Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2022/00443

 

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2022/00443

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20-15 тоотод оршин суух, Б ургийн овогт Ч-ы Ц-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуулийн захирын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч Г.Б, гэрч Х.М, Ц.Н, А.У, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан Тус сургуулийн захирын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 тоот тушаалуудыг хүчингүй болгож, бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие боловсролын салбарт 28 дахь жилдээ, үүнээс бага ангийн багшаар 11 жил, сургалтын менежерээр 17 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа багш удирдах ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллаж ирсэн.

1.2. Сургуулийн багш ажилчдын зүгээс 4 дүгээр сарын 11-ний өдөр сургуулийн захирал Г.Б, сургалтын менежер Д.Д нарын ёс зүйн зөрчилтэй холбогдуулан гомдол гаргасан. Уг гомдлын дагуу 4 дүгээр сарын 14, 15, 18-ны өдрүүдэд аймгийн ёс зүйн зөвлөлөөс гарсан ажлын хэсэг манай сургууль дээр ажилласан. Гэтэл ажлаа хэвийн хийж байсан намайг сургуулийн ёс зүйн зөвлөлөөр оруулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Сургуулийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.2.в заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах тухай 2022.04.13-ны өдрийн Б/24 тоот тушаал, мөн бага ангийн багшаар түр томилох тухай Б/25 тоот тушаал гаргасан.

1.3. Миний бие сургуулийн ёс зүйн хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, аймгийн ёс зүйн хороонд гомдол гаргаж, сургуулийн захирлын шийдвэрийг хучингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргана гэдгээ сургуулийн захиргаанд бичгээр мэдэгдсэн болно.

1.4. Аймгийн ёс зүйн зөвлөлөөс ЕБ-ын 3-р сургуулийн ёс зүйн зөвлөл дүгнэлт гаргаж арга хэмжээ авах нь харьяалал зөрчсөн мөн сургуулийн ёс зүйн зөвлөлийн гишүүн Б.О нь Ч.Ц-ий эсрэг гомдол гаргасан байх тул уг шийдвэр нь эрх зүйн хувьд чадваргүй гэсэн хариу ирсэн.

1.5. Сургуулийн захирал Г.Б нь 2022.04.20-ны өдөр өмнө гаргасан тушаалуудаа хүчингүй болгож сахилгын шийтгэлгүйд тооцох тухай Б/27 тоот, бага ангийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөх Б/28 тоот, сургалтын менежерээр буцаан томилох тухай Б/29 тоот тушаал тус тус гарган буцаан ажилд авсан.

1.6. Улмаар аймгийн ёс зүйн зөвлөлд гомдол гаргуулж, тус зөвлөлөөс захирал Г.Б, болон дунд ангийн менежер Д.Д-ийн талаарх гомдлыг шалган шийдвэрлэсэн ёс зүйн зөвлөлийн гишүүд нь надтай холбоотой асуудлыг шалгаагүй мөртлөө хамтатган шийдвэрлэж ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг эс зөвшөөрч зохих журмын дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлыг аймгийн ёс зуйн зөвлөлөөр хэлэлцээгүй, хариу ирүүлээгүй байхад сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 тоот тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Тушаалд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ "сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн 2022.05.24-ний 3 тоот дүгнэлт, заах аргын нэгдлийн багш нарын 85% хамтарч ажиллах боломжгүй гэсэн" гэж заасан байна.

1.7. Надад сахилгын шийтгэл ногдуулсан Б/42 тоот тушаалд заасан аймгийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт хүчин төгөлдөр болоогүй, мөн сургуулийн дотоод журамд заасан "ноцтой зөрчил" гаргасан гэх байдал тогтоогдоогүй болно.

1.8. Миний бие сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.1.11 дүгээр зүйлд заасан ноцтой зөрчил гаргаагүй, гаргаж ч байгаагүй бөгөөд сургуулийн дотоод журамд ямар зөрчил гаргасан тохиолдолд албан тушаал бууруулах тухай заалт байхгүй, зохицуулаагүй байна.

1.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1,158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, өөр ажилд шилжүүлсэн тушаал гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.10. Иймд Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 дугаартай түшаалуудыг хүчингүй болгож, Ч.Ц-ийг Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн бага ангийн сургалтын менөжерийн ажилд эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:

2.1. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс захирлын ажилд томилогдон ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд Ч.Ц-тэй холбоотой гомдол аман хэлбэрээр их ирдэг байсан. Багш нараас гомдол, санал ирж байна гэж тухайн үед нь Ч.Ц-д олон удаа хэлж анхааруулж байсан, энэ хүн энэ асуудал дээр анхаарч алдаа дутагдлаа засаж ажилласан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан гэж үзэж байна. Ч.Ц алдаа дутагдлаа ухамсарлаж багш нараасаа уучлал гуйхын оронд, бусад бүх хүмүүс намайг гүтгэж байгаа гэсэн зүйл хэлж байгаа. Би Ч.Ц-тэй холбоотой асуудал ярьж орж ирсэн хүмүүст гомдлоо бичгээр гарга, би сонссоноо асуудал болгож ярих боломжгүй гэж хэлж байсан.

2.2. Бага ангийн багш нараас хамтарч ажиллах боломжгүй, ёс зүйн зөрчил гаргаж багш нарыг дарамталдаг гэх гомдол Улаангом сумын Засаг даргад хүргүүлсэн байсан. Засаг даргаас энэ асуудлыг байгууллагын ёс зүйн зөвлөлөөрөө хэлэлцэж шийд гэсэн албан тоот ирсэн. Тэр бичгийн дагуу сургуулийн ёс зүйн зөвлөл гомдлыг хэлэлцэж ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргасан.

2.3. Нийт хариуцсан багш нарын 85 хувь нь хамтарч ажиллах боломжгүй гэсэн гомдол ирүүлснийг харгалзан үзэж албан тушаал бууруулах арга хэмжээ авсан.Гэвч сургуулийн удирдах ажилтны ёс зүйн асуудлыг Аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр шийдэх заалтыг зөрчсөн алдаагаа засаж Ч.Ц-ийг сургалтын менежерээр авч ажиллуулсан. Түүнээс биш Ч.Ц-ийг буруугүй гэж үзэж албан тушаалд нь буцааж томилоогүй юм.

2.4. Улмаар багш нар Аймгийн багшийн ёс зүйн зөвлөлд хандаж өргөдөл гомдлоо өгсөн бөгөөд Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэр гарч ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэлт гарсан.

2.5. Багш нарын хамтарч ажиллах боломжгүй гэсэн 17 багш буюу 85 хувь нь гарын үсэг зурсан өргөдлийг харгалзан үзсэн.

2.6. Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй. Хичээл сургалтын үйл ажиллагааг туршлага судлах нэрээр тасалдуулж хичээл нөхөж орууна гэж хэлээд сүүлдээ багш нараа буруу зүйл рүү турхирч битгий хичээлээ нөхөөрэй гэж уриалсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж үзэж байна. Удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүстэй зүй бусаар харьцах, үйлчлэгч, багш, ажилтан нарыг дарамталсан гомдлууд удаа дараа ирж байсныг харгалзан үзсэн.

2.7. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4-т заасан Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна гэсэн заалтыг үндэслэсэн.

2.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан 123.2 заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг мөрдөж, 123.2.4-т зааснаар албан тушаал буруулах арга хэмжээ авсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Увс аймгийн Шинэ ирээдүй цогцолбор сургуулийн захирлын 2006 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/24 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 дугаар Ч.Ц-ийг бага ангийн багшаар түр томилох тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/27 дугаар Сахилгын шийтгэлгүйд тооцох тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28 дугаар Ч.Ц-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/29 дүгээр Ч.Ц-ийг сургалтын менежерээр томилох тухай тушаал, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/44 дүгээр Ч.Ц-ийг бага ангийн багшаар томилох тухай тушаал, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр албан бичиг, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/687 дугаар албан бичиг, цалингийн карт, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 155 дугаар албан бичиг, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш нарын төлөөллөөс Увс аймгийн Улаангом суманд хандаж гаргаж байсан өргөдөл, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын дүгнэлт, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/24 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 дугаар Ч.Цэвээнийг бага ангийн багшаар түр томилох тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/27 дугаар Сахилгын шийтгэлгүйд тооцох тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/28 дугаар Ч.Ц-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/29 дүгээр Ч.Ц-ийг сургалтын менежерээр томилох тухай тушаал, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/44 дүгээр Ч.Ц-ийг бага ангийн багшаар томилох тухай тушаал, Увс аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэр, Аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн хэсэг, Увс аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/1012 дугаар албан бичиг, сонсгох, сонсголийн үйл ажиллагааны тэмдэглэл, Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиргаанд хандаж гаргасан тус сургуулийн багш нарын төлөөллийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн өргөдөл, Бага ангийн багш нараас ирүүлсэн өргөдөл, саналын дагуу бага ангийн багш нартай хийсэн хурлын тэмдэглэл, Увс аймгийн Засаг даргад хандаж гаргасан тус сургуулийн багш нарын төлөөллийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн өргөдөл, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Ёс зүйн зөвлөлд хандаж гаргасан багш нарын тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.

5. Хариуцагчийн хүсэлтээр Х.М, Ц.Н, А.У, Б.Э нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

:

1. Нэхэмжлэгч Ч.Ц-ий хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Багш нар аймгийн ёс зүйн зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлөөс захирал Г.Б, болон дунд ангийн менежер Д.Д-ийн талаарх гомдлыг шалган шийдвэрлэсэн ёс зүйн зөвлөлийн гишүүд нь надтай холбоотой асуудлыг шалгаагүй мөртлөө хамтатган шийдвэрлэж ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг эс зөвшөөрч зохих журмын дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлыг аймгийн ёс зуйн зөвлөлөөр хэлэлцээгүй, хариу ирүүлээгүй байхад сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 тоот тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Тушаалд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ "сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн 2022.05.24-ний 03 тоот дүгнэлт, заах аргын нэгдлийн багш нарын 85 хувь нь хамтарч ажиллах боломжгүй гэсэн" гэж заасан байна. Надад сахилгын шийтгэл ногдуулсан Б/42 тоот тушаалд заасан аймгийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт хүчин төгөлдөр болоогүй, мөн сургуулийн дотоод журамд заасан "ноцтой зөрчил" гаргасан гэх байдал тогтоогдоогүй болно. Миний бие сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.1.11 дүгээр зүйлд заасан ноцтой зөрчил гаргаагүй, гаргаж ч байгаагүй бөгөөд сургуулийн дотоод журамд ямар зөрчил гаргасан тохиолдолд албан тушаал бууруулах тухай заалт байхгүй, зохицуулаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1,158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, өөр ажилд шилжүүлсэн тушаал гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 дугаартай түшаалуудыг хүчингүй болгож, Ч.Ц-ийг Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн бага ангийн сургалтын менөжерийн ажилд эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Г.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Улмаар багш нар Аймгийн багшийн ёс зүйн зөвлөлд хандаж өргөдөл гомдлоо өгсөн бөгөөд Увс аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэр гарч ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэлт гарсан. Багш нарын хамтарч ажиллах боломжгүй гэсэн 17 багш буюу 85 хувь нь гарын үсэг зурсан өргөдлийг харгалзан үзсэн. Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй. Хичээл сургалтын үйл ажиллагааг туршлага судлах нэрээр тасалдуулж хичээл нөхөж орууна гэж хэлээд сүүлдээ багш нараа буруу зүйл рүү турхирч битгий хичээлээ нөхөөрэй гэж уриалсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэж үзэж байна. Удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүстэй зүй бусаар харьцах, үйлчлэгч, багш, ажилтан нарыг дарамталсан гомдлууд удаа дараа ирж байсныг харгалзан үзсэн. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4-т заасан Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна гэсэн заалтыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан 123.2 заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг мөрдөж, 123.2.4-т зааснаар албан тушаал буруулах арга хэмжээ авсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанд оролцогч талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй.

 

Талууд тохилцоонд хүрч чадаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаар ажилтан ажлаас чөлөөлсөн тухай гомдлоо эхлээд байгууллагынхаа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчээс Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тус сургуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй гэх албан бичгийг ирүүлсэн байх боловч Үйлдвэрчний эвлэл нь ажил олгогчийг төлөөлөх эрхгүй учраас тухайн тодорхойлолтыг үндэслэн тус сургуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй. Харин шүүх хуралдаанд хариуцагч нь Тухайн тодорхойлолтыг надаас гаргуулж авах ёстой. Гэвч манай сургуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй гэсэн тул түүний тайлбараар тус сургуульд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй гэж үзлээ.

 

Мөн Увс аймгийн Улаангом суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны комисс байгуулагдаагүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 406 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул Ч.Цэвээний нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэлээ.

 

5. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ч.Ц-д өмнө нь Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар сургуулийн хөдөлмөрийн дтооод журам, байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлт, багш нарын өргөдөл, саналын дагуу шударга ёсыг сахих, ёс зүйгээр үлгэрлэх, харилцааны ур чадвартай байх гэсэн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн албан тушаал бууруулж сургалтын менежерийн ажлаас чөлөөлж, бага ангийн багшаар томилсон байна. Дараа нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, сургалтын менежерээр томилжээ.

 

Улмаар Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4, 123.3 дахь заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2-ын в заалтуудыг тус тус үндэслэн сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, Увс аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар ёс зүйн дүрмийг зөрчсөн дүгнэлт гарсан, мөн Заах аргын нэгдлийн багш нарын 85 хувь нь хамтарч ажиллах боломжгүй гэсэн хамт олны саналыг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, тус захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар бага ангийн багшийн ажилд томилсон байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан байх боловч ажил олгогч нь ажилтан Ч.Ц-тэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин байгуулаагүй байх боловч мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилжээ.

 

Ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул Ч.Ц-ийг хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн гэдгийг дүгнэх боломжгүй байна. Мөн хариуцагчаас Ч.Ц-ий албан тушаалын тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолтод заасан ямар заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Ц Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний ямар заалтыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй. Хариуцагчийн тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.4, 123.3 дахь заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2-ын в заалтуудыг заалтууд нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтууд байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Ц-д сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авч, түүний ямар байр суурьтай байгаа талаарх саналыг аваагүй байна.

 

Хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн менежер Ч.Ц-д сонсгох, сонсголын үйл ажиллагааны тэмдэглэлд Увс аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг танилцуулж, ёс зүйн зөрчилтэй дүгнэлт гаргасан тухай мэдэгдлээ гэж тэмдэглэж, Г.Б, Ч.Ц, тэмдэглэл хөтөлсөн М.У нар гарын үсэг зурсан байх тул ажилтан Ч.Ц-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар танилцуулаагүй гэж үзсэн болно.

 

9. Гэрч Х.М шүүх хуралдаанд ...Би Ч.Ц менежерт өөрт нь гаргасан зөрчлийнх нь талаар эхлээд хэлдэг, гэвч огт хүлээж авдаггүй, байнга хэрүүл маягаар хүлээж авдаг. Захиралд хандаж амаар гомдол гаргаж байсан, захирал амаар гаргасан гомдолд үндэслэж ажил хийх нь ёс зүйгүй үйлдэл учраас гомдлоо бичгээр гарга гэх хариу өгдөг. Би 33 жил ажиллаж байгаагийн хувьд 8 захиралтай хамтран ажиллаж байсан. Зөвхөн Г.Б захирал Ч.Ц арга хэмжээ аваад байгаа юм биш, сүүлийн 4 захиралд бидний зүгээс Ч.Ц-тэй холбоотой гомдлыг гаргаж байсан гэж, гэрч Ц.Н ...Би Ч.Ц багштай 5 жил хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд намайг бусдаас дорд үзэж ялгаварлаж харьцдаг, хэл амаар доромжилж, биеийн хэлэмжээрээ үл тоодог байсан. Намайг загнаж, ачаалалтай ажиллуулж болно, гэхдээ энэ хүн хэрвээ хүнийг боддог хүн байсан бол тийм муухай үгээр орилж хашгирч жирэмсэн хүнийг айлгах шаардлагагүй байсан. Заримдаа чадахгүй юм бол заалгаач толгой муутай болохоор чи ойлгохгүй байгаа биз гэх мэт намайг их дарамталдаг байсан. Ч.Ц менежерийн тухай асуудал гарч эхлэхэд би зөв гэж бодсон учраас хамгийн эхэнд гарын үсэг зурсан. 18 багш 21 зүйл жагсаалтаар бичээд өргөдөл гаргасан. Өргөдөл гаргасны дараа надад маш их дарамт ирсэн гэж, гэрч А.У Би Заах аргын нэгдлийн зөвлөхийг нэг жил хийсэн. Ч.Ц менежер ажил хийхдээ дандаа уур уцаартай ханддаг, гэнэт төлөвлөгөөгүй ажил шөнө, оройн цагаар гаргаж ирээд маргааш гэхэд хиймээр байна гэж хэлдэг нь их дарамттай байдаг. Ажлын туршлагын хувьд асуудал гаргадаггүй, харилцаа ааш зангийн хувьд зөрчилддөг. Залуу багш нарыг дэмжиж ажилладаггүй, ажлын бус цагаар дуудаж ажиллуулдаг байсан гэж, гэрч Б.Э ...Би өргөдөлд өөрийн сайн дураар гарын үсэг зурсан. Бага ангийн багш нар хоорондоо ярилцаад өргөдөл гаргасан. Олон нийтийн сүлжээнд үзлэ бодлоо илэрхийлсний төлөө дарамталдаг. Би бага ангийн багш нарын хамтын санг хариуцдаг. Декрит авсан багш нартаа тус сангаас 100,000 төгрөг өгдөг. Гэтэл Ч.Ц багш Амвэй сүлжээний нярайн бүтээгдэхүүн байгаа гээд бэлэн мөнгийг нь өгөх ёстой байтал мөнгөнд нь оролцуулаад өгчих гээд шахдаг байсан. Амвэй бүтээгдэхүүний сугалаа залуу багш нарын дунд явуулсан байсан. Залуу багш нарыг сүлжээнд элсүүлсэн, цалин нь сүлжээнд орчихдог учраас хэцүү байсан гэж манай багш нар хэлж байсан гэж тус тус мэдүүлсэн. Гэрч Х.М, Ц.Н, А.У, Б.Э нарын мэдүүлэг нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг зөвтгөх үндэслэл болгохгүй тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

 

10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж байгаа үндэслэлээ Увс аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар ёс зүйн дүрмийг зөрчсөн дүгнэлт гарсан, мөн Заах аргын нэгдлийн багш нарын 85 хувь нь хамтарч ажиллах боломжгүй гэж тайлбарладаг. Увс аймгийн Багшийн ёс зүйн зөвлөл нь Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг нэхэмжлэгч Ч.Ц зөрчсөн гэж үзсэн тохиолдолд зөрчлийн шинж байдлыг харгалзан тухайн дүрмийн 4.2.1, 4.2.2-т зааснаар уучлал гуйхыг үүрэг болгох, сануулах хариуцлагын аль нэгийг хүлээлгээгүй атлаа хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцуулахаар Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захиралд албан бичиг хүргүүлсэн байна.

 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.4.-т зааснаар Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэж заасан. Нэхэмжлэгч Ч.Ц тус сургуулийн нэр бүхий багш нарын жагсаалтаар бичсэн зөрчлийг хэзээ гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн хариуцагч нь Ч.Ц-ий гаргасан гэх ёс зүйн зөрчил нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг ямар заалтыг зөрчсөн эсэхийг баримтаар нотолж чадахгүй байна.

 

11. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Бөөгөд ургийн овогт Ч-ы Ц-ийг бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгч Ч.Ц-ий ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/42, Б/44 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Бөөгөд ургийн овогт Ч-ы Ц-ийг бага ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ц улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ