Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2022/01014

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2022/01014

Хөвсгөл аймаг

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 9 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух, Х Оын Х (РЭ56041729),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 38 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Ц Гын С (РЕ81042090),

Нэхэмжлэлийн шаардлага: Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 10,320,000 (арван сая гурван зуун хорин мянга) төгрөг гаргуулах тухай 155/2022/00946/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Х,

Хариуцагч Г.С, түүний өмгөөлөгч Д.О,

Иргэдийн төлөөлөгч Я.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Х нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин болох Л.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын дугаар багийн нутаг дэвсгэр буюу Хужиртын даваа гэх газарт Тоёота Пирус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Г.Сын Замын хөдөлгөөний дүрмийг чанд санхиж яваагүй, хариуцлагагүй үйлдлээс болж зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Гэм буруутай этгээд болох Г.Ст холбогдох шүүх хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж тус шүүхийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд хариуцлага хүлээлгэн, хохирогч намайг иргэний журмаар хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг гаргуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн. Тодруулбал, дээрх хэргээс хойш миний талийгаач охины хоёр өнчирч үлдсэн хүүхэд байгаа бөгөөд том хүү Ц.Ц энэ оны 3 дугаар сарын 18-нд насанд хүрч оюутан болох гэж байгаа. Харин бага хүү болох Б.Ц нь 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн.

Талийгаач охин минь тус аваар осол болоогүй бол өнөөдрийг хүртэл 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлсээр байх байсан. Талийгаач эгч маань Өвөр Монголд оёдлын бизнес эрхэлж Монголд байх хугацаандаа барилгын бизнес хийх гэх мэтээр ахуй амьдралаа жил ирэх бүр сайжруулж, амьжиргаагаа залгуулж ирсэн.

Энэ утгаараа анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд оролцохдоо талийгаачийн сүүлийн 3 жил олж байсан орлогын мөнгөн дүнг хаан банкны депозит дансны хуулгаар танилцуулж, зохих хувиар тооцож, хохирол нэхэмжилж байсан.

Хэдий Г.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч, талийгаачийн ард үлдсэн үр хүүхдүүдийг нь харж хандаж явна... гэсэн амлалт өгч байсан боловч одоог хүртэл энэхүү амлалтандаа хүрсэнгүй.

Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан этгээд... авах эрхтэй гэх заалтыг үндэслэл болгон, талийгаачийн төрсөн хүү болох Б.Ц нь 14 нас 5 сартай бөгөөд нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 180,000 төгрөгийг сар бүр авч байгааг харгалзан, талийгаач Л.Цын цалин, хөлс, орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгт дүйцүүлэн, дээр дурдсан 180,000 төгрөгийг хасаж тооцон, хүү Б.Цын 18 нас хүртэл авбал зохих хугацаа болон төлбөрийг нэгтгэхэд 3 жил 7 сар, /43 сар, 240,000=10,320,000 төгрөг/ болж байгаа юм.

Энэхүү хуульд заасан үндэслэл, нэхэмжлэлд дурдсан нөхцөл шалтгааныг харгалзан үзэж гэм буруутай этгээд болох Г.Саас гэм хорын хохирол буюу тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 10,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

...Би нэхэмжилсэн мөнгөө гаргуулж авах хүсэлттэй байгаа. Хоосон болсон хоёр хүүхэд үлдсэн байхад яагаад сарын хэдээр ч хамаагүй төлье гэж зөвшилцөж чаддаггүй юм бол гэж би гомдож байна. Өнөөдөр том хүү нь оюутан болоход сургалтын төлбөрийг нь төлж сургаж чадахгүй явж байна. Анх 188,000 төгрөгөөр тогтоогдсон. Одоо 288,000 төгрөг авч байгаа....гэв.

Хариуцагч Г.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Хужиртын даваа гэх газарт Тоёота приүс 30 маркийн 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж осол гаргаад Л.Ц, Э.Г нарын амь нас хохирсон. ...Ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Ихэнхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нааш цааш нь зөөж хардаг. Би 5,160,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна....гэв.

Иргэдийн төлөөлөгч Я.Б: Нэхэмжлэгч Хын нэхэмжилсэн нь зөв, хариуцагч хоёр хүүхдийн тэжээгчийн амь насыг хөнөөснөөр хоёр хүүхэд тэжээгчээ алдсан. Тиймээс хариуцагч төлөх нь зөв. Нэхэмжлэгч хариуцагчид тохиролцсон үүдэн дээр 5,160,000 тогтоосон нь зөв гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.Хаас иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/209 дугаартай Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамжийн хуулбар, №0049322-654 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын эх хувь, Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Агийн тодорхойлолт, №0000260668 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №0049322-654, №124 дугааруудтай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оын Хын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч Г.Саас өмгөөлөгч авах тухай хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Х нь Г.Ст холбогдуулан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 10,320,000 (арван сая гурван зуун хорин мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Г.С нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг тул 5,160,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлав.

Хариуцагч Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Хужиртын даваа гэх газарт Тоёота приус-30 загварын 07-85 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Г, Л.Ц нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоол, Л.Цын №0000260668 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх-ийн 7-15, 44 дүгээр тал)

Нас барагч Л.Ц нь 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүү Ц.Ц, 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Ц нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдов. (хх-ийн 45 дугаар тал)

Нэхэмжлэгч О.Х нь Б.Цын асран хамгаалагч, харгалзан дэмжигч болох нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/209 дугаартай Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын захирамжийн хуулбараар тогтоогдлоо. (хх-ийн 5 дугаар тал)

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд ...авах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Х нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хариуцагч Г.Саас шаардах эрхтэй.

Б.Ц нь 2021 онд сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэвэр 180,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэвэр 288,000 төгрөгийг авч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Агийн тодорхойлолт, нэхэмжлэгч О.Хын ХААН банз дахь 5914167514 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдов. (хх-ийн 46-61 дүгээр тал)

Нас барагч Л.Ц нь нас барахын өмнө хүү Ц.Ц, Б.Ц нарын хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О.Х нь тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгөөс тооцож шаарджээ.

Хавтаст хэрэгт нас барагч Л.Цын цалин хөлсний талаарх баримт авагдаагүй болно.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. гэж заасан.

Дээрх заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгийг нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан 2 хүүхдэд нь хуваахад 140,000 (420,000/3=140,000 төгрөг) төгрөг болж байх ба үүнээс хүү Б.Цын авч буй тэжээгчээ алдсаны тэтгэвэр 288,000 төгрөгийг хасаж тооцоход төлбөрийн хэмжээ тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,160,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 5,160,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Хт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар хариуцагч Г.Саас 5,160,000 (таван сая нэг зуун жаран мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,160,000 (таван сая нэг зуун жаран мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн ...Нэхэмжлэгч, хариуцагчид тохиролцсон 5,160,000 тогтоосон нь зөв.... гэх дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч О.Хын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г.Саас 5,160,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 97,510 (ерэн долоон мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар хариуцагч Г.Саас 5,160,000 (таван сая нэг зуун жаран мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,160,000 (таван сая нэг зуун жаран мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч О.Хын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар хариуцагч Г.Саас улсын тэмдэгтийн хураамж 97,510 (ерэн долоон мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЖАРГАЛ

ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ