Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00942

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00759 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 366 028 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК-тай худалдааны хамтын ажиллагааны гэрээг 2018.06.05 ны өдрөөс 2018.09.05-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулан бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдсан. Гэрээний хугацаанд 2018.06.21-ний өдрөөс 2018.07.18-ны өдөр хүртэл  бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч үлдэгдэл 2 741 080 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Гэрээний 2.2 -т  худалдан авагч нь зээлийн хэмжээний төлбөрийг сар бүрийн 15 болон 20-ны өдрүүдэд багтаан бэлнээр болон дансаар төлөх, гэрээний 7.4 -т худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн. Хариуцагчаас үндсэн төлбөр 2 741 080, алданги 624 948 нийт 3 366 028 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Алдангийг 2018.08.15-ны өдрөөс 2018.10.30-ны өдөр хүртэл нийт 76 хоногийн алданги, хоногийн 0,3 хувиар тооцож 1 хоногийн алданги нь 8 223 төгрөг нийт 624 948 төгрөг болно. Иймд бүтээгдэхүүний төлбөр, анзын хамт  3 366 028 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх гэж 2 удаа очиход удирдлага нь солигдсон байсан. Үлдэгдлээ хүлээлгэж өгсөн. Одоогийн төлбөрөө төлөхгүй гэсэн зүйл байхгүй үнийн дүнг зөрөөд байна. Түүнээс биш мөнгөө төлнө гэсэн бодолтой байгаа. 1 000 000 төгрөг төлсөн, тооцоонд ороогүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 3 366 028 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 810 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 68 810 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.П давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талд шилжүүлсэн 1 000 000 төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд өгч амжаагүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан төлбөр, алдангийн хэмжээ буруу гарсан. Үндсэн төлбөрөөс дээр дурдсан дансаар шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг хасч нийт төлбөр 1 741 080 төгрөг болж байна. Мөн алдангийн тооцоолол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2 741 080 төгрөг, анз 624 948 төгрөг, нийт 3 366 028 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 62/

 

Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, 2 741 080 төгрөгийн барааны үнэ төлөгдөөгүй, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “М” ХХК-аас бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээний 7.4 дэх хэсэгт “худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг төлөх үүрэгтэй” гэж анзийн талаар бичгээр тохиролцсоноос үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 1 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох ёстой гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр 2 741 080 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. /хх-67-69/

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анхан шатны шүүхэд 1 000 000 төгрөг төлсөн баримтыг өгч амжаагүй тул үлдэгдэл төлбөр болон алдангийн тооцоо буруу гарсан гэж тайлбарлах боловч анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу эрх үүргийг тайлбарлаж, мэтгэлцэх зарчмыг хангасан, хариуцагч нь дээрх татгалзалтай холбоотой баримтыг өөрөө шүүхэд гаргах боломжтой байсан боловч гаргаагүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлж татгалзалаа нотлоогүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг үнэлэхгүй бөгөөд талуудын анхан шатны шүүхэд бүрдүүлсэн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД