Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2022/00997

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Арвай ИлчХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвд холбогдох

Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 67,881,152 төгрөг, алданги 33,940,576 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг,  нийт 102,821,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр  сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр  сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж,

Хариуцагч байгууллагын эрхлэгч Л.Б

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Арвай ИлчХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвд холбогдуулж дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 67,881,152 төгрөг, алданги 33,940,576 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг, нийт 102,821,728  төгрөг  гаргуулах тухай  нэхэмжлэлийн  шаардлага  гаргасан ба тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Арвай-Илч ХХК нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвтэй 2018, 2019, 2020 онуудад Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр хангагч байгууллагаас хэрэглээг байгууллагад дулааны эрчим хүчээр хангаж ирсэн.

Хангагч байгууллага Арвай-Илч ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор байгуулж байв. Харин хэрэглэгч байгууллага нь хэрэглэсэн эрчим хүчний төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаагаас болоод манай байгууллагад гарах ёсгүй зардал гарсан байдаг. Гэрээнд оролцогч талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд биеүүлээгүй үнийн дүнгээс хожимдуулсан хоногт 0.5 хувиар алданги тооцох заалттай. Гэрээнд оролцогч байгууллагууд 2018, 2019, 2020 онуудад дулаан борлуулалтын тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгааг 67,881,952 төгрөгийг харилцан баталсан. Одоо үндсэн төлбөр 67,881,952 төгрөг, алданги 33,940,976 төгрөг, энэ ажлыг хөөцөлдөхөөр Өвөрхангай аймгаас Хөвсгөл аймагт ажиллах 4 хоногийн томилолтын зардал 1,000,000 төгрөг, бүгд 102,822,928 төгрөгийг хариуцагч байгууллагаар гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар зуучлуулан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт зааснаар хариуцагчаас 102,822,928 төгрөгийг гаргуулж, үл маргах журмаар шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...Би өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.  Арвайн-Илч ХХК нь 2018, 2019, 2020 онуудад Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан.  Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төв нь урьд оныхоо тооцоог хийгээгүй байхад дараа онд дахин гэрээ байгуулан дулааны эрчим хүчээр хангасан байдаг. Хавтаст хэрэгт хоёр талаасаа тооцоо нийлж баталгаажуулж гарын үсгээ зурсан баримтыг нотлох баримтаар өгсөн.  2019 онд 67,000,000 төгрөгийн тооцоо гарсан байдаг ба Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээнд тооцоо хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан байдаг. Мөн нэхэмжлэгч байгууллагаас төлбөр, мөнгийг барагдуулж авах асуудлаар  аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзахад энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй шүүхээр яв гэж хэлсэн. Хэдий төсвийн байгууллага ч гэсэн авсан үйлчилгээнийхээ төлбөрийг төлж хариуцлага хүлээх ёстой шүү дээ.

Нэхэмжлэгч талаас анх дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 67,881,952 төгрөг, алданги 33,940,976 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг,  нийт 102,822,928 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасан. Гэвч бид 2018, 2019 оны дулааны төлбөрийн үлдэгдлийг  бодохдоо 800 төгрөгний тооцоо алдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 67,881,152 төгрөг, алданги 33,940,576 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг,  нийт 102,821,728  төгрөг  гаргуулахаар тодруулж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа 800,000 төгрөгөөр багасгаж байна.

2018 онд үүссэн өрийн асуудлыг Рашаант сумын орлогч даргатай уулзаж ярилцсан ба  2019 онд үүссэн өрийг 2 тал тооцоо нийлж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Томилолтын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нэхэмжлэгчийн тухайд танай орон нутгийн байгууллагын удирдлагуудтай очиж уулзаад, аймгийн удирдлагуудтай мөн уулзсан байдаг. Тэгээд  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргуулах зүйтэй юм байна гэсэн ойлголтыг аваад буцсан.

2018 оны гэрээнд хожимдуулсан хоног тутмын алдангийн тоо хэмжээг орхигдуулсан хэдий ч уг гэрээнд алданги тооцох талаар зохицуулж өгсөн. 2019 онд гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 232.6-д зааснаар алданги тооцох нь зүйтэй гэж үзсэн.2018, 2019 оны дулааны төлөгдөөгүй төлбөрт алданги тооцоод үндсэн үнийн дүнгийн 50 хувиар бодож нэхэмжилсэн. Дээрх нэхэмжилж байгаа дулааны төлбөр нь 2018, 2019 оны халаалтын төлбөрийн үлдэгдэл юм. 2020 онд дээрх байгууллага нь халаалтын төлбөрийн үлдэгдэл байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 01ий өдрийн дулааны эрчим хүчээр хангах гэрээнд Рашаант сумын Соёлын төвийн 4545,4 м куб тайлбайг нэгж үнэ 1738 төгрөгөөр, 1 сард төлөх үнэ 7,899,905 төгрөг, халаах хугацаа 8 сар, нийт төлөх үнэ  63,199,241 төгрөгөөр  дулаан эрчим хүчээр хангахаар тохиролцсон боловч тухайн үеийн дулааны үнэ тариф мкуб тайлбай, нэгж үнэ 1430 төгрөг байсан тул түүнд нийцүүлэн нэгж үнэ өөрчилсөн. Үүнд маргах зүйл байхгүй. Томилолтын зардлыг багасгана гэхээр хүмүүс нь ирээд ажилласан учир боломжгүй юм.

Алданги тооцохгүй байх хуулийн зохицуулалт байхгүй. Хариуцагч байгууллага төлбөрөө төлөхгүй яваад байсан юм чинь алданги тооцох нь зүйтэй. Гэрээнд  гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын соёлын төвийн эрхлэгч Л.Б нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзалаа дараах байдлаар тайлбарсан.Үүнд:

Шүүхэд гаргасан тайлбартаа:...Тус байгууллагад 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Арвай илч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэхэд түлш халаалтын өр 67,881,952 төгрөг, алданги 33,940,976 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг, нийт 102,822,928 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилсэн байгаад тайлбар хүргүүлэх нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвийн 240 хүний суудалтай барилга 2017 оны 12 дугаар сард ашиглалтад орж 2018 оны 01 дүгээр сараас эхлэн “Арвай илч ХХК”-тай түлш халаалтын гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Соёлын төвийн түлш халаалтын зардалд жилд 63,200,632 төгрөг шаардлагатай гэтэл 2018 онд 3,284,800 төгрөг, 2019 онд 32,832,800 төгрөг, 2020 онд 43,367,700 төгрөг, 2021 онд 28,642,700 төгрөг батлагдаж шаардлагатай халаалтын зардлаас дутуу батлагдснаас болж “Арвай илч ХХК”-д 67,881,952 төгрөг, Мөнх Хүслэн Од ХХК-д 30,000,000 төгрөгийн өр үүссэн. Манай байгууллага нь Улсын төсөв болон Орон нутгийн төсвөөс санхүүждэг. Жил бүрийн төсвийн төсөлд шаардлагатай төсвөөр санал хүргүүлдэг, аймгийн Засаг дарга, СУГ-т албан бичгээр хүргүүлдэг боловч жил бүр дутуу батлагдаж ирдэг, суманд давсан орлого байддаггүй учир энэ зардлыг сумаас төлж барагдуулах боломжгүй байгаагаас өнөөдрийг хүргэсэн. Манай байгууллага алданги 33,940,976 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг, нийт 34,940,976 төгрөгийг төлөх боломжгүй, үндсэн өр 67,881,952 төгрөгийн дээд шатны байгууллага Соёлын яам, аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлж 2023 оны төсөвт батлуулж барагдуулах арга хэмжээ авч ажиллах тул хугацаа олгож шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.  

Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Арвай Илч ХХК нь 2017 оноос манай суманд дулааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай байгууллага 2017 онд шинэ барилга хүлээж авсан ба дулаанд холбогдох асуудал яригдаагүй, төсөвт уг зардал тусгагдаагүй. Харин хуучин байрны дулааны зардалд  2018 онд  3,284,800 төгрөг тусгагдсан байсан. Үүнээс болоод 2018 онд халаалтын 48,000,000 төгрөгийн өрөнд орсон. 2019 онд 63,000,000 төгрөгөөр төсвөө баталж явуулсан боловч 32 сая төгрөгийн төсөв батлагдаж ирснээс мөн 19,166,576 төгрөгний дулааны өр үүссэн. 2020 оны эхний сард Арвай Илч ХХК-аас халаалт аваад бусад саруудад өөр компаниас халаалт авсан. 2020 онд Арвай Илч ХХК-д халаалтын өр байхгүй. Энэ нэхэмжилж байгаа өр нь 2018, 2019 оны халаалтын өр юм. 2018, 2019 оны түлш халаалтын үнэ 67, 881,152 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болон томилолтын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Арвай Илч ХХК-аас манай суманд ирж ажиллаагүй. Мөн манай байгууллага батлагдаж ирсэн төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учир алдангийг төлөх боломжгүй. Тэгээд ч Арвай Илч ХХК нь манай орон нутгын байранд үйл ажиллагаа явуулж байгаа тул тодорхой хэмжээний хөнгөлт үзүүлнэ гэж сумын удирдлагуудтай ярьж тохиролцсон асуудал байгаа гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбарыг  шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Арвай ИлчХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвд холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 67,881,952 төгрөг, алданги 33,940,976 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг,  нийт 102,822,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 67,881,152 төгрөг, алданги 33,940,576 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг,  нийт 102,821,728  төгрөг  гаргуулна   хэмээн тодруулсан.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 67,881,152 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алданги 33,940,576 төгрөг, томилолтын зардал 1,000,000 төгрөг, нийт 34,940,576 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээ /хх-4-7/, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээ /хх-8-11/, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээ /хх-12-15/, Албан байгууллагын 2018 оны  тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас /хх-16/,

         Албан байгууллагын 2019 оны  тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас /хх-17/,

        Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-18/, Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19/, Рашаант сумын Соёлын төв, Дулаан борлуулалтын тооцоо 2018 он гэх баримт /хх-20/,

         Рашаант сумын Соёлын төв, Дулаан борлуулалтын тооцоо 2019 он гэх баримт /хх-21/, Рашаант сумын Соёлын төв, Дулаан борлуулалтын тооцоо 2020 он гэх баримт /хх-22/, Албан байгууллагын 2020 оны  тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас /хх-23/, албан томилолтын үнэлэхний хуудас /хх-24-25/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн иргэний үнэмлэхний уулбар хувь/хх-26/,     

         Арвай Илч ХХК-ний захирлын 2022 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 58 дугаар “Итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах тухай” итгэмжлэл /хх-27/, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2552 дугаар шүүгчийн захирамж  хуулбар /хх-28-29/, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1245 дугаар шүүгчийн захирамж хуулбар /хх-30-31/, итгэмжлэл,  

          Улсын бүртгэлийн гэрчилгээ, хавсралт, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Арвай Илч ХХК-ний захирал Б.Батмөнх нарын иргэний үнэмлэхний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх-60-62/ зэргийг

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн Б/13 дугаар захирамж /хх-47/, Л.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-49/, хариу тайлбар /хх-52/ зэрэг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Арвай Илч ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь Улсын бүртгэлийн 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000061355 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.

1-рт.  2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №03 дугаар  дулааны эрчим хүчээр хангах гэрээтэй холбоотой шаардлагын тухайд :

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2018 оны 01 дүгээр сарын 01ий өдөр дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр Арвай Илч ХХК нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд байрлах Рашаант сумын Соёлын төвийн 4545,4 м куб тайлбайг нэгж үнэ 1738 төгрөгөөр, 1 сард төлөх үнэ 7,899,905 төгрөг, халаах хугацаа 8 сар, нийт төлөх үнэ  63,199,241 төгрөгөөр  дулаан эрчим хүчээр хангахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-7-р тал/

Гэвч шүүх хуралдаанд хариуцагч талаас  2018 онд дулааны төлбөрт нийт 51,999,376 төгрөг гарсан ба ингэхдээ 4545,4 м куб тайлбайг нэгж үнэ 1430 төгрөгөөр, 1 сард төлөх үнэ 6,499,922 төгрөг, халаах хугацаа 8 сар, нийт төлөх үнэ  51,999,376 төгрөг төлөхөөр гэрээнд өөрчилт оруулсан. Ингэхдээ гэрээг бичгээр байгуулаагүй ба төлбөрөөс 3,284,800 төгрөгийг өгч, одоо 48,714,576 төгрөгний үлдэгдэлтэй байгаа гэж  тайлбарласан ба хэргийн зохигч талбайн хэмжээ, үнэн зэрэгт маргаагүй.

Үүнээс үзвэл 2018 онд Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох Арвай Илч ХХК нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд байрлах Рашаант сумын Соёлын төвийг дулаан эрчим хүчээр хангах, ингэхдээ 4545,4 м куб тайлбайг нэгж үнэ 1430 төгрөгөөр, 1 сард төлөх үнэ 6,499,922 төгрөг, халаах хугацаа 8 сар, нийт төлөх үнэ  51,999,376 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдлоо.

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф тогтоох тухай аргачлалд аж, ахуйн нэгжийг метр кубээр тооцдог ба нэхэмжлэгч  Арвай Илч ХХК нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвийг дулаан эрчим хүчээр хангахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоосон үнэ тарифаар нэгж үнийг тооцож,  Рашаант сумын Соёлын төвийн 4545,4 м куб тайлбайг нэгж үнэ 1430 төгрөгөөр тохиролцсноор талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иймд Арвай Илч ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар шаардах эрхтэй.

Алдангийн хувьд нэхэмжлэгч талаас 2019 онд талууд тооцоо нийлэхэд 2018, 2019 оны нийт үлдэгдэл төлбөр 67,881,152 төгрөг байсан. Гэрээгээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног дутамд дүнгээс 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Хуулинд алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасан тул 67,881,152 төгрөгний 50  хувь 33,940,576 төгрөгний алданги гаргуулна гэх ба талуудын хооронд байгуулагдсан 2018 оны гэрээний үлдэгдэл төлбөр 48,714,576 төгрөг. Үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцвол 24,357,288 төгрөг.

Гэвч зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах №03 дугаар гэрээгээр алданги хэрхэн яаж тооцох нь ойлгомжгүй.

Тодруулбал 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д...гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоо хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд  ДЭХ-р хангах гэрээний дагуу алданги тооцох, улмаар ДЭХ-ний хязгаарлалт хийнэ... гэж заасан байх боловч алдангийн хэмжээ тодорхойгүй тул талууд гэрээгээр алданга төлөхөөр тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Соёлын төвийг дулаан эрчим хүчээр хангахдаа 4545,4 м куб тайлбайг нэгж үнэ 1430 төгрөгөөр тооцохоор тохиролцохдоо гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд  урд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар гэрээнд өөрчилт бичгээр оруулаагүй.

Мөн хариуцагч нь Арвай Илч ХХК-г шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дулааны үлдэгдэл төлбөрөөс 7.790.000 төгрөгийг төлсөн тул 48,714,576 төгрөгнөөс хасуулна гэж тайлбарлаж байгаа боловч ач холбогдох бүхий баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул дулааны төлбөрийн үлдэгдэл 48,714,576 төгрөгнөөс хасаж тооцох боломжгүйг дурдлаа.

Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үлдэгдэл төлбөр 48,714,576 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 24,357,288 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

2-рт. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар  дулааны эрчим хүчээр хангах гэрээтэй холбоотой шаардлагын тухайд:

Хавтаст хэрэгт авагдсан “2019 оны Дулааны эрчим хүч хэрэглэгчийн гэрээ” /хх-8-11/-г шинжлэн судлахад Арвай Илч ХХК нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвд байрлах Рашаант сумын Соёлын төвийн 4545,4 м куб тайлбайг нэгж үнэ 1430 төгрөгөөр, 1 сард төлөх үнэ 6,499,922 төгрөг, хугацаа 8 сар, нийт төлөх үнэ  51,999,376 төгрөгөөр дулаан эрчим хүчээр хангахаар харилцан тохиролцжээ.

Тус гэрээний 4.1-д “хэрэглэгч нь ашигласан ДЭХ-ний үнийг тухайн сарын 31-ний дотор төлж барагдуудна.” гэжээ. Дээрх заалтаас үзэхэд түгээгч буюу Арвай Илч ХХК нь дулаан нийлүүлэх, хэрэглэгч буюу Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төв нь хэрэглэсэн дулааны төлбөрөө төлөх үүргийг тус тус хүлээсэн.

2019 онд нийт 51,999,376 төгрөгний дулаан эрчим хүчний төлбөр гарснаас 32,832,800 төгрөгийг төлсөн ба 19,166,576 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч /хэрэглэгч/ төлж барагдуулаагүй, хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь /хх-8-11, 17,21/ тогтоогдож байна. Дээрх үйл баримтанд хариуцагч маргаагүй.

Мөн гэрээний 4.2-т “Хугацаандаа төлөөгүй дулааны үнийг тооцохдоо хоногийн 0,5%-н алданги бодож хэрэглэгч нэмж төлнө.” гэж заасан байгаа нь нэхэмжлэгч төлбөрөө барагдуулаагүй үнийн дүнгээс алданги тооцох эрхтэй байна.

Алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаагаар тооцож үзвэл төлөх ёстой төлбөрийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, Дулааны эрчим хүчээр хангах гэрээнд заасан хугацаан дахь төлөөгүй дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 19,166,576 төгрөгийн 50 хувь болох 9,583,288 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Иймээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвөөс  дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 19,166,576 төгрөг, алданги 9,583,288 төгрөг нийт  28,749,864 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Арвай Илч ХХК-д олгов.

3-рт.Томилолтын зардалд 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нь...Өвөрхангай аймгаас дээрх асуудлаас болж Хөвсгөл аймагт  ирж, очсон томилолтын зардал 1,000,000 төгрөг, гарсан тул хариуцагч байгууллагаас гаргуулж авна...гэж тайлбарлаж байгаач нэг хүний хэдэн төгрөгний томилолтын зардал гарсан хэмээн нэхэмжилсэн болох нь тодорхойгүй, санхүүгийн баримтууд хэрэгт авагдаагүйгээс бодит байдал дээр нэхэмжлэгчээс тус албан томилолтын зардал гарсан гэх үндэслэл тогтоогдоогүй ба Арвай Илч ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр томилолтын зардал 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан 2018, 2019 оны дулааны эрчим хүчээр хангах гэрээ /хх-4-11/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-16-17, Рашаант сумын Соёлын төв, Дулаан борлуулалтын тооцоо 2018, 2019, 2020 он гэх баримт /хх-20-22/, зэргийг үнэлж шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болголоо.

 2020 оны тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-23/, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2552 дугаар шүүгчийн захирамж  хуулбар /хх-28-29/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                   ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвөөс дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 67,881,152 / жаран долоон сая найман зуун наян нэгэн мянга нэг зуун тавин хоёр/ төгрөг, алданги 9,583,288 /есөн сая таван зуун наян гурван мянга хоёр зуун наян найм/  төгрөг,  нийт  77,465,440 /далан долоон сая дөрвөн зуун жаран таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Арвай Илч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,357,288 /хорин таван сая гурван  зуун тавин долоон мянга хоёр зуун наян найм/төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Арвай Илч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 672,065/ зургаан зуун далан хоёр мянга жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Соёлын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 545,272 /таван зуун дөчин тав хоёр зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Арвай Илч ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДАВААХҮҮ