| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00265/И |
| Дугаар | 152/ШШ2022/00436 |
| Огноо | 2022-10-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 152/ШШ2022/00436
| 2022 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 152/ШШ2022/00436 | Увс аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч О.Батдорж, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, 3-2 тоотод оршин суух, Б ургийн овогт Ч-ын Ж-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 11-11 тоотод оршин суух, Б ургийн овогт В-ын Ч,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 19-23 тоотод оршин суух, Т ургийн овогт Н-ын Э нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,991,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ж, хариуцагч В.Ч, Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч Ц.Батгэрэлд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч В.Ч, Н.Э, нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,991,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.2. Тухайн үед машин барьж явсан хүн илт согтуу байсан бөгөөд хажууд нь явсан 2 хүн шал согтуу байсан. Миний машины урд суудалд 2 настай хүүхэдтэй хүн явсан.
1.3. Ингээд би сумын цагдаагийн тасаг руу ярьсан ба хэсгийн төлөөлөгч Түмэнжаргал, дэргэдээ 2 цагдаатай ирсэн бөгөөд дараа нь хэсгийн дарга Баттулга ирсэн. Цагдаа нар хэргийн газартай танилцаж, архи уусан хүмүүсийг шалгаж үлээлгэдэг багаж байхгүй тул 2 жолооч болон нөгөө машинд хамт явсан нэг хүнээс цусны шинжилгээ авсан. Шинжилгээ 72 цагийн дараа гарна гэсэн боловч шаардлага хангахгүй байна гэж хэлсэн. Тухайн үед тэр машинд байсан гурван хүн илт согтуу байсан. Хажууд нь эрүүл хүмүүс байсан.
1.4. Би Улаанбаатар хот руу явж машинаа засуулсан. Иймд вьетнам засварын газрын хөлс 1,250,000 төгрөг, Тэс сумаас Улаангом сум руу ирсэн замын зардал 122,800 төгрөг, Улаангом сумаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 558,500 төгрөг, машин үнэлүүлсэн шинжээчийн хөлс 60,000 төгрөг, нийт 1,991,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.1. Би 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Тэс суманд ажлаар явж байсан. Тухайн үед миний машиныг Н.Э жолоодож байсан. Зам хальтиргаатай байсан тул хоёр машин зөрөлцөх үед Ч.Ж-ийн машиныг шүргэж гэмтэл гаргасныг хүлээн зөвшөөрч зөрчлийн арга хэмжээ авахуулсан.
2.2. Улаанбаатар хотод Кluger машины арын хаалга 180,000 төгрөг, хойд гупер 350,000 төгрөгийн ханштай байхад Ч.Ж илт худал баримт бүрдүүлэн үндэслэлгүй нэхэмжпэл гаргасан байна.
2.3. Ч.Ж-ийн шүүхэд гаргаж өгсөн Вьетнам засварын баримт нь санхүүгийн тэмдэггүй баримт байна. Мөн бензиний баримтууд нь Улаанбаатар хот руу машинаа засуулахаар явахдаа хэрэглэсэн бензин гэдэг нь тодорхойгүй. Жишээлбэл: Тэс Петролиум ХХК-ийн ШТС-55 Увс4 салбараас 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бензин авсан баримтууд нь эргэлзээ төрүүлж байна гэжээ.
3. Хариуцагч Н.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 720,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:
3.1. Осол гаргах үед би архи уугаагүй, эрүүл байсан. Цусны дээжээ өгч шалгуулахаар хуруу шил дүүрэн цус авсан боловч цус шаардлага хангахгүй байна гээд шалгаагүй.
3.2. Тухайн үед Ч.Ж руу машинаа өгчих, бүх юмнуудыг нь засаад өгье гэж хэлэх гээд залгасан боловч утсаа аваагүй.
3.3. Ч.Ж-ийн нэхэмжлэлээс эвлэрлийн гэрээнд дээр тусгасан 720,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 3 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт, бензиний 5 ширхэг баримт, сэв будаг, үйлчилгээний хуудас гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймаг дахь Цагдаагийн газраас Н.Э-д холбогдох зөрчлийн материалыг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн байна.
:
1. Нэхэмжлэгч Ч.Ж-ийн хариуцагч В.Ч Н.Э нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,991,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 1,250,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 741,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би Кluger маркийн 11-69 УВХ улсын дугаартай автомашин жолоодож явах үед Н.Э нь В.Ч-ийн эзэмшлийн 50-55 УВС улсын дугаартай Land Cruiser 100 маркийн автомашиныг жолоодож яваад надад зам тавьж өгөлгүй миний машины зөв талын урд хаалгыг шүргэж, арын хаалга, арын цонхны доод хэсгийг хонхойлгож, арын гуперийн хажуу талыг хагалж хохирол учруулсан. Тухайн үед машин барьж явсан хүн илт согтуу хажууд нь явж байсан 2 хүн шал согтуу байсан. Би сумын цагдаагийн тасаг руу дуудлага өгсөн. Цагдаа ирж хэргийн газартай танилцаж, архи уусан хүмүүсийг шалгаж үлээлгэдэг багаж байхгүй тул 2 жолооч болон нөгөө машинд хамт явсан 1 хүнээс цусны шинжилгээ авсан. Шинжилгээ 72 цагийн дараа гарна гэсэн боловч шаардлага хангахгүй байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу явж машинаа засуулсан. Иймд вьетнам засварын газрын хөлс 1,250,000 төгрөг, Тэс сумаас Улаангом сум руу ирсэн замын зардал 122,800 төгрөг, Улаангом сумаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 558,500 төгрөг, машин үнэлүүлсэн шинжээчийн хөлс 60,000 төгрөг, нийт 1,991,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, Өндөр модны элс гэх газарт Н.Энххүслэн автомашиныг жолоодож яваад Ч.Ж-ийн Kluger маркийн 11-69 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгажээ.
Улмаар Н.Э-ийн зам тээврийн осол гаргасан буруутай үйлдэл нь хэргийн газрын үзлэг, магадлагаа зэргээр тогтоогдож байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байх ба холбогдогч Н.Э тухайн шийтгэлийн хуудаст гомдол гаргаагүй, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна.
10. Дээрх зөрчлийн хэрэгт хариуцагч В.Ч 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир өөрийн эзэмшлийн 50-55 УВС улсын дугаартай, Land Cruiser-100 маркийн автомашиныг Н.Э-ээр жолоодуулсан ба Н.Э жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэж мэдүүлсэн байх тул Н.Энххүслэн энэхүү тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрлөөр жолоодсон гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч В.Ч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хор учирсан этгээд болох Ч.Жамсрангийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй.
11. Ийнхүү хариуцагч Н.Э, В.Ч нар гэм буруутай болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Ж-д нөхөн төлөх үүрэгтэй.
12. Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ч.Ж-ийн эзэмшлийн Kluger маркийн 11-69 УВХ улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгсэлд нийт 1,040,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.
Гэвч нэхэмжлэгчээс Вьетнам засварын газрын хөлс 1,250,000 төгрөг, Тэс сумаас Улаангом сум руу ирсэн замын зардал 122,800 төгрөг, Улаангом сумаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 558,500 төгрөг, машин үнэлүүлсэн шинжээчийн хөлс 60,000 төгрөг, нийт 1,991,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн.
Нэхэмжлэгчээс Вьетнам засварын газрын хөлс 1,250,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нотлохоор сэв будаг үйлчилгээний хуудас гэх баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч тухайн баримтад хэний эзэмшлийн, ямар автомашиныг засварласан эсэх нь тодорхойгүй, мөн засварын газрын нэр, тамга тэмдэг тухайн баримтад дарагдаагүй байх тул энэхүү баримтыг үндэслэн засварын хөлсийг гаргах боломжгүй.
FI16351711, LO62795828 сугалааны дугаартай бензин худалдан авсан гэх НӨАТ-ын баримтуудын бичиг арилсан, тухайн баримтыг ямар газраас, хэзээ авсан эсэх нь тодорхойгүй байна.
Мөн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Тэс петролиум ШТС-55, Увс 4 салбараас 117,500 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Ти Эм Ойл ШТС-82 салбараас 100,000 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сод монгол группээс 106,000 төгрөгийн бензин авсан гэх баримтуудыг нэхэмжлэгчээс ирүүлсэн байх боловч тухайн бензинийг хэн ямар зорилгоор худалдан авсан эсэх нь тодорхойгүй, Ч.Ж-г автомашин засварлуулахаар Улаанбаатар хот руу явахдаа худалдан авсан бензиний баримтууд гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Харин нэхэмжлэгч Ч.Ж үнэлгээний ажлын хөлсөнд 60,000 төгрөг төлсөн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн баримтаар тогтоогдож байх тул үнэлгээний ажлын хөлс 60,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.
13. Ийнхүү хариуцагч Н.Э, В.Ч нараас Гэрэг Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ч.Ж-ийн эзэмшлийн Kluger маркийн 11-69 УВХ улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгсэлд учирсан нийт 1,040,000 төгрөгийн хохирол, үнэлгээний ажлын хөлс 60,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж-д олгох үндэслэлтэй байх боловч хариуцагч Н.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 720,000 төгрөг, В.Ч 530,000 төгрөг, нийт 1,250,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хариуцагч Н.Э-ээс 720,000 төгрөг, В.Ч-оос 530,000 төгрөг, нийт 1,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 741,300 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э, В.Ч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 1,250,00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 34,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Н.Энххүслэнгээс 720,000 төгрөг, В.Ч-оос 530,000 төгрөг, нийт 1,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 741,300 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Жамсрангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э, В.Ч нараас 34,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР
ШҮҮГЧИД О.БАТДОРЖ
Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ