Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 152/ШШ2022/00438

 

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 152/ШШ2022/00438

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч О.Батдорж, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 6-13 тоотод оршин суух, регистрийн дугаар ОП77071118, Б ургийн овогт Т-ын Б-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ОП76080932, Ү ургийн овогт Ж-ийн Д,

Хариуцагч: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ОП77010401, Б овогт Д-ийн Б нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 39,024,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Д.Б, Ж.Д, хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Д.Б, Ж.Д нарт холбогдуулан гэм хорын хохиролд 39,024,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би Ховд суманд Номин нэртэй гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулж байсан юм. Тухайн дэлгүүрийн барилгыг 2021 оны 6 дугаар сард Ховд сумын Х.Амарсанаа гэх хүнээс 18,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар дэлгүүрийнхээ зүүн талын хэсэгт 6,4 х 5м хэмжээтэй блокон барилгыг 10,000,000 төгрөгөөр барьж засвар, үйлчилгээ хийж ашиглалтад оруулсан. Манай дэлгүүрийн барилга нийт 30,000,000 төгрөгийн өртөгтэй байсан.

1.2. Манай дэлгүүртэй залгаа Ж.Д, Д.Б нарын эзэмшлийн Ач буян нэртэй хүнс, барааны дэлгүүр байдаг бөгөөд түүнийгээ ажиллуулдаг байсан.

1.3. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Ач буян дэлгүүрийн эзэн Ж.Даваасүрэн нь өөрийнхөө гар утаснаас над руу залгаж миний дэлгүүр шатаж байна хурдан ир гэж хэлсэн тул дэлгүүр дээрээ очиход Д-ийн дэлгүүр шатаж байсан ба гал нь манай дэлгүүр, склад руу орж шатсан. Би өөрийнхөө дэлгүүрээс тодорхой хэмжээний бараа зөөсөн боловч шаардлага хангахгүй бараа маш их гарсан. Тэр үед дэлгүүр, склад тэр чигээрээ шатаад дууссан.

1.4. Би Төрийн банкнаас 0,3 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч дэлгүүрээ өргөжүүлэн ажиллуулж байсан.

1.5. Тухайн үед гал гарсны дараа би сумаас томилогдсон ажлын хэсэгтээ хамт өөрийнхөө хохирол үнэлэхэд 350 төрлийн барааны хохирол 54,497,200 төгрөг, мөн 30,000,000 төгрөгийн объект, нийт 84,000,000 төгрөгийн хохирол гарсан гэж тогтоосон. Гэтэл сумын удирдлага болон Ж.Д надтай ирж уулзаад хохирлын хэмжээ 50,000,000 дээш болохоор Ж.Д, Д.Б нарт эрүүгийн хэрэг үүсэх гээд байна гэхээр нь хүн чанар гаргаад би дахин мэдүүлэг өгөхдөө хохирлын хэмжээг бууруулаад 54,497,200 төгрөгийн бараа материалын хохирлыг бууруулаад 17,024,500 төгрөгийн хохирол учирсан гэж хэлсэн. Ингээд нийт хохирлын хэмжээг 39,024,500 төгрөг гэж тогтоосон.

1.6. Ач буян дэлгүүрийн эзэн Д.Б тенн залгаснаас гал гарсан гэдэг нь тогтоогдсон.

1.7. Ж.Д, Д.Б бид нар нэг нутгийн хүмүүс тул Цагдаагийн байгууллагаас тогтоосон хохирлыг гаргаж өгөх байх гэж өнөөдрийг хүртэл хүлээсэн.

1.8. Мөн дэлгүүр шатахад хүмүүсээс авах 28,000,000 төгрөгийн өрийн дэвтэр хүртэл шатаж хүмүүсээс авах өрөө хүртэл авч чадахгүй давхар хохироод байна. Манайх өнөөдөр хүртэл дэлгүүрээ ажиллуулж байсан бол банкны өрөө дараад ашиг орлого олох байсан.

1.9. Ж.Д, Д.Б нар өөрсдөө хүний хөрөнгийг шатааж хохироочихоод одоо хүртэл бид нартай уулзаж уучлалт гуйгаагүй бөгөөд хохирол төлөх талаар огт ярилцаагүй хэрнээ надад учирсан 84,000,000 төгрөгийн хохирол төлж барагдуулна гэж нутгийн ард иргэдээс хандив цуглуулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй, бидний нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна. Иймд Ж.Д, Д.Б нараас 39,024,500 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.Д, Д.Б нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

2.1. Увс аймгийн Ховд сумын төвд Ач буян нэртэй хүнс барааны дэлгүүр ажилуулдаг байсан. Манай гэр бүлийн амьдралын эх үүсвэр болж байсан энэхүү дэлгүүр 2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө гал гарч шатсан. Улмаар манай дэлгүүрийн зэргэлдээ байсан Т.Б-ийн дэлгүүр шатсан.

2.2. Тухайн шөнө их хэмжээний цас орсон байсан. Уг гал тогноос болж гарсан гэж үзсэн. Манай дэлгүүр склад бүгд шатаж нэг ч эд зүйл бараа материал үлдээгүй. Бид гал гарснаас болж эд зүйл, бичиг баримт, зээлийн дэвтэр, бүх хөрөнгөө алдаж, амьдралын ямар ч эх үүсвэргүй болж үлдсэн.

2.3. Харин Т.Б бараагаа авч үлдэж чадсан бөгөөд бараагаа сумандаа болон аймагт зарж байсан. Иймд барааны үнэ 17,024,500 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Харин дэлгүүр хохирол 22,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

2.4. Би Төрийн банкны 0.3 хувийн 50,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч, дэлгүүрээ өргөжүүлэн ажиллаж байсан. Гал гарснаас хойш өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Дээрээс нь 2 хүүхэд оюутан, 2 хүүхдийн оюутны төлбөр, байрны төлбөр төлдөг. Би Баян-Өлгий аймагт Цамбагарав бөөний төвөөс 5,100,000 төгрөгийн бараа, Увс аймагт Болор бөөний төвөөс 10,850,000 төгрөгийн бараа тус тус зээлээр авсан байсан. Сум хөгжүүлэх сангаас мөн 18,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Манай гэр бүлийн нөхцөл байдал ийм хүнд болсон. Тухайн үүссэн галын улмаас амжиргааны түвшин эрс буурсан. Тухайн үед байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан цас орж, цахилгааны масс үүссэж, гал гарч их хэмжээний хохирол учруулсан

2.5. Иймд барааны үнэ 17,024,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин дэлгүүр хохирол 22,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэбилэг Миний бие бичиг үсэг муу тул дүгнэлтээ бичгээр гаргах боломжгүй. Нэхэмжлэгч хохирлоо нэхэмжлэх нь зөв гэж үзэж байна. Хариуцагч тал бас хохирол амссан байна. Иймд зөвшилцөх нь дээр байх гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Увс аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт, зээлийн гэрээг шүүхэд ирүүлсэн зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг шүүхэд ирүүлсэн.

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Прокурорын газраас Увс аймгийн Ховыд сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/17 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамж, Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т-ын Б-ийн гэр ахуйн барааны дэлгүүр, агуулах гал түймэрт өртөн шатсан хохирлын акт, Увс аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн байна.

:

1. Нэхэмжлэгч Т.Б-ийн хариуцагч Ж.Д, Д.Б нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 39,024,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 22,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 17,024,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 19-ний шөнө Ж.Д-ийн дэлгүүрт гал гарсны улмаас манай дэлгүүр, склад тэр чигээрээ шатсан. Ж.Д, Д.Б нар дэлгүүртээ тенн залгасны улмаас гал гарсан гэдэг нь тогтоогдсон. Гал гарч байх үед дэлгүүрийнхээ барааг зөөж гаргасан боловч шаардлага хангахгүй бараа маш их гарсан. Би Төрийн банкнаас 0,3 хувийн хүүтэй, 50,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч дэлгүүрээ өргөжүүлэн ажиллуулж байсан. Тухайн үед гал гарсны дараа би сумаас томилогдсон ажлын хэсэгтээ хамт өөрийнхөө хохирол үнэлэхэд 350 төрлийн барааны хохирол 54,497,200 төгрөг, мөн 30,000,000 төгрөгийн объект, нийт 84,000,000 төгрөгийн хохирол гарсан. Гэтэл сумын удирдлага болон Ж.Д надтай ирж уулзаад хохирлын хэмжээ 50,000,000 дээш болохоор Ж.Д, Д.Б нарт эрүүгийн хэрэг үүсэх гээд байна гэхээр нь хүн чанар гаргаад би дахин мэдүүлэг өгөхдөө хохирлын хэмжээг бууруулаад 54,497,200 төгрөгийн бараа материалын хохирлыг бууруулаад 17,024,500 төгрөгийн хохирол учирсан гэж хэлсэн. Ингээд нийт хохирлын хэмжээг 39,024,500 төгрөг гэж тогтоосон. Иймд Ж.Д, Д.Б нараас 39,024,500 төгрөгийн хохирлыг яаралтай гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч Ж.Д, Д.Б нарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас дэлгүүрийн зориулалттай барилга, складны үнэ 22,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шатсан барааны үнэ 17,024,500 төгрөгийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай дэлгүүр 2022 оны 3 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө гал гарч шатсан. Улмаар манай дэлгүүрийн зэргэлдээ байсан Т.Б-ийн дэлгүүр шатсан. Манай дэлгүүр склад бүгд шатаж нэг ч эд зүйл бараа материал үлдээгүй. Харин Т.Б бараагаа авч үлдэж чадсан бөгөөд бараагаа сумандаа болон аймагт зарж байсан. Иймд барааны үнэ 17,024,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин дэлгүүр хохирол 22,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.

4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2022 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутагт байрлах иргэн Ж.Д-ийн эзэмшлийн Ач буян гэх нэртэй хүнс, барааны дэлгүүрт гал гарсны улмаас дэлгүүр шатаж, гал нь тус дэлгүүрийн зэргэлдээ байсан Т.Б-ийн Номин гэх нэртэй хүнс, барааны дэлгүүр лүү орсны улмаас тус дэлгүүр шатсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

4.2. Улмаар Ж.Д-ийн эзэмшлийн Ач буян дэлгүүрт гарсан гал түймрийг ямар шалтгааны улмаас гарсан эсэхийг Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Гал түймэр нь Ач буян дэлгүүрт цахилгааны масс гарсны улмаас гарсан болох нь тус сумын Төрийн банкны камерын бичлэгээр тогтоогдсон. Гал гадны ямар нэгэн эх үүсвэрээс гараагүй, ямар нэгэн хүн зориуд гал тавьсан шинж байхгүй, гал гарах үйл явц нь Увс аймгийн Ховд сумын төвд байрлах Төрийн банкны хяналтын камерт бичигдэж бэхжүүлэгдсэн гэдгийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.

 

4.3. Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/17 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар Д.Б, Т.Б нарын хүнс барааны дэлгүүр, агуулах нь гал түймэрт шатсаны улмаас тэдэнд учирсан хохирлыг тогтоох, үзлэг хийх ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тухайн ажлын хэсэг нь жагсаалтаар Т.Б-д учирсан нийт хохирлыг 84,497,200 төгрөг гэж тогтоосон байна.

 

Мөн Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчний 138 дугаар дүгнэлтээр 2022 оны 3 дугаар сарын байдлаар Увс аймгийн Ховд суманд 7,6 х 6,4м хэмжээтэй модон барилга 2021 оны 6 дугаар сард 18,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх, 5 х 6,4м хэмжээтэй блокон барилгын зах зээлийн үнэ цэний баримжаа нийт 22,000,000 төгрөг болохыг тодорхойлов гэж нэхэмжлэгч Т.Б-ийн дэлгүүрийн зориулалттай барилга, агуулахын үнийг тогтоожээ. Тухайн дүгнэлтэд дэлгүүр агуулахын үнийг 22,000 /Хоёр хоёр сая/ төгрөг гэж үгийн алдаа гаргаж бичсэн байх боловч талууд үнэлгээг 22,000,000 төгрөг гэсэнд маргаагүй болно.

 

4.4. Дээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Ж.Д, Д.Б нарын болгоомжгүй үйлдлийн улмаас Т.Б-ийн дэлгүүр, агуулах шатсан боловч уг үйлдлийн улмаас хохирогч Т.Б-д нийт 39,024,500 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохирол буюу 50,000,000 төгрөгт хүрэхгүй байх тул Ж.Д, Д.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн 223500081 дугаартай хэргийг хааж, тэдэнд Зөрчлийн тухай хуулий 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авахыг аймгийн Онцгой байдлын газрын эрх бүхий улсын байцаагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Тухайн прокурорын тогтоолд Т.Б нь учирсан хохирлоо буруутай этгээдүүдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсанаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

5. Талуудын маргааны зүйл нь барааны хохирлыг 17,024,500 төгрөгөөр тогтоосон үйл баримтын талаар маргаж байна. Харин Ж.Д-ийн эзэмшлийн Ач буян гэх нэртэй хүнс, барааны дэлгүүрт цахилгааны масс гарсны улмаас дэлгүүр шатаж, гал нь тус дэлгүүрийн зэргэлдээ байсан Т.Б-ийн Номин гэх нэртэй хүнс, барааны дэлгүүр лүү орсны улмаас тус дэлгүүр шатсан, дэлгүүр, агуулахын хохирлыг 22,000,000 төгрөг гэж тогтоосон үйл баримтын талаар маргаагүй.

 

6. Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/17 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар томилсон ажлын хэсэг нь Т.Б-д учирсан барааны хохирлыг 54,497,200 төгрөг, дэлгүүр, агуулахыг 30,000,000 төгрөг, нийт 84,497,200 төгрөг гэж тогтоосон.

 

7. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.8-д зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, хот, суурин газрын төлөвлөлт, газар олголтод гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэх, гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа зохион байгуулах, нутаг дэвсгэртээ гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг ажиллуулах зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх, гал түймэр унтраах аврах анги, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах, ой, хээрийн гал түймэр гарсан үед бүрэн эрхийн хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан тухайн гал түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах, ажлын явцыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх, ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй газарт түймэр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас шинээр байгуулах, зурвасыг сэргээх төсөв, төлөвлөгөөг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, батлуулж, хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

 

Дээрх хуульд зааснаас харахад аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь түймрийн улмаас иргэний өмчид учирсан хохирлын хэмжээг ажлын хэсэг байгуулж тогтоох чиг үүрэг бүхий этгээд биш юм.

 

Харин Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д зааснаар Монгол Улсын иргэн гал түймрийн улмаас өөрийн өмчид учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох эрхтэй байна.

 

8. Мөн Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/17 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь Т.Б-д учирсан барааны хохирлыг юунд үндэслэж, хэрхэн тогтоосон эсэх нь тодорхойгүй.

 

9. Түүнчлэн нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдаанд Тухайн үед гал гарсны дараа би сумаас томилогдсон ажлын хэсэгтээ хамт өөрийнхөө хохирол үнэлэхэд 350 төрлийн барааны хохирол 54,497,200 төгрөг, мөн 30,000,000 төгрөгийн объект, нийт 84,000,000 төгрөгийн хохирол гарсан. Гэтэл сумын удирдлага болон Ж.Д надтай ирж уулзаад хохирлын хэмжээ 50,000,000 дээш болохоор Ж.Д, Д.Б нарт эрүүгийн хэрэг үүсэх гээд байна гэхээр нь хүн чанар гаргаад би дахин мэдүүлэг өгөхдөө хохирлын хэмжээг бууруулаад 54,497,200 төгрөгийн бараа материалын хохирлыг бууруулаад 17,024,500 төгрөгийн хохирол учирсан гэж хэлсэн. Ингээд нийт хохирлын хэмжээг 39,024,500 төгрөг гэж тогтоосон гэж тайлбарласнаас үзэхэд хохирлын хэмжээг өөрийн үзэмжээр бууруулсан гэж үзэхээр байна.

 

Ийнхүү Т.Б-ийн эд хөрөнгөд Ж.Д, Д.Б нарын болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учирсан болох нь тогтоогдож байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох шатсан барааны 17,024,500 төгрөгийн хохирлыг баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

10. Нэхэмжлэгчээс Т.Б-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч талууд шатсан дэлгүүрийн газар нь Т.Б-ийн мөн эсэхэд маргаагүй, мөн Ж.Д, Д.Б нарын шинээр ажиллуулж байгаа дэлгүүрийн 2 ширхэг гэрэл зураг, Т.Б-ийн Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээ зэрэг баримтууд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

11. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар хариуцагч Ж.Д, Д.Б нараас дэлгүүрийн зориулалттай барилга, агуулахын үнэ 22,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шатсан барааны үнэ 17,024,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12. Иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэбилэг Миний бие бичиг үсэг муу тул дүгнэлтээ бичгээр гаргах боломжгүй. Нэхэмжлэгч хохирлоо нэхэмжлэх нь зөв гэж үзэж байна. Хариуцагч тал бас хохирол амссан байна. Иймд зөвшилцөх нь дээр байх гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосон дүгнэлтийг зохигчид эвлэрээгүй, шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

13. Тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1165 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 353,072 төгрөг төлөхийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 353,072 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж.Д, Д.Б нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 22,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ж.Д, Д.Б нараас дэлгүүрийн зориулалттай барилга, агуулахын үнэ 22,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үлдэх шатсан барааны үнэ 17,024,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 353,072 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж.Д, Д.Б нараас 267,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  П.БОЛОР

                                     ШҮҮГЧИД                 О.БАТДОРЖ

                                                                        Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ