| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0327/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/358 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/358
2025 07 22 2025/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхтуяа
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогч Э.М
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2525000000333 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, Б.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг 8 дугаар гудамжинд хүүхдийн тоглоомын талбай дээр хохирогч Э.М “дүү С.Эг цохьсон” гэсэн шалтгаанаар нүүр рүү нь цохих, мөргөн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.Оийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна.Энэ залуу бид 2 заамдалцаж харилцан зодолдсон.Би түрүүлж цохисон гэх мэдүүлэг,
-хохирогч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Эдний дүү нь чулуу шидсэн,би харсан тул зугатах гэхээр нь нааш ир гээд бөгс рүү нь нэг өшиглөсөн.Энэ ах бид 2 барилцаж аваад намайг хашаанд шахаж мөргөсөн.Гэмтэл эдгэрсний дараа хагалгаа хийнэ гэсэн.800,000 төгрөг өгнө гэж тохиролцсон гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000333 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Э.М мэдүүлсэн... 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш барагцаагаар 17 цагийн үед би хашаан дотроо хашаагаа цэвэрлэж байтал нэг танихгүй банди манай байшингийн дээвэр руу чулуу шидсэн юм. Тэгэхээр нь би хашаанаасаа гартал тэр банди зугтаахаар нь би очоод түүнд хандан “чулуу шидэхээ боль” гээд өгзөг рүү нь 1 удаа өшиглөсөн, тэгээд хүзүү, эрүүнийх нь завсраар баруун гараараа 1 удаа алгадсан юм. Тэгээд л өнгөрсөн. Тэгтэл өнөөдөр буюу 2025.05.23-ны өдрийн 18 цаг өнгөрч байх үед би 8 дугаар гудамжинд байх тоглоомын талбай дээр тоглож байтал өчигдрийн надад цохиулсан банди ахтайгаа ирсэн юм. Тэр ах нь намайг дуудаад “яах гээд дүү зодоод байгаа юм бэ” гээд миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлж заамдаж авсан. Тэгтэл тэрээр ахин миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлж нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон. Тэр залуу намайг хойшоо торонд шахаж байгаад миний нүүр луу толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гарсан. Ингээд цагдаа руу явж байтал замд тэр бандийн аав нь гэх нэг ах ирээд мөн миний нүүр лүү 1 удаа цохисон. Ийм л үйл явдал болсон гэх мэдүүлэг /хх-ийн 6, 41-р тал/
-насанд хүрээгүй гэрч С.Эгийн мэдүүлсэн:..2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр барагцаагаар 15-17 цагийн үед би сургууль дээрээ мод тарих нүх ухчихаад 14 настай дүү Н, мөн тэдний ангийн Б нарын хамт гэртээ харихаар гудамжинд алхаад явж байсан. Би гартаа барьж байсан хүрзээ дийлэхгүй, санаандгүй үзүүрийг нь газар хүргэчихээд дээш татсан юм. Тэгтэл хүрзний үзүүрт чулуу шидэгдээд нэг айлын байшингийн дээврийг оночихсон. Тухайн чулуу нь бараг хумсны толио шиг жижигхэн байсан. Тэгтэл тус айлын хашаанаас 2 ах гарч ирээд арай намхан нь үгийн зөрүүгүй намайг нэг удаа алгадсан. Тэгээд миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Би албаар шидээгүй шүү дээ гэхэд чи олон дахин шидэж байгаа, одоо зайл арил гэсэн. Өнөөдөр буюу 2025 оны 5 сарын 24-ний өдөр үдээс хойш би авга ах Оийн хамт Бугат сум руу явах гэж байтал өчигдөр намайг цохисон ах тоглоомын талбай дээр байсан. Би О ахад тэр танихгүй ахад зодуулсан талаараа хэлчихсэн байсан. О ах тэр ахтай очиж уулзсан. Тэр танихгүй ах О ахад “наадах чинь өөрөө болохгүй байсан шүү дээ” гэж хэлсэн. О ах гараа далайтал тэр ах шууд О ахыг барьж аваад нүүр лүү нь гараараа 1-2 удаа цохисон. О ах зөрүүлээд тэр ахын нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд толгойгоороо нүүр лүү нь мөргөсөн. Нөгөө танихгүй ахын хамраас цус гарсан. Аавыг ирэхэд тэр ах “мөнгө чинь байгаа юм биз дээ, цагдаа руу явъя гээд байсан. Аавыг гараараа далайтал тэр ах өөдөөс нь цохисон...” гэх мэдүүлэг /хэргийн 15-16-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ОРХ0725/646 дугаартай...Э.М биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/
-Шүүгдэгч Б.Оийн яллагдагчаар мэдүүлсэн:..С.Э гэдэг манай үеэл дүүг байшингийн дээвэр рүү чулуу шидлээ гээд М гэдэг залуу бөгс рүү нь өшиглөж алгадсан байсан болохоор би дүүгээ өмөөрөөд тэр залуутай уулзсан чинь маргалдаад тэр залуу руу гараараа далайсан чинь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би нэг удаа алгадсан чинь намайг зөрүүлээд толгой руу хоёр удаа цохисон. Тэгэхээр нь татаад мөргөсөн чинь тэр залуугийн хамраас цус гарсан. Тэгээд цагдаа руу явъя гэхээр нь би машинтайгаа тэр залуу машинтайгаа хамт цагдаа орсон юм. Ийм л зүйл болсон. Би тэр залууг мөргөж хамрыг нь гэмтээсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Яллагдагчаар татагдсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Би М гэдэг залуутай уулзаж ярилцсан 14 хоногийн хугацаатай 800.000 төгрөгийн хохирол барагдуулахаар болсон байгаа....гэх мэдүүлэг /хх-н 38-39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.О нь 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Б баг 8 дугаар гудамжинд хүүхдийн тоглоомын талбай дээр Э.М “насанд хүрээгүй дүү С.Эг цохисон” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж, хашаанд налуулж мөргөн зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Оийн үйлдлийн улмаас Э.М биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хоорондоо хамаарал бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй.
Шүүгдэгч Б.Оийн дүү насанд хүрээгүй С.Н “байшин руу чулуу шидлээ” гэж Э.М нь цохиж зодсон нь уг үйл баримт болоход шууд нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгч хохирогч нар 800,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх тул шүүгдэгчээс гаргуулан олгуулах гэж,
-шүүгдэгч Б.О өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж оролцсон ба гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.800,000 төгрөг төлөхөөр тохиролцсон,одоо төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн,гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал,гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ.
Шүүгдэгч өөр санал гаргаагүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Б.О нь шүүх хуралдааны шатанд хохирогч Э.М эрүүл мэндэд учирсан хохиролд 800,000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-ы Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.От шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж, ялын биелэлтийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ