буюу багш, сургалтын албаны мэргэжилтэнд системд дүнг оруулах эрхийг хугацаатай нээж өгдөг. Багшийн хувьд дүнг оруулах эрх нь шалгалт авснаас хойш 5 хоног байдаг. Харин сургалтын албаны мэргэжилтэн, суралцагч, багшийн албан ёсны хүсэлтийг дагуу шийдвэрлэн системд оруулдаг. Багш 5 хоногийн хугацаанд оруулсан дүнгээ өөрчлөх буюу засах эрхтэй. Өөр эрх бүхий албан тушаалтан Си Си мэдээллийн системд дүнг оруулах болон өөрчлөх эрх байхгүй, багш, ажилчид оюутнууд бүх мэдээлэл байгаа учир өндөр нууцлалтай программ юм...” /хх-119-120/ гэх мэдүүлгүүд,
“Ардчилсан нам”-ын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01/41 дугаартай “Чинбат овогтой У нь Ардчилсан намд элсэж байгаагүй бөгөөд Ардчилсан намтай огт хамааралгүй болно.” гэх тодорхойлолт /хх 191/,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00715 дугаартай шүүгчийн захирамж /хх-60-63/,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 479 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх 161-165/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүхээс уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх хэдий ч хууль зүйн дүгнэлт хийлгүй, шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай болжээ.
Тодруулбал, “...нэр төр...” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “…алдар хүнд…” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгодог ба шүүгдэгч З.Бийг “хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч З.Б нь “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөхөд хүлээж аваагүй, ...баримт гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч тухай бүрд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. ...миний бичсэн нийтлэл худал мэдээлэл мөн эсэхийг тодорхойлох байсан. ...шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. ...анхан шатны шүүхийн шийдвэр нь “үндэслэл бүхий байх, хууль ёсны байх” хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн ...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх... гэсэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан ба уг үндсэн эрх, эрх чөлөө нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэсэн үүргээр хязгаарлагдах ба эрхээ эдэлж байна гээд бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, үүргээ ухамсарлахгүй байх учиргүй юм.
Өөрөөр хэлбэл, З.Б нь хэвлэн нийтлэх эрхээ эдлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдаж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруугүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Зээрд адуун овогтой Зоригтийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч Зээрд адуун овогтой Зоригтийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ